Есүс Христийн Цагаатгал аврагдах эцсийн боломжийг олгодог
Биднийг дэлхийн Аврагч, Есүс Христэд хандах үед Тэрээр Цагаатгалаараа дамжуулан амьдралын шуурганаас биднийг авардаг.
Есүс Христийн Цагаатгал энэ амьдралд тулгарах сорилт бэрхшээлээс аврагдах эцсийн боломжийг бидэнд олгодог. Өнгөрсөн оны сүүлээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Вайомингийн Каспэр ариун сүмийг онцгойлон адислах үүргийг надад өгсөн юм. Тэрхүү ариун сүмийг онцгойлон адислах нь гүн гүнзгий, сэтгэл хөдлөм, сүнслэг туршлага байсан. Уг үйл явдал Аврагчийн Цагаатгалаар дамжуулан Бурханы хүүхдүүдийг аврахад ариун сүмийн гүйцэтгэдэг үүргийн талаар энгийн ойлголтыг өгсөн.
Вайомингийн Каспэр ариун сүмийн дүүрэгт байдаг гадаснуудын бүс нутагт 1847-1868 оны хооронд хожмын үеийн гэгээнтэн анхдагчдын туулсан замын зарим хэсэг багтдаг. Ариун сүмийг онцгойлон адислах ёслолд бэлдэж байхдаа би Каспэр хотын ойролцоох Платт голын дагуу Солт Лэйк Ситиг чиглэсэн аяны талаарх зарим түүхийг дахин уншив. Уг зам барууны зуу зуун мянган цагаачийн дамжин өнгөрдөг зам байсан. Энэ замаар 60000 гаруй хожмын үеийн гэгээнтэн анхдагчид аялсан гэдгийг онцлон хэлье.
Анхдагчдын маань ихэнх нь бүхээгт тэрэгтэй ирсэн ч 3000 орчим нь гар тэрэгтэй арван бүлэгт хуваагдан явсан байдаг. Эдгээр гар тэрэгтэй бүлгийн найм нь энэхүү түүхэн аяныг гайхалтайгаар амжилттай дуусгасан бөгөөд цөөн тооны хүн нас барсан юм. Харин 1856 оны Вилли, Мартин нарын гар тэрэгний бүлгийн хувьд нөхцөл байдал өөр байлаа.
Би цаг агаарын аймшигт нөхцөл байдал эхэлсэн цагаас хойших Вилли, Мартин нарын гар тэрэгний бүлгийн түүхийг судалж үзсэн. Би тэдэнд Свийтватэр гол, Мартины булан, Роки нуруу, Рок Крийк хөндийг гатлахад тулгарсан сорилтуудыг маш сайн мэдэж авсан.
Шуурганаас шуурга хооронд, Албин Вэсэлка
Онцгойлон адислах ёслолоос өмнө би Каспэр ариун сүмийн дотор орж үзээгүй байлаа. Үүдний танхимд ороход Шуурганаас шуурганы хооронд гэсэн гарчигтай гар тэрэгний уран зураг миний анхаарлыг шууд л татав. Уг уран зураг нь болсон эмгэнэлт явдлыг дүрслэх зорилгогүй байсан нь илэрхий байсан. Үүнийг ажиглах зуур надад “Энэ уран зурагт үнэн зөв дүрсэлсэн бас гар тэрэгтэй анхдагчдын дийлэнхэд эмгэнэлт явдал тохиолдоогүй” гэсэн бодол төрсөн. Амьдрал ерөнхийдөө үүнтэй адил байдаг гэсэн мэдрэмж надаас салахгүй байв. Зарим үед бид шуурганаас шуурганы хооронд бэдэрдэг; бидний дээр үүл гарах үе ч бий, нар гарах үе ч бий.
Тэнгэрийн суваг Тим Вилкокс
Нөгөө талын ханан дээр байгаа Тэнгэрийн суваг хэмээх уран зураг руу хартал, “Чөтгөрийн хаалга” гэх үзэсгэлэнт газрын зуны зураглал байж байх юм. Энэ уран зурагт тогтуун, тунгалаг Свийтватэр гол урсаж байгаа нь Их Эзэний бүтээлийн гоо үзэсгэлэнг илтгээд зогсохгүй хахир өвлийн улиралд анхдагчдын туулсан бэрхшээлийг харуулсан байв.
Дараа нь би харцаа урагш чиглүүлж, угтах ширээний ар тал дахь Аврагчийг дүрсэлсэн нүд булаам уран зургийг харав. Тэр даруйд надад асар их талархах мэдрэмж төрсөн. Агуу гоо үзэсгэлэнгийн ертөнцөд асар их сорилтууд ч мөн бий. Биднийг дэлхийн Аврагч, Есүс Христэд хандах үед Тэрээр Эцэгийн төлөвлөгөөн дэх Цагаатгалаараа дамжуулан амьдралын шуурганаас биднийг авардаг.
Миний хувьд, үүдний танхим нь өргөмжлөлд хүргэх ёслолуудыг хүлээн авч, ариун нандин гэрээнүүдийг байгуулж, Аврагчийн Цагаатгалын адислалуудыг бүрэн дүүрэн олж аван мэдрэх боломжийг олгодог ариун сүмийн ёслолын өрөөнүүд рүү орох төгс төгөлдөр бэлтгэл болсон. Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө Аврагчийн цагаатгах аврал дээр суурилсан байдаг.
Анхдагчдын туршлага хожмын үеийн гэгээнтнүүдэд онцгой түүхэн уламжлал, хүчирхэг сүнслэг өвийг өгдөг. Миссури, Науву хоёрын аль алинаас хүчээр хөөгдсөний дараа зарим хүний хувьд нүүдэл олон жил үргэлжилсэн юм. Харин зарим хүний хувьд, ерөнхийлөгч Бригам Янг илүү өртөг багатай байлгах үүднээс гар тэрэгтэй нүүх төлөвлөгөөг зарласны дараахан л аян нь эхэлжээ. Гар тэрэгтэй аялах нь бүхээгт тэрэг болон үхэр тэрэгтэй аялахаас хамаагүй хямд тусахаар байв.
Гар тэрэгтэй аялах аяны төлөвлөгөө зарлагдах үед Английн номлогч Миллэн Этвүүд: “Энэ нь хуурай сүрэлд гал авалцах мэт хурдан түгж, хөөрхий гэгээнтнүүдийн зүрх сэтгэл баяр баясгалан, талархлаар дүүрсэн” гэж хэлж байв. Олон хүн “уулан дахь ах, эгч нартайгаа нэгдэх боломжийн төлөө өдөр шөнөгүй залбирч, мацаг барьж байлаа.”
Гар тэрэгтэй аялсан гэгээнтнүүдийн ихэнх нь хүнд хэцүүг туулсан ч томоохон золгүй явдлуудаас холуур өнгөрсөн юм. Гэсэн хэдий ч гар тэрэгтэй хоёр бүлэг болох Вилли, Мартин нарын бүлэг өлсгөлөнд нэрвэгдэж, хүйтэн цаг агаарт өртөж, олон хүн нас баржээ.
1856 оны 5-р сард эдгээр аялагчийн ихэнх нь Английн Ливэрпүүлээс хоёр хөлөг онгоцоор гарч явсан байдаг. Тэд 6 болон 7-р сард Аиова хотын гар тэрэг сэлбэн засах газарт очжээ. Сэрэмжлүүлгийг үл хайхран, тухайн улиралдаа хоёр бүлэг хоёул Солт Лэйкийн хөндий рүү дэндүү оройтож хөдөлсөн юм.
1856 оны 10-р сарын 4-нд ерөнхийлөгч Бригам Янг эдгээр бүлэг аюултай нөхцөл байдалд орсон талаар хамгийн түрүүнд сонсов. Маргааш нь тэр Солт Лэйк Сити дэх гэгээнтнүүдийн өмнө зогсоод: “Бидний маш олон ах, эгч гар тэрэгтэйгээ хээр талд явна, бид тэднийг энд авчрах ёстой … Өвөл болохоос өмнө … бид тэдэнд тусламж илгээх ёстой” гэж хэлжээ.
Тэрээр бишопуудаас 60 луус, 12 гаруй бүхээгт тэрэг, 12 тонн (10,886 кг) гурил гаргаж өгөхийг хүсэн: “Яг одоо явж, хээр талд буй тэр хүмүүсийг авчирцгаая” хэмээн тунхагласан юм.
Вилли, Мартин нарын гар тэрэгний бүлэгт байсан анхдагчдын тоо нийлээд 1100 орчим байсан. Эдгээр гэгээнтний 200 орчим нь аян замынхаа явцад эрдэнэт амиа алджээ. Цагаа олж авраагүй бол илүү олон хүн нас барах байв.
Эхний аврагчдыг Солт Лэйк Ситигээс явснаас хойш ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа өвлийн шуурга эхэлжээ. Вилли, Мартин нарын бүлгийн гишүүдийн тэмдэглэлд шуурга эхэлсний дараах амь өрссөн бэрхшээлүүдийн талаар дүрслэн бичсэн байдаг. Тэдгээр тэмдэглэлд аврагчдыг ирэх үеийн агуу баяр хөөрийг мөн буулгасан байлаа.
Тэдний ирсэн талаар Мэри Хуррэн: “Эрчүүдийн хацрыг даган нулимс урсаж, хүүхдүүд хөөрөн бүжиглэж байв. Хүмүүс сэтгэл хөдлөлөө хянах чадвартай болмогцоо цасан дээр өвдөг сөгдөн Бурханд талархал өргөв” гэж хэлсэн байдаг.
Хоёр өдрийн дараа Виллигийн бүлэг тэсгим хүйтэн шуурганаар Роки нуруун дээгүүр замын хамгийн хэцүү хэсгээр явах шаардлагатай болсон. Маргааш өдрийн өглөөний 5 цаг гэхэд сүүлийн хүн хуаранд хүрчээ. 13 хүн нас барж, тэднийг хамтад нь оршуулсан байна.
11-р сарын 7-нд Виллигийн бүлэг Солт Лэйкийн хөндийд ойртсон байсан ч тэр өглөө гурван хүн өөд болжээ. Хоёр өдрийн дараа Виллигийн бүлэг эцэст нь Солт Лэйкт хүрсэн ба гэгээнтнүүд тэднийг гайхалтайгаар угтан авч, гэртээ оруулсан юм.
Тэр өдөр Мартины бүлэг 523 километрийн хойно хүйтэнд хайрагдаж, хангалттай хоол хүнсгүйгээр замаа үргэлжлүүлсээр байлаа. Хэдэн өдрийн өмнөхөн тэд байгалийн үзэгдлээс хоргодох газар байгаа гэсэн найдвар тээн, одоогийн Мартины буланд хүрэхийн тулд Свийтватэр голыг гаталсан байв. Анхдагчдын нэг нь: “тэр бол энэ аяны турш гаталсан хамгийн хэцүү гол байсан” гэж хэлжээ. Аврагчдын зарим нь миний элэнц өвөг Дэйвид Паттэн Кимбаллтай адил дөнгөж 17 настай байсан ба түүний залуу найзууд болох “Жорж В.Грант, Аллэн Хантингтон, Стэфэн Тэйлор, Аира Нэбэкэр нар тэсгим хүйтэн усанд хэдэн цагийг өнгөрүүлж,” тэрхүү бүлэгт Свийтватэр голыг гатлахад нь баатарлагаар тусалсан билээ.
Энэ үйл явдал анхаарлыг минь ихэд татаад зогсохгүй, аврагчдын тухай илүү ихийг олж мэдэхийн хэрээр тэд бүгд бошиглогчийг дагаж, урагшлах боломжгүй болсон гэгээнтнүүдийг аврахад чухал үүрэг гүйцэтгэснийг би мэдэж авсан. Бүх аврагч тэрхүү дүрвэгчдийн адил баатарлаг байв.
Тэдний түүхийг судалснаар би тэрхүү дүрвэгчдийн дундах мөнхийн ойлголт болон эрхэм үнэт харилцааг биширсэн. Жон, Мариа Линфорд болон тэдний гурван хүү Виллигийн бүлгийн гишүүд байлаа. Эхний аврагчдыг ирэхээс хэдхэн цагийн өмнө Жон нас баржээ. Тэрээр Мариад өөрсдийгөө тэрхүү аянд гарсанд баяртай байгаагаа илэрхийлэн: “Би Солт Лэйкт хүрч чадахгүй ч чи хөвгүүдтэйгээ хүрч чадна. Хэрэв хөвгүүд минь Сионд өсөж торнин, гэр бүлээ өсгөн өндийлгөж чадвал би туулсан бүхэндээ харамсахгүй” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст дараах гайхалтай дүгнэлтийг хэлжээ: “Гар тэрэгтэй анхдагчдын баатарлаг үйлсээс бид нэгэн агуу үнэнийг мэдэж авдаг. Бүгд цэвэршүүлэгчийн галаар дамжин өнгөрөх ёстой бөгөөд бидний амьдралд ач холбогдолгүй, чухал бус зүйлс хаягдал мэт хайлан алга болж, бидний итгэл гэрэл гэгээтэй, сэвгүй, хүчирхэг болох болно. Бүх хүнд зовлон зүдгүүр, гуниг, уй гашууд живсэн мэт санагдах нь бий. Итгэлтэй байж, зөвийг хийхийг үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүст ч мөн адил. Гэсэн хэдий ч цэвэршүүлэгчээр дамжин өнгөрч, Бурхантай илүү адил болох нь зайлшгүй хэрэг билээ.”
Аврагч мөнхийн мөн чанарыг тодорхойлдог Өөрийн Цагаатгал, Амилалтаар бүх хүний төлөө “үхлийн хүлээсийг тасчина, учир нь тэр үхлийг даван, ялалтыг олно.” Нүглээ наманчилсан хүмүүсийн хувьд Тэрээр “өөр дээрээ тэдний алдас мөн тэдний зөрчлүүдийг авч, тэднийг гэтэлгэн, мөн шударга ёсны шаардлагыг хангах буюу.”
Цагаатгалгүйгээр бид өөрсдийгөө нүгэл, үхлээс аварч чадахгүй. Бидний сорилт бэрхшээлд гэм нүгэл томоохон байр суурь эзэлдэг бөгөөд алдаа дутагдал, буруу шийдвэр, бусдын муу үйл болон бидний хянах боломжгүй олон зүйл амьдралд тохиох бэрхшээлүүдийг улам бүр дордуулдаг.
Миний сайн мэдээг номло гарын авлагад: “Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж найдах юм бол Тэр бидэнд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр, өвчин эмгэгээ даван гарахад тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байх болно. Амьдралын шударга бус гэсэн юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зѳв болгогдож болно” гэж заасан.
Энэхүү Христийн амилсны баярын үеэр бид Аврагчид мөн Түүний цагаатгагч золиослолд төвлөрдөг. Цагаатгал нь олон хүнд харанхуй, гунигт үед нь найдвар болон гэрлийг авчирдаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Бүх түүхийг судалсан ч … ач ивээлийн энэхүү үйл шиг ийм гайхамшигтай, сүр жавхлантай, агуу зүйл үгүй” хэмээн тунхагласан.
Өнөө үед онцгой чухал ач холбогдолтой гэж боддог өөрийн гурван зөвлөмжийг хуваалцъя.
Нэгдүгээрт: Бие махбодын сорилт бэрхшээлээс, ялангуяа сүнслэг сорилт бэрхшээлээс бусдыг аврахын тулд хийж байгаа зүйлийнхээ ач холбогдлыг бүү дутуу үнэл.
Хоёрдугаарт: Аврагчийн Цагаатгалыг талархан хүлээн ав. Бид бүгд амьдралын сорилттой тулгарсан ч баяр баясгалан, аз жаргалтай байхыг хичээх ёстой. Бүх нөхцөл байдалд эергээр хандаж, өөдрөг амьдрах нь бидний зорилго байх ёстой. Эрхэм хамтрагч Мэри минь үүнийг амьдралынхаа турш дагаж байгааг би анзаардаг. Олон жилийн турш асуудлуудтай тулгарч байхдаа би түүний эрч хүчтэй, өөдрөг хандлагад талархсаар ирсэн.
Миний гурав дахь зөвлөгөө бол Аврагчийн Цагаатгалыг итгэлтэйгээр эргэцүүлэн бодох цагийг тогтмол гаргах тухай юм. Бидний шашны хувийн зан үйлд ийн үйлдэх олон арга зам бий. Тэр дундаа ариун ёслолын цуглаанд оролцон, ариун ёслолоос хүртэх нь нэн чухал.
Боломжтой үедээ ариун сүмд тогтмол орох нь мөн адил чухал. Ариун сүм нь Аврагчийн Цагаатгалыг, энэ нь юуг ялан дийлснийг байнга санах боломжийг олгодог. Түүнчлэн бүр илүү чухал зүйл нь ариун сүмд орсноор бид нас барсан хайртай хүмүүсийнхээ, холын өвөг дээдсийнхээ сүнсийг аврах боломжтой.
Сүүлд болсон чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ зарчмыг онцлон, “[Ариун сүмийн] адислал нь … Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах хүмүүсийг бэлдэхэд тусалдаг!” гэж нэмж хэлсэн.
Бид өмнөх үеийнхнийхээ гаргасан золиослол, үзүүлсэн үлгэр жишээг хэзээ ч мартах ёсгүй. Мөн бид магтаал, талархал, сүсэг бишрэлээ дэлхийн Аврагч болон Түүний цагаатгагч золиослолд төвлөрүүлэх ёстой. Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний гол түлхүүр бол бидний Аврагч, Есүс Христийн гүйцэлдүүлсэн Цагаатгал гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд төдийгүй Сүмээ удирдан чиглүүлдэг. Есүс Христийн Цагаатгал энэ амьдралд тулгарах сорилт бэрхшээлээс аврагдах эцсийн боломжийг бидэнд олгодог. Есүс Христийн нэрээр, амен.