Ерөнхий чуулган
Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


14:49

Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх

Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх нь жинхэнэ талархлыг төрүүлж, үнэн аз жаргалыг түгээж, оюун ухааныг маань илчлэл рүү хөтөлж, амьдралд маань илүү их баяр баясгаланг авчирдаг.

Гэтлэл номыг уншихдаа бид, өдөр тутмын үүрэгт ажлаа хойш тавин, гал дүрэлзсэн ч шатахгүй байгаа бутыг үзэхээр Хореб уулын бэл рүү явж буй Мосегийн хамт явдаг. Ойртон очиход нь “бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв. [Бурхан] түүнд “… Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл” хэмээв. Гүнээ бишрэн хүндэлж, даруу байж, мэдэх хүсэл тээн Мосе шаахайгаа тайлж, Их Эзэний үгийг сонсон, ариун оршихуйг мэдрэхэд өөрийгөө бэлтгэжээ.

Уулан дээр Бурхантай уулзсан ариун нандин үйл явдал, бишрэл төрүүлэм хүндэтгэлээр дүүрэн тэрхүү туршлага нь Мосег тэнгэрлэг мөн чанартай нь холбосон бөгөөд энэ нь үнэндээ түүнийг энгийн хоньчноос хүчит бошиглогч болох өөрчлөлтийн гол түлхүүр байсан ба амьдралаа шинээр эхлүүлэхэд хүргэсэн юм. Үүний адил, бидний хүн нэг бүр бишрэн хүндэтгэх чанарыг сүнслэг зан чанарынхаа ариун нандин хэсэг болгосноор шавь байх замналаа сүнслэг байдлын хувьд илүү дээд түвшинд авчран өөрчилж чадах юм.

Бишрэл хүндэтгэл гэдэг үг нь “гайхширан бахдах” гэсэн утгатай revereri хэмээх латин үгээс гаралтай. Сайн мэдээний талаас нь авч үзвэл энэ тодорхойлолт нь гүн хүндэтгэл, хайр, талархал зэрэг хандлага, мэдрэмж зэргийг илэрхийлдэг. Бурхан болон Есүс Христэд бүхнээ зориулдаг, гэмшсэн зүрхтэй хүмүүс ариун зүйлсэд хандах хандлагаа ийн илэрхийлэх нь тэдний зүрх сэтгэлд баяр баясгаланг нэмэгдүүлдэг.

Ариун зүйлсийг бишрэн хүндлэх нь сүнслэг байдлын нэн чухал зан чанарын хамгийн дээд илрэл юм. Энэ нь ариун байдалтай холбогдох харилцааны маань үр дүн бөгөөд Тэнгэрлэг Эцэгээ болон бидний Аврагч Есүс Христийг хайрлах хайрыг мөн Тэдэнтэй ойр байгааг маань харуулдаг. Энэ нь түүнчлэн бодгалийн хувьд мэдэрч болох хамгийн өндөр дээд мэдрэмжүүдийн нэг юм. Ийм чанар нь бидний бодол санаа, зүрх сэтгэл, амь амьдралыг Бурхан руу чиглүүлдэг. Үнэндээ бишрэл хүндэтгэл нь сүнслэг байдлын зүгээр ч нэг хэсэг биш харин бурханлаг зүйлстэй хувийн холбоог үүсгэн, сүнслэг байдлыг хөгжүүлэх суурь буюу амин чухал хэсэг нь юм. Үүний тухай хүүхдүүд маань “Бишрэл хүндэтгэлээ харуулахад, Есүс Бурхан хоёр ойр гэдгийг мэддэг” хэмээн дуулж заадаг.

Есүс Христийн шавь нарын хувьд биднийг Бурхан болон Түүний Хүү Есүс Христтэй илүү гүн гүнзгий харилцаатай болохын зэрэгцээ сүнслэг зан чанараа бэхжүүлэх үүд хаалгыг нээхийн тулд бишрэл хүндэтгэлтэй байх бэлгийг амьдралдаа төлөвшүүлэхэд урьдаг. Бид зүрх сэтгэлдээ ийм мэдрэмжийг илүү ихээр агуулах юм бол амьдралдаа илүү их баяр баясгаланг мэдэрч, уй гашуу, уйтгар гуниг байх орон зай бага байх нь гарцаагүй. Ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэл үзүүлэх нь өдөр тутам хийдэг зүйлсийг маань утга учиртай болгож, талархах сэтгэлийг маань улам нэмэгдүүлж, бишрэл, хүндлэлтэй, мөн илүү дээд, илүү нандин зүйлсийг хайрлах сэтгэлтэй болохыг сүнслэгээр өдөөдөг.

Харамсалтай нь бид ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэл үзүүлэх нь ховордож байгаа дэлхийд амьдарч байна. Үнэндээ дэлхийнхэн бишрэл хүндлэл үзүүлэх хэрэггүй зүйлийг магтан дуулдаг. Энэ нь аль ч ном сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, интернэтээс илт харагддаг. Ариун нандин зүйлсийг хүндэтгэн дээдлэхгүй байх нь хандлагыг хөнгөн хуумгай, үйлдлийг хайхрамжгүй болгож, улмаар бүхэл бүтэн нэг үе маш хурдан юуг ч тоомсорлохоо больж, үр хойчоо зовлон бэрхшээл рүү түлхдэг.

Бишрэл хүндлэлгүй байх нь биднийг мөн Бурхантай байгуулсан гэрээний харилцаанаас холдуулж, Бурханы өмнө хүлээх хариуцлага хүлээдэг гэдгээ умартахад хүргэж болзошгүй. Үр дүнд нь бид зөвхөн өөрийн тав тухыг л эрхэмлэж, цадаж ханашгүй хүсэл тачаалаа хангах талаар бодох болж, эцэст нь ариун нандин зүйлийг, бүр Бурханыг мөн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд хэмээх бурханлаг мөн чанараа үзэн ядаж, ариун бус байдалд орсон байх болно. Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэхгүй байх нь өнөө үед сүнслэг байдлын хувьд тэсэж гарахад бидэнд зайлшгүй хэрэгтэй илчлэлийн эмзэг сувгуудыг маань нураан эвдлэх дайсны зорилгод тусалдаг.

Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэхийн утга учир, ач холбогдлын талаар судруудаар дүүрэн тодорхой бичсэн байдаг. Сургаал ба Гэрээнүүд номд гардаг нэгэн жишээ нь Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг бишрэн хүндлэх нь селестиел хаант улсад орох хүмүүст байдаг нэн чухал чанар болохыг харуулсан.

Сүмийн хувьд бид Эцэг ба Хүүг бүхий л талаар, мөн Тэдний дүр төрхийг харуулахдаа хамгийн ихээр нандигнан дээдэлж, хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Эцэг ба Хүүгийн ариун мөн чанар, зан чанар, бурханлаг шинжүүдийг эдгээр дүрслэлд хэрхэн зөв тусгахыг тодорхойлоход Ариун Сүнсний удирдамж заавар нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид зураг зурахдаа, үүнд хиймэл оюун ухаан (AI) зэрэг технологийн дэвшилтэт хэрэгслийг ашиглан контент бүтээх, дүрс зураг гаргах зэрэгтээ маш болгоомжтой хандаж, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Тэдний сургаалд төвлөрөх үндсэн зорилгоос маань хазайлгах аливаа элементийг оруулахаас зайлсхийдэг.

Энэ зарчим нь Сүмийн албан ёсны харилцаа холбооны сувгуудаар дамжин гарч буй аливаа мэдээллийн эх сурвалжид мөн адил хамаатай. Бид Есүс Христийн сайн мэдээний ариун нандин чанар, эрхэмлэх зүйлсийг болон жишгийг хадгалсан байхад анхааран бүх хичээл, ном, гарын авлага, захиасыг Ариун Сүнсний удирдамж доор чанд нямбай боловсруулан, батлан гаргадаг. Ахлагч Бэднар саяхан Сүмийн залуучуудад хандан үг хэлэхдээ: “Сүнслэг байдал болон технологийн амаргүй зохицлыг тэнцвэртэй байлгахын тулд Хожмын үеийн гэгээнтнүүд (1) хиймэл оюун ухааныг ашиглахад удирдамж болох сайн мэдээний зарчмуудыг даруухнаар, залбиралтайгаар танин мэдэж, (2) Ариун Сүнсний нөхөрлөл болон илчлэлийн бэлгийг хүлээн авахын төлөө чин сэтгэлээсээ хичээх хэрэгтэй” хэмээн заасан.

Хайрт ах, эгч нар аа, орчин үеийн технологи ихэд хөгжсөн ч, Ариун Сүнсний нөлөөнөөс төрөн гардаг хүндэтгэлд байх бишрэл, гайхширал гэх бодит мэдрэмжийг төрүүлж чадахгүй. Христийн дагалдагчдын хувьд, бид AI-аар бүтээсэн контент, дүрс зураг зэргийг зохисгүйгээр хэрэглэснээр Бурхантай болон Түүний Хүүтэй холбогдох холбоогоо сулруулахгүй байхад анхаарах ёстой. Орчин үеийн технологийн “маханбодын гар” дээр тулгуурлах нь зөвхөн Ариун Сүнсний хүчээр хүлээн авах боломжтой сүнслэг өдөөлт, гэгээрэл, гэрчийг орлуулахад зохисгүй бөгөөд хүндэтгэлгүй зүйл болохыг бид санавал зохино. Нифайн хэлснээр: “Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно. Би найдлагаа маханбодын гарт тавих нь үгүй.”

Өөр нэгэн илчлэлд бошиглогч Иосеф Смит Их Эзэнд зориулан босгосон ариун сүмүүд нь Түүнийг бишрэн хүндэтгэх газар байх ёстой хэмээн заасан. Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тохинууллынхаа туршид ариун нандин ариун сүмд хүндэтгэлтэйгээр шүтэн бишрэхийг онцолсоор ирсэн. Их Эзэний өргөөнд бид Эцэг, Хүүгийн ариун оршихуйд орох талаар заалгадаг. Бид ариун сүмд орж, ариун нандин ёслолд оролцохоор бэлдэхдээ хийдэг эхний үйлдлүүдийн маань нэг болох гутлаа тайлж, цагаан хувцас өмсдөгийг би үргэлж сургамжтай, бүр сүнслэгээр өдөөдөг зүйл гэж боддог. Мосе шиг, хэрэв бид зорилгоо ухааран хийвэл, энэ дэлхийн гутлаа тайлах нь ариун газарт хөл тавих, илүү дээд, илүү ариун арга замаар хувирч өөрчлөгдөхийн эхлэл гэдгийг ойлгож чадна.

Ах эгч нар аа, бид ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх талаар сурч мэдэн, шавийн замнал, сүнслэг байдал мөн үнэнч байдлаа илүү гүн гүнзгий болгож өөрчлөхийн тулд Мосегийн адил уулын орой өөд авирах хэрэггүй. Жишээлбэл: Бид гэр орон дахь уур амьсгалаа дэлхийн нөлөөллөөс хамгаалахыг хичээхдээ энэ талаар олж мэдэж болно. Мөн Тэнгэрлэг Эцэгтээ хандан Есүс Христийн нэрээр чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн залбирахдаа, судар, бошиглогчдын сургаалаас Бурханы үгийг хичээнгүйлэн судлахдаа Аврагчаа илүү сайн мэдэхийг эрэлхийлснээр бид үүнд хүрч чадна. Үүнээс гадна, биднийг Их Эзэний зарлигуудад дуулгавартай амьдрах замаар Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ хүндэтгэхийг хичээх үед ийм сүнслэг өөрчлөлт гардаг. Эдгээр хичээл зүтгэл нь бидний зүрх сэтгэлд намуун тайван бас баттай амар амгаланг авчирч чадна. Ийм үйлдлүүдэд төвлөрөх нь яг л уулан дээр Мосед тохиолдсонтой адил, гэр орныг маань сүнслэг байдлын аюулгүй орчин бүхий хүндэтгэлтэй ариун газар, Сүнс оршдог таны итгэлийн ариун дуган болгон хувиргахад туслах нь гарцаагүй..

Бид бас Сүмийн сүсэг бишрэлийн цуглаанд итгэлтэй оролцож, ариун нандин дууллыг чин сэтгэлээсээ дуулан Их Эзэн рүү зүрх сэтгэлээ хандуулахдаа ийм сүнслэг өөрчлөлтийг мэдрэх боломжтой. Мосегийн адилаар дэлхийн анхаарал сарниулах, ялангуяа гар утас эсвэл энэхүү ариун нандин цаг мөчтэй нийцэхгүй аливаа зүйлээс холдох нь бидэнд анхаарлаа ариун ёслолоос хүртэхэд, оюун ухаан болон зүрх сэтгэлээ Аврагч, Түүний цагаатгагч золиосол, гэрээнүүд дээрээ төвлөрүүлэх боломжийг олгодог. Ариун ёслолд ийн анхаарлаа төвлөрүүлэх нь Аврагчтайгаа харилцах харьцаагаа хүндэтгэлтэйгээр шинэчлэх хором мөчийг бүрдүүлж, Хүндэтгэлийн өдрийг баяр баясгалантай болгож, бидний амьдралыг өөрчилнө.

Эцэст нь, бид Их Эзэний өргөөний уул буюу ариун сүмд тогтмол шүтэн бишрэхдээ, нэн ялангуяа мөнх бус амьдралын сорилттой тулгарахдаа гэрээндээ үнэнч, итгэл төгс амьдрахыг хичээхдээ мөн шавь байх замналдаа энэхүү сүнслэг өөрчлөлтийг мэдэрч чадна.

Эхнэр бид хоёр эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх үедээ уулан дээрх ариун нандин мөчүүдийг бишрэл хүндэтгэлтэйгээр мэдэрч байсан бөгөөд энэ нь бидний шавийн замналд чухал өөрчлөлтийг авчирсан юм. Эхнэр маань эмнэлэгт эмчлүүлж байхад, дутуу төрж, хүн болж чадалгүй одсон хоёр дахь хүүхдээ оршуулахын өмнө оршуулгын газар алхаж байсан тэр мөчөө би өчигдөрхөн болсон мэт санаж байна. Би Бурханд чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэйгээр залбирч, энэ хүнд сорилтыг даван туулахад туслахыг хүсэн гуйж байснаа санаж байна. Тэр мөчид би хэрэв эхнэр бид хоёр Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаас ирдэг баяр баясгалангаас зууран барьж, тэвчин гарч чадах юм бол бидний амьдралд бүх зүйл сайн сайхан байх болно гэсэн тодорхой бөгөөд хүчирхэг сүнслэг баталгааг зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм. Тэр үед даван туулахын аргагүй мэт, уй гашуу бүхий сорилт маань ариун нандин, бишрэл хүндлэл төрүүлсэн туршлага болж хувирсан. Энэ нь бидний итгэлийг бэхжүүлсэн, Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүддээ, мөн Түүний надад болон миний гэр бүлд өгсөн амлалтуудад найдах итгэлийг маань бататгасан чухал тулгуур болсон юм.

Ах, эгч нар аа, ариун нандин зүйлсийг бишрэн хүндэтгэх нь жинхэнэ талархлыг төрүүлж, үнэн аз жаргалыг түгээж, оюун ухааныг маань илчлэл рүү хөтөлж, амьдралд маань илүү их баяр баясгаланг авчирдаг. Энэ нь бидний хөлийг ариун нандин газарт тавиулж, зүрх сэтгэлийг маань Бурхан өөд чиглүүлдэг.

Энэ ариун нандин чанарыг өдөр тутмын амьдралдаа шингээхийг хичээснээр бид илүү даруу болж, Бурханы бидэнд зориулсан хүслийг илүү сайн ойлгон, Их Эзэнтэй байгуулсан гэрээний амлалтад итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх боломжтой гэдгийг би гэрчилж байна. Бид Их Эзэний өргөөний уулан дээр үү, Сүмийн цуглааны байранд уу, аль эсвэл гэр орондоо байна уу ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх энэ бэлгийг хүлээн авснаар, Тэнгэрлэг Эцэг Есүс, Христ хоёрын биднийг гэх төгс хайрыг мэдэрснээр гайхамшиг, бишрэлээр дүүрнэ гэдгийг би гэрчилж байна. Би эдгээр үнэнийг бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн ариун нэрээр хүндэтгэлтэйгээр гэрчилж байна, амен.