Ерөнхий чуулган
Эцэг өвгөдийнхөө нандигнаж ирсэн итгэлд үнэнч бай
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:0

Эцэг өвгөдийнхөө нандигнаж ирсэн итгэлд үнэнч бай

Таны өмнө амьдарч байсан хүмүүсийн итгэл, гэрчлэлээс суралцаж, хүч чадлыг хүлээн аваарай.

Надад Теннессигийн Нашвилл ариун сүмийн хяналт шалгалтыг хийх явцдаа уг томилолтын нэг хэсэг болгож энэхүү Их Эзэний үзэсгэлэнтэй өргөөний өрөөнүүдээр явж үзэх боломж тохиосон юм. Ариун сүмийн ерөнхийлөгчийн эхнэрийн ажлын өрөөнд өлгөсөн Мэри Ванлассын зурсан Carry On [Үргэлжлүүлэн урагшил] нэртэй уран зураг миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн.

Уг зургийн түүхийг би та нартай хуваалцъя.

“1862 онд Миссури мужид 14 настай Мэри Ванласс бие нь муудаж өөд болох дөхсөн хойд ээждээ хөгжлийн бэрхшээлтэй аав болон дөрвөн бяцхан дүүгийнхээ хамт Агуу Солт Лэйкийн хөндийд очих болно гэдгээ амлажээ. Мэри шар үхэр болон үнээ хөллөсөн тэргэнд аавыгаа хэвтүүлж, дүү нараа асран явж байлаа. Тэрээр өдөр бүрийн аяны дараа гэр бүлээ хооллохоор идэж болох ургамал, цэцэг, жимс түүдэг байв. Түүний цорын ганц луужин нь үүлсийг уулс болох хүртэл өрнө зүгийг чиглэн явах хэрэгтэй гэсэн заавар байлаа.

“Тэд хаваржин, зунжин явсны эцэст есдүгээр сард Ютагийн хөндийд иржээ. Тэднийг Юта гүнлэгт суурьшаад удаагүй байхад аав нь өөд болсон ба хожим нь Мэри тэнд гэрлэж, гэр бүлээ өсгөжээ.”

Энэ бол өнөөдөр бидний хүн нэг бүрд “зүгээр л үргэлжлүүлэн урагшлахад” тусалж болох 14 настай залуу эмэгтэйн итгэл, хүчирхэг байдлын гайхалтай түүх юм.

“Зүгээр л үргэлжлүүлэн урагшлах” буюу Gewoon doorgaan хэмээн миний төрөлх хэл болох голланд хэл рүү шууд орчуулсан хэллэг аав, ээжийн минь амьдралын уриа юм.

Манай аав ээж болон хадмууд маань манай гэр бүлийн анхдагчид бөгөөд тэд өдөр бүр Сүмд буюу Их Эзэний сүрэгт ирж буй бүх хүний адил өөрсдийн “хээр талыг” туулсан хүмүүс билээ. Тэдний түүх шар үхэр, гар тэрэгтэй хамааралгүй ч ирээдүй хойч үеийнхэнд адил нөлөө үзүүлэх буй за.

Тэд сайн мэдээг хүлээн авч, идэр залуу насандаа баптисм хүртсэн юм. Аав, ээж хоёрын маань хоёулынх нь хүүхэд нас хүндхэн өнгөрсөн. Аав минь Индонезийн Жава арал дээр өссөн бөгөөд Дэлхийн ll дайны үеэр тэр гэр бүлээсээ хүчээр салгагдаж, хорих лагерьд хоригдон бага залуу насандаа үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд бэрхийг даван туулсан.

Ээж минь Дэлхийн ll дайны өлсгөлөн, зовлон бэрхшээл дунд салж сарнисан гэр бүлд өссөн. Түүнд алтан зул цэцгийн булцуу идэж амиа зогоох үе ч байдаг байжээ. Аавынхаа үйлдлүүд болон үүнээс улбаалан ээжээс нь салснаас болж Тэнгэрлэг Эцэгийг хайраар дүүрэн Эцэг гэж харахад заримдаа түүнд хэцүү байдаг байв.

Аав, ээж хоёр маань Сүмийн үйл ажиллагаан дээр танилцсанаасаа хойш удалгүй гэрлэхээр шийдэж, Швейцарын Берн ариун сүмд лацдан холбогдсон юм. Ариун сүм рүү явах аялалдаа хадгалсан жаахан мөнгөө зарцуулан галт тэргээ хүлээн буудал дээр зогсохдоо тэд хэрхэн голоо зогоохоо мэдэхгүй ч бүх зүйл сайхан болох болно гэдэгт итгэлтэй байв. Бүх зүйл сайхан болсон!

Тэд Амстердамын төвд байрлах дээврийн ядуухан, жижигхэн өрөөнөөс амьдралаа эхлүүлж, гэр бүлээ өсгөсөн юм. Хэдэн жил хувцсаа гараараа угаасны эцэст угаалгын машин авахад хүрэхүйц мөнгө хадгалж чаджээ. Тэднийг угаалгын машин худалдаж авахын өмнөхөн бишоп нь айлчилж, Амстердамд цуглааны байр барихад хандив өргөхийг хүсжээ. Тэд угаалгын машин авахаар хадгалсан бүх мөнгөө хандивлаж, хувцсаа үргэлжлүүлэн гараараа угаах шийдвэр гаргасан.

Манай гэр бүл бусад гэр бүлийн нэгэн адил хүнд хэцүү үеүдийг даван туулсан. Эдгээр бэрхшээл нь Их Эзэн Есүс Христэд итгэснээр зүйл бүрийн зовлон зүдүүр, бэрхшээлүүдэд дэмжигдэж байсан тухайгаа хүү Хиламандаа хуваалцсан Алмагийн түүхтэй адил бидний Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг улам хүчирхэгжүүлж, гүнзгийрүүлсэн юм.

Бага залуу насандаа олон зовлон бэрхшээлийг даван туулсан хоёр хүн хэрхэн миний амьдралдаа хүсэж болох хамгийн сайн эцэг эх болсон юм бол? Хариулт нь маш энгийн: Тэд сайн мэдээг бүрэн дүүрнээр хүлээн авч, өнөөдрийг хүртэл гэрээний дагуу амьдарч байна.

Тэд гэрлээд 65 жилийг үдсэний дараа ээж маань альцхаймерын өвчнөөр өнгөрсөн 2-р сард өөд болсон. 92 настай аав маань гэртээ амьдарч байсан ч ээжийг өөд болох хүртэл аль болох ойр ойрхон түүн дээр очдог байсан. Хэсэг хугацааны өмнө тэр дүү нарт маань Дэлхийн ll дайны үед Индонезийн хорих лагерьт амссан аймшигт туршлага нь түүнийг энэхүү муухай өвчнөөр өвдөж, бие нь муудаж буй эхнэрээ олон жил тэвчээртэйгээр асрахад болон түүнийг бусдын асаргаанд өгч, дэргэд нь байж чадахгүй болох тэрхүү хүнд бэрх өдөртэй нүүр тулахад бэлтгэсэн тухай хуваалцсан. “Зүгээр л үргэлжлүүлэн урагшлах” нь тэдний амьдралын уриа байсаар ирсэн ба тэд эцсийн өдөр Түүнтэй хамт үүрд мөнхөд сүр жавхланд оршихоор босгох болно хэмээх Христэд суурилсан төгс найдварыг тээж байсан.

Тэдний итгэл, гэрчлэл тэднээс хойших үе удмынх нь хувьд удирдан чиглүүлэх хүч юм.

Эхнэрийн минь өссөн тосгонд аав, ээж хоёр нь сүмд явдаг сайн хүмүүс байсан ба залуухан хосын хувьд сайн мэдээг хүлээн авах үедээ тэд хоёр настай ганц охинтой байсан нь миний эхнэр байсан юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох шийдвэр нь тосгоны хүмүүст болон гэр бүлийнхэндээ гадуурхагдахад хүргэж, амьдралд нь маш их нөлөөлжээ. Тэд олон жилийн турш гэр бүлдээ хайраа илэрхийлсэн зурвас илгээж, тосгоныхондоо үйлчлэл үзүүлсний эцэст хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Нэг удаа эхнэрийн маань аав бишопоор үйлчилж байхдаа ямар нэгэн зүйлд хилсээр гүтгэгдэн, тэр даруй дуудлагаасаа чөлөөлөгджээ. Хадам ээж маань үүнд ихэд шаналж, нөхрөөсөө сүмд үргэлжлүүлэн явах хэрэгтэй эсэхийг асуухад тэрээр энэ бол хүмүүсийн сүм биш, Есүс Христийн сүм учраас бид мэдээж сүмдээ үргэлжлүүлэн явах болно гэж хариулжээ.

Үнэн илчлэгдэж, уучлалт гуйх хүртэл чамгүй хугацаа өнгөрсөн юм. Унах мөч байж болох зүйл нь тэдний хүч, итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн.

Бидний зарим нь яагаад бүхий л бэрхшээл зовлонгоо даван туулж, итгэлтэй хэвээр үлдсэн эцэг эхийнхээ итгэл, гэрчлэлд талархдаггүй вэ? Тэд тодорхой ойлголтгүйгээр муйхраар итгэсээр ирсэн гэж бид боддог уу? Үгүй ээ, тэд хууртаж, мэхлэгдээгүй! Тэдэнд Сүнснээс хүлээж авсан дэндүү олон туршлага, гэрчлэл байгаа бөгөөд тэд бошиглогч Иосефтой хамт “Би үүнийг мэдэх бөгөөд … үүнийг үгүйсгэж чадахгүй” хэмээн хэлж чадна.

Та нар Хүүхдийн дууны ном дээрх Хиламаны армийн тухай дуунд дуртай биз дээ?

Бид эрт дээр үеийн Нифайн адил

Бурханд хайртай эх эцгээс төрсөн.

Бид Их Эзэний тушаасны дагуу

Хийх ёстойг заалгаж ойлгож авсан.

Та багадаа миний ээжтэй адил зүйлийг даван туулаагүй байж болох ч “Бурханд хайртай эх эцэг” болж, бусдад зөв шударга үлгэр жишээ үзүүлж болно.

Үүнийг дуулахдаа бид үнэхээр үнэн гэдгийг нь мэдэрдэг үү? Та “Хиламаны их цэргийн адил” “үнэнийг энэ дэлхийд авчрах Их Эзэний номлогч байх болно” гэж боддог уу?” Би Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган дээр болон бусад өсвөр үеийнхний цуглаан дээр энэ дууг дуулж байхдаа маш олон удаа тийнхүү мэдэрч байсан.

Эсвэл “Итгэлдээ үнэнч бай” дууллыг дуулахдаа бид юу мэдэрдэг вэ?

Шударга, үнэнийг хамгаалахдаа

Сионы залуучууд гуйвшгүй.

Атаат дайсныг дайрах үед бид

Айн дагжин, хойш ухрахгүй! Тийм!

Эцэг өвгөдийн нандигнаж ирсэн итгэлд … үнэнч итгэлтэй бат зогсоно.

Өсөж буй үеийнхэн минь, та нар хаана ч, ямар ч нөхцөл байдалд байсан өмнөх үеийнхнийхээ итгэл, гэрчлэлээс суралцаж, хүчийг олж аваарай. Энэ нь та нарт гэрчлэлтэй болж, үүнийгээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд золиос гаргах хэрэгтэйг мөн “адислалыг тэнгэрээс золиос авчир[дгийг]” ойлгоход туслах болно.

Таны амьдралыг үнэхээр адислах золиослолын тухай бодохдоо, бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Нэлсоны “зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. …

Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм” хэмээх урилгын талаар тунгаан бодож, залбираарай.

Та үйлчлэлийн эсвэл сургаал заах номлогчоор дуудагдаж болно. Аль аль нь өөрсдийн гэсэн онцлог, хүчирхэг арга замаар бодгалиудыг Христэд авчрах ижил зорилгод хувь нэмрээ оруулдаг.

Энэ хоёр төрлийн үйлчлэлийн алинд нь ч та Их Эзэнд хайртайгаа мөн Түүний талаар илүү сайн мэдэж авахыг хүсэж байгаагаа харуулах болно. “Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнийг хүн хэрхэн мэдэх билээ?” гэдгийг санаарай.

Бид сайн мэдээнд хөрвөгдсөн анхны эсвэл тав дахь үе удам байсан ч итгэл, хүчирхэг байдал, селестиел амлалтын ямар түүхийг дараагийн үеийнхэндээ дамжуулах вэ гэдгээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Өөрсдийн Аврагч Есүс Христийг илүү сайн таньж мэдэхэд мөн Түүнийг амьдралынхаа төвд тавихад үргэлжлүүлэн хичээцгээе. Тэр бол бидний дээр нь сууриа тавих чулуу бөгөөд тэгснээр бид хүнд бэрх цаг үе тохиолдоход бат бөх зогсох болно.

“Эцэг өвгөдийнхөө нандигнаж ирсэн итгэлд, зовж тарчлагдагсдын амиар сольсон үнэнд мөн Бурханы зарлигт бие сэтгэлээр үнэнч итгэлтэй бат зогс[оцгооё].” Есүс Христийн нэрээр, амен.