Ерөнхий чуулган
Мөнх байдлын агуу бэлгүүд: Есүс Христийн Цагаатгал, Амилалт, Сэргээлт
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


13:57

Мөнх байдлын агуу бэлгүүд: Есүс Христийн Цагаатгал, Амилалт, Сэргээлт

Есүс Христ доторх Христийн амилалтын баяраас бид амар амгалан, өөрчлөлт, харьяаллыг олдог ба эдгээр нь бодитой, баяр хөөртэй, аз жаргалтай, үүрдийн зүйл байдаг.

Олон жилийн өмнө манай сайн мэдээний өглөөний ангийнхан Библийн шүлгүүдийг цээжилсэн юм. Мэдээж би богино хэсгүүдийг нь сонирхож байсан. Иохан 11:35 буюу “Есүс уйлав” гэсэн хоёрхон үгтэй, судрын хамгийн богино шүлэг ч үүнд багтаж байв.

Одоо миний хувьд, Есүсийн гашуудаж бас баярлан уйлж байсан нь Бурханы тэнгэрлэг Хүү энэ амьдралд мөнх бус биетэй ирж, махан биеийн дагуу хэрхэн бидэнтэй үргэлж хамт байж, биднийг адислахыг сурсан тухай гайхалтай үнэнийг гэрчилдэг.

Биднийг гашуудаж эсвэл баярлан уйлах үед Есүс Христ биднийг төгс ойлгодог. Есүс Христ бидэнд Түүний Цагаатгал, Амилалт, Сэргээлт буюу мөнх байдлын агуу бэлгүүд хамгийн их хэрэгтэй байгаа цаг үед бидэнтэй хамт байж чадна.

Есүс уйлсан.

Мариа, Марта хоёр нас барсан ах Лазарынхаа араас энэлэн уйлсан. Тэднийг өрөвдөж хайрласандаа Есүс уйлсан юм. Тэр Лазарыг амилуулсан.

Есүс Дээгүүр өнгөрөх баярын өмнөх өдөр Иерусалимыг болгоогоод, тахиа дэгдээхэйнүүдээ бөөгнүүлдэг шиг Өөрийн хүмүүсийг цуглуулах боломжгүй байсандаа гашуудан уйлсан. Өнөөдөр Түүний Цагаатгал байж болох байсан зүйлсийн төлөө харамсах үед бидэнд итгэл найдвар өгдөг.

Талбайн Эзэн уйлж, зарц нараасаа “Жимсний талбайнхаа төлөө би өөр юуг хийж чадах байсан билээ?” гэж асуудаг ба тэдгээр зарцад бид буюу тохинуулагч ах, эгч нар багтдаг.

Мариа хадан булшны дэргэд гашуудан зогсож байв. Есүс түүнээс “Чи юунд уйлна вэ?” гэж намуухнаар асуудаг. Тэрээр “шөнөд уйлаан байж болох ч, өглөөд баярын уухай ирдэг” гэдгийг мэднэ. Амилалт бүх хүнд үүрийн гэгээг авчирдаг.

Мормоны Ном дээрх газар нутагт итгэлтэй олон түмэн Түүнд ирэхийн хэрээр Тэрээр баяр баяслаар дүүрч, уйлсан гэж гардаг.

“Мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислан, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав.

Мөн тэр үүнийг хийсний дараа, тэрээр дахин уйлав.”

Тэр бидний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж, бодгалийн маань асуултуудад хариулдаг ба энэ бол Есүс Христээр ирдэг Амилалтын баяр хөөр мөн. Тэр бидний баярлахаас бусад үед унагах нулимс бүрийг арчдаг.

Нулимс маань урсах үед бид заримдаа уучлал хүсэж, ичиж зовдог. Гэхдээ Есүс Христ амьдралын зовлон шаналал, баяр хөөрийг ойлгодог гэдгийг мэдэх нь бидэнд амьдралын жаргал, зовлонг туулах үед чадлаас маань давсан хүчийг өгдөг.

Өмнөд Америкт би амьдралынх нь гэрэл гэгээ болсон бяцхан охин нь нас барснаас болж цурхиран уйлах нэгэн аавтай уулзсан. Түүнийг тэврэх үед тэрээр “Би охиноо дахин харахын тулд юугаа ч өгөхөд бэлэн байна” хэмээн уйлж билээ. Би ч бас уйлсан.

Ахлагч Гонг Мексикийн Пуэбла ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр

Мексикийн Пуэбла ариун сүмийг онцгойлон адислах үед хайр татам нэгэн эгчийн царай баярын нулимсандаа норсон байлаа. Төрх байдал нь түүний итгэл, золиослолыг тод томруун илтгэж байв. Тэрээр “Todos mis hijos están aquí en el templo hoy” буюу “Миний хүүхдүүд бүгдээрээ өнөөдөр надтай хамт ариун сүмд байгаа” гэж хэлсэн. Их Эзэний өргөөнд үе удмаараа цугларсан явдал нь түүнийг баяр, талархлын нулимс урсгахад хүргэсэн байлаа.

Харгис ширүүн иргэний дайны үеэр гэр бүлүүд болон хөршүүд нэг нэгэндээ хэлэхийн аргагүй зүйлсийг хийцгээжээ. Урсгасан гашуун нулимс нь тэднийг найдварын зам руу аажим аажмаар хөтөлж байна. Нэгэн жижиг тосгоны эгч “Хөрш минь, булшиндаа орохоосоо өмнө би чамайг сураггүй болсон гэр бүлийнхнээ хаанаас олж болохыг мэдээсэй гэж хүсэж байна” хэмээн хэлэхдээ хоолой нь чичирч байсан.

Гэрэл цацруулсан сүйт бүсгүй, царайлаг сүйт залуу хоёр Их Эзэний өргөөнд лацдан холбогдов. Тэд хоёул 70 настай байсан. Үзэсгэлэнт сүйт бүсгүй энэ өдрийг зохистойгоор хүлээсэн байв. Тэр ичингүйрсэндээ хуримын даашинзныхаа хормойг урагш, хойш дэрвүүлж байлаа. Бид баярын нулимс унагацгаав. Бурханы амлалт гүйцэлдсэн. Түүний гэрээнүүд адислал авчирдаг.

Боид К.Пакэр ах залуудаа нэгэн бэлэвсэн эгчид гэрийн багшаар очиж зааж байхдаа нэгэн сургамжийг олж авчээ. Нөхөртэйгөө санал зөрөлдсөний дараа тэр эгч эцэст нь зүрх зүсмээр үгийг хэлсэн бөгөөд тэр өдөр нөхөр нь гэнэтийн осолд орж нас барсан байна. Бэлэвсэрч хоцорсон эгч “нөхрийн минь надаас сонссон сүүлчийн үгс хахир хатуу, хорон үгс байсныг бодсоор би амьдралынхаа 50 жилийг тамд өнгөрүүлсэн” хэмээн мэгшин уйлж байв.

Есүс Христийн амилсны баяр бидэнд харилцаагаа засах, эвлэрэх, зөв болгох ажлыг хөшигний хоёр талд гүйцэтгэхэд тусалдаг. Есүс гашуудсан зүрхийг анагааж, уучлалыг боломжтой болгодог. Тэр бидний эсвэл бусдын хэлсэн, үйлдсэн зүйлсээс бид бүхнийг чөлөөлж чадна. Эс бөгөөс бид үүнд боолчлогдон үлддэг.

Есүс Христийн амилсны баяр бидэнд Бурханы баталгааг мэдрүүлдэг. Энэ дэлхий биднийг хэт өндөр, хэт нам, хэт өргөн, хэт нарийн, ухаалаг биш, царайлаг биш эсвэл сүнслэг байдлаараа хангалтгүй байна гэж бидэнд хэлдэг. Төгс болох тамирдам хүслээс Есүс Христийн өгдөг сүнслэг өөрчлөлтөөр дамжуулан бид хагацаж чадна.

Бид Христийн амилсны баяраар “Үхлийг ялж, хүмүүнийг чөлөөлж, Христ ийн ялалт байгууллаа” хэмээн баяр хөөртэй дуулдаг. Христийн Амилалт биднийг үхлээс, хөгшрөх тусам бий болох сул дорой байдлуудаас, бие махбодын төгс бус байдлаас чөлөөлдөг. Түүнчлэн Есүс Христийн Цагаатгал биднийг сүнслэг байдлын хувьд сэргээдэг. Тэрээр биднийг нүгэл, хагацлаас ангижруулахын тулд цусаар уйлж буй мэт арьсных нь сүв бүрээс цус шүүрсэн. Тэр биднийг нэг нэгэнтэй маань болон Бурхантай бүрэн бүтэн, ариун болгож дахин нэгтгэдэг. Есүс Христ бүх сайн сайхан зүйлийг зөвхөн ямар байснаар нь бус, бүр ямар байх боломжтойгоор нь элбэг дэлбэгээр сэргээдэг.

Есүсийн амьдрал болон гэрэл бүх хүүхдээ хайрлах Бурханы хайрыг гэрчилдэг. Бидний Бурхан Эцэг бүх эрин үе, газар нутаг дахь хүүхдүүдээ хайрладаг учраас бид олон уламжлал, соёлоос Түүн дээр ирж амар амгалан, баяр баяслыг олох Түүний хайраар дүүрэн урилгыг олж хардаг. Хаана ч хэзээ ч мөн хэн байгаагаас үл хамааран бид нэг Бүтээгчийн хүүхдүүдийн хувьд ижил бурханлаг мөн чанартай. Үүнтэй адилаар Исламын, Иудагийн, Христийн шашны дагалдагчид Эцэг Абрахамын шашны уламжлалыг өвлөн дагаж, эртний Египетэд болсон үйл явдлуудаар дамжуулан гэрээний харилцаанд орсон байдаг.

Эцэг Абрахам Египетэд ирж, адислагдсан.

Египетэд боол болон худалдагдсан Иосеф Фараоны зүүд өнтэй сайхан долоон жил, өлсгөлөнгийн долоон жилийг илэрхийлж байсныг мэдсэн юм. Иосеф гэр бүлээ бас ард түмнээ аварсан. Тэрээр Бурханы өргөн том төлөвлөгөөг төдийгүй гэрээгээ сахидаг тэдний сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладгийг хараад уйлав.

Египетэд Фараоны гэрт өссөн Мосе Бурханы хүүхдүүдийг цуглуулах түлхүүрүүдийг хүлээн авч, хожим сэргээжээ.

Иосеф, Мариа хоёр Есүстэй хамт Египет рүү зугтсан нь

Иосеф, Мариа, нялх Христ гурав Египет рүү зугтсанаар бошиглол гүйцэлдсэн юм. Каирт уулзсан мусульман сүсэгтэн “Иосеф, Мариа, нялх Есүс гурав эх нутагт маань ирээд аюулгүй, амьдрах газрыг олсон гэж коран сударт заадаг. Манай нутагт Есүс бага балчраасаа бидний иддэг хоолыг иддэг байсан, энд хөлд бас хэлд орсон. Түүнд болон түүний гэрийнхэнд жимсээ амсуулахын тулд модод доош бөхийдөг байсан гэж манай ард түмэн итгэдэг. Тэр энд аж төрж байсан болохоор манай улс орон, ард түмэн адислагдсан” гэж хүндэтгэлтэйгээр ярьж билээ.

Бурханы ёс суртахууны болон мөнх бус байдал дахь сонголтын төлөвлөгөө бидэнд туршлагаараа дамжуулан суралцах боломжийг олгодог. Бидний амьдралын хамгийн агуу сургамжуудын зарим нь бидний хэзээ ч сонгохгүй зүйлсээс ирдэг. Тэрээр хайраар бүхнээс хэцүүг туулж, бүхнээс дээгүүр гарсан. Тэр бидний бүтээх, баясах бурханлаг чадварт болон хариу хүлээдэггүй нинжин сэтгэлд мөн наманчлал, өршөөлд итгэх итгэлд баясдаг. Түүнчлэн Тэрээр хүмүүний сонголтын улмаас ихэвчлэн тохиодог асар их зовлон зүдгүүр, харгислал, шударга бус байдалд гашуудан уйлдаг ба тэнгэрүүд, Тэнгэрийн Бурхан тэдэнтэй хамт байдаг.

Дараалан тохиосон сүнслэг үйл явдлууд, тэдгээрийн давхцал нь Есүс Христийн Цагаатгал, Амилалт, Сэргээлтийн тэнгэрлэг загварын нэгэн хэсэг гэдгийг Христийн амилсны баярын хавар бүр гэрчилдэг. Энэхүү ариун нандин, бэлгэдэл бүхий давхцал нь тохиолдлоор эсвэл санамсаргүй байдлаар тохиогоогүй. Далдуу модны ням гараг, Ариун долоо хоног, Христийн амилсны баяр нь Христийн Цагаатгал, Амилалтыг тэмдэглэдэг. Өнөөдөр буюу жил бүрийн 4-р сарын 6-ны өдөр бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсаныг тэмдэглэдэг. Энэхүү Сэргээлт бол бид жил бүрийн 4-р сарын эхний ням гарагт Ерөнхий чуулганаар цуглардаг шалтгаан юм.

Амилсан Есүс Христ, Мосе, Елиас, Елиа нар 1836 оны Христийн амилсны баярын ням гарагт шинээр онцгойлон адисалсан Көртландын ариун сүмд санваарын түлхүүрүүд болон эрх мэдлийг эргүүлэн өгснөөр Сэргээлт тохиожээ. Тэр өдөр тухайн орчинд Есүс Христийн сэргээгдсэн Сүмд Түүний хүүхдүүдийг цуглуулж, Түүн рүү буцаж очиход нь тэднийг бэлтгэх, гэр бүлүүдийг үүрд мөнхөд нэгтгэх Бурханы эрх мэдэл, адислалууд ирсэн. Тухайн өдөр болсон Сэргээлт нь Христийн амилсны баяр болон Дээгүүр өнгөрөх баяртай давхацсан нь бошиглолыг гүйцэлдүүлсэн билээ.

Ахлагч Гонг Көртландын ариун сүмд

Би саяхан Көртландын ариун сүмээс авхуулаад Охайо мужийн хэд хэдэн ариун газраар зочилсон ба тэр газруудад бошиглогч Иосеф болон бусад хүн бидний Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийг үзэгдлээр харсан юм. Бошиглогч Иосеф тэнгэр ямар болохыг харсан. Тэнгэрлэг Эцэг тэнгэрт Есүс Христээр дамжуулан сүр жавхлангийн хаант улсад “түүний мутрын бүх ажлыг авардаг.” “Хүүг Эцэг илчилсний дараа түүнийг [санаатайгаар] үгүйсгэдэг” тэдгээр хүнд энэ нь хамаарахгүй.

Мөнх бус амьдралд тохинуулж эхлэх үедээ Есүс бүхий л цаг хугацаа, газар, нөхцөл байдалд байгаа хүн бүрийг хүлээн авахыг хүсдэг бүх зүйлээр нь адислах Өөрийн зорилгыг тунхагласан. 40 хоног мацаг барьсныхаа дараа Тэрээр синагогт орж, “Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналсныг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд юм” хэмээн уншжээ.

Ядуу, зовж шаналсан, олзлогдсон, сохор, дарамтад байгаа тэр хүмүүс бол бид юм.

Исаиагийн номд найдвар, чөлөөлөлт, баталгаа бүхий Мессиагийн амлалтыг үргэлжлүүлэн, “Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, гаслангийн оронд магтаалын хувцсыг өг[нө]” хэмээн заадаг.

Тиймээс бид “Би Эзэний дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана. Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, зөвт байдлын нөмрөгөөр бүтээв” хэмээн дуу алддаг.

Христийн амилсны баяр бүрээр бид Есүс Христээр дамжин ирсэн мөнх байдлын агуу бэлгүүд болох Түүний Цагаатгал, Түүний (болон бидэнд амлагдсан) бодит Амилалт, санваарын түлхүүрүүд ба Бурханы бүх хүүхдийг адислах эрх мэдэл бүхий Түүний хожмын үеийн Сүмийн Сэргээлтийг бүхлээр нь бэлгэдэн тэмдэглэдэг. Бид авралын хувцсанд, зөвт байдлын нөмрөгт баясдаг. Бид “Хосанна, Бурхан Хурга хоёр!” хэмээн хашхирдаг.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”

Есүс Христийн Цагаатгал, Амилалт, Сэргээлтээр дамжин амар амгалан, өөрчлөлт, харьяалал ирдэг ба эдгээр нь бодитой, баяр хөөртэй, аз жаргалтай, үүрдийн зүйл гэдгийг бидний хүн нэг бүр олж мэдэх болтугай хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.

Эх сурвалж

  1. Алма 7:11–12-ыг үзнэ үү. Түүнчлэн ариун ёслолын ёслолд дурдагддаг гэрээний амлалтыг анхаарч үзнэ үү. Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд … үргэлж түүнийг сана[ж] … түүний зарлигуудыг сахи[даг] (Сургаал ба Гэрээнүүд 20:77).

  2. Иохан 11:33–35, 39–44-ийг үзнэ үү.

  3. Лук 19:41–44; мөн Mатай 23:37; Лук 13:34-ийг үзнэ үү.

  4. Иаков 5:41

  5. Иохан 20:15

  6. Дуулал 30:5

  7. 3 Нифай 17:21–22

  8. Дуулал 107:9; Иеремиа 33:3-ыг үзнэ үү.

  9. Исаиа 25:8-ыг үзнэ үү.

  10. Aлма 26:12-ыг үзнэ үү.

  11. Boyd K. Packer, “The Saints Securely Dwell,Ensign, Jan. 1973, 89–90-ийг үзнэ үү.

  12. Дуулал номын д. 105 дахь “Христ амилсан!” дуулал нь 2 Нифай 9:10 дахь, Есүс Христ “Энэхүү аймшигт мангасын атганаас зугтах бидний замыг бэлтгэ[дэг], …; тийм ээ, тэр мангас, үхэл болон там, биеийн үхэл мөн түүнчлэн сүнсний үхэл … буюу” гэсэн баярт мэдээг цуурайтуулдаг.

  13. Эхлэл 37–47-г үзнэ үү. Иосефын өөрийн эцэг Иаков болон гэр бүлийнхнээ Египетэд авчирсан түүх удаан хугацаагаар хол байсан аав, хүү хоёр эргэн уулзаж байгаа сэтгэл хөдөлгөм үйл явдлыг харуулдаг. Ийм арга замаар Иаковын гэр бүл болон гэрээт үр удам нь, түүний дотор Лихай ба түүний гэр бүл хадгалагдан үлдсэн юм. (1 Нифай 5:14-15; 6:2-ыг үзнэ үү.)

  14. Эхлэл 45:1–8-ыг үзнэ үү.

  15. Ром 8:28; Сургаал ба Гэрээнүүд 90:24; 98:3-ыг үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээнүүд 110:11; мөн Марк 9:2–10; Лук 9:28–36-г үзнэ үү.

  17. Матай 2:13–15-ыг үзнэ үү.

  18. Сургаал ба Гэрээнүүд 88:6; 122:8-ыг үзнэ үү.

  19. Moсе 7:28-ыг үзнэ үү.

  20. Христийн амилсны баяр 3, 4-р сард тохиож болохыг, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хавар ерөнхийдөө 3, 4-р сард болдог гэдгээс үүдэн бид Христийн амилсны баярын хавар гэж нэрийдэн ярьдаг. Тодорхой огнооноос үл хамааран Христийн амилсны баярын улирал бидэнд Есүс Христээр дамжин ирдэг мөнх байдлын агуу бэлгүүдийг сануулдаг.

  21. Сургаал ба Гэрээнүүд 21:3; 115:4-ийг үзнэ үү.

  22. Христийн амилсны баяраар тохиодог ариун нандин тэмдэглэлт өдрүүд заримдаа яг давхацдаг. Жишээ нь: Христийн амилсны баяр ба Ерөнхий чуулган 2026, 2029 онуудад нэг ням гарагт тохионо. Далдуу модны ням гараг ба Ерөнхий чуулган 2031, 2034 онуудад нэг ням гарагт тохионо. Дээгүүр өнгөрөх баяр 2026, 2029 онуудад Ерөнхий чуулган, Христийн амилсны баяр хоёртой ойролцоо болно. Дээрх тэмдэглэлт өдрүүд давхцаж байгаа эсэх нь эдгээр нь гэнэтийн эсвэл санамсаргүй тохиолдол биш гэдгийг бид ойлгодог. Энэ бол ариун нандин, бэлгэдлийн чанартай зүйл юм.

  23. Сургаал ба Гэрээнүүд 110-ыг үзнэ үү.

  24. Сургаал ба Гэрээнүүд 76:43; мөн 42-р шүлгийг үзнэ үү.

  25. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Энэхүү сэргээгдсэн Сүм нь Бурханы хүүхдүүдийг селестиел хаант улс дахь авралд мөн хамгийн дээд зэрэглэл дэх өргөмжлөлд бэлтгэх зорилготой” гэж заажээ (“Сүр жавхлангийн хаант улсууд,” Лиахона, 2023 оны 11-р сар, 27).

  26. Сургаал ба Гэрээнүүд 76:43

  27. Лук 4:18; мөн Исаиа 61:1-ийг үзнэ үү.

  28. Исаиа 61:3

  29. Исаиа 61:10

  30. Сургаал ба Гэрээнүүд 109:79

  31. Иохан 3:16