Ерөнхий чуулган
Христийн эргэн ирэлтэд бэлтгэхэд оролцох
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:24

Христийн эргэн ирэлтэд бэлтгэхэд оролцох

Дуудлага болон Бурханы ажлыг эхлүүлэх өөр бусад арга зам биднийг Аврагчтай уулзахад онцгой байдлаар бэлтгэдэг.

Хэдэн сарын өмнө намайг нэгэн үүдний танхимд зогсож байхад ахлагч Нийл Л.Андэрсэн миний хажуугаар алхаж өнгөрсөн юм. Тэр үед би Ерөнхий эрх мэдэлтнээр дөнгөж дуудагдаад байлаа. Намайг сүрдсэн байдалтай зогсож байгааг анзаарсан шинжтэй тэр “За, энд нэг хүн учраа олохгүй зогсож байна уу даа?” гэж инээмсэглэн хэлэв.

Тэгэхэд нь надад “Үнэхээр л бошиглогч, үзмэрч юм аа” гэсэн бодол орж ирж билээ.

Ахлагч Андэрсэн надад “Санаа зоволтгүй ээ, Шамвэй. Тав зургаан жилээс гайгүй болчихно” гэж шивнэв.

Бид яагаад Бурханы хаант улсад өөрсдийн чадавхаас хэтэрсэн даалгавар хүлээж авдаг юм бол гэж та нар бодож байсан уу? Амьдралын хэрэгцээ шаардлагуудын хажуугаар яагаад бидэнд Сүмийн дуудлага хэрэгтэй юм бэ гэж та нар асууж байсан уу? Би тэгж байсан.

Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна” хэмээх үгсээс би хариултыг нь олсон. Түүнийг ийн хэлэхэд Сүнс надад бид Бурханы ажилд гар бие оролцсоноор Христийн эргэн ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэж байгаа хэрэг юм гэдгийг заасан. Их Эзэний амлалт нь чухал юм. Учир нь Бурханы ажлыг эхлүүлдэг дуудлага, тохинуулал, ариун сүмийн сүсэг бишрэл, өдөөлтийг дагах хийгээд өөр бусад арга зам биднийг Аврагчтай уулзахад онцгой байдлаар бэлтгэдэг.

Биднийг ажилд нь оролцоход Бурхан сэтгэл хангалуун байдаг

Бурханы хаант улс өргөжин тэлж, ариун сүмүүд дэлхийг бүрхэж байгаа “энэ цаг мөчийн сүр жавхланд” Бурханы ажилд оролцох чин хүсэлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна. Амин хувиа үл хичээн үйлчлэх нь Христтэй адил шавь байхын үндсэн шинж билээ. Гэвч үйлчлэх нь тийм ч амар зүйл биш. Хүүхдүүдэд нь үйлчилснээр Бурханд үйлчлэхийн тулд өөрсдийн хүсэл сонирхлоо хойш тавьж, сорилт бэрхшээлийг үл харгалзан гэрээгээ сахигч шавь, тэр дундаа хайрт номлогчдоороо би бахархдаг. Бурхан “зөв шударга ёсонд “[Өөрт нь үйлчилдэг та нарыг] шагнахдаа баяртай байдаг”. Тэрээр “[Та нарын] шагнал агуу байх болно, мөн [та нарын] сүр жавхлан мөнхөд байх болно” хэмээн амласан. Бид үйлчлэх урилгыг тэгье гэж хүлээн авахдаа Есүс Христэд тэгье гэж хэлж байна гэсэн үг юм. Христэд тэгье гэж хэлснээр бид байж болох хамгийн элбэг дэлбэг амьдралд тэгье гэж байна гэсэн үг.

Коллежид химийн инженерээр сурч, ажиллаж байхдаа би үүнийг ойлгож авсан юм. Би ганц бие залуучуудын тойргийн үйл ажиллагаа төлөвлөгчийн дуудлагад дуудагдсан бөгөөд энэ нь миний хувьд хар дарсан зүүд болсон дуудлага байлаа. Гэсэн ч, би уг дуудлагыг хүлээн авсан. Эхэндээ энэ нь залхуутай, хүндхэн ажил байсан. Харин удалгүй нэг үйл ажиллагаан дээр зайрмаг хэрхэн тарааж байгаа маань нэгэн үзэсгэлэнтэй охины харааг булаасан байлаа. Тэр миний анхаарлыг татах гэж гурван удаа эргэж ирсэн. Бид бие биедээ хайр сэтгэлтэй болж, хоёр долоо хоногийн дараа тэр надад гэрлэх санал тавьсан юм. За за, арай ч тийм хурдан байгаагүй л дээ. Бас гэрлэх саналыг би тавьсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд би тэр дуудлагыг авахаас татгалзсан бол Хайдитай танилцах боломжоо алдах байсан гэж бодохоос дотор зарсхийдэг.

Бидний оролцоо бол Христийн эргэн ирэлтэд бэлдэх бэлтгэл юм

Бид Бурханд хэрэгтэй учраас биш бидэнд Бурхан болон Түүний адислалууд хэрэгтэй учраас бид Бурханы ажилд оролцдог. Тэрээр “Учир нь, болгоогтун, миний жимсний талбайд хөдөлмөрлөдөг тэднийг бүгдийг нь би хүчирхэг адислалаар адислах болно” хэмээн амласан. Бурханы ажилд оролцох бидний оролцоо Аврагчтай уулзахаар бэлтгэхэд бидэнд хэрхэн тусалж, адисалдаг талаар заадаг гурван зарчмыг хуваалцъя.

Нэгдүгээрт, бид гар бие оролцох үедээ “бүтээ[гдсэн] зорилго” руугаа урагшилдаг.

Бид бүтээлтийн түүхэн дэх загвараас үүнийг суралцдаг. Өдөр бүрийн хөдөлмөрийн дараа Бурхан “эдгээр нь сайн болсон” хэмээн ажлын ахицыг сайшаасан. Тэр ажил дууслаа эсвэл төгс боллоо гэж хэлээгүй. Харин Тэрээр ахиц дэвшил гарч байна гэж хэлсэн бөгөөд энэ нь Бурханы мэлмийд сайшаалтай зүйл юм!

Дуудлагууд нь хувь хүний үнэ цэн, зохистой байдлыг тодорхойлж, тогтоодоггүй. Харин бид Бурхантай хамт Түүний хүссэн замаар хөдөлмөрлөвөл өөрсдийн бүтээгдсэн зорилгыг гүйцэлдүүлж эхлэх болно.

Бурхан бидний ахиц дэвшилд баясдаг. Хийх ажил дуусаагүй байгаа ч бид ч бас баясах хэрэгтэй. Заримдаа бидэнд дуудлагадаа үйлчлэхэд хүч чадал, арга дутаж болох юм. Гэсэн ч бид залбирах, судар судлах зэрэг утга учир бүхий арга замаар уг ажилд оролцож, гэрчлэлээ хамгаалж чадна. Бидний хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг биднийг үйлчлэх хүсэлтэй хэдий ч боломжгүй үед буруушаадаггүй

Хоёрдугаарт, үйлчлэх нь бидний гэр орон, сүмийн нэгжүүдийг гэрээний дагуу амьдрах дадлага хийж болох ариун нандин газар болгодог.

Жишээ нь: Христийг үргэлж дурсан санах гэрээ нь бидний хувь хувьдаа байгуулсан гэрээ байдаг боловч энэ нь биднийг бусдад үйлчлэх үед гүйцэлдэж байдаг. Дуудлагууд нь биднийг “нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц[эж, т]ийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэ[х]” боломжуудаар хангадаг. Бид Бурханд хайртай мөн гэрээнүүдийнхээ дагуу амьдрахыг хүсдэг учраас үйлчлэх үед хүлээсэн үүрэг мэт ядаргаатай санагддаг үйлчлэл нь баяр баясалтай, өөрчлөлт авчрахуйц болж хувирдаг.

Ёслолууд нь тэнгэрлэг шаардлагуудыг хангаж байгаа учраас биднийг аварч байгаа хэрэг биш юм. Харин бид эдгээр ёслолтой холбоотой гэрээнүүдийн дагуу амьдрах үедээ Бурханы оршихуйд орохыг хүсэгч хүмүүс болдог. Энэхүү ойлголт нь үйлчлэхэд эргэлзэх эргэлзээг эсвэл үйлчлэхгүй байхыг илүүд үзэх үзлийг давж гардаг. Бид Бурхан юуг зөвшөөрөх бол гэж асуухаа больж, Бурхан юуг илүүд үзэх вэ гэж асууж эхлэх үед бидний Есүс Христтэй уулзах бэлтгэлд ахиц гардаг.

Гуравдугаарт, Бурханы ажилд гар бие оролцох нь бидэнд Түүний ач ивээлийн бэлгийг хүлээн авч, агуу хайрыг нь мэдрэхэд тусалдаг.

Бид бусдад үйлчилснээр төлбөр мөнгө авдаггүй. Оронд нь судар бидэнд “хөдөлмөрийнхөө хариуд Бурханы ач ивээлийг ав[ч], [бид] Бурханаас хүлээн авсан хүчтэйгээр мөн эрх мэдэлтэйгээр сургаж, Бурханы мэдлэгтэй байж Сүнсэнд хүчтэй бол[но] хэмээн заадаг. Энэ бол тун сайн наймаа юм!

Бурханы ач ивээлээр бидний чадвартай эсвэл чадваргүй байдал бусдад дуудлага өгөх мөн хүлээн авахын үндэс суурь нь болдоггүй. Бурхан биднээс Өөрийнх нь ажилд гар бие оролцоход төгс гүйцэтгэл, онцгой авьяас чадварыг шаарддаггүй. Хэрэв тийм байсан бол хатан Естер ард түмнээ аварч чадахгүй, Петр эхэн үеийн Сүмийг удирдаж чадахгүй, Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч болохгүй байсан.

Биднийг өөрсдийн чадвараас хэтэрсэн зүйлсийг итгэлээр үйлдэх үед бидний сул тал ил гарч ирдэг. Энэ нь хэзээ ч таатай байдаггүй ч “[Бурханы] ач ивээлээр … бид эдгээр зүйлийг хийх хүчтэй гэдгийг мэдэ[х]” нь бидний хувьд шаардлагатай байдаг.

Бид Бурханы ажилд гар бие оролцохдоо олон удаа унах болно. Гэвч хичээл зүтгэл гаргах үед маань Есүс Христ биднийг тосон авч, алдаа дутагдал, айдас болон бид хэзээ ч хангалттай байхгүй гэсэн мэдрэмжээс аварч, алгуурхнаар өргөн дэмжих болно. Биднийг дутмаг ч гэсэн хамгийн сайнаараа хичээх үед Бурхан хичээл зүтгэлийг маань хурцалдаг. Есүс Христийн төлөө золиос гаргахад маань Тэр биднийг цэвэршүүлдэг. Энэ бол Бурханы ач ивээлийн хувирган өөрчлөх хүч юм. Бид үйлчлэхдээ “[Есүс Христийн] өмнө зогсож, Эцэгээр өргөгдөх[өд]” бэлтгэгдэх хүртлээ ач ивээлд өсөж хөгждөг.

Дуудлагын бэлгийг хүлээн авч, баясахад нь бусдад тусал

Намайг Аврагчийн өмнө зогсоход Түүний надаас асуух бүх асуултыг би мэдэхгүй. Гэхдээ “Хэнийг авчирсан бэ?” гэсэн асуултыг асуух болов уу? Дуудлага бол бусдыг Христэд авчрахад тусалдаг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг ариун нандин бэлэг юм. Тиймээс би удирдагчдыг болон бидний хүн нэг бүрийг дуудлагагүй байгаа хүмүүсийг илүү зорилготойгоор эрж олоорой гэж урьж байна. Тэднийг Христийн ирэлтэд бэлтгэхэд туслахын тулд Бурханы ажилд гар бие оролцоход урамшуулан дэмжиж, тусал.

Бишоп нь айлчилж, Их Эзэнд өөрөөр нь хийлгэх ажил бий гэж хэлэх хүртэл Жон Сүмд идэвхгүй байв. Тэрээр Жоныг тамхинаас гараарай гэж урьжээ. Жон болих гэж олон удаа оролдож байсан боловч энэ удаад үл үзэгдэх нэгэн хүч түүнд тусалж байгааг мэдэрчээ.

Гуравхан долоо хоногийн дараа гадасны ерөнхийлөгч нь Жон дээр очиж, бишопын зөвлөлд үйлчлэх дуудлага өгчээ. Жон мэл гайхан, гадасны ерөнхийлөгчдөө саяхан тамхинаас гарсан тухайгаа хэлэв. Дуудлагыг хүлээн авчихвал ням гарагт болдог мэргэжлийн америк хөл бөмбөгийн тоглолтуудыг очиж үзэх уламжлалаа орхих байв. Арай л их зүйл хүсэж буй хэрэг байлаа. Гадасны ерөнхийлөгч: “Жон, би биш Их Эзэн чамаас үүнийг хүсэж байна” хэмээх энгийн бөгөөд мэргэн хариулт өгчээ.

Үүнд Жон: “Тийм бол би үйлчилнэ ээ” гэж хариулсан.

Үйлчлэхэд гаргасан эдгээр золиослол нь түүний болон гэр бүлийнх нь хувьд сүнслэг эргэлтийн цэг байсан тухай Жон надад ярьсан юм.

Бид мөнх бус харах өнцгөөрөө тохиромжгүй эсвэл зохисгүй гэж үзсэн хүмүүст дуудлага өгдөггүй нь бидний харалган байдал юм болов уу гэж би боддог. Эсвэл тохиромжгүй, өөрийгөө нотлон харуулаагүй хүмүүст үйлчлэх боломж олгосноор тэдний чадамжийг Аврагч хэрхэн нэмэгдүүлэхийг анхаарч харахгүй байснаар бид өсөлт хөгжлийн сургаалаас илүүтэй гүйцэтгэл талаас нь хараад байж болох юм.

Ахлагч Дэвид А.Бэднар “хүн бүр өөрийн үүргийг мэдэж аван, ажиллаг хэмээх судрын захиасны ач холбогдлыг заасан. Бид ийн үйлддэг үү? Удирдагчид, эцэг эхчүүд бусдад өөрсдөө сурч, үйлдэх боломжийг олгосноор тэд нахиалан, цэцэглэдэг. Итгэлтэй гишүүдэд хоёр дахь дуудлага өгөх нь илүү амархан арга зам байж болох ч хүлээж авахгүй, хийхгүй байх магадлалтай хүнийг үйлчлэх дуудлагад урьж, суралцаж, өсөж хөгжих боломж олгох нь илүү сайн арга зам юм.

Хэрвээ Христ биеэрээ энд байсан бол өвчтөнүүдийг эргэж, ням гаргийн ангид зааж, сэтгэлээр унасан залуу эмэгтэйн хажууд сууж, хүүхдүүдийг адислах байсан. Тэрээр Өөрийн ажлыг хийж чадах ч бидэнд үйлдэх, сурах боломж олгохын тулд биднийг Өөрийнхөө оронд үйлдүүлэх зарчмыг баримталдаг.

Бурханы ажилд гар бие оролцох оролцоотой зэрэгцэн “Их Эзэнийг төлөөлөх эрх мэдэл, давуу эрх, үүрэг хариуцлага ирдэг.” Бид өөрсдийнхөө бус харин Христийн нэрийг өргөхийн тулд үйлчлэх үед үйлчлэл маань баяр баясгалантай болдог. Хүмүүс хичээл, хурал, тохинууллын айлчлал, үйл ажиллагаанаас явахдаа биднийг бус Христийг бодож байвал уг ажил эрчтэй урагшилна.

Бид Аврагчийг төлөөлөхийг чин сэтгэлээсээ эрэлхийснээр Түүнтэй илүү адил болно. Энэ бол бидний хүн нэг бүр өвдөг сөхрөн, Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөх тэрхүү ариун нандин мөчид бэлтгэх хамгийн үр дүнтэй бэлтгэл юм. Би ч бас Түүнийг Христ мөн гэдгийг, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол “ирэх зүйлсийн төлөө бэлтгэ[хэд]” бидэнд туслах “дэлхийн хязгааруудад [хүрэх Түүний дуу хоолой]” мөн гэдгийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ,” Лиахона, 2024 оны 11-р сар, 121.

  2. Сургаал ба Гэрээ 4:2–4-ийг үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ,” 121.

  4. Сургаал ба Гэрээнүүд 76:5-6.

  5. Иохан 10:10-ийг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээнүүд 21:9

  7. Сургаал ба Гэрээнүүд 88:19

  8. Эхлэл 1-ийг үзнэ үү.

  9. Их Эзэний талантын тухай сургаалт зүйрлэлд Эзэн нь зарц бүрдээ “хэдэн зүйлийг” хариуцуулж өгдөг. Эзэн зарц бүрийнхээ “ихийг” хариуцаж эзэн болох ахиц дэвшилд нь илүү анхаарсан бөгөөд Өөрийн хөрөнгийг буцааж авахад тийм ч их анхаарал тавиагүй. Айж, хөдөлмөрлөх хүсэлгүй байсан нэг зарц нь зэмлүүлж, өсөж хөгжилгүй хэвээр үлдсэн. (Maтай 25:14-28-ыг үзнэ үү.)

  10. Лук 21:19-ийг үзнэ үү. Ахлагч Дэвид А.Бэднар “сүнслэг байдлын ахиц дэвшилд зөв шударга үйлс шаардлагатай” (“Тэдгээр зүйлийг байгаагаар нь 2.0,” Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2024 оны 11-р сарын 3], Gospel Library) хэмээн заасан.

  11. Сургаал ба Гэрээнүүд 10:4

  12. Мозая 4:24-ийг үзнэ үү.

  13. Рассэлл М.Нэлсоны “Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 78-р хуудаснаас үзнэ үү. Тийм учраас Тэр биднийг энэ дэлхий рүү гэр бүлүүдэд илгээж, тойрог, гадаснуудад зохион байгуулдаг. Тийм учраас Тэр биднээс бие биедээ үйлчилж, тохинуулахыг хүсдэг. … Бид ганцаараа хийхээс илүү ихийг хамтдаа хийж чадна. Хэрэв Бурханы хүүхдүүд нэг нэгнээсээ тусгаарлагдсан хэвээр байвал Түүний аз жаргалын төлөвлөгөө хэрэгжихгүй.”

  14. Галат 6:2; мөн Мозая 18:8–9-ийг үзнэ үү.

  15. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Үйлчлэхээр дуудагдах гэдэг нь өөрсдийн үйлчилдэг Эзэнийг хайрлах дуудлага юм. Энэ бол өөрсдийн эгэл байдлыг өөрчлөх дуудлага” (“As a Child,” Liahona, May 2006) хэмээн заасан.

  16. Henry B. Eyring, “Should a Latter-day Saint sell a product when its use violates the Word of Wisdom?,” Ensign, Apr. 1977, 30-ийг үзнэ үү.

  17. Мозая 18:26; мөн Мозая 27:5-ыг үзнэ үү.

  18. 2 Нифай 3:13, 24-ийг үзнэ үү.

  19. Иаков 4:7

  20. Исаиа 40:29–31; 2 Коринт 12:9-ийг үзнэ үү.

  21. Матай 14:15–21-ийг үзнэ үү. Хэдийгээр үй олон тооны хүнийг хооллох тавхан талх, хоёрхон загас байсан ч Аврагч нөхцөл байдалд талархалтайгаар хандан, нөхцөл байдлыг шаардлагатайгаас илүүгээр дээрдүүлсэн. Энэхүү гайхамшгаас суралцах агуу сургамжуудын нэг нь Аврагчийн бидэнд өгдөг зүйлс нь үргэлж хангалттайгаас илүү байдаг тухай юм.

  22. Золиослол гэдэг үг нь sacer буюу ариун нандин, facere буюу хийх гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Өөрийнх нь төлөө золиослол гаргах үед Бурхан биднийг ариун болгодог (Хиламан 3:35; Сургаал ба Гэрээ 132:50).

  23. 3 Нифай 27:14

  24. Сургаал ба Гэрээнүүд 15:6; 16:6; 18:10–16-г үзнэ үү.

  25. Моронай 7:2; Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 4.1-ыг үзнэ үү, Gospel Library,

  26. “Тэмүүлж урагшилцгаая” дууллыг Дуулал номын х.127-оос үзнэ үү.

  27. Personal experience and correspondence, Jan. 4, 2025; name has been changed.

  28. Матай 10:5–8; Лук 10:1–9; Ерөнхий гарын авлага, 4.2.6-г үзнэ үү.

  29. Сургаал ба Гэрээ 107:99; emphasis added; from a conversation with Elder David A. Bednar, Dec. 2024.

  30. Иосеф Смит—Түүх 1:20-ийг үзнэ үү. Өсвөр үеийнхэн маань зөвхөн Сүмийн ирээдүйн удирдагчид биш юм. Одоо тэд олон өөр талбарт манлайлж чадна. Би энэ нь үнэнийг 2019-2022 онд Иллиной Чикаго номлолд Есүс Христийн хамгийн гайхалтай 744 шавийн хамт үйлчилж байхдаа харсан. Ковидын үеэр Христийн тэрхүү залуухан боловч хүчирхэг шавь нар Бурханы ажлыг өмнө харагдаж байгаагүй шинэлэг арга замаар гүйцэлдүүлж, гайхамшигтай өндөрлөгт аваачсан юм.

  31. 2 Нифай 27:20–21-ийг үзнэ үү.

  32. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023), 3

  33. Иаков 1:17, 19 дээрх Иаковын ажил бол Их Эзэний ажил байсан. Тэрээр өөрийн албан тушаалыг өөрийнхөө төлөө бус харин Бурханы үгсийг зааж, “эцсийн өдөр толбогүй зогсож болохын тулд” Их Эзэний төлөө эрхэмлэн биелүүлсэн.

  34. 3 Нифай 27:27-г үзнэ үү.

  35. Сургаал ба Гэрээнүүд 1:11-12