Ерөнхий чуулган
“Би та нарыг эдгээж болохын тулд … та нар … надад эргэн ир”
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:3

“Би та нарыг эдгээж болохын тулд … та нар … надад эргэн ир”

Хүмүүсийг эргэж ирэхэд тэнгэрт баяр хөөр болдог. Таны хувьд эргэн ирэхэд хэтэрхий оройтоогүй.

Манайх өмнө нь гайхалтай үзэсгэлэнт моддын дунд амьдардаг байлаа. Байшингийн хаалганы хажууд үзэсгэлэнтэй нэгэн уд мод байдаг байв. Нэгэн орой хүчтэй шуурга шуурч, өнөөх уд модыг үндсээр нь суга татан унагасныг харахад харамсалтай байлаа.

Түлшний мод болгож огтлохоор гинжит хөрөөгөө асааж байхад хөрш маань гүйж ирээд, намайг болиулав. Тэр намайг модоо ургахгүй нь хэмээн итгэл алдарсныг зэмлээд, үгүй хийхгүй байхыг аргадан захив. Тэрээр газар доор үлдсэн ганц үндэс рүү заагаад, хэрэв модыг дээш нь болгоод, мөчрүүдийг нь тайран, тэжээж арчилбал үндэс нь дахин бэхлэгдэх боломжтой гэж хэлсэн юм.

Унасан уд мод
Газар доор үлдсэн ганц үндэс

Аль хэдийн унаад, гэмтчихсэн мод тэсэж үлдээд, дахин ургана гэдэгт би үл итгэн, эргэлзэж байлаа. Мод дахин ургаж эхэлсэн ч дараагийн шуургыг тэсэж гарна гэдэгт би эргэлзэж буйгаа тоочив. Модыг ургана гэдэгт хөршийнхөө итгэлтэй байгааг хараад бид түүний төлөвлөгөөг дагахаар шийдэв.

Нүцгэн мод
Мод ургаж буйн шинжүүд

Эцэст нь яасан гээч? Хэсэг хугацааны дараа модыг үндэслэж эхлэхэд модонд амьд үлдэх найдвар байгаа нь харагдав. 12 жилийн дараа тэр мод одоо бат бэх үндэстэй, эргэн тойрондоо өнгө үзэмж нэмсэн, мөчир, навчис нь ургаж төлжсөн, хүч чадал дүүрэн мод болжээ.

Бат бэх үндэстэй, эрүүл мод

Дэлхий даяар гэгээнтнүүдтэй уулзаж явахдаа би энэхүү уд модны талаар, мөн бүх зүйл алдагдсан мэт санагдах үед ч найдвар байж болдгийг санадаг. Зарим хүн нэгэн цагт уд мод шиг сургаалын талаар хүчирхэг бас гүн гүнзгий гэрчлэлтэй байсан. Дараа нь ямар нэг хувийн шалтгаанаар тэрхүү гэрчлэл нь суларч, итгэлээ алдахад хүрсэн. Бусад нь сайн мэдээний хөрсөнд суусан тэр нарийхан үндэснээс зууран барьж үлддэг.

Гэсэн ч шавь байхаа ахин сонгоод, өөрсдийн гэр болсон сүмдээ эргэн ирж буй ийм олон хүний түүхээс би дахин дахин урам зориг авдаг. Тэд итгэл үнэмшлээ үнэ цэнгүй түлшний мод мэт үл тоохын оронд сүнслэг өдөөлт хийгээд буцаж ирээрэй гэсэн хайрын урилгад хариу үзүүлсэн.

Би Солонгост гадасны чуулганд оролцож байхдаа нэгэн эргэн ирж буй гишүүний: “Миний сул тал, итгэлгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн, надтай холбоо барьсан ах нарт мөн надад үргэлж сайхан сэтгэлээр ханддаг гишүүдэд талархаж байна” гэж хуваалцахыг сонссон юм. Надад маш олон идэвх султай гишүүн найз байдаг. Тэдний нэг нэгэндээ сүмдээ эргэн ирж, итгэлээ эргүүлэн ав гэж хэлдэг нь хөгжилтэй санагддаг. Тэд бүгдээрээ л итгэлээ санагалздаг байх гэж би боддог.

Итгэлээ үгүйлж буй бүх хүнд хандан хэлэхэд бид та бүхнийг эргээд ирээрэй гэж урьж байна. Та бүхнийг гэгээнтнүүдтэй хамт дахин шүтэн биширч эхлэхэд итгэл тань хүчирхэгжинэ гэдгийг би амлаж байна.

Африкаас номлолд үйлчилсэн номлогч Сүмийн нэгэн ахмад удирдагчид соёлын уламжлалын талаар заасан сургаалаас нь болж гомдож, улмаар Сүмээс явсандаа уучлал гуйж, өршөөл хүссэн захидал бичжээ. “Гомдсон гомдлоо 15 жилийн турш тээж, маш хүнд төлөөс төлөх болсондоо гунигтай байна. Би төсөөлж байснаасаа хавьгүй ихийг, маш ихийг алдсан. Тэр хүртэлх замдаа гаргасан байж болох хор уршгаа бодохоор туйлын их ичиж байгаа ч юуны өмнө буцах замаа олсондоо маш их баяртай байна” гэж тэрээр сэтгэлээ даруухан илэрхийлсэн аж.

Юу алдсанаа ухаарч буй хүн болгоныг сайн мэдээний баяр баясгалант жимснээс дахин нэг амсаж болохын тулд эргэн ирээрэй хэмээн урьж байна.

Америкийн Нэгдсэн Улсад Сүмээсээ олон жил холдсон нэгэн эгч байв. Түүний эргэж ирсэн түүх Сүмээс холдон явсан хайртай хүмүүсийнхээ төлөө шаналан зовдог эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүдэд хүчирхэг сургамж болдог. Тэр ийн бичжээ:

“Би Сүмээс, сайн мэдээнээс, нэг талаараа гэр бүлээсээ холдсон тоо томшгүй олон шалтгааныг жагсаан бичиж чадна. Гэхдээ тэр шалтгаанууд тийм ч чухал биш юм. Би ганцхан том шалтгаанаар Сүмээс холдоогүй. Мянган сонголт хийсэн байх. Харин миний үргэлж мэддэг байсан нэг зүйл бол эцэг эх маань нэг л том шийдвэр гаргасан бөгөөд түүндээ бат зогссон байв. Тэд намайг зүгээр л хайрлахаар шийдсэн юм.

Миний өмнөөс хэр их нулимс урссаныг, хэдэн шөнө нойргүй хоносныг, зүрх сэтгэлийн хэчнээн олон залбирал хэлэгдсэнийг би мэдэхгүй. Тэд үйлдсэн гэм нүглүүдийн минь төлөө намайг шүүмжлээгүй; харин гэм нүгэлтэй амьдарч байхад ч тусламжийн гараа сунган, хайрладаг байв. Тэд намайг гэртээ, гэр бүлийн цугларалт дээр эвгүй байдалд оруулдаггүй байсан. Харин би өөрийн хийдэг зүйлсээсээ болж тийм мэдрэмж мэдэрдэг байв. Харин ч тэд намайг халуун дотноор хүлээн авсан хэвээр байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд миний гэрэл бүдгэрэхийг харсан ч намайг хэн болж чадахыг мэддэг байсан.

Сүмээс холдох зам минь ярвигтай байсан шиг эргэн ирэх зам ч амаргүй байв. Гэвч эргэн ирэхэд хэцүү санагдаагүй нэг зүйл бол байх ёстой газраа эргэн ирж байгаа мэт мэдрэмж төрсөн явдал байв.”

Миний өнөөдрийн захиас бол ялангуяа Сүнсийг өмнө нь мэдэрч байсан ч одоо эргэн ирэх боломж байгаа эсэх, мөн Есүс Христийн сэргээгдсэн Сүмд өөрсдийг нь оруулах орон зай бий эсэхэд эргэлзэж буй хүмүүст зориулагдсан. Мөн би өнөөдрийн хэлэх үгээ дөнгөн данган тэсэж байгаа эсвэл холдон явахаар уруу татагдаж буй хүмүүст зориулж байна.

Энэхүү захиас ямар нэгэн сорилт ч, буруушаалт ч биш. Харин та нарыг сүнслэг гэрт тань урьж буй чин сэтгэлийн хүсэл бөгөөд хайрын урилга юм.

Таныг Аврагч Есүс Христийн энэ агуу амлалт, хайрын урилгыг сонсохдоо Ариун Сүнсний гэрчлэлийг мэдрээсэй хэмээн би залбирч байна.

“Та нар бүгд, эдүгээ би та нарыг эдгээж болохын тулд, та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?”

Долоо хоног бүр олон хүн сүмийн үйл ажиллагаануудад оролцон, Аврагчийн шавь болохоор эргэн ирэх урилгад хариу үйлдэл үзүүлж, Есүсийн амласан эдгэрлийг чимээгүй мөн даруухан эрэлхийлсээр байна. Олны ам дамжсан яриаг няцааж хэлэхэд залуучууд илүү олноороо хүчтэй хэвээр үлдэж мөн Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхийг сонгож байна.

Капернаумд Есүсийн зарим дагалдагч Түүний сургаалыг дагахад хэцүү гэж үзээд, Түүнээс явахаар сонгоход Тэрээр төлөөлөгчдөдөө хандан “Та нар бас явахыг хүсэж байна уу?” гэж асуужээ.

Энэ бол бидний хүн нэг бүр хувийн сорилттой нүүр тулах үедээ өөрөөсөө асуух ёстой асуулт юм. Петрийн Есүст хандан: “Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” гэсэн нь үеийн үед үнэ цэнээ алддаггүй тод томруун хариулт байв.

Аврагчийн Түүнд эргэн очих урилгын талаар бодож үзэх үедээ уд модны түүхийн талаар та юу сурч байна вэ?

  1. Эргэн ирэх зам нь голдуу амар хялбар байдаггүй ч үнэ цэнтэй юм. Манай уд модыг дахин өндийх үед бүх мөчрийг нь тайрсан байсан. Энэ нь тийм ч сайхан харагдаагүй. Бидэнд хуучин арга барилаа орхиж, бардамналаасаа салах үед эмзэг тусаж болох юм. Модны үндэс, их бие болох Есүс Христэд болон Түүний сургаалд итгэлээ төвлөрүүлэх нь эргэн ирэх анхны алхмаа тавихад найдвар, эр зоригийг өгөх болно.

  2. Манай уд модонд өмнөх хүч чадал, гоо үзэсгэлэнгээ эргэн олоход олон жил шаардагдсан ч одоо урьдхаасаа ч илүү хүчтэй мөн үзэсгэлэнтэй болсон. Таны итгэл, гэрчлэл өсөн нэмэгдэж байх үед тэвчээртэй байгаарай. Энэ нь “Энэ олон жил хаагуур явж байгаад ирэв дээ?“ гэх мэт бодлогогүй хэлсэн үгэнд гомдохгүй байхыг хэлнэ.

  3. Бид уд модоо байнга анхаарч арчлаагүй байсан бол мод хэзээ ч тэсэж үлдэхгүй байх байсан. Та Их Эзэний өргөөнд шүтэн биширч, долоо хоног бүр ариун ёслолын ширээний ард найрлахдаа гэрчлэл, итгэлээ тэжээн тэтгэх болно.

  4. Уд модны мөчир болон навчнуудыг дахин ургуулахад нарны гэрэл хэрэгтэй байсан шиг та нар мэдрэмж болон Сүнснээс ирж буй гэрчлэлд мэдрэмтгий хандвал та нарын гэрчлэл мөн адил өсөх болно. “Олон удаа дуудагдсан боловч би сонсохыг хүсээгүй” гэж өөрийн идэвхгүй гишүүн байсан үеэ дүрсэлсэн Амюлекээс суралцаарай.

  5. Манай хөрш уд модыг ямар мод болохыг мэдэж байсан. Их Эзэн ч мөн адил та нарын бурханлаг чадавхыг болоод та нарын итгэл, гэрчлэл ямар болох боломжтойг мэддэг. Тэрээр хэн нэгнийг Сүмд эргэн авчрахаар чармайхаа хэзээ ч болихгүй. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эвдэрсэн бүхэн эдгэрэх боломжтой.

Би хүмүүсийг эргэж ирэхэд тэнгэрт баяр хөөр болдог гэдгийг гэрчилж байна. Та хайрлагдсан нэгэн бөгөөд та бидэнд хэрэгтэй байна. Есүс Христ бол бидний Аврагч, Тэр биднийг Өөр рүү нь эргэн очсон бүх хүнийг илүү агуу амар амгалан, баяр хөөрөөр адисална гэдгийг гэрчилж байна. Түүний нигүүлслийн мутар хумигдаагүй, дэлгээтэй байгаа бөгөөд тан руу сунгаастай байна. Таны хувьд эргэн ирэхэд хэтэрхий оройтоогүй. Бид зүрх сэтгэлийн хайраар та бүхнийг гэртээ тавтай морилно уу хэмээн урьж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Энэ нь Вашингтоны Спокэн номлолын гэр байсан ба одоо ч хэвээрээ байгаа. Уд модны гэрэл зургуудыг эхнэр Жаки маань авсан.

  2. 3 Нифай 9:13 Наманчлах урилга нь хүн бүрд өгөгдсөн гэдгийг санаарай. 1 Иохан 1:8 (“Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа”) мөн Рассэлл М.Нэлсоны өдөр тутамд наманчлах урилга болох “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 98-ыг үзнэ үү.

  3. Квинтин Л.Күк, “Амьдралын болон итгэлийн сорилтуудтай нүүр тулах нь” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2023 оны 11 дүгээр сар 19-ний ням гараг), Gospel Library: “Өнгөрсөн үед байснаас илүүтэйгээр өсвөр үеийн хүүхэд, залуучууд идэвхгүй болж эсвэл Сүмийг олноороо орхиж байгаа гэж гадуур их яригдах болсон ч ийм биш гэдгийг би та нарт дуулгая. Үйлчлэхээр дуудагдсан номлогчдын тоо маш ихээр өссөн. Өсөж буй үеийнхний сүмд явах хувь тасралтгүй өсөх хандлагатай харагдаж байна. Цаашлаад, институтэд хамрагдаж буй залуучуудын тоо мөн өссөөр байна.

    Мөн D. Todd Christofferson and Clark G. Gilbert, “Video: Elder Christofferson Challenges Narrative, Says Spirit Working in Youth,” Church News, Dec. 13, 2024, newsroom.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

  4. Иохан 6:67

  5. Иохан 6:68

  6. Алма 5:28-ыг үзнэ үү.

  7. Дийтр Ф.Угдорф, “Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно,” Лиахона, 2024 оны 11-р сар: “Түүний гэтэлгэгч золиослол бол бидний гэрчлэлийн үндэс. Бусад бүх зүйл бол мөчрүүд нь юм. … Есүс Христийн талаарх гэрчлэлээ тордохдоо бид заримдаа мөчрийг үндэс гэж андуурдаг юм биш байгаа гэж би боддог. Үндсийг нь торд, тэгвэл мөчрүүд нь ургах болно.

  8. Алма 32:41-ийг үзнэ үү.

  9. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона, 2023 оны 11-р сар: “Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь итгэлийг хөгжүүлдэг. Мөн ариун сүмд үзүүлсэн үйлчлэл, бишрэл тань селестиел ухаанаар бодоход танд тусална.”

    Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” Лиахона, 2024 оны 5-р сар: “Би дараах амлалтыг та нарт өгье. Ариун сүмд орж … шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй.

  10. Алма 32:28-ыг үзнэ үү.

  11. Aлмa 10:6

  12. Патрик Кийрон, “Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм,” Лиахона, 2024 оны 5-р сар,.

  13. Jeffrey R. Holland, “Broken Things to Mend,” Liahona, May 2006, 69–71-ийг үзнэ үү.

  14. Лук 15:11-32; Сургаал ба Гэрээнүүд 18:13-19-ийг үзнэ үү.

  15. Иохан 15:9-ийг үзнэ үү.

  16. Алма 5:33-ыг үзнэ үү.

  17. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ дахин ирэх болно,” Лиахона, 2024 оны 11-р сар: “Таны хувьд Есүс Христийн шавь болоход хэт эртэднэ эсвэл хэт оройтно гэсэн ойлголт байхгүй. Та шавь болж байж л Түүний Цагаатгалын адислалуудыг бүрэн утгаар нь мэдрэх болно.”

    Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч”: “Хэрэв танд гэрээний замаас хэт холдсон эсвэл хэтэрхий удаан төөрсөн, буцах замгүй болсон гэж бодогдож байвал энэ нь огт худал юм.”