Ерөнхий чуулган
Зүрх сэтгэлээ бүү хатууруул
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:6

Зүрх сэтгэлээ бүү хатууруул

Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилж, өөрсдийгөө даруусгаж, Их Эзэнд итгэж найдвал бидний зүрх сэтгэл зөөлрөх болно.

Бурхан Эцэг Хайрт Хүүгийнхээ хамт залуу Иосеф Смитэд даруухан залбирлынх нь хариуд үзэгдсэнээр Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт эхэлсэн билээ. Сэргээлтийн нэг хэсэг болгон Иосеф Смит эртний цэдгийг Бурханы бэлэг болон хүчээр орчуулсан. Тэрхүү цэдэгт “Америк тивийн эртний оршин суугчидтай харилцсан Бурханы үйл хэргийг болон үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг багтаасан байдаг”.

Би бага байхдаа Мормоны Номыг уншаад яагаад Лемен, Лемүел хоёр өөрсдийн хүлээн авсан үнэнд, бүр Их Эзэний тэнгэр элч үзэгдэн, тэдэнд шууд хандан ярьж байхад хүртэл итгээгүйд гайхдаг байлаа. Яагаад Лемен, Лемүел хоёр илүү даруу байж мөн өөрсдийн эцэг Лихайн, түүнчлэн дүү Нифайн заасан зүйлсийн дагуу дуулгавартай байж чадаагүй юм бол оо?

1 Нифай дээр Нифай “тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас гашуудсан” нь надад энэ асуултын нэг хариулт болсон юм. Нифай ах нараасаа “та нар яахан зүрх сэтгэлээрээ ийм хатуу, мөн оюун ухаан тань ийм харалган байна вэ?” гэж асуусан.

Зүрх сэтгэлээ хатууруулах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Мормоны Номд гардаг “хатууруулах” гэдэг үгийг солонгосоор 완악 (Ван-Аак: 頑惡) гэдэг. Энэ үгийг “Ван” (頑) буюу “зөрүүд” мөн “Аак” (惡) буюу ёс бус гэсэн утгатай хятад ханзаар бичдэг. Зүрх сэтгэлээ хатууруулах үедээ бид харалган болж, зүрх сэтгэл, оюун бодол маань сайн сайхан зүйлсийг хүлээн авч чаддаггүй. Бид зөрүүдэлж, дэлхийн хүсэл тачаалд илүү анхаарч эхлэн Бурханыг дагах хүсэлгүй болдог. Бид өөрсдийн бодлыг нэн түрүүнд тавьж, бусдын үзэл бодол, зөвлөмжийг үл ойшоохыг сонгодог. Бид Бурханыг дагах хүсэлгүй болж, оронд нь дэлхийн мөн дайсны нөлөөнд автахыг сонгодог. Зүрх сэтгэлээ хатууруулах үедээ бид Ариун Сүнсний нөлөөг эсэргүүцдэг. Бид “Их Эзэн[ийг] санахдаа удаан” болж мөн цаг хугацааны явцад Түүний үгийг “мэдрэхээс өнгөр[дөг]”.

Алма Аммонайхад байсан хүмүүст зарим хүн “зүрх сэтгэл нь хатуугийн … учир Бурханы Сүнсийг эсэргүүцдэг” гэж заасан. Мөн тэр “зүрх сэтгэлээ хатууруулах тэдэнд түүний нууцуудын талаар юу ч мэдэхгүй болох хүртэл нь үгийн бага хэсэг л өгөгддөг” хэмээн заасан байдаг. Эцэст нь Лемен, Лемүел хоёрт тохиолдсоны адил зүрх сэтгэлээ хатууруулах тэднээс Сүнс холдож, Их Эзэн “үг[ээ] тэднээс татан авна.” Учир нь Лемен, Лемүел хоёр зүрх сэтгэлээ хатууруулж, Ариун Сүнсний мэдрэмжийг эсэргүүцсэн хэвээр байсан бөгөөд эцгийнхээ мөн Нифайн заасан зүйлсийг, мөн үгийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдэж, Бурханы мөнхийн үнэнийг бүрмөсөн үгүйсгэсэн юм.

Лемен, Лемүел хоёртой харьцуулахад Нифай өөрийгөө даруусган, Их Эзэний Сүнснээс удирдамж эрэлхийлсээр байсан. Хариуд нь Их Эзэн Нифайн зүрх сэтгэлийг зөөллөсөн юм. “[Би] Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийнхээ ярьсан бүх үгэнд итгэсэн авай” хэмээн Нифай хуваалцсан байдаг. Их Эзэн Нифайд Өөрийнх нь бүх нууц хийгээд үгийг хүлээн авч, ойлгож, итгэхэд нь тусалсан юм. Нифай Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжтой байсан.

Бид зүрх сэтгэлээ хатууруулахгүйн тулд юу хийж чадах вэ?

Нэгдүгээрт, бид өдөр бүр наманчилж чадна.

“Наманчилж мөн бяцхан хүүхэд мэтээр надад ирэх хэнийг боловч, би түүнийг хүлээн авах болно” хэмээн Аврагч маань заасан. Бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Наманчлал бол өсөлт хөгжлийн түлхүүр юм. Цэвэр итгэл нь биднийг гэрээний замаар урагшлахад хөтөлдөг.

“Наманчлахаас бүү ай, бүү хойшлуул. Сатан та нарыг зовж зүдрэхэд баярладаг. … Эгэл хүнээ орхисноор ирдэг баяр хөөрийг мэдрэхийн тулд өнөөдрөөс эхэл. Аврагч биднийг үргэлж хайрладаг, ялангуяа биднийг наманчлахад хайрладаг.”

Зүрх сэтгэлээ зөөлрүүлж, Их Эзэнд очихын баяр баясгаланг мэдрэх үедээ бид “хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэний түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн” болдог.

Хоёрдугаарт, бид даруу байж чадна.

Өдөр бүрийн наманчлал бидний зүрх сэтгэлийг даруусгадаг. Бяцхан хүүхэд эцэгтээ дуулгавартай байдаг шиг бид Их Эзэний өмнө даруусахыг хүсдэг. Тэгвэл бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах бөгөөд зүрх сэтгэл маань зөөлрөх болно.

Миний эхнэр Сиү бид хоёр нэгэн гайхалтай хостой танилцаад дөрвөн жил болж байна. Анх биднийг тэдэнтэй уулзах үед нөхөр нь Сүмийн шинэ гишүүн, харин эхнэр нь сайн мэдээг суралцахаар номлогчидтой уулзаж байлаа. Христэд ирэхэд нь туслахаар олон номлогч эхнэртэй нь уулзсан. Тэр сайн мэдээний талаар хүчтэй гэрчлэлтэй бөгөөд Сүм үнэн болохыг мэддэг байсныг бид мэдэрч байлаа. Бидний айлчлалын үеэр тэр Сүнсийг тогтмол мэдэрч, бүх уулзалт, цуглаанд идэвхтэй оролцдог байв. Тэрээр тойргийнхоо гайхалтай гишүүдтэй хамт байхдаа дуртай байлаа. Гэсэн хэдий ч тэр баптисм хүртэхдээ итгэлтэй биш байв. Нэг өдөр тэр Моронай 7:43–44 дээрээс,

“Мөн тэрчлэн, болгоогтун тэр хүлцэнгүй даруу, мөн зүрх сэтгэлдээ номхон байхгүй аваас, түүнд итгэл хийгээд найдвар байх аргагүйг би та нарт хэлнэ.

Хэрэв тийм аваас, түүний итгэл болон найдвар нь үр дүнгүй, учир нь хүлцэнгүй мөн зүрх сэтгэлдээ даруу байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхгүй” гэсэн шүлгийг уншсан аж.

Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа тэр хийх хэрэгтэй зүйлээ ойлгосон байв. Хүлцэнгүй, зүрх сэтгэлдээ даруу байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгосон гэж тэр бодсон. Гэвч тэр Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах итгэл, найдварын талаар хангалттай ойлгоогүй байв. Тэр зөрүүд зангаасаа салж, өөрийн бодлыг дагахаа болих хэрэгтэй байлаа. Тэр чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан даруусаж, даруу байдлыг Бурханы харах өнцгөөр ойлгож эхэлсэн. Тэр Тэнгэрлэг Эцэгт найдаж, зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийн тулд залбирч байлаа. Залбирлуудаараа дамжуулан тэр Тэнгэрлэг Эцэг түүнээс баптисм хүртэхийг хүсэж байгааг Ариун Сүнсний гэрчлэлээр мэдэж авсан.

Эхнэр, нөхөр хоёр хоёулаа даруу болох тусмаа Бурханы үгийг илүү сайн ойлгож, Их Эзэн Есүс Христийн сургаалыг дагахад зүрх сэтгэл нь зөөлөрснийг хуваалцаж билээ.

Гуравдугаарт, бид Аврагчдаа итгэн найдаж чадна.

Нифай бол Их Эзэнд итгэх итгэлээр дамжуулан зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийн гайхалтай жишээ байсан. Тэрээр “би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно. Би найдлагаа маханбодын гарт тавих нь үгүй” гэж заасан. Үүний адил, Иосеф Смитэд өгсөн нэг илчлэлдээ Их Эзэн “сайныг үйлдэхэд—тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад … хөтөлдөг тэр Сүнсэнд найдвараа тавигтун” хэмээн айлдсан. Биднийг Их Эзэнд итгэж, Түүнд найдвараа тавих үед Тэр бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлэх бөгөөд бид өөрсдийн зүдгүүр, бэрхшээлүүд мөн зовлонгуудад Түүний дэмжлэгийг авах болно.

Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилж, өөрсдийгөө даруусгаж, Их Эзэнд итгэж найдвал бидний зүрх сэтгэл зөөлрөх болно. Тэгснээр Тэр бидний дээр Сүнсээ юүлж, тэнгэрийн нууцуудыг харуулах болно. Бид Түүний заасан үг бүрд итгэж, бидний ойлголт гүнзгийрнэ.

Бидний Аврагч Есүс Христ бол номхон дөлгөөн байдлын тод томруун үлгэр жишээ юм. 2 Нифай 31:7 дээрээс бид “Хэдий тэрээр ариун боловч Эцэгийн өмнө өөрийгөө маханбодын дагуу даруусгахаа хүмүүсийн үрсэд үзүүлж, мөн тэрээр түүний зарлигуудыг сахихдаа түүнд дуулгавартай байх болно гэдгээ Эцэгт гэрчилдэг бөлгөө” гэж уншдаг. Тэр ариун хийгээд төгс байсан хэдий ч Эцэгийнхээ өмнө Өөрийгөө даруусгаж, Эцэгтээ дуулгавартай байж баптисм хүртсэн.

Мөнх бус амьдралынхаа төгсгөлд Есүс Христ Эцэгийнхээ хүслийн дагуу үйлдэж, гашуун аяганаас уусан юм. Энэхүү зовлон шаналал нь Түүнийг “сүв бүрээс [нь] цус шүүрэх, мөн бие болон сүнс аль алинаар нь зовоход хүргэсэн.” Аврагч “тэрхүү гашуун аяганаас уухгүй байхыг” хүссэн. Гэсэн хэдий ч Тэр “алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан” хэмээн айлдсан юм.

Ах эгч нар аа, бидэнд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн билээ. Бид зүрх сэтгэлээ хатууруулахыг эсвэл зөөлрүүлэхийг сонгож чадна. Өдөр тутмын амьдралдаа бид Их Эзэний Сүнсийг урин авчирч, зүрх сэтгэлдээ байлгахад хөтөлдөг зүйлсийг хийх сонголтыг хийж чадна. Энэ сонголттой хамт амар амгалан, баяр баясгалан ирдгийг би мэднэ.

Эцэгийн хүслийг дагасан бидний Аврагч, Есүс Христийн үлгэр жишээг дагацгаая. Бид ийн үйлдэхэд Их Эзэн “Учир нь, болгоогтун, хэрэв тэд зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би тэднийг цуглуулах болно” хэмээн бидэнд амласан. Есүс Христийн нэрээр, амен.