Ерөнхий чуулган
Нөхөн өгөх адислал
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:19

Нөхөн өгөх адислал

Амьдралын олон нөхцөл байдал бидний хянаж чадах хэр чадлаас давсан байж болох ч бидний хэн нь ч Их Эзэний хязгааргүй адислалаас гадуур байдаггүй.

Тэргүүлэх бишопын зөвлөлд үйлчилж байхад надад дэлхий даяар амьдран суугаа газар бүрийн өөр өөр соёл уламжлалтай хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзах завшаан тохиодог. Би та бүхний Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, үнэнч байдлаас байнга урам авдаг. Гэсэн ч та бүхний нүүр тулж буй өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл, хязгаарлагдмал нөөц боломж болон гэрлэх, боловсрол олж авах боломж хомс байх, бусдын хүчирхийлэл, бусад хориг хязгаарлалт зэрэг янз бүрийн хүнд хэцүү нөхцөл байдлыг хараад, сэтгэл шимширдэг. Заримдаа эдгээр сорилт бэрхшээл нь үйлчлэх, шүтэн бишрэх, ариун нандин үүргээ биелүүлэх зэрэгт тань хүндрэл учруулснаар сайн мэдээг бүрэн дүүрэн дагаж амьдрах хичээл зүтгэлийг тань сорьж, өсөж хөгжихөд тань садаа болж буй мэт санагддаг байж магадгүй.

Эрхэм найзууд аа, хэрэв та нарт амьдралынхаа нөхцөл байдлаас болоод хязгаарлагдмал эсвэл сул дорой байдалд орсон мэт санагддаг бол Их Эзэн та нарыг нэг бүрчлэн хайрладаг гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна. Тэр та нарын нөхцөл байдлыг мэддэг бөгөөд Түүний адислалын хаалга та нарт тулгарч буй ямар ч сорилт бэрхшээлээс үл хамааран та нарын өмнө нээлтэй хэвээр байдаг.

Энэхүү үнэнийг би ач холбогдолгүй мэт боловч гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хувийн туршлагаасаа ухаарч мэдсэн юм. Би хорин хоёр настайдаа Парис дахь Францын агаарын нисэх хүчинд үйлчилж байхдаа Их Эзэний төлөөлөгч, ахлагч Нийл А.Максвэллыг Шонз-Элизэ гудамжинд болох нэгэн чуулган дээр үг хэлнэ гэдгийг мэдээд, ихэд догдолж билээ. Гэтэл уг үйл явдал болохын өмнөхөн надад чуулган болох яг тэр цагт нэгэн ахлах офицерыг онгоцны буудал руу хүргэж өгөх тушаал ирэв.

Миний урам хугарав. Чуулганд оролцоно гэж шийдчихсэн байсан би офицерыг буулгаж өгчхөөд, чуулган руу яарав. Зогсоол дээр машинаа тавиад, Шонз-Элизэ гудамжаар цуглаан болох газар луу хар хурдаараа харайлгасаар дуусахаас нь ердөө тавхан минутын өмнө би амьсгаадан орлоо. Дөнгөж ормогцоо би ахлагч Максвэллын “Одоо би та нарт төлөөлөгчийн адислал өгье” гэж хэлэхийг сонсов. Тэрхэн зуур мартагдашгүй сайхан сүнслэг үйл явдалд оролцчихов. Би Ариун Сүнсээр дүүрч, адислалын үгс зөвхөн надад зориулагдсан мэт бодгалийн минь эд эс бүрд шингэх шиг л санагдсан.

Тэр өдөр миний мэдэрсэн зүйл бол бидний хяналтаас давсан нөхцөл байдал зүрх сэтгэлийнхээ зөв шударга хүсэл эрмэлзлийг гүйцэлдүүлэхэд саад болох үед Их Эзэн бидэнд Өөрийнх нь амлагдсан адислалыг хүлээн авах боломжийг олгодог арга замуудаар нөхөн өгөх болно гэсэн Бурханы Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний тайтгаруулах жижиг атлаа хүчирхэг тунхаглал байсан юм.

Энэхүү баттай үнэн Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гурван гол зарчим дээр суурилсан. Үүнд:

  1. Бурхан бидний хүн нэг бүрийг төгс хайрладаг. “Тэрээр тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг.” Түүний гэтэлгэлийн төлөвлөгөө нь хэнийг ч ялгалгүй хүн бүрд аврал, өргөмжлөлийн адислалыг нэг өдөр хүлээн авах шударга боломжийг олгоно гэдгийг бататгадаг.

  2. Бурхан шударга, нигүүлсэнгүй, Түүний төлөвлөгөө төгс учраас Тэрээр бидний хяналтаас давсан зүйлсийн төлөө бидэнд хариуцлага тооцохгүй. Ахлагч Нийл А.Максвэлл: “Бурхан … зөвхөн бидний хүсэл хийгээд гүйцэтгэлийг төдийгүй бидэнд оногдсон янз бүрийн нөхцөл байдлын хүндрэл бэрхшээлийн зэргийг мөн өршөөнгүйгээр харгалзаж үздэг” хэмээн тайлбарласан.

  3. Бид Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан амьдралынхаа бүхий л сорилт бэрхшээлийг тэвчих, эцэстээ даван туулах хүчийг олж авч чадна. Алмагийн заасанчлан, Аврагч наманчлагчдын нүглийг төдийгүй “өөрийн хүмүүсийн өвчин мөн эмгэг,” “сул байдлуудыг” Өөр дээрээ авсан. Тиймээс Их Эзэний өршөөл, ач ивээл биднийг алдаанаас маань гэтэлгэхээс гадна мөнх бус амьдралд оноогдсон шударга бус, дутмаг, хязгаарлагдмал нөхцөл байдалд ч мөн биднийг дэмждэг.

Ийм нөхөн өгөх адислалуудыг хүлээн авахад тодорхой нөхцөл байдаг. Их Эзэн биднийг “чадах бүхнээ” хийгээсэй, “[өөрсдийн] бүхэл сүнсийг түүнд өргөл болгон өг[өөсэй]” хэмээн хүсдэг. Үүнд гүн гүнзгий хүсэл эрмэлзэл, чин үнэнч, итгэлтэй зүрх сэтгэл болон Түүний зарлигуудыг сахиж, өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэхийн тулд гаргах дээд зэргийн хичээл зүтгэл шаардагдана.

Бидний хянаж үл чадах нөхцөл байдлын улмаас чин сэтгэлээсээ гаргасан хичээл зүтгэл маань бидний бүх хүлээлтэд хүрэхгүй үед Их Эзэн бидний зүрх сэтгэлийн хүслийг зохистой өргөл болгон хүлээн авч болно. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Хэдийгээр зарим гаднын нөхцөл байдал хүсэл эрмэлзлээ үйлдэл болгохыг бидэнд боломжгүй болгодог ч бид зүрх сэтгэлийнхээ зөв шударга хүсэл тэмүүллийн төлөө адислагдах болно” гэж заажээ.

Бошиглогч Иосеф Смит сайн мэдээний чухал ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан ах Алвиныхаа талаар санаа зовж байхдаа, “Үүнээс хойш [сайн мэдээний] мэдлэггүйгээр нас барах тэд бүгд, үүнийг зүрх сэтгэлээрээ хүлээн авах байсан тэд, [Бурханы селестиел хаант улсыг] өвлөгчид байх болно” хэмээх тайтгаруулсан илчлэлтийг хүлээн авсан. Мөн Их Эзэн “Учир нь Их Эзэн бибээр, бүх хүнийг үйлүүдийнх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” хэмээн нэмж хэлжээ.

Их Эзэнд бидний чадах эсэх нь чухал биш, харин Түүнийг Аврагчаа хэмээн дагахын тулд чадах бүхнээ хийх хүсэлтэй байгаа эсэх нь чухал байдаг.

Найз минь нэгэн залуу номлогчийг номлолд үйлчлэх сэн гэж чин сэтгэлээсээ залбирч, зүрх сэтгэлээсээ хүсэж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар номлолоосоо эрт чөлөөлөгдсөндөө харамсан гашуудаж байхад нь тайтгаруулж байж билээ. Тэрээр Их Эзэний Өөрийнх нь хүүхдүүд зарлигуудыг нь биелүүлэхээр “өөрсдийн бүхий л хүчин чадалтайгаар … одож” “хичээл зүтгэлээ үл орхин” явахад нь “дайснууд нь [бидний амьдрал дахь зовлон бэрхшээл үүнд орж болно] … уг ажлыг гүйцэтгэхэд саад учруулах үед, болгоогтун [хүмүүсийн] гараас уг ажлыг цаашид үл шаардан, харин өргөлүүдийг нь хүлээн авах нь миний хүсэл зориг болой” хэмээн тунхагласан судрыг хуваалцжээ.

Найз маань тэр залууд Бурхан түүнийг үйлчлэх дуудлагадаа хамгийн сайнаараа хариулсан гэдгийг мэдэж байгаа хэмээн гэрчилсэн. Их Эзэн түүний өргөлийг хүлээн авсан гэдгийг, бүх итгэлтэй номлогчид амлагдсан адислалууд түүнээс авагдахгүй гэдгийг тэрээр батлан хэлсэн юм.

Их Эзэний нөхөн өгөх адислал зарим тохиолдолд өөрсдийн хийж чадахгүй зүйлийг гүйцэтгэхэд бидэнд тусалдаг бусад хүний сайхан сэтгэл, үйлчлэлээр дамжин ирдэг. Гэрээсээ хол, Францад амьдарч байсан охиндоо хүндрэлтэй амаржсаных нь дараа бид тусалж чадахгүй байсан цаг үеийг би санаж байна. Тухайн долоо хоногт Юта дахь манай тойргийнхон ихэр хүүхдүүдтэй болоод удаагүй байсан нэгэн ээжид туслах хүмүүсийг хайж байлаа. Миний эхнэр Валэри түүнд хоол унд сайн дураараа аваачиж өгөөд, тэрхүү шинэхэн ээж, тусламж хэрэгтэй байсан охин хоёрынхоо төлөө зүрх сэтгэлдээ залбирчээ. Түүний хойш удалгүй, Францад охины маань тойргийн эгч нар гэр бүлийнхэнд нь зориулж хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулсан гэдгийг бид мэдсэн. Бурхан бидний өгч чадаагүй тайтгарлыг аваачиж өгөхөөр тэнгэр элч нараа илгээн залбиралд маань ийн хариулсан юм.

Бид хязгаарлалт, сорилт бэрхшээлтэй тулгарахдаа өөрсдийн адислал болох авьяас билэг, нөөц бололцоо, цаг заваа ухаарч, тэдгээрийг тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд ашигладаг байгаасай. Ийн үйлдэхдээ бид бусдыг адислахаас гадна өөрсдийн амьдралд эдгэрэл, нөхөн өгөх адислалыг урьдаг.

Бурханы нөхөн өгөх адислалд бидний хувь нэмэр оруулж болох нэг хүчирхэг арга зам бол Их Эзэний өргөөнд өвөг дээдсийнхээ төлөө гүйцэтгэдэг олон ажлаар дамжуулан туслах явдал юм. Тэдний өмнөөс ёслолуудыг гүйцэтгэх үедээ бид тэдгээрийг мөнх бус амьдралдаа хүлээн авах боломжгүй байсан хүмүүст адислалуудыг хангаж өгөхөд өөрсдийн авьяас билэг, ур чадварыг ашиглан, Их Эзэний авралын агуу ажилд идэвхтэй оролцдог.

Ариун нандин ариун сүмүүд дэх бидний хайрын үйлчлэл Аврагчийн ач ивээл энэ амьдралаас цааш үргэлжилдэг гэдгийг бидэнд сануулдаг. Энэхүү мөнх бус амьдралдаа хийж чадахгүй зүйлээ гүйцэлдүүлэх шинэ шинэ боломж ирэх дэлхийд бидэнд өгөгдөж болно. Мөнхийн ханиа хараахан олоогүй эгч нарт хандан ерөнхийлөгч Лорэнзо Снөү: “Итгэлтэй амьдраад нас барсан, боломж нь бүрдээгүй байсны улмаас тодорхой зарим зүйлийг хийж чадаагүй ямар ч хожмын үеийн гэгээнтэн юу ч алдахгүй. … Энэ боломж нь байсан ямар ч эрэгтэй, эмэгтэй хүний авах бүх адислал, өргөмжлөл, алдар сууг тэд хүлээн авах болно” хэмээн хайраар хэлжээ.

Найдвар, тайтгарлын энэхүү захиас Бурханы хүүхэд бид бүхэнд зориулагдсан. Бидний хэн нь ч мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, хязгаарлалтаас зугтааж чадахгүй. Эцэст нь хэлэхэд, бид бүгд өөрсдийгөө аврах чадамжгүй байдлыг өвлөн төрсөн. Гэхдээ биднийг хайрладаг Аврагч бидэнд бий бөгөөд “бид [Түүний] ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу.”

Амьдралын нөхцөл байдал бидний хянаж чадах хэр чадлаас давсан байж болох ч бидний хэн нь ч Их Эзэний хязгааргүй адислалаас гадуур байдаггүй гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид бүхэл сүнсээ Аврагчид өргөл болговол Тэрээр Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан чадваргүй байдал, шударга бус тохиолдол бүрийг нөхөж өгөх болно. Есүс Христийн нэрээр, амен.