Ерөнхий чуулган
Түүний дотор сүнслэгээр бүрэн бүтэн болох нь
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:29

Түүний дотор сүнслэгээр бүрэн бүтэн болох нь

Бүрэн бүтэн байдал нь заавал энэ амьдрал дахь бие махбодын эсвэл сэтгэл санааны сэргээлтийг хэлдэггүй. Бүрэн бүтэн байдал нь Есүс Христэд итгэх итгэл, хөрвүүлэлтээс бий болдог.

Уяман өвчтэй арван хүн Аврагчаас “Биднийг өршөөгөөч” гэж хашхиран гуйжээ. Тэгээд Есүс Христ тэднийг өршөөв. Тэрээр тэднийг өөрсдийгөө тахилчдад үзүүл гэхэд тэд явах зуураа өвчнөөсөө цэвэршсэн байлаа.

Тэдний нэг нь өөрийнхөө эдгэрснийг үзээд, чанга дуугаар Бурханыг алдаршуулав. Тэрээр Аврагч руу буцан ирж, хөлд нь нүүрээрээ унаж, талархал өргөв.

Аврагч тэрхүү талархалтай хүнд хандан “Итгэл чинь чамайг эдгээлээ” гэв.

Есүс Христ уяман өвчтэй арван хүнийг эдгээсэн. Гэвч нэг нь л Аврагч руу буцан ирж нэг зүйлийг нэмж хүлээн авчээ. Тэр бүрэн бүтэн болсон.

Уяман өвчтэй есөн хүн бие махбодын хувьд эдгэрсэн.

Харин арван хүний нэг нь бие махбодын хувьд эдгэрч мөн сүнслэгээр бүрэн бүтэн болсон.

Энэ түүхийг тунгаах үедээ би эсрэгээрээ үнэн байх эсэхийг бодож үзсэн. Хэрэв эдгэрэх, бүрэн бүтэн болох хоёр адил зүйл биш юм бол ер нь хүн Түүгээр сүнслэгээр бүрэн бүтэн болсон хэр нь бие махбод, сэтгэл санааны хувьд хараахан эдгээгүй байж болох уу?

Агуу Эдгээгч бидний бие махбод, сэтгэл санааны бүх өвчин шаналлыг Өөрийн цаг хугацааны дагуу эдгээх болно. Харин бид эдгэрэх гээд хүлээж байхдаа бүрэн бүтэн болох боломжтой юу?

Сүнслэгээр бүрэн бүтэн болох гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Бид Есүс Христийг итгэлтэйгээр дагах сонгох эрхээ ашиглан, Тэр бидний зүрх сэтгэлийг өөрчилж болохын тулд Түүнд зүрх сэтгэлээ даатган, Түүний зарлигуудыг дагаж, Түүнтэй гэрээт харилцааг бий болгосноор Түүний дотор бүрэн бүтэн болно. Тэгээд Түүний оршихуй руу эргэн очих хүртлээ энэ дэлхий дээрх амьдралын сорилт бэрхшээлийг гомдоллохгүйгээр даван туулж, суралцсанаар бид бүх талаараа эдгэрнэ. Би Түүнтэй харилцах харилцаандаа чин сэтгэлээр хандвал эдгэрэхийг хүлээж байхдаа бүрэн бүтэн болох боломжтой юм.

Есүс Христэд итгэх итгэл найдварыг бий болгодог. Есүс Христэд итгэх итгэлээс бүрэн бүтэн байдал бий болдог бөгөөд би бүрэн бүтэн болохыг хичээхдээ найдварыг олж авдаг. Түүнд итгэх итгэл миний эдгэрэх найдварыг нэмэгдүүлж, тэрхүү найдвар нь Есүс Христэд итгэх итгэлийг маань бататгадаг. Энэ нь хүчирхэг тойрог юм.

Их Эзэн Иност итгэл нь түүнийг “бүрэн бүтэн” болгосон гэж хэлсэн. Инос бошиглогч эцэг Иаковынхоо үгсийг тунгааж, мөнх амьдралыг авах боломжийг ойлгохыг эгээрэн хүсэхдээ хүчит залбирлаар Бурханаас гуйхад бүрэн бүтэн байдал ирсэн. Ийм хүсэлтэй, даруу байдалд байхад Их Эзэний дуу хоолой түүнд ирж нүглүүдийг нь өршөөснийг зарласан. Инос Их Эзэнээс “Энэ нь яаж хийгддэг вэ?” гэж асуухад Их Эзэн: Христэд итгэлтэйн чинь учир, … итгэл чинь чамайг эдгээлээ” хэмээн хариулсан.

Бид бие махбод, сэтгэл санааны эдгэрэлд найдан, хүлээж байхдаа Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан сүнслэгээр бүрэн бүтэн болохыг эрэлхийлж чадна.

Цагаатгагч золиосных нь ачаар бид чин сэтгэлээсээ наманчлах үед, Аврагч Иносыг эдгээсний адилаар биднийг нүглээс эдгээдэг. Түүний хязгааргүй Цагаатгал мөн бидний уй гашуу, зовлон зүдгүүрт нөлөөлдөг.

Гэхдээ Тэрээр архаг өвчин, тархмал хатуурал, хорт хавдар, сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал зэрэг дархлааны эмгэгүүдийг болон өөр бусад өвчин эмгэгийг эдгээхгүй байж магад. Энэ төрлийн эдгэрэл Их Эзэний цаг хугацааны дагуу ирдэг. Мөн энэ хугацаанд бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэн, бүрэн бүтэн болохыг сонгож чадна!

Бүрэн бүтэн болох гэдэг нь гүйцэд, бүхэл бүтэн болох гэсэн утгатай. Сүйт залууг ирэхэд дэнлүүгээ тосоор дүүргэсэн байсан таван ухаалаг охины адил бид дэнлүүгээ Есүс Христэд хөрвөгдсөний шим тэжээлтэй тосоор дүүргэснээр Есүс Христ дотор бүрэн бүтэн болж чадна. Ийм арга замаар бид хуримын найраар дүрсэлсэн Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг.

Энэ сургаалт зүйрлэлд арван охин арвуулаа сүйт залууг хүлээн зөв газраа байсан. Тэдний хүн нэг бүр дэнлүүгээ авчирсан.

Гэвч Түүнийг шөнө дөлөөр гэнэт ирэх үед таван мунхаг охины дэнлүүнд хангалттай тос байсангүй. Тэднийг ёс бус гээгүй бөгөөд харин мунхаг гэж дүрсэлсэн. Мунхгууд хөрвөлтийн тосоор дэнлүүгээ асаалттай хэвээр байлгахад хангалттай бэлдэж чадаагүй.

Тэгээд тэднийг хуримын найрт орохыг зөвшөөрөхийг гуйхад сүйт залуу “Би та нарыг танихгүй” гэж хариулсан.

Үүнээс харахад таван ухаалаг охин Түүнийг таньсан. Тэд Түүний дотор бүрэн бүтэн байв.

Тэдний дэнлүү хөрвөлтийн эрхэм үнэт тосоор дүүрэн байсан тул таван ухаалаг охин хуримын найрт орж, сүйт залуугийн баруун талд суух боломжтой байлаа.

Аврагчийн хэлснээр “та нар Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлэн байж болохын тулд, үнэнч байж, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо өөртөө бэлдэгтүн.”

Таван ухаалаг охин, Бэн Хаммонд

Таван ухаалаг охин, Бэн Хаммонд

Таван ухаалаг охиныг дүрсэлсэн гайхамшигт уран баримлыг саяхан Халамжийн нийгэмлэгийн байрны хаалганы гадна, Солт Лэйкийн Ариун сүмийн сүүдэрт, Ариун сүмийн талбайд байрлуулсан.

Энэ нь уг сургаалт зүйрлэлд заасан зүйлийг харуулахад тохиромжтой газар юм. Учир нь бид гэрээнүүдийг, ялангуяа Их Эзэний өргөөнд байгуулдаг гэрээнүүдийг байгуулж, сахих үедээ дэнлүүгээ хөрвөлтийн тосоор дүүргэдэг.

Гэрлээ хуваалцаж буй таван ухаалаг охин.
Нэг нэгэндээ тусалж буй таван ухаалаг охин.

Таван ухаалаг охиноор төлөөлүүлсэн эмэгтэйчүүд хөрвөлтийн тосоо хуваалцаагүй боловч тэд тосоор дүүрэн, тод гэрэлтэж буй дэнлүүгээ өргөж гэрлээ хуваалцаж байгаа билээ. Хамгийн чухал нь, тэднийг мөр зэрэгцэн, бие биеэ тэвэрч, нүд рүү нь харж, бусдыг гэрэл рүү ирэхийг уриалж байгаагаар дүрсэлжээ.

Үнэхээр, “[бид] ертөнцийн гэрэл мөн.” Аврагч:

“Энэ хүмүүсийн гэрэл байх үүргийг би та нарт өгье. Толгод дээр байрласан хот нуугдах аргагүй билээ.

… [Бид] лаа асаагаад мөн үүнийгээ саван дор нуудаг бил үү? Үгүй ээ, харин лааны тавиур дээр тавьж, мөн энэ нь гэрт байгаа бүгдэд гэрэл өгдөг;

Тиймийн тул, тэд та нарын сайн үйлүүдийг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд, та нарын гэрэл энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг” хэмээн тунхагласан.

Бидэнд Түүний гэрлийг хуваалцахыг зарлигласан. Тиймээс дэнлүүгээ Есүс Христэд хөрвөгдсөний тосоор дүүргэж, дэнлүүгээ бэлтгэж, сайн асаагаарай. Тэгээд гэрлээрээ гэрэлтүүлээрэй. Бид гэрлээ хуваалцахдаа Есүс Христийн тайтгарлыг бусдад авчирч, өөрсдөө Түүнд улам гүнзгий хөрвөгдөж, эдгэрэхээр хүлээж байхдаа ч бүрэн бүтэн болж чадна. Мөн бид гэрлээ улам тодоор гэрэлтүүлэхийн зэрэгцээ, хүлээж байхдаа ч гэсэн баяр хөөртэй байж чадна.

Бид эдгэрлийг хүлээхдээ ч Есүс Христэд хөрвөгдөн бүрэн бүтэн болж, Түүнээс хүч тэнхээг авч чадна гэсэн зарчмыг бататгахад нэгэн судрын жишээ тусалдаг.

Төлөөлөгч Паул өөрт учирсан зовлонг “махбодод минь өргөс өгөгдөж” хэмээн дүрсэлж, үүнээс ангижруулж өгөхийг Их Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан. Их Эзэн Паулд хандаж: “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөл дотор [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Паул:

“Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.

Иймд Христийн төлөө мөхөсдөл, … шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг” гэж тунхаглажээ.

Паулын жишээнээс харахад бид сул дорой үедээ ч Есүс Христ доторх хүч тэнхээгээ төгс буюу бүрэн гүйцэд, бүтэн болгох боломжтой. Мөнх бус бэрхшээлүүдтэй тэмцэж буй хүмүүс Паулын адил итгэлтэйгээр Бурханд хандвал Бурханыг таньж мэдсэнээр ирэх адислалуудыг хүлээн авна.

Паул зовлон шаналлаасаа эдгэрээгүй хэдий ч Есүс Христ дотор сүнслэгээр бүрэн бүтэн болсон юм. Тэр зовж байхдаа ч Есүс Христэд хөрвөгдсөний мөн Түүнээс авсан хүч тэнхээний гэрлээр гэрэлтэж, баяр хөөртэй байсан. Филиппойчуудад бичсэн захидалдаа тэр: “Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлье. Баярлагтун!” гэж бичсэн.

Эгч, ах нар аа, тийм ээ, бид бие махбод, сэтгэл санааны эдгэрлийг хүлээж байхдаа сүнслэгээр бүрэн бүтэн болж чадна. Бүрэн бүтэн байдал нь заавал энэ амьдрал дахь бие махбодын эсвэл сэтгэл санааны сэргээлтийг хэлдэггүй. Бүрэн бүтэн байдал нь Есүс Христэд итгэх итгэл, мөн хөрвөлтөөс мөн тэрхүү хөрвөлтийн гэрлээ гэрэлтүүлснээр бий болдог.

“Олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь [сонгогдсон байхыг сонгодог] бөлгөө.”

Бүх хүн Амилалтаар бие махбод, сэтгэл санааны хувьд эдгэрнэ. Та одоо Түүн дотор бүрэн бүтэн болохыг сонгох уу?

Би Их Эзэн Есүс Христэд хөрвөгдсөн гэдгээ баяртайгаар тунхаглаж байна. Би Түүн дотор бүрэн бүтэн болохыг хичээж байгаа. Тэр амьд учраас бүх зүйл Түүний цаг хугацаанд сэргээгдэж, эдгэрэх болно гэдэгт би итгэлтэй байна.

Магдалын Мариа бол Есүс Христээр эдгээгдсэн, Есүс Христийн дотор бүрэн бүтэн болсон эмэгтэй байсан. Аврагчийн шавийн хувьд тэр Түүнийг даган Галил даяар явж, Түүнд тохинуулжээ.

Тэр Түүний загалмайн дэргэд байж, үхлийнх нь гэрч болсон.

Тэр Түүний оршуулгыг бэлтгэж дуусгахаар хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харж мөн Их Эзэний бие алга болсныг мэдсэн. Мариаг булшны гадаа зогсоод уйлж байтал эхлээд тэнгэр элч нар, дараа нь Аврагч өөрөө ирээд түүнээс “Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ?” гэж асуув.

Мариа уйлан: “Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй” гэв.

Есүс түүнийг нэрээр нь “Мариа” гэж зөөлнөөр дуудав. Тэр Түүнийг таньж, хүндэтгэлтэйгээр, “Рабуни, … Багш аа” гэж хариулав.

Исаиа Аврагчийн талаар бошиглон: “Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина” хэмээсэн.

Түүний Амилалт Мариагийн нулимсыг арчсан. Мэдээж Тэр таны нулимсыг ч бас арчих болно.

Амилсан Аврагчийн анхны гэрч нь Мариа байлаа. Мөн тэрээр харсан зүйлээ бусдад гэрчилсэн анхны хүн байсан.

Би Мариагийн гэрчлэл дээр өөрийн гэрчлэлийг даруухнаар нэмье. Тэр амилсан. Есүс Христ амьд. Эцсийн эцэст бүх хүн Түүний дотор, бие махбод, сэтгэл санааны хувьд эдгэрнэ. Тэрхүү эдгэрлийг хүлээх явцад Агуу Эдгээгчид итгэх итгэл биднийг сүнслэгээр бүрэн бүтэн болгоно. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Лук 17:11-19-ийг үзнэ үү. “Бүрэн бүтэн болгох” гэдэг хэллэгийг хамгаалах, аврах, чөлөөлөх, эдгээх гэсэн утгатай грек үгнээс орчуулсан. Энэ нь Есүс Христ бие махбодыг маань эдгээж чадна гэсэн чухал үнэнийг онцолж байгаа бөгөөд Тэрээр мөн биднийг өөр арга замуудаар чөлөөлж, аварч, хамгаалж, эдгээж чадна.

  2. Алма 40:23-ыг үзнэ үү: “Сүнс нь биедээ, мөн бие нь сүнсэндээ сэргээгдэх болно; тийм ээ, мөн үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно; тийм ээ, бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй; харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно.” See also Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 87: “The gift of resurrection is the Lord’s consummate act of healing.”

  3. Моронай 7:40–42-ыг үзнэ үү.

  4. Инос 1:8

  5. Инос 1:7

  6. Инос 1:8

  7. Матай 25:1–13-ыг үзнэ үү.

  8. Тэд илүү тостой байх нь чухал буюу шаардлагатай гэж үзээгүй учраас тэднийг мунхаг гэсэн.

  9. Иосеф Смитийн Орчуулга, Матай 25:12 (Матай 25:12 дахь зүүлт тайлбар a).

  10. Арван охины тухай сургаалт зүйрлэлийн тухай ахлагч Бэднар:

    “Охидын хэрэглэж байгаа дэнлүүнүүдийг нь гэрчлэлийн дэнлүүнүүд гэж бодоорой. Мунхаг охид нь гэрчлэлийн дэнлүүгээ авахдаа тосыг нь хамт авсангүй. Энэ тосыг хөрвөлтийн тос гэж бодоорой. …

    Таван ухаалаг охин хувиа хичээн, хуваалцахыг хүсэхгүй байсан уу эсвэл хөрвүүлэлтийн тосыг зээлүүлж болдоггүй гэж зөв зүйл хэлсэн үү? Зарлигуудыг байнга дагаснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? Хичээнгүйлэн сурч, судруудын талаар тунгаан бодсоноор ирэх мэдлэгийг хэрэгцээтэй нэгэнд дамжуулан өгч болох уу? Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнд сайн мэдээний авчрах амар амгаланг хэцүү бэрхшээл зовлонтой тулгараад байгаа хүнд шилжүүлэн өгч болох уу? Эдгээр асуултад өгөх тодорхой хариулт бол Үгүй, болохгүй.”

    Тэрээр үргэлжлүүлэн, бид “гэрчлэлийн дэнлүүгээ асаалттай байлгаж чадах хувийн хариуцлага болон хөрвөлтийн тосыг хангалттай байлгахыг хэлж байсан юм. Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар, ‘шат шатаар [мөн] дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30), тэвчээртэйгээр, шаргуу дагаснаар олддог. Түүнийг олох амархан ч, товч зам гэж байхгүй; хамгийн сүүлийн мөчид гэнэт хичээн бэлдэх нь ч боломжгүй юм” хэмээн заасан (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  11. Сургаал ба Гэрээнүүд 33:17 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах зөвлөгөөг өгсөн: “Одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна. Яг одоо шавь байхаа эн тэргүүнд тавих цаг маань болж байна” (“Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ,” Лиахона, 2024 оны 11-р сар, 121).

  12. Таван ухаалаг охин баримлын уран барималч нь Бэн Хаммонд бөгөөд тэрээр Есүс Христэд хөрвөгдсөн шавь нар болох олон өөр үндэстэн эмэгтэйг төлөөлүүлэн таван ухаалаг охиныг янз бүрийн нас, арьсны өнгөтэй эмэгтэйчүүдээр дүрсэлсэн.

  13. Ариун ёслолоос хүртэхдээ бид Их Эзэнтэй хийсэн бүх гэрээгээ шинэчилж, өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг хүлээн авахад мөн Түүний зарлигуудыг дагахад бэлэн гэсэн шинэ гэрээг байгуулдаг. Санваарын ёслолуудад зохистойгоор оролцож, гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг бүрэн бүтэн болгодог. Энэ зарчмыг ариун ёслолын “Bread of Life, Living Water” (Амийн талх, Амийн ус) дуулалд гайхалтай сайхнаар илэрхийлсэн байдаг:

    Амийн талх, Амийн ус

    Миний бодгалийг тэжээж, зүрх сэтгэлийг дүүргэнэ.

    Их Эзэн, Та надад шинэ амьдралыг өгч,

    Намайг бүрэн бүтэн—бүрэн төгс, ариун— болгооч

    Тантай үүрд хамт.

    (Hymns — for Home and Church, Gospel Library; тодотгол нэмсэн).

  14. Матай 5:14

  15. 3 Нифай 12:14–16

  16. Дууллын үгэнд

    Энэ Миний бяцхан гэрэл, би үүнийг гэрэлтүүлнэ. …

    Хаа ч явсан би үүнийг гэрэлтүүлнэ. …

    Есүсийн надад өгсөн гэрэл, би үүнийг гэрэлтүүлнэ.

    Гэрэлтүүлнэ, гэрэлтүүлнэ, гэрэлтүүлнэ.

    (“This Little Light of Mine,” Hymns For Home and Church, Gospel Library.).

  17. 2 Коринт 12:7

  18. 2 Коринт 12:8-ыг үзнэ үү.

  19. 2 Коринт 12:9

  20. 2 Коринт 12:9–10

  21. Филиппой 4:4, 2 Коринт 1:3–4-ийг үзнэ үү: “Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид нар аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Бурхан биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм.”

  22. Дэвид А.Бэднар, “Сион оо, хүч чадлаар хувцаслагтун,” Лиахона, 2022 оны 11-р сар, 94-ийг үзнэ үү.

  23. Матай 22:14 мөн Сургаал ба Гэрээнүүд 121:33–35-ыг үзнэ үү.

  24. Лук 8:2–3-ыг үзнэ үү.

  25. Иохан 19:25-ыг үзнэ үү.

  26. Иохан 20:15; мөн 13-р шүлгийг үзнэ үү.

  27. Иохан 20:13

  28. Иохан 20:16

  29. Исаиа 25:8