Ерөнхий чуулган
Бурханы хайр
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


10:34

Бурханы хайр

Би Аврагч Есүс Христ бол Бурханы хайр гэдгийг баяртайгаар гэрчилж байна. Түүний биднийг хайрлах хайр төгс төгөлдөр, хувийн шинжтэй, мөн үүрд мөнх.

Нэг зун манай гэр бүл хөдөө хээр газар аялж яваад үүлгүй тэнгэрийн доор гадаа хонохоор болсон юм. Бидний дээр тоолшгүй олон одоор дүүрэн Тэнгэрийн заадас тодхон харагдаж, хааяа нэг од харваж байгаа нь үзэгдэв. Бид Бурханы бүтээлийн сүр жавхланг шагшин гайхахдаа Түүнтэй холбоотой гэдгээ мэдэрч байлаа. Хонг Конгод өссөн балчир хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч ийм зүйл үзээгүй байлаа. Бид ийм тэнгэрийн доор амьдардаг байсан юм уу гэж тэд гэнэн сэтгэлээр асууж билээ. Би тэдэнд энэ нь яг адилхан тэнгэр боловч амьдардаг газар маань агаар, гэрлийн бохирдолтой учраас бидэнд харагддаггүй байсан гэдгийг тайлбарлах гэж хичээв.

Судрууд бидэнд “итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” гэж заадаг. Чиглэлээс маань хазайлгадаг сатааруулсан зүйлс хийгээд дэлхийн уруу таталтууд бидний сүнслэг харааг булингартуулдаг хэдий ч бид Бурханд болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх үедээ Тэднийг бодитой гэдгийг мөн Тэд бидэнд санаа тавьдаг гэсэн тод томруун баталгааг хүлээн авдаг.

Мормоны Номд бошиглогч Лихай “бүхнээс дээгүүр тэргүүн амтат”, “хүмүүнийг жаргалтай болгох хүсэл татам жимстэй модыг” харсан. Жимсийг хүртэх үед түүний бодгаль үлэмж баяраар дүүрч, гэр бүлийнхэндээ ч мөн үүнээс амсуулахыг хүссэн. Бид уг мод “Бурханы хайр”-ыг төлөөлдөг гэдгийг сурч мэддэг ба бид ч мөн Бурханыг амьдралдаа урих үедээ Лихай шиг баяр хөөрөөр дүүрэн гэрчийг хүлээн авч чадна.

Есүс Христ бол Бурханы биднийг гэх хайрын илрэл юм. Тэр цагаатгагч золиосоороо бидний нүглийг Өөртөө авч, хилэнцийн маань улмаас бяцарчээ. Тэр Өөрийн биеэр бидний гашуудлыг тээж, шаналлыг үүрч, мөн өвчин эмгэгийг маань Өөр дээрээ авсан. Тэр биднийг тайтгаруулахаар Ариун Сүнсийг илгээдэг ба Сүнсний үр жимсэнд баяр баясгалан, амар тайван, итгэл ордог. Эдгээр нь биднийг найдвар болон хайраар дүүргэдэг.

Бурханы хайр бүгдэд хүртээмжтэй хэдий ч олон хүн үүнийг хичээнгүйлэн эрж хайдаг байхад зарим нь Бурханы хайрыг мэдрэхийг хүсэвч өөрсдийгөө хүртэх зохистой гэдэгт итгэдэггүй. Харин зарим нь үүнийг үргэлжлүүлэн мэдрэхийг үнэнхүү хичээсээр байдаг. Судрууд болон Их Эзэний бошиглогч бидэнд бид ахин дахин наманчилж, даруй уучилж, Есүс Христийн зарлигуудыг сахиж, бусдад харамгүй үйлчилбэл Түүний ач ивээлээр дамжуулан Бурханы хайрыг ямагт мэдрэх боломжтой гэж заадаг. Бид залбирах, судар судлахаар дамжуулан Түүнтэй өдөр бүр харилцах зэрэг Түүнд ойртуулдаг зүйлсийг хийх үедээ мөн бардамнах, зөрчилдөх, тэрслэх зэрэг Түүнээс холдуулах зүйлсийг хийхээ боливол Бурханы хайрыг мэдэрдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “Аврагчийн тусламжтайгаар өөрсдийн амьдрал дахь тээглэх чулууг авч хаяхыг” мөн “өшөө хорслоо ардаа орхихыг” уриалсан. Тэр биднийг амьдралаа Аврагч дээр болон Түүний ариун сүмийн ёслол, гэрээнүүдэд төвлөрүүлснээр сүнслэг сууриа бэхжүүлэхийг урамшуулсан. Тэрээр “Бид ариун сүмийн гэрээгээ сахиснаар Их Эзэний хүчирхэгжүүлэгч хүчийг илүү их хүлээн авдаг. … Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийнхээ цэвэр хайрыг үлэмж ихээр хүртэнэ!” гэж амласан.

Миний нэг найз гайхалтай сайхан гэр бүл, ирээдүйтэй ажлаар адислагдсан нэгэн байсан юм. Түүнийг өвчнөөс болоод ажил хийж чадахаа больж, дараа нь эхнэрээсээ салах үед энэ бүхэн өөрчлөгдсөн. Үүнээс хойших он жилүүд хэцүү байсан ч хүүхдүүдээ хайрлах хайр, Бурхантай байгуулсан гэрээнүүд нь түүнийг тэтгэн дэмжиж байсан юм. Нэг өдөр тэрээр хуучин эхнэр нь хүнтэй гэрлэж, өөрөөс нь ариун сүмийн холболтоо цуцлуулах хүсэлт гаргасныг мэджээ. Түүний сэтгэл зовж мөн эргэлзэж байлаа. Тэр Их Эзэний өргөөнд амар амгалан, ойлголт ухаарлыг эрэлхийлсэн ажээ. Ариун сүмд очсоных нь маргааш би түүнээс дараах зурвасыг авсан юм.

“Өнгөрсөн шөнө ариун сүмд надад гайхалтай зүйл тохиолоо. Би бага зэрэг дургүйцсэн хэвээр байсныгаа ойлгомжтой гэж бодож байна. Би өөрчлөгдөх ёстой гэдгээ мэдэж байсан, бас ингэхийн тулд долоо хоногийн турш залбирсан. … Би өнгөрсөн шөнө ариун сүмд Сүнс тэрхүү үзэн ядалтыг миний зүрх сэтгэлээс зайлуулахыг үнэхээр мэдэрсэн. Би үүнээс ангижирч, үнэхээр тайтгарлаа. … Намайг аймшигтайгаар дарж байсан биет ачаа дарамт авагдлаа” гэжээ.

Найз минь сорилт бэрхшээлтэй тулгарсан хэвээр байгаа ч Их Эзэний өргөөнд Бурханы хайрын чөлөөлөх хүч түүнд Бурханд ойртож, амьдралыг илүү өөдрөгөөр харж, ирээдүйнхээ талаар арай бага санаа зовоход тусалсан явдлыг нандигнадаг.

Бид Бурханы хайрыг мэдрэх үедээ ачаагаа амархан дааж, тэвчээртэй мөн баяртайгаар Их Эзэний таалалд захирагддаг. Бид Бурхан бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж, зүдгүүрт үед маань бидэн дээр зочилж, биднийг боолчлолоос чөлөөлөх болно гэдэгт итгэлтэй байдаг. Түүнчлэн бид мэдэрсэн баяр баяслаа гэр бүлийнхэн, дотнын хүмүүстэйгээ хуваалцахыг хүсэх болно. Лихайн гэр бүлийнхний хувьд хүн бүр тэрхүү жимснээс хүртэх эсэхээ сонгох эрхтэй байсан бол бидэнд хайртай хүмүүстээ Бурханы хайрыг мэдрүүлэхээр хайрлаж, хуваалцан, урих боломж бий.

Бид бусдад Бурханы хайрыг мэдрэхэд нь туслахын тулд даруу байдал, энэрэл, өрөвдөх сэтгэл, тэвчээр зэрэг Христийнхтэй адил зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлж, Бурханаа хайрла мөн хөршөө хайрла гэсэн агуу хоёр тушаалыг сахих замаар бусдад Аврагч руу хандахад туслах хэрэгтэй.

Манай нэг хүү өсвөр насандаа үеийнхэнтэйгээ нийлэх тал дээр мөн өөрийгөө үнэлэх тал дээр бэрхшээлтэй тулгарч байсан юм. Эхнэр бид хоёр түүнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд залбирч, Их Эзэний биднээр хийлгэх юуг ч хийхэд бэлэн байлаа. Нэг өдөр надад ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөсөө тусламж хэрэгтэй хэн нэгнийг мэдэх эсэхийг нь асуугаад, хүүтэйгээ хамт айлчилж очих санаа төрсөн юм. Тэр бодож байгаад эрүүл мэндийн ноцтой асуудалтай нэгэн эмэгтэй дээр айлчилж, салбарын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр долоо хоног бүр түүнд ариун ёслол аваачиж өгөхийг биднээс хүслээ. Би баярлаж байсан ч долоо хоног бүрийн энэхүү үүрэг даалгавар хүүд маань ямар санагдах бол гэдэгт санаа зовж байлаа.

Анхны айлчлалын үеэр тэр эмэгтэйн байнгын өвдөж зовуурилж байгааг хараад бидний сэтгэл шаналж байв. Тэр ариун ёслолд талархаж, бид түүнтэй болон нөхөртэй нь уулзсандаа баяртай байв. Цөөн хэдэн айлчлалын дараа би өөр тийшээ явсан байсан тул хүүтэйгээ явж чадахааргүй болов. Гэсэн ч би түүнд үүрэг даалгавраа сануулсан юм. Би гэртээ ирээд айлчлал ямар болсныг асуухаар тэсэж ядав. Хүү маань ангийнхан нь ийм догь зүйл хийдэггүй л байхдаа гэж бодсон хэмээн хариулаад, мөн тэр дүүгээ туслуулахаар дагуулж явсан тухайгаа, мөн ариун ёслол амжилттай болж өнгөрсөн ч тэрхүү долоо хоногт өнөөх эгч найзуудаа гэртээ урьж, кино үзэх гэсэн боловч видео тоглуулагч нь ажиллахгүй байсанд гунигтай байсан талаар ярив. Хүү маань онлайнаар хайн, асуудлыг нь олж тогтоон, тэр даруй түүнд тоглуулагчийг нь засаж өгчээ. Тэр эгчийг баярлуулах зүйл хийсэндээ тэрээр тус дэмтэй, жаргалтай, итгэл хүлээсэн мэдрэмж төрсөн байна. Тэр өөрийг нь гэх Бурханы хайрыг мэдэрсэн юм.

Хэрэв та хамгийн сайнаараа хичээсэн ч гэсэн амьдрал бүрхэг санагдаж, залбирлыг тань сонсохгүй байгаа мэт санагдаж эсвээс Бурханы хайрыг мэдэрч чадахгүй байгаа бол таны хичээл зүтгэл бүхэн чухал бөгөөд яг л бидний дээрх одод шиг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гарцаагүй таныг мэддэг, таныг сонсож, хайрладаг гэдгийг санаарай.

Нэгэн удаа шавь нарынх нь суусан завь “давалгаанд түрэгдэж байлаа”. Аврагч тэдний зүг усан дээгүүр алхан “Зоригтой бай. Би байна. Бүү ай” гэж тэднийг тайвшруулжээ. Петр Аврагч руу усан дээгүүр алхан очихыг хүсэхэд Есүс “Ир” хэмээн түүнийг дуудав. Тэгтэл Петрийн анхаарал сарнин, живж эхлэхэд Аврагч даруй гараа сунган түүнийг зуурч “Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд эргэлзэв?” гэсэн.

Бидний амьдралд салхи бидний эсрэг салхилахад бид баяртай, мөн зоригтой байхад бэлэн үү? Аврагч биднийг орхихгүй гэдгийг, мөн магадгүй Тэр бидний хараахан ойлгохгүй байгаа арга замаар бидний дэргэд байгаа гэдгийг бид хэрхэн санах вэ? Тэр дундаа бидний өмнөх зам харгуй боломжгүй мэт санагдах үед Түүнд итгэлтэйгээр очиход бид бэлэн байна уу? Мөн биднийг бүдрэх үед Тэр ямар арга замаар биднийг өргөж аюулгүй газар аваачдаг вэ? Бид хэрхэн эргэлзэж, айхгүйгээр бодол болгондоо итгэлтэйгээр Түүнд хандах вэ?

Хэрэв та амьдралдаа Бурханы хайрыг илүү ихээр мэдрэхийг хүсвэл дараах зүйлсийг хийж үзэхийг урьж байна.

  • Нэгт, үе үе түр азнаж, Бурханы хүүхэд гэдгээ санан, талархдаг зүйлсээ бодоорой.

  • Хоёрт, өдөр бүр залбирч, Тэнгэрлэг Эцэгээс эргэн тойрны тань хэнд Түүний хайр хэрэгтэй байгааг олж мэдэхэд туслахыг хүс.

  • Гуравт, уг хүнд Бурханы хайрыг мэдрүүлэхийн тулд юу хийж чадахаа чин сэтгэлээсээ асуу.

  • Дөрөвт, хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу даруйхан үйлд.

Хэрэв бид бусдын төлөө байнга залбирч, асуувал Бурхан бидэнд тусалж чадах хүмүүсийг маань харуулах болно. Мөн хэрэв бид даруйхан үйлдэл хийвэл тэдний залбирлын хариуг дамжуулах арга зам нь болж чадна. Ингэж чадвал бид өөрсдийн залбирлын хариултыг авч, өөрсдийн амьдралд Бурханы хайрыг мэдрэх болно.

Онгоцны цонхоор харагдах үзэмж

Хэдэн сарын өмнө эхнэр бид хоёр Вьетнам явахаар хүчтэй шуурганаар ниссэн юм. Агаарын чичирхийлэл маш их байсан ба бид цонхоороо хар бараан үүлс, аадар бороо, аянга цахилгаан харж байв. Савлагаа дунд удаан хугацаанд хөөрсний эцэст манай онгоц шуургатай үүлний дээр гарч, энэхүү алдар суут дүр зураглалд оров. Энэ явдал бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг маань дахин сануулж, Тэдний биднийг гэх агуу хайрыг мэдрүүлсэн юм.

Хүндэт найз нөхөд минь, би Бурханы хайрыг мэдэрснийхээ хувьд Аврагч Есүс Христ бол Бурханы хайр гэдгийг баяртайгаар гэрчилж байна. Түүний биднийг хайрлах хайр төгс төгөлдөр, хувийн шинжтэй, мөн үүрд мөнх. Бид Түүнийг итгэлтэйгээр дагахынхаа хэрээр Түүний хайраар дүүргэгдэж, бусдыг Түүний хайр луу хөтлөх гэрэлт цамхаг байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.