Итгэл: Найдвар хийгээд үнэнч байдлын холбоо
Итгэл нь биднийг Есүс Христэд найдах үед нахиалж, Түүнд итгэлтэй, үнэнч байх үед цэцэглэдэг.
Би 17 настай байхдаа найз Хосэ Луистаа сэлэхийг зааж өгнө гэж түүнтэй тохирсон юм. Тиймээс нэг өглөө бид дадлага хийхээр болов. Бидний хичээл дуусаж, намайг усан сангаас гарч явах гэж байтал найз маань тусламж эрэн хашхирах нь тэр. Тэр усан сангийн гүнзгий хэсэгт живж байлаа.
Би шалавхан ус руу үсрэн орж, түүний зүг сэлж байхдаа тусламж гуйн залбирав. Намайг гараас нь татан, уснаас гаргах гэтэл амь тэмцсэн найз минь миний нуруун дээр гарч, хүзүүг минь боочхов. Ингээд бид хоёул живж эхэллээ. Би уснаас гарахаар байдгаараа хичээх үедээ хамаг чадлаараа Бурханаас гайхамшгийг гуйн залбирсан. Тэгтэл Бурханы хүч илчлэгдэж, алгуур хэр нь тасралтгүйгээр нэгэн гар намайг усан сангийн гүехэн хэсэг рүү түлхэж, биднийг аюулгүй газар авчирч байгааг би мэдрэв.
Энэхүү туршлага ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасан, “Усанд живж буй хүн гараа сунган, амьсгаа авах гэж тэмүүлж, хүч гаргадаг шиг та нарыг Их Эзэний хүчийг амьдралдаа авахаар тэмүүлэх үед Есүс Христийн хүч та нарынх байх болно” гэсэн чухал хичээлийг нотлон харуулсан юм.
Хайрт хүүхэд, залуучууд аа, би өнөөдөр та нарт хандан Есүс Христэд итгэх итгэлийн чухал зарчмын талаар ярихыг хүсэж байна.
Христэд итгэнэ гэдэг нь Түүнд найдахыг хэлдэг
Христэд итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бид Түүнд итгэдэг эсвэл Тэр байдаг гэсэн гэрчлэлтэй гэсэн үг үү? Энэ эхлэл нь байж болох ч үүнээс хавь илүү зүйл юм. Та нар итгэлийг найдвар гэдэг талаас нь бодож байсан уу? Гэр бүлийн гишүүн эсвэл найз гэх мэт хамгийн их найддаг хүнээ бодоод үз дээ. Та нар яагаад тэдэнд найддаг вэ? Магадгүй та нар тэдний байнгын хайр, тусламжийг олж харснаас болсон байх.
Бид Христэд итгэлтэй байх үедээ Түүний адислалуудыг таньж мэдэн, Түүнтэй найдвар тээсэн харилцааг үүсгэдэг.
Та нар Христэд найдах найдвараа хэрхэн нэмэгдүүлж чадах вэ?
Саяхан болсон өсвөр үеийнхний онцгой цугларалт дээр та бүхнийг “амьдралдаа тэнгэрлэг гэрлийн цацраг хүлээн авсан мөчөө бясалган бодоход” урьсан билээ. Энэ дасгалыг туршиж үзээрэй!
Христийн талаар, түүнчлэн Түүний Цагаатгал, сайн мэдээнээс та бүхний амьдралд ирдэг аз жаргалын талаар бясалгаснаар эхлүүл. Түүнчлэн Бурхан та нарын талд мөн та нарын хайртай дотнын хүмүүс төдийгүй судруудад гардаг хүмүүсийн талд зогсож байсан “амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжуудыг” тэмдэглэж аваарай. Эдүгээ Сүнс та нарын “махбодын зүрхэн самбарт” сийлэх хүртэл эдгээр гэрчлэл та нарын амьдралд хүчийг авчрахгүй. Тиймээс зөв цаг нь ирэхэд эдгээр гайхамшгийг тохиолгохоор Бурханы бэлдсэн бүхнийг тунгааж мөн тэмдэглэж аваарай.
Дараа нь энэ дасгалыг Бурхантай илүү ойр болох зорилгоор ашиглаарай. Тэнгэрлэг Эцэгт хандан анх удаа залбирч буй мэт залбир. Түүний адислалуудад хайр, талархлаа илэрхийл. Тэр та нарын талаар, та нарын амьдралын зүг чигийн талаар юу гэж бодож байгааг хүртэл асуу.
Хэрэв та нар чин сэтгэлтэй мөн даруу байвал Түүний хариултыг сонсож, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой удаан үргэлжлэх хувийн харилцааг эхлүүлэх болно. Тэр бүү хэл та нарын шашны дадал хэвшлүүд утга учиртай болно! Жишээлбэл: Та нар залбирч, судар судалж, ариун сүмд шүтэн бишрэхээ Тэднийг таньж мэдэх, Тэдэнтэй хамт байх боломж гэж үзэн тэсэн ядан хүлээх болно.
Итгэл нь үнэнч байдлаар цэцэглэн хөгждөг
Итгэл нь биднийг Есүс Христэд найдах үед нахиалж, Түүнд итгэлтэй, үнэнч байх үед цэцэглэдэг. Хэрэв та нар Христтэй үнэнч харилцаатай байхыг хүсвэл гэрээнүүд байгуулж, тэдгээрийг итгэл, үнэнч байдлаар эрхэмлэдгээ Түүнд харуулаарай. Есүс Христтэй гэрээнүүд байгуулах нь найдвар төрүүлдэг. Тэдгээрийг эрхэмлэх нь итгэлийг бий болгодог.
Би өөрийн жишээг хуваалцъя. Хүүхэд байхдаа би ээжийнхээ ганцаараа уйлаад сууж байхыг харав. Яагаад уйлсныг нь асуухад тэр зөөлнөөр “Чи сайн хүү байх хэрэгтэй шүү” гэлээ. Би өөрийгөө түүний гуниг зовлонгийн шалтгаан биш гэдгийг мэдэж байсан ч ээжийгээ хэнээс ч илүү хайрлаж, түүнд найддаг байсан тул түүний амьдралыг хэцүү биш болгохыг хүсэж байлаа. Тиймээс би үргэлж хамгийн сайн хүү байхыг хичээж, түүний бахархал болно хэмээн 9 настай хүүхдээс гарч болох хамаг л чухал царайг гарган, нулимсаа цийлгэнүүлэн андгайлсан юм.
Уг амлалт миний хувьд ямар хүчтэй байсныг мөн одоо ч тийм байгааг та нар төсөөлж байна уу?
Түүнд амласан амлалт амьдралыг минь чиглүүлсэн. Би аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө, үйлдлүүд маань түүнд таалагдах болов уу гэж боддог байсан. Ээжтэйгээ харилцах харилцаа уг амлалттай нэгдэж, амьдралынхаа турш биеэ авч явахад хөтлөх зангуу болсон юм.
Олон жилийн дараа, Есүс Христийг илүү сайн таньж мэддэг болсноор би хэрхэн Түүнд итгэлээ тавьж болохоо аль хэдийн мэддэг болсон байв. Их Эзэнтэй гэрээнүүд байгуулж, сахих үед Тэрээр нүглүүдийг минь өршөөж, амьдралыг минь чиглүүлж, бодгалийн минь цөм хүртэл намайг “хайраараа дүүргэсэн.” Христ миний дотор Түүнийг гэх гүн гүнзгий хайр, хүндлэл, үнэнч байдлыг суулгасан.
Та нар яагаад итгэл бол үйлдлийн зарчим гэдгийг мөн “итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй” гэдгийг ойлгож байна уу?
Та нар Түүнд таалагдах зүйлийг хийхээр хичээх үедээ, Египет дэх Иосеф Потифарын эхнэрт уруу татагдах үедээ хэлсэн шиг “Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” гэж хэлэх болно. Та нар эсэргүүцэлтэй нүүр тулахдаа, залуу бошиглогч Иосеф шиг “Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй … ингэснээр Бурханыг гомдоо[но] … гэдгийг би яавч мэдэж байсан” гэж хэлэх болно.
Тиймээс Есүс Христэд итгэх итгэл бол үнэнч байдал болон хайрын үндсэнд үүссэн найдварын холбоо юм. Өөрөөр хэлбэл, бид Бурханы нигүүлсэнгүй хайранд (hesed) талархаж, Түүний зарлигуудыг сахин үнэнч хайраа (emunah) харуулдаг.
“Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь … Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” хэмээн Христ амласан. Хэрэв та нар Түүнд үнэнч байхаа амлавал Тэр та нарт хайраа илчлэх болно.
Зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ итгэлтэй байх
Гэхдээ та нар Түүний гайхамшиг шаардлагатай болсон хүнд хэцүү нөхцөлд ямар хариу үзүүлэх вэ? Сорилт бэрхшээл учрах нь зайлшгүй, заримдаа аймшигтай байх хэдий ч 2025 оны ӨҮБББТ чуулганы уриан дээр “Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай” хэмээн урьсан шиг айхгүйгээр Түүн рүү алх.
Та нар хэрхэн айхгүйгээр Түүн рүү алхаж чадах вэ?
Та нар өөрсдийгөө газрын зураг дээр тэмдэглэгдээгүй газраар явж буй эрэл хайгуулч гэж төсөөл. Өмнөх саадаа давахын тулд та нарт гэрлийн эх сурвалж хэрэгтэй. Бурханд итгэлтэй байдал, Түүнтэй харилцах байнгын харилцаа бол дэнлүүний тань түлш юм. Тиймээс та нар харанхуй, амь өрссөн нөхцөл байдалтай тулгарах үедээ сохроор алхахын оронд үл мэдэгдэх зам дээр найдварын туяа тусгахын тулд Христэд итгэх итгэлийн тосоор дүүргэсэн дэнлүүгээ асаах болно. Та нарын өнгөрсөн туршлагууд Их Эзэн аялалд тань та нарыг дэмжинэ гэх найдварыг нэмэгдүүлэх болно.
Та нар Христэд итгэх итгэл, найдвараараа хэр хол явах вэ?
Миний усан сангийн түүхийг санаж байна уу? Цөхрөнгөө барсан тэр мөчид гайхамшиг миний санаснаар ирсэн ч үргэлж бидний тааллын дагуу байна гэсэн баталгааг Бурхан өгдөггүй. Христ бидэнд адислалуудыг өгөхөөр сонгох үед бидний итгэл Түүн дээр, найдвар маань Түүний адислалууд дээр төвлөрөх ёстой. “Гайхамшгийг хүлээ” гэхдээ “Бурханыг амьдралдаа ялуул.”
Бурханы Өөрийн итгэлтэй хүмүүст өгдөг амлалт
Залуу найзууд минь ээ, бид та нарт хэчнээн их хайртай мөн найддаг гээч! Та нар Бурханы гэр бүлд харьяалагддаг бөгөөд гэрээний хүүхдүүд юм. Есүс Христэд итгэ мөн Түүнд найд. Тэр та нарт Түүний жинхэнэ шавь нар болох боломжийг олгоно.
Би та бүхнийг өнөөдрөөс эхлэн Есүс Христтэй харилцах харилцаагаа тэжээн тэтгэхэд урьж байна. Түүнийг хэзээ ч орхихгүй гэдгээ амла.
Та нарын үнэнч байдал, хайр, Христэд итгэх итгэл та нарын зан байдал, мөн чанарыг Түүн шиг болгон төлөвшүүлэх болно. Та нар Сатаны дайралтыг давах итгэл, хүч чадлыг олж авах болно. Түүнчлэн та нар алдаа гаргах үедээ Түүний өршөөлийг эрэлхийлэх болно. Эцэст нь та нарын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. Тэр та нараас хүсэн хүлээдэг аливаа зүйлийг хийх Өөрийн хүчийг, тэр байтугай Түүний оршихуйд эргэн очих хүчийг та нарт итгэл хүлээлгэн өгөх болно.
Би та нарт “гэтэлгэх хайрын дууг” дуулахаас, “түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүл[эхээс] ирдэг баяр баяслыг гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.