Та бол Христ
(Maтай 16:16)
Бид хүүхдүүдээ Есүс Христэд итгэж, гэрээгээр дамжуулан Есүс Христэд болон Түүний Сүмд харьяалагдан, Есүс Христтэй адил болохыг хичээгээсэй гэж хүсдэг.
Манай хүү Илайг 4-р ангид байхад ангийнхан нь засгийн газрын гишүүдийн дүрд тоглож, түүнийг шүүгчээр сонгосон байв. Нэг өдөр ангид нь Юта мужийн Хоёрдугаар дүүргийн шүүгч айлчилж очин, Илайд шүүгчийн өмсгөлөө өмсгөж, тэдэнд шүүгчийн албан тангаргаа уншиж өгчээ. Энэ явдал Илайн хүүхэд насны цайлган сэтгэлд хуулийг, тэр тусмаа Хууль тогтоогч Есүс Христийг судлах хүслийг бадраасан юм.
Илай олон жил шаргуу зүтгэсний эцэст өөрийн сонгосон шилдэг хуулийн сургуулиудын нэгээс ярилцлагад орох урилга хүлээн авав. Тэрээр: “Ээж, тэд надад 10 асуулт тавьсан. Хамгийн сүүлийнх нь ‘Чи ёс суртахууны чиг баримжаагаа юунаас авдаг вэ?’ гэсэн асуулт байсан. Түүхийн туршид хүн төрөлхтөн амьдралаа хэн нэгний үлгэр жишээнээс загварчлан, ёс суртахууны тогтолцоогоо үүсгэж ирсэн. Миний амьдралдаа дагахыг хичээдэг ёс суртахууны үлгэр жишээ бол Есүс Христ. Хүн төрөлхтөн тэр чигээрээ Есүс Христийн уулан дээр номлосон сургаалыг дагадаг байсан сан бол энэ дэлхий илүү дээр, илүү амар тайван газар байх байсан гэж би хариулсан” гэж хэлэв. Ярилцлага өндөрлөх үед тэр дотроо “Ингээд хүүхэд насны минь мөрөөдөл талаар боллоо. Шашнаас ангид эрдэмтэд юу гэж Есүс Христийн талаар сонсохыг хүсэх вэ дээ” гэж бодсон аж.
Хоёр долоо хоногийн дараа Илай тэтгэлгээр суралцах эрх авсан юм. Түүнийг элсэж орохоос өмнө бид сургуулийнх нь оюутны хотхонд зочлов. Уг хуулийн сургууль яг л орд харш шиг харагдсан бөгөөд үзэсгэлэнт нуурыг тольдох мэт өндөр толгод дээр байрласан байв. Бид асар том номын сан, түүний уудам хонгилуудаар алхах үедээ Уулан дээрх номлолын үгсийг тугууд дээр бичиж, чулуун дээр сийлсэн байсныг хараад, үнэхээр гайхширч билээ.
Уулан дээрх номлол бол тэдгээр захиасыг анхлан заасныхаа хувьд яах аргагүй хамгийн их анхаарал татахуйц сургаал юм. Өөр ямар ч номлол бидэнд Есүс Христийн зан төлөв, тэнгэрлэг зан чанаруудыг, түүнчлэн Түүнтэй адил болох өөрсдийнхөө туйлын зорилгыг илүү сайн ойлгоход тусалж чадахгүй.
Насан туршдаа Есүс Христийн шавь байх үйл явц бидний гэр оронд эхэлдэг. Харин Хүүхдийн хэсэгт ой зургаан сартайгаас эхэлдэг. Бид хүүхдүүдээ Есүс Христэд итгэж, гэрээгээр дамжуулан Есүс Христэд болон Түүний Сүмд харьяалагдан, Есүс Христтэй адил болохыг хичээгээсэй гэж хүсдэг.
Есүс Христэд итгэх
Нэгт, Есүс Христэд итгэ.
Их Эзэнийг амийн талхны тухай номлосны дараа “[Их Эзэний] дагалдагчдаас олноороо” Түүний номлол, сургаалыг хүлээж авахад хэцүү гэж үзээд, “буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй.” Тэгээд Есүс Арван хоёртоо хандан “Та нар бас явахыг хүсэж байна уу?” гэсэн зүрх шимшрэм асуултыг тавихад
Петр хариуд нь:
“Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн” гэжээ.
Петрийн хэлж харуулснаар, итгэл бол “хэн нэгэнд итгэх эсвээс аливаа зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрөх” явдал юм. Мөн бидний итгэл аврал өөд хөтлөхийн тулд энэ нь Их Эзэн Есүс Христ дээр төвлөрөх ёстой. “Бидэнд [Есүс] Христийг амьдардаг гэсэн баталгаа; зан төлөв, [мөн чанарынх] нь талаарх [зөв] [ойлголт]; Түүний хүслийн дагуу амьдрахыг хичээж буй гэсэн мэдлэг байгаа үед бид Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлдэг.”
“Есүс Христэд итгэх итгэл бүх итгэлийн суурь бөгөөд бурханлаг хүчийг хүлээн авах зам болдог” хэмээн бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тунхагласан.
Бид хүүхдүүдэд Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлж, Түүний бурханлаг хүчийг олж авахад нь хэрхэн тусалж чадах вэ? Бид Аврагчаас өөр зүйл рүү харах хэрэггүй.
“[Их Эзэн] хүмүүст ярьж, өгүүлсэн нь:
Болгоогтун, би бол … Есүс Христ. …
Босогтун мөн над дээр ирэгтүн. …
… цугласан олон урагшилж, мөн гараа түүний хавирган талд хүргэж, мөн түүний мутар дахь мөн түүний хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэв; мөн тэд бүгдээрээ урагшилж мөн нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, мөн … тэр нь мөн болохыг гарцаагүйгээр мэдэж мөн гэрчилтлээ тэд нэг нэгээрээ урагшилж, ийн үйлдэв.”
Би та бүхнийг энэ нь бяцхан хүүхдүүдийн амьдралд ямархуу харагдаж болох талаар тунгаан бодно уу гэж урьж байна. Тэд Есүс Христийг болон Түүний сайн мэдээний гэрчлэлүүдийг сонсдог уу? Тэд Түүний тохинуулал, бурханлаг байдлыг харуулсан хүндэтгэл бишрэлтэй зургуудыг үздэг үү? Тэд Түүний бодит, тэнгэрлэг байдлыг гэрчлэх Ариун Сүнсийг таньж, мэдэрдэг үү? Тэд Түүний захиас, үйл хэргийг мэддэг үү?
Есүс Христэд болон Түүний Сүмд харьяалагдах
Хоёрт, Есүс Христэд болон Түүний Сүмд харьяалагд.
Бенжамин хааны хүмүүс зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрч, гэрээгээр дамжуулан Бурханы тааллын дагуу үйлдэхэд амьдралаа зориулсан. Тэд Бурхантай болон Есүс Христтэй гэрээ байгуулсан учир “Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгд[сэн].” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Түүний хаант улсыг барьж байгуулах, Түүнийг ирэхэд бэлтгэх гэрээний үүрэг хүлээдэг.
Бид хүүхдүүдэд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад нь хэрхэн тусалж чадах вэ? Бид Ирээд, Намайг дага гарын авлагын Хавсралт А, Б-ээс хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх ариун нандин үүрэгт нь гэр бүлүүдийг бэхжүүлэх, багш, удирдагчдыг дэмжихэд зориулсан харилцан яриа эхлүүлэх сэдэв, хичээлүүдийг олж үздэг.
Есүс Христтэй адил болох
Гуравт, Есүс Христтэй адил бол.
Мормоны Номд Аврагч Өөрийн дөнгөж дуудагдсан шавь нарт Өөрийг нь аль болох дуурайхыг сануулж ийн хэлсэн байдаг. “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлнэ, бүр миний адил буюу.”
Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүүхдүүдэд Есүс Христэд өөрсдийгөө болон бусдыг авчрах гэрээний үүргээ биелүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Насан туршдаа шавь байх нь “зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байх”-ыг шаарддаг.
Их Эзэний хамгийн залуу шавь нарт урилга өгөхдөө тэдэнд Замаа олоход туслан, хөтлөн удирдах бүхий л боломжийг ашиглаарай. Эдгээр эрхэм үнэ цэнтэй бяцхан хүүхдэд заах, гэрчлэх, залбирах, үйлчлэхээр бэлтгэх үед нь зөвлөөрэй. Тэгээд тэд үүргээ биелүүлэхдээ өөртөө итгэлтэй байж, баяр хөөр мэдрэх болно. Тэдэнд энэ бол тэдний Сүм гэдгийг мөн Аврагчийг ирэхэд бэлтгэхэд чухал үүрэгтэй гэдгээ мэдэхэд нь туслах сүнслэг арга замуудыг эрэлхийлээрэй.
Есүс Христийг бидний амьдралын гол цөм болох үед бидний юу хүсэх, хэрхэн хүсэх нь эгнэгт өөрчлөгддөг. Хөрвөлт бүх зүйлийг өөрчилдөг! Энэ нь бидний “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгож, харин үргэлж сайныг хийх хүсэлтэй болгон” өөрчилдөг. Энэ нь цаг, нөөц бололцоогоо хэрхэн зарцуулах, юу унших, үзэх, сонсох, хуваалцахыг маань өөрчилдөг. Тэр ч байтугай энэ нь өөрсдийн ажил мэргэжлийн замналыг шийдэх, сургуулийн онцгой чухал ярилцлагад хэрхэн хариулахыг ч мөн өөрчилдөг.
Бид Есүс Христийн Гэрэлийг амьдралынхаа өнцөг булан бүрд шингээх хэрэгтэй. Хэрэв бид гэр орондоо, Сүмийн бүхий л цуглаан дээр Түүний мөнх бус амьдрал дахь бурханлаг байдлын болон Түүний тэнгэрлэг зорилгын мөн Түүний үхэл, нүглийн гянданг ялсан Амилалтын үнэнийг гэрчилдэггүй бол бидний хайр, үйлчлэл, үнэнч, даруу байдал, талархал, энэрлийн талаарх захиас ухамсарт амьдралын тухай ярьсан хээнцэр уран илтгэлээс цаашгүй зүйл болно. Есүс Христ байгаагүй бол өөрчлөгдөх хүч үгүй, тэмүүлэх зорилго ч үгүй, амьдралын зовлон зүдгүүрийг зохицуулах боломж ч үгүй байх байлаа. Хэрэв бид Есүс Христийн шавь байх тал дээр хайхрамжгүй ханддаг болбол энэ нь бидний хүүхдүүдэд туйлын аюултай байж мэднэ.
Бид хүүхдүүддээ хайртай гэж хэлэхдээ Тэнгэр дэх Эцэг, Аврагч Есүс Христ хоёр ч бас тэднийг хайрладаг гэдгийг хэлж байгаа юу? Бидний хайр тайтгаруулж, урам зориг өгдөг байж болох ч Тэдний хайр ариусгаж, өргөмжилж, эдгээх боломжтой.
Энэхүү Есүс бол уран зөгнөлийн Есүс биш, энгийн хялбар нэгэн Есүс ч биш, бас бие махбодгүй Есүс ч биш, мөн хайхрамжгүй Есүс биш, үл мэдэгдэх Есүс ч биш, харин алдаршуулагдсан, төгс хүчит, амилсан, өргөмжлөгдсөн, шүтэн бишрэхүйц, хүчирхэг Бурханы Төрсөн Ганц Хүү, аврах чадал бүхий Нэгэн юм. Мөн нэг өдөр Филиппинд нэгэн бяцхан хүүхдийн надад хүчтэй гэрчилсэнчлэн, “Бид аврагдахуйц хүмүүс!” билээ. “Бурхан[ы] … [агуу] эвлэрүүлэл гэж нийтэд харуулсан,” Есүс Христийн ариун, ариун нандин нэрээр, амен.