Ерөнхий чуулган
Амьдралыг нандигнан хайрлах
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


14:10

Амьдралыг нандигнан хайрлах

Амьдрал бол бидний Эцэгийн төгс төлөвлөгөөний хамгийн үнэ цэнтэй хэсэг бөгөөд Түүний зарлигаар бид амьдралыг нандигнан хайрлаж, хамгаалдаг.

Бидний Аврагч, Есүс Христ “Бие биедээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” хэмээн заасан.

Ютагийн нэгэн тойргийн бишоп саяхан нэгэн залуу эмэгтэйд болон түүний гэр бүлд тойргийнх нь гишүүд хэрхэн хайр, халамжаа үзүүлсэн тухай надад ярьсан юм. Хэд хэдэн удаагийн гайхалтай сайхан үйл явдлын дараа эцэг эх нь Аврагчид болон Түүний Сүмд эргэж ирэхээр шийджээ. Тэднийг Сүмээс холдсон байх үеэр өсвөр насны охин нь нэгэн залуутай холбоотой байв. Сүмдээ эргэж ирснээр энэ эрхэм нандин охин Залуу эмэгтэйчүүдийн гэрчлэлийн цуглаанд оролцож, Тэнгэрлэг Эцэгийнхээ асар их хайрыг мэдэрч, зарлигуудыг бүрэн дүрэн дагаж амьдрахаар шийджээ. Тэрээр: “Би наманчлалын үйл явцыг бишоптойгоо хамт эхлүүлсэн” гэж бичсэн байв.

Төд удалгүй түүний бие тавгүйтэж, өвджээ. Тэр: “Тестээр үзтэл … би жирэмсэн болсон байлаа. Намайг … уйлж эхлэхэд … аав минь тэврээд, бүх зүйл сайхан [болно] гэж тайвшруулж, урамшуулсан. … Найз залуу минь намайг … хүүхдээ авхуул гэхэд нь … би зөвшөөрөөгүй.”

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

“Надад гэр бүл шиг минь хандсан тойргийнхоо гишүүдээс би хэмжээлшгүй их хайр энэрэл, дэмжлэг тусламж авсан. Бишоп, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч хоёр маань миний төлөө болохоос нь болохгүйг хүртэл явж хайр халамж, тус дэм үзүүлсэн. … Их Эзэний мутар намайг болон манай гэр бүлийг удирдан чиглүүлж байгааг би харсан. … Хүн бүрд, ялангуяа над шиг байдалд орсон залуу эмэгтэйд манай тойрог шиг гэр бүл хэрэгтэй” гэсэн байв.

Тэр өнгөрсөн 2-р сард бяцхан хүүгээ өөрийн болон тойргийнхоо гэр бүлийн хамтаар хайранд өлгийдөн авчээ.

Их Эзэн Есүс Христ

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхэд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно” гэж хэлсэн.

Зөв шударга сонголтуудад туслах нь

Ганц бие эмэгтэй төлөвлөөгүй хүүхэдтэй болж байгаагаа мэдэх үед эрүүл мэндийн асуудал, санхүүгийн бэрхшээл, сүнслэг хямрал, ичгүүр, боловсролын асуудал, гэрлэлтийн тодорхойгүй байдал, хүсэл мөрөөдөл нь бүтэлгүйтэхээс үүдэх сэтгэлийн хямрал зэрэг нь ухаан балмагдаж, шаналан зовох тэрхүү мөчид ухаалаг эмэгтэйг ч гүн гүнзгий уй гашуу, харамсал авчрах алхмуудыг хийхэд хүргэдэг.

Үр хөндүүлж байсан эсвэл үүнд оролцож байснаасаа болж гүн шаналж, харамсаж байгаа сонсогчдод хандан хэлэхэд, “Хэдийгээр бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч Бурхан өнгөрснийг эдгээж чадна” гэдгийг санаарай. Таныг даруухнаар наманчлан Түүнд хандах үед өршөөл нь Түүний цагаатгагч ач ивээлийн гайхамшгаар дамжин ирэх болно.

Мөнх бус оршихуйн төрөлтийн халдашгүй байдалд амьдрал ба сонголт гэсэн хоёр үг ихэвчлэн холбогддог. Амьдрал бол бидний Эцэгийн төгс төлөвлөгөөний хамгийн үнэ цэнтэй хэсэг бөгөөд Түүний зарлигаар бид амьдралыг нандигнан хайрладаг, хадгалдаг, мөн нэгэнт тээсэн бол амьдралыг үргэлжлүүлэхийг сонгодог. Бид мөн мөнхийн аз жаргалыг авчирдаг Бурханы хүлээн зөвшөөрсөн зөвт сонголтуудыг бэхжүүлэхэд туслах замаар сонголт хийх бэлэг болох ёс суртахууны сонгох эрхийг эрхэмлэн дээдэлдэг.

Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ийм эгзэгтэй цаг мөчид, амаргүй сонголттой тулгарах үед нь бидний хэлсэн үг хэл, гар, зүрх сэтгэл тэдэнд сүнслэгээр, сэтгэл санаа, санхүүгийн хувьд Аврагчийн хайрыг мэдэрч, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлснээр сүнслэг мэлмийгээ “харж байна гэж бодсон зүйлээсээ” “хараахан харж чадахгүй байгаа зүйл” рүү чиглүүлэн хардаг болгон тааруулахад нь туслан адисална.

Мөнх бус амьдралын сургаал

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Үр хөндөлтийн талаарх бидний хандлага мөнх бус амьдрал хэзээ эхэлдэг талаар илчлэгдсэн мэдлэг дээр суурилдаггүй. … Энэ нь … Бурханы бүх сүнсэн хүүхэд гайхамшигт зорилгын төлөө энэ дэлхийд ирэх ёстой бөгөөд хувь хүний мөн чанар үр хөврөл тогтохоос ч өмнө эхэлсэн, үүрд мөнхөд үргэлжлэх болно гэсэн бидний мэдлэгээр тодорхойлогддог” хэмээн хэлсэн.

Их Эзэн төрөөгүй хүүхдийн талаарх Өөрийн үгийг Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгаар дамжуулан хүргэсэн бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөөгүй, зуун зууны туршид бошиглогчдын үгсээр цуурайтан, Их Эзэний биднийг хийгээсэй гэж хүсдэг зүйлсийн талаарх тодорхой бурханлаг ойлголтыг бидэнд өгдөг юм.

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь хүний амьдралын халдашгүй байдалд итгэдэг. Тиймээс, хувь хүн, олон нийтийн зохистой байдлын төлөө Сүм үр хөндөхийг эсэргүүцэж, гишүүдээ үр хөндүүлэхгүй, хөндөхгүй, үүний төлөө мөнгө төлөхгүй, үр хөндөлтийг товлохгүй байх тухай зөвлөдөг.

[Их Эзэн] зөвхөн … :

  • Хүчиндүүлсэн эсвэл цус ойртсоноос болж жирэмсэлсэн үед, эсвэл

  • Мэргэжлийн сайн эмч эхийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй хэмээн тодорхойлсон үед, эсвэл

  • Төрснийхөө дараа хүүхэд амьд мэнд үлдэх боломжгүй, үр хөврөл нь ноцтой гажигтайг мэргэжлийн эмч тодорхойлсон” тохиолдлуудыг хүлээн зөвшөөрдөг.

Тэргүүн зөвлөл цааш нь: “Үр хөндөлт нь маш ноцтой асуудал юм. [Дээрх ховор нөхцөл байдалд орсон ч] үүнийг зөвхөн хариуцлага хүлээх хүн залбирлаар дамжуулан баталгаа хүлээн авсны дараа” мөн бусадтай зөвлөлдсөнийхөө дараа шийднэ гэжээ.

Гучин жилийн өмнө Их Эзэний бошиглогчид дэлхий дахинаа өргөх тунхаг гаргасан билээ. Үүнд дараах үгс багтсан байдаг:

“Бид үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээх Бурханы зарлигийг тунхаглаж байна.

“Мөнх бус амьдралыг бүтээх энэхүү арга замыг тэнгэрээс тодорхойлсон гэдгийг бид тунхаглаж байна. Бид амьдралын ариун нандин чанар, Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх үүний ач холбогдлыг баталж байна.”

Төрөөгүй байгаа амьдралыг тэтгэж, хамгаалах нь улс төрийн байр суурь биш ээ. Энэ бол Их Эзэний өөрийн бошиглогчдоор дамжуулан баталсан ёс суртахууны хууль юм.

Цааш нь үргэлжлүүлэхэд

Тэргүүн зөвлөлд үйлчилж байсан ерөнхийлөгч бага Ж.Рүбэн Кларк: “Сүмийн өсвөр үеийнхэн сүнслэг зүйлсээр өлсөж, сайн мэдээг шулуухан, ямар ч нэмэлт хачиргүйгээр сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байна” хэмээн манай өнөөгийн өсвөр үеийнхнийг гайхалтай сайхан дүрсэлсэн байдаг. Тэд бидний итгэл үнэмшлийн тухай … ; мөн тэдгээр нь үнэн болох талаар гэрчлэлтэй болохыг хүсэж байна. Тэд бол … үнэнийг эрэлхийлэгчид, мөн үнэний эрэлчид юм” хэмээсэн. Бүгдээрээ Их Эзэний ариун явдлын хууль, амьдралын халдашгүй байдал, төрөөгүй хүүхэд болон тэдний эхийг халамжлах талаар гэр орондоо өсвөр үеийнхэнтэйгээ, Халамжийн нийгэмлэг болон ахлагчийн чуулга дээр өөр хоорондоо итгэл, энэрэнгүй сэтгэлээр илүү ойр ойрхон ярьцгаая.

Нэгэн гайхалтай эгч олон арван жилийн өмнө тохиолдсон явдлынхаа талаар надад: “Би 17 настайдаа жирэмсэн болж, найз залуугаасаа ямар ч дэмжлэг авахгүйгээ ойлгосон. Би ичиж, ганцаардсан [ч] [үр хөндүүлэх] талаар огт бодоогүй. … Надад намайг хайрладаг гэр бүл мөн байнга уулзаж зөвлөгөө заавар өгдөг бишоп [байсан]. … Би бас Бурханд хандаж, судруудаа судалж, залбирч [мөн] Аврагчаараа болон наманчлалын үйл явцаар дамжуулан хүч чадлыг олсон. … Би [залбиралдаа] үгүйсгэхийн аргагүй хариулт авсан. … Энэ нь өр зүрхийг минь эмтэлж байсан ч би охиноо үрчлүүлэх хэрэгтэйгээ ойлгосон. … Би зоригтой байхын төлөө залбирч [мөн] наманчлалаар дамжуулан Аврагчийн хайрыг үгүйсгэхийн аргагүй мэдэрсэн болохоор Бурхан … бидний залбиралд хариулж, биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг мэднэ” хэмээн бичсэн байсан.

Нэгэн сайхан хос бяцхан охиныг үрчлэн авч, сайн мэдээг заан өсгөжээ. Тэр эмэгтэй одоо гэрлэж, өөрийн гэсэн сайхан гэр бүлтэй болсон.

Заримдаа амьдралыг хамгаалах нь амаргүй бөгөөд үүнийг зовлон, тодорхойгүй байдал дагалдаж болно.

Саяхан Кэти бид хоёрын хайртай нэгэн залуу хос удахгүй хөөрхөн хүүхэдтэй болох гэж буй талаараа бичсэн юм.

Аав нь: “[Эхнэр маань 10 долоо хоногтой жирэмсэн байхад гайхамшгаар бидэнд ирсэн хүүхэд маань дауны хам шинж гэгддэг 21-р хромосомын хуваагдлын удамшлын өвчтэй болохыг бид олж мэдсэн. Эмч мэргэжлийн хүмүүсийн зүгээс … жирэмслэлтийг зогсоох талаар бодохыг зөвлөсөн дарамтыг бид мэдэрч байлаа. Хэдэн долоо хоногийн дараа бид … хэвлий дэх хүүхэд маань … амьдралынхаа эхний жилд зүрхний мэс засал олон удаа хийлгэх шаардлагатай гэдгийг олж мэдсэн. Энэ үйл явцын туршид бид бурханлаг тусламж гуйн чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд … Сүнс биднийг тайтгаруулж байгааг мэдэрсэн. Охин маань Тэнгэрлэг Эцэгийн шилдэг хүүхэд бөгөөд манай гэр бүлд байх, дэлхий дээр ирэх асар их хүсэл тэмүүлэлтэй байгааг мэдүүлсэн илчлэл болон ойлголтыг бид хүлээн авсан” гэж бичсэн.

Хүүхдийн ээж: “[Бид] энэ мэдээг сонсоод үнэхээр цочирдож, эргэлзэж, үнэндээ сэтгэлээр унасан. … 14 долоо хоногтой жирэмсэн байхдаа хүүхэд маань зүрхний төрөлхийн олон гажигтай, энэ нь үхэлд хүргэж болзошгүйг бид олж мэдсэн. Бид 10–18 долоо хоногтой байхдаа маш олон эмч, мэргэжилтэнтэй уулзаж үзүүлсэн. … Үзүүлэх болгонд биднээс жирэмслэлтээ үргэлжлүүлэх үү аль эсвэл таслан зогсоох уу гэж асууж байлаа. … Аврагч миний зүрх сэтгэлийг эдгээж, бяцхан охиныхоо төлөө баярлан догдолж, амар амгалан байдлыг мэдрэхэд минь тусалсан. … [Тэнгэрлэг Эцэг] Түүнд надад зориулсан төгс төлөвлөгөө байгаа гэдгийг ахин дахин харуулсан [бөгөөд] би Түүнд итгэн найддаг” хэмээн бичжээ.

Тэд бяцхан охиноо яг 7 хоногийн өмнө өлгийдөн авсан. Тэр тэднийх, тэд ч мөнхөд түүнийх болсон.

Шантаршгүй итгэл, гайхалтай эр зориг нь Есүс Христийн шавь нарын онцлог шинж юм.

Итгэлийн гайхамшигт жишээ

Гишүүн байхаа болиод олон жил өнгөрсний дараа гэрээний зам руугаа эргэн орж, санваарын болон ариун сүмийн адислалуудаа дахин авахыг даруухнаар эрэлхийлж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй уулзах аз завшаан надад тохиодог.

Би нэг удаа, Тэргүүн зөвлөлийн нэрийн өмнөөс нэг хүний санваарын болон ариун сүмийн адислалуудыг сэргээх ярилцлага хийх болсон юм.

Ариун сүмд гэрлэж, гурван сайхан хүүхэдтэй болсныхоо дараа тэрээр эхнэртээ болон ариун гэрээндээ үнэнч байж чадаагүй. Ганц бие эмэгтэй жирэмсэлж, үр хөндүүлэхийг хүсжээ.

Уг эрийн гэгээнтэн эхнэр хүүхдээ төрүүлэхийг тэр эмэгтэйгээс гуйж, төрснийх нь дараа хүүхдийг өөрийн хүүхдүүдтэй хамт өсгөхөө амлав.

Ганц бие эмэгтэй сайтар бодож жирэмслэлтийг зогсоохгүй байхаар тохиролцсон аж.

Энэ үйл явдал болсноос хойш 10 жил өнгөрчээ. Миний өмнө сууж байсан тэрхүү даруухан эгч хүүг өөрийн үрээс ялгалгүй хайрлаж, нөхөр нь алдаагаа засан залруулж, түүнийг болон гэр бүлээ хайрлаж, халамжлахыг хичээж байгааг надад хэлэв. Түүнийг ийн ярих үед тэр аав мэгшин уйлж байлаа.

Бурханы энэ эрхэм эмэгтэй яаж нөхрийнхөө үнэнч бус байсныг нь өдөр бүр сануулж болох хүүхдийг өөрийн хүүхдийн адил хүлээн авч чадсан юм бол? Яаж? Тэр Есүс Христээр дамжуулан хүч чадлыг олж, амьдралын ариун, халдашгүй нандин байдалд итгэдэг учир чадсан байв. Тэр төрөөгүй хүүхэд нь Бурханы, гэм зэмгүй, цэвэр ариун хүүхэд гэдгийг мэдэж байсан.

нялх хүүхдийн зургийн цуглуулга

Хайрт ах, эгч нар аа, дэлхий даяар төрөөгүй хүүхдүүдийг хайрлах сэтгэл багассаар байгаа нь ноцтой, сэтгэл эмтрэм асуудал юм. Бурхан амьдралыг нандигнан хайрладаг. Хүүхдүүддээ үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах нь Түүний ажил бөгөөд алдар суу юм. Есүс Христийн шавь нарын хувьд бид амьдралыг нандигнан хайрладаг. “Бие биедээ хайртай байваас үүгээр чинь та нарыг Миний шавь гэдгийг бүгд мэдэх болно.” Бидний тусламж ихэд хэрэгтэй байгаа хүмүүстэй хайраа харамгүй хуваалцах болтугай. Би та нарт болон дэлхий дээр ирж буй Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд хайртай. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иохан 13:35; мөн Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  2. Хувийн захидал, 2025 оны 2-р сарын 6; зөвшөөрлөөр ашиглав.

  3. Хувийн захидал, 2025 оны 2-р сарын 6; зөвшөөрлөөр ашиглав.

  4. Рассэлл М.Нэлсон, “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87.

  5. Францад амьдардаг зөв шударга эмэгтэйн жишээ; Нийл Л.Андэрсэн, The Divine Gift of Forgiveness (2019), 154–156.

  6. Neil L. Andersen, The Divine Gift of Forgiveness, 219; мөн Neil L. Andersen, Jesus Is the Christ (2023), 5-ыг үзнэ үү.

  7. Үр хөндөлтийн талаарх албан ёсны мэдэгдлийг: “Abortion,” newsroom.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Ерөнхий гарын авлага дээр “Хувь хүн үр хөндсөн нүглээ наманчилж, өршөөгдөх боломжтой” гэсэн байдаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.1 Gospel Library). Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Бурханлаг гашуудал бол Сүнсний бэлэг юм. Энэ нь бидний үйлдэл Тэнгэрлэг Эцэг буюу Бурханыг гомдоосныг гүнээ ухааран ойлгох явдал мөн. Энэ нь бидний биеэ авч яваа байдал бол нүгэл гэгчийг мэддэггүй, бүхнээс хамгийн агуу нь болох Аврагчийн сэтгэлийг шаналгаж, зовоход хүргэдэг болохыг хурц, гүнээ ухамсарлан ойлгох явдал мөн. Бидний нүгэл Түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн шүү дээ. Оюун ухаан, сүнсний энэхүү шаналлыг судруудад ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэл’ [Сургаал ба Гэрээнүүд 20:37-г үзнэ үү] хэмээн нэрлэсэн байдаг. Ийм сүнс бол жинхэнэ наманчлалын төгс урьдчилсан нөхцөл мөн” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 83; мөн 2 Коринт 7:10; 3 Нифай 9:20; 18:32-ыг үзнэ үү).

  8. “Их Эзэн Енохт хэлэв: Өөрийн эдгээр ах дүүсийг болгоогтун; тэд бол миний мутрын бүтээл билээ, мөн би тэднийг бүтээсэн тэр өдөр тэдний мэдлэгийг би тэдэнд өгсөн бөлгөө; мөн би Едений Цэцэрлэгт хүнд сонгох эрхийг нь өгсөн билээ;

    Мөн тэд бие биеэ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстойг би чиний ах дүүст хэлж, мөн тэрчлэн зарлиг өгсөн билээ” (Мосе 7:32–33).

  9. Henry B. Eyring, To Draw Closer to God (1997), 143.

  10. Dallin H. Oaks, “The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 74. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн: “‘Утга учир бүхий амьдрал’ хэзээ эхэлдэг нь эсвэл сүнс хэзээ бие махбодыг “амилуулдаг” нь асуудал биш юм. Биологийн шинжлэх ухаанд хоёр үр хөврөлийн эс нийлэн нэгэн эс болж, эцэг, эхийн тус бүр хорин гурван хромосомыг нэгтгэснээр амьдрал эхэлдэг гэдгийг мэддэг. … Амьдралын эхлэл нь маргалдах асуудал биш, харин шинжлэх ухааны баримт юм” (“Reverence for Life,” Ensign, May 1985, 13).

  11. 1879 онд ерөнхийлөгч Жон Тэйлор ийн хэлсэн: “Бид ургийн амийг таслах, нярайг зулбуулах болон бусад жигшүүрт үйлдлийг … хууль журам, шүүхийн шийдвэр эсвэл соёл иргэншил гээд өөр бусад арга хэлбэрээр эсэргүүцвэл зохино” (“Discourse,” Deseret News, Dec. 31, 1879, 755; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн).

  12. Үр хөндөлтийн талаарх албан ёсны мэдэгдэл: “Abortion,” newsroom.ChurchofJesusChrist.org.

  13. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library.

  14. J. Reuben Clark Jr., The Charted Course of the Church in Education, rev. ed. (1994; address to Church Educational System religious educators, Aug. 8, 1938), 3, Gospel Library.

  15. Topics and Questions, “Abortion,” Gospel Library-ийг үзнэ үү.

  16. Хувийн захидал, 2025 оны 2-р сарын 13; зөвшөөрлөөр ашиглав.

  17. Хүүхэд үрчлүүлэхийн адислалын өөр нэгэн сайхан жишээ бол Шэрилин Стинсон ба түүний охин Аллисон, Аллисоныг төрүүлсэн эх Жилл Моргэнсэн нарын түүх юм (Mary Richards, “Navigating the Journey of Adoption Reunification,” Church News, Nov. 18, 2024, thechurchnews.com-ийг үзнэ үү.)

  18. Их Эзэний тусламжтайгаар мөн бидний сунгасан тусламжийн гараар олон хүн арга замаа олон адислагдсан. Amanda Becker, “Finding Hope as a Single Expectant Mother,” Liahona, July 2022 (зөвхөн цахимаар); “The Adoption Decision,” New Era, Mar. 2006, 28–33-ыг үзнэ үү.

  19. Хувийн захидал, 2025 оны 2-р сарын 17; зөвшөөрлөөр ашиглав.

  20. Personal experience; see Neil L. Andersen, The Divine Gift of Forgiveness, 246–247.

  21. Moсе 1:39-ийг үзнэ үү.

  22. Иохан 13:35; мөн Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  23. Тус болж болох бусад эх сурвалж: Topics and Questions, “Unwed Pregnancy,” Gospel Library; “Single Expectant Parents,” General Handbook, 38.6.19; Counseling Resources, “Single Expectant Parents,” Gospel Library.