Тэнгэрлэг эрх мэдэл ба сүр жавхлант залуу эрэгтэйчүүд
Аароны санваартнууд санваарын хүч, ёслол, үүргийн хамтаар бид бүгдийг адисалдаг.
Ахлагч Андэрсэн, санваарын хүч, Аврагчийн Цагаатгалын хүчийг гайхалтайгаар илэрхийлсэнд баярлалаа.
Өнгөрсөн 1-р сарын нэгэн ням гаргийн өглөө намайг ариун ёслолын цуглаанд сууж байх үед 10 гаруй залуу эрэгтэй Аароны санваарт дэвшихээр дэмжигдэж байлаа. Би дэлхий ертөнц нүдний минь өмнө өөрчлөгдөж байгааг мэдэрсэн юм.
Дэлхий даяар, цагийн бүсчлэл бүрд, энэ мэт ариун ёслолын цуглаануудад өнөө өглөө ерөнхийлөгч Холландын найз Ийстон шиг хэдэн арван мянган дикон, багш, прист Израилын цугларалтын нийт хүрээг хамрах насан туршийн санваарын тохинуулалд томилогдохоор дэмжигдэж байгаад сэтгэл минь хөдөлсөн.
Жил бүрийн 1-р сард 100000 орчим залуу эрэгтэйн толгой дээр гар тавьж, ёслолоор дамжуулан тэднийг Сэргээлтийн эрин үе дэх Иосеф, Оливер хоёртой, Баптисч Иохан, Есүс Христ хоёртой холбосон эрх мэдлийн тод шугамтай холбодог.
Одоо манай Сүм тэр бүр өөрсдийгөө бусдад ил тод харуулаад байдаггүй.
Гэсэн хэдий ч би шинээр томилогдсон санваартнуудын аянга мэт нүргээн дэлхий даяар түгэхийг хараад, “баяр баясгалангийн сүмийн” хувиар үүнийг олон нийтэд зарлан тунхаглах ёстой биш гэж үү хэмээн бодсон. Би “энэ өдөр бүрээ үлээж, цан дэлдэж, салют буудуулж, баярын жагсаал хийх хэрэгтэй!” гэж бодсон.
Бурханы хүч гэж жинхэнэ утгаараа юу болохыг мэдэхийн хувьд бид бурханлаг эрх мэдэл дэлхий даяар түгэх үед дэлхий ертөнцийн хэв маяг нуран унаж байгааг харсан.
Эдгээр залуу эрэгтэй өөрсдийн оршихуй, залбирал болон атгаж буй Бурханы санваар нь чухал ач холбогдолтой цаг үе, газруудад байх аваас эдгээр томилгоо тэдний насан туршийн үйлчлэлийг эхлүүлдэг.
Уг зохион байгуулалт бүхий гинжин хэлхээ нь Бурханаас илгээгдсэн тохинуулагч тэнгэр элчээс эхтэй билээ. Эрт цагийн амилсан Баптисч Иохан Иосеф, Оливер хоёрт үзэгдэн, тэдний толгой дээр гараа тавьж, “Надтай хамтран үйлчлэгч та хоёрт би Мессиагийн нэрээр Аароны санваарыг хүртээж байна, энэ нь тэнгэр элч нарын тохинууллын мөн наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг” (Сургаал ба Гэрээнүүд 13:1) хэмээн хэлжээ.
Иохан уг эрх мэдлийг Мосегийн ах буюу түүний санваарын хамтрагчийн нэрээр “Аароны санваар” гэж нэрийдсэн. Эрт дээр үед Аароны санваартнууд ёслолуудыг зааж, ёслолуудад дэмжлэг үзүүлэх зорилготой байсан ба тэдгээр ёслол нь ирээдүйн Мессиа буюу Их Эзэн Есүс Христэд шавь байх явдалд төвлөрч байсан (Дэд Хууль 33:10-ыг үзнэ үү).
Тооллого номд Аароны санваартнуудад ёслолын авдруудыг авч явах ажлыг тодорхой заасан байдаг. “Чи Аарон ба түүний хөвгүүдийг томил … Тэдний үүрэгт нь … ширээ … болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга … багтана” (Тооллого 3:10, 31).
Амьтнаар тахил өргөх Хуучин Гэрээний ёслол Аврагчийн амьдрал, Цагаатгалаар гүйцэлдэж мөн солигдсон. Тэрхүү эртний ёслол нь Эзэний зоогийн ариун ёслол хэмээн бидний одоогийн нэрлэдэг ёслолоор солигджээ.
Их Эзэн эрт дээр үеийнхтэй ижил зүйлсийг буюу Түүний Цагаатгалыг бидэнд сануулахын тулд ёслолуудыг заах, түгээхийг одоогийн Аароны санваартнуудад даалгадаг.
Дикон, багш, пристүүд ариун ёслолд туслан, бусад бүх хүний адил өөрсдөө талх, уснаас хүртэхдээ, байгуулсан гэрээгээ сахин үүний адислалуудыг хүлээн авдаг. Гэвч тэд эдгээр ариун нандин үүргийг гүйцэтгэх үедээ санваарын үүрэг хариуцлагынхаа талаар илүү ихийг ойлгож авдаг.
Аароны санваар нь бэлтгэл санваар гэж нэрлэгддэг учир нь үүний ёслолууд нь тэдэнд Их Эзэний ажлыг хийхээс ирдэг үүрэг хариуцлага, баяр баясгаланг мэдрэх боломжийг олгодог. Энэ нь тэднийг урьдчилан тааварлашгүй арга замаар тохинуулахаар дуудагдаж болзошгүй ирээдүйн санваарын үйлчлэлд бэлддэг. Үүнд итгэл найдвар, хүсэл мөрөөдөл тээж явах үед төдийгүй амьдрал, үхэл хоёр ээлжлэх үед ч сүнслэг нөлөө бүхий адислалуудыг тунхаглах зэрэг багтдаг.
Ийм чухал хүлээлтэд чухал бэлтгэл шаардлагатай.
Сургаал ба Гэрээнүүдэд дикон болон багш нар “сэрэмжлүүлж, тайлбарлаж, ухуулж, зааж, мөн Христэд ирэхэд бүгдийг урьдаг байх ёстой” (Сургаал ба Гэрээнүүд 20:59) гэж тайлбарласан байдаг. Эдгээрээс гадна пристүүд “номлож … мөн баптисм хүртээх ёстой” (Сургаал ба Гэрээнүүд 20:50) гэсэн байдаг.
Энэ бүхэн үнэхээр их ажил мэт сонсогдож болох ч эдгээр нь бодит амьдрал дээр дэлхий даяар энгийнээр хэрэгждэг билээ.
Нэгэн бишоп диконы чуулгын ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөлдөө эдгээр үүргийг заажээ. Тийн уг ерөнхийлөгчийн залуу зөвлөл чуулгад болон тойрогтоо эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярьж эхлэв. Тэд тойргийн өндөр настай гишүүдэд нь юу хэрэгтэй байгааг мэдэж авч, хэрэгцээнийх нь дагуу үйлдэхийн тулд гэрээр нь айлчилж эхлэх хэрэгтэй гэж шийджээ.
Тэдний үйлчилсэн хүмүүсийн нэг нь бүдүүлэг зантай, байнга доромжилдог, зарим үед бүр дайсагнадаг хөрш болох Алан байсан юм. Аланы эхнэр Ванда Сүмийн гишүүн болсон ч Алан бидний хэлдгээр ярвигтай нэгэн байлаа.
Гэсэн ч диконууд ажлаа хийхээр очиж, цасыг нь хамж хүрздэн, хогийг нь асгах явцдаа түүний доромжлолыг хошигнолоор хариулсаар байв. Диконуудыг үзэн ядахад хэцүү байх болсон учир Алан аажмаар тэднийг хайрлаж эхэлжээ. Ингэж явсаар тэд түүнийг сүмд урив.
Тэр хариуд нь “Би сүмд дургүй” гэж хэлэв.
“Зүгээр ээ, та бидэнд дуртай шүү дээ. “Тийм болохоор л хүрээд ир!” Та хүсвэл зөвхөн манай чуулгад очоорой” гэжээ.
Тэрээр бишопын зөвшөөрлөөр чуулгын ангид очсон бөгөөд үргэлжлүүлэн ирсээр байв.
Диконуудыг багш болж, түүнд үргэлжлүүлэн үйлчлэх үед тэр тэдэнд машин засахыг, гараараа юм хийж бүтээхийг заажээ. Эдгээр багш болсон диконуудыг прист болох үед Алан тэднийг “миний хөвгүүд” гэж дууддаг болов.
Тэд номлолд хамаг чадлаараа бэлтгэж эхэлсэн бөгөөд түүнээс хамт номлолын хичээлүүдэд бэлдэхийг хүсжээ. Тэр тэднийг яахав гэрт нь дадлага хийж болох ч хэзээ ч сонсохгүй, хэзээ ч итгэхгүй гэдгээ тангараглав.
Удалгүй Алан өвдөж, хандлага нь зөөлрөв.
Нэг өдөр тэр чуулгын цуглааны үеэр тамхинаас гарахын төлөө тэднээс залбирч өгөхийг хүсжээ. Тэд залбирч өгснийхөө дараа гэрт нь дагаж очин, хамаг тамхийг нь хураан авав.
Аланы эрүүл мэнд муудан, эмнэлэг, нөхөн сэргээх төвүүдэд хэвтэн эмчлүүлэх үед “түүний хөвгүүд” түүнд үйлчилж, санваарын хүчийг болон жинхэнэ хайрыг чимээгүйхэн үзүүлсээр байв (Сургаал ба Гэрээнүүд 121:41).
Гайхамшиг үргэлжилсээр, Алан баптисм хүртэхийг хүссэн ч амжилгүй нас баржээ. Түүний хүсэлтээр, диконоос прист болцгоосон хөвгүүд оршуулган дээр шарилыг нь зөөж мөн үг хэлсэн бөгөөд зохих ёсоор сэрэмжлүүлж, тайлбарлаж, ухуулж, зааж, мөн Христэд ир хэмээн бүгдийг урьсан.
Хожим нь ариун сүмд диконы чуулгын өмнөх ерөнхийлөгч Аланыг төлөөлөн баптисм хүртэж, “Аланы хөвгүүдийн” нэг нь баптисм хүртээсэн юм.
Баптисч Иоханы хий гэсэн бүхнийг тэд хийв. Тэд энэ Сүм болон дэлхий даяар дикон, багш, пристүүдийн хийдэг зүйлийг хийсэн.
Аароны санваартнуудын хариуцаж хийдэг зүйлсийн нэг нь ариун ёслол юм.
Өнгөрсөн жил би сүнсээр нөлөөлөгдсөн нэгэн бишоп, түүний гайхалтай эхнэртэй танилцсан юм. Тэд яг өмнөх бямба гаргийн өглөө хүүгийнхээ баптисм руу машинтай явж байхдаа Тэсс хэмээх хоёр настай энхрий охиноо эмгэнэлтэй бөгөөд гэнэтийн байдлаар алдсан байжээ.
Маргааш өглөө нь тойргийн гишүүд нь ариун ёслолын цуглаанд ирэхдээ төгс төгөлдөр бяцхан охиныг алдсандаа зовж шаналан, сэтгэл нь ихэд эмзэглэж байв. Тэр өглөө хэн ч бишоп, түүний эхнэр, гэр бүлийнхнийг нь сүмд ирнэ гэж төсөөлөөгүй байсан боловч тэд цуглаан эхлэхээс хэдхэн минутын өмнө чимээгүйхэн орж ирээд, суудлаа эзлэв.
Бишоп индэр дээр гараад, зөвлөхүүдийнхээ дунд суухын оронд ариун ёслолын ширээнд пристүүдийнхээ дунд суув.
Зовж шаналан, нойргүй өнгөрүүлсэн тэрхүү шөнө, тэрээр ойлголт, амар амгаланг эрэлхийлж байхдаа гэр бүлд нь хамгийн их хэрэгтэй байгаа, мөн тойргийнхонд нь ч хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол бишоп, тойргийнх нь Аароны санваарын ерөнхийлөгч, гашуудаж буй аав ариун ёслолын гэрээний амлалтуудыг хэлэхийг сонсох юм гэдгийг мэдэрчээ.
Тиймээс удалгүй тэрээр тэдгээр присттэй хамт өвдөг сөгдөн Эцэгтээ хандан ярив. Уй гашуугаар дүүрсэн тэрээр энэ амьдралд хэн нэгэнд чангаар хэлэхийг зөвшөөрсөн хамгийн хүчирхэг үгсийг өгүүлсэн юм.
Эдгээр нь мөнхийн үр дагаврын үгс.
Ёслолын үгс.
Гэрээний үгс.
Биднийг энэ амьдралын гол зорилготой, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний хамгийн гайхамшигтай үр дагавартай холбодог заавар.
Тэр өдөр тэрхүү цуглааны байранд ирсэн хүмүүс бидний ням гараг бүр цуглааны байранд сонсдог үгсээс юу олж сонсож мөн мэдэрснийг та нар төсөөлж байна уу?
“Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх хүн бүрийн бодгалийн тусын тулд, тэд таны Хүүгийн биеийг дурсан идэж болохын тулд, түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авахад, мөн үргэлж түүнийг санахад, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг сахихад бэлэн гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен” (Сургаал ба Гэрээнүүд 20:77).
Дараа нь “Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух хүн бүрийн бодгалийн тусын тулд, тэд өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны Хүүгийн цусыг дурсан үүнийг үйлдэж болохын тулд; түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, тэд үргэлж түүнийг санадаг гэдгээ, ай Бурхан, Мөнхийн Эцэг танд гэрчилж болохын тулд, энэ [усыг] адисалж мөн ариусгахыг таны Хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен” (Сургаал ба Гэрээнүүд 20:79).
Тэрхүү сайн эцэг, эх хоёр уг амлалт биелэгдсэн гэдгийг гэрчилдэг. Тэднийг үүрд тайтгаруулах “түүний Сүнс” үнэхээр тэдэнтэй “хамт байгаа.”
Аароны санваартнууд санваарын хүч, ёслол, үүргийн хамтаар “тэнгэр элч нарын тохинууллын мөн наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулалтаар хийх баптисмын” (Сургаал ба Гэрээнүүд 13:1) түлхүүрүүдээр дамжуулан бид бүгдийг адисалдагт би үүрд талархдаг. Есүс Христийн нэрээр, амен.