Бяцхан хүүхэд адил
Нялх үрс, хүүхдүүд, өсвөр үеийнхэн бол Бурханы хаант улс дэлхий дээр бүхий л хүч чадал, гоо үзэсгэлэнд хөгжин цэцэглэж байгаагийн дүр зураг гэдгийг би гэрчилж байна.
Есүс мөнх бус амьдралынхаа сүүлчийн жилийг төлөөлөгчдөө илүү эрчтэй сургаж эхлүүлсэн. Түүний захиас, Түүний Сүм Түүнээс хойш үргэлжлэн тогтнож болохын тулд Түүнийг дагаад хоёрхон жил болж байгаа эгэл жирийн 12 эрийн зүрх сэтгэлд илүү ихийг цутгах хэрэгтэй байлаа.
Нэг өдөр Есүс Арван хоёр нь маргалдахыг хараад: “Та нар юун тухай мэтгэлцээд байв аа?” гэж асуужээ. Тэд маргалдсандаа ичиж, “дуугүй байлаа” гэж цэдэгт өгүүлдэг. Гэвч хамгийн агуу багш Тэрээр тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэж, хувийн бардамнал цухалзаж эхэлснийг нь мэдрээд, Тэр нэгэн хүүхдийг дуудаад … ийн айлджээ.
Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.
Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.”
Христийг төрөхөөс бүр өмнө, Бенжамин хааны эцсийн айлдварт хүүхдийн даруу байдлын тухай гүн гүнзгий тайлбар орсон байсныг онцлох нь зүйтэй. Үүнд: “Эгэл хүн … Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, … хайраар дүүрэн болж, бүр хүүхэд эцэгтээ [ханддаг] шиг … тийм байхгүй аваас Бурханы дайсан … үүрд мөнхөд дайсан байх болно” гэж бичсэн байдаг.
Хүүхдийн гэхээр дэггүй, хуумгай, бидний дэмждэггүй хандлага байгаа нь тодорхой. 25 жилийн өмнө, тухайн үед гурван настай байсан зээ хүү минь таван настай эгчийнхээ гарыг хазчихсан юм. Хүүхдүүдээ харж байсан хүргэн маань сандран, өршөөлийн тухай санаанд орж ирсэн бүх хичээлийг охиндоо зааж, дүү нь гараа хазуулах ямар байдгийг мэдэхгүй учраас л ингэлээ гэсэн дүгнэлтэд хүрэв. Эцгийнх нь энэ хэлсэн зүйл ердөө минут, магадгүй минут хагасын үр дүнг үзүүлсэн ч төд удалгүй хүүхдүүдийн унтлагын өрөөнөөс зээ охин минь “Тэр одоо мэддэг боллоо” гэж хашхирсан гэдэг.
Тэгвэл бид бага балчир үеийнхнийхээ ямар ариун журмуудыг олж харах ёстой вэ? Мормоны Номын хамгийн сэтгэл уярам үйл явдлын үеэр чухам юу Христийг нулимс унагахад хүргэсэн бэ? Есүс тэнгэрийн гал болон хамгаалагч тэнгэр элч нарыг дуудан тэдгээр хүүхдийг хүрээлүүлж, насанд хүрэгчдэд “бяцхан үрсээ болгоогтун” хэмээн зарлиглахдаа юу зааж байсан бэ?
Энэ бүхэн юунаас үүдэлтэйг бид мэдэхгүй ч энэ нь тэдний гэнэн цайлган зан, төрөлхийн даруу байдал, мөн бидний амьдралд авчирч болох зүйлтэй холбоотой гэж би боддог.
Бидний цөхрөлийн өдрүүдийг яагаад “хоосны хоосон” гэж нэрлэсэн юм бол? Яагаад Лихайн үзэгдэлд гардаг, сүнслэг байдлаараа үхсэн асар том хийгээд нүсэр барилгыг “хүмүүний үрсийн ихэмсэг төсөөлөл болоод бардамнал болой“ хэмээн тодорхойлсон юм бол? Амин хувиа хичээн залбирдаг хүмүүс болох зорамчуудын талаар дурдъя. Тэдний тухай Алма: “ай Бурхан, тэд дэлхийн хоосон зүйлсээр ихээр ихэмсэглэж байхдаа, амаараа танд залбирах ажгуу“ гэж хэлсэн байдаг.
Эсрэгээрээ, хүүхдийн залбирлаас илүү уярам, цэвэр ариун, даруу зүйл байдаг гэж үү? Энэ нь яг л тэнгэр өрөөнд буугаад ирсэн юм шиг байдаг. Бурхан ба Христ бол маш бодит байхад бусад хүний хувьд ийм үйл явдал нь хожим мухар сүсэг төдий зүйл болж болох юм.
60 гаруй жилийн өмнө ахлагч Ричард Л.Эванс: “Бидний олон нь өөрсдийгөө Христийн шашинтан гэж үздэг ч бид … Түүнд нухацтай ханддаггүй. … Бид Түүнийг хүндэлдэг ч Түүнийг дагадаггүй. … Бид Түүний үгийг эш татдаг ч үгийнх нь дагуу амьдардаггүй.” Бид Түүнийг бахдан хардаг ч Түүнийг шүтэн биширдэггүй.”
Хэрэв хүмүүс Есүсийг бохир үг хэллэг урсгах түвшнээс дээгүүр тавьдаг байсан бол амьдрал хэр өөр байх байсан бол оо.
Харин хүүхдүүд Түүнд үнэхээр хайртай, тэр хайр нь тэдний амьдралын бяцхан талбарт нь бусадтай харилцахад нөлөөлөх боломжтой байдаг. Жам ёсоор хүүхдүүд бага байх тусмаа л амархан хайрлаж, түргэн уучилж, баяр хөөртэй инээдэг нь хамгийн хүйтэн, хатуу сэтгэлийг ч уяраадаг.
Жагсаалтыг энэ маягаар үргэлжлүүлээд л байж болно. Цэвэр ариун байдлын хувьд уу? Итгэл найдвар? Зориг? Шударга зан чанарын хувьд уу?
Би та нарт Бурханы өмнө даруу байдлыг үзүүлсэн маш дотны нэг залуу найзынхаа жишээг ярьж өгье.
2025 оны 1-р сарын 5-нд буюу 91 өдрийн өмнө Ийстон Даррин Жолли Аароны санваар хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд диконоор томилогджээ.
Ийстон ухаан орсон цагаасаа л Их Эзэний Зоогийн ариун ёслолыг түгээхийг тэсэн ядан хүлээсээр ирсэн. Гэвч энэхүү ариун боломжийнх нь хажуугаар бүтэлгүйтэх вий, унах вий, шоолуулж өөрийгөө болон гэр бүлийнхнээ ичгэвтэр байдалд оруулах вий гэсэн дотор эвгүйрхэм айдас дагалддаг байж.
Ийстон ховор бөгөөд маш хөнөөлтэй өвчин болох Уллрихийн төрөлхийн булчин сулрах өвчтэй байв. Энэ нь түүний бага насыг хүнд сорилтуудаар аажим аажмаар дүүргэж, ирээдүйн итгэл найдвар, мөрөөдлийг нь нураажээ. Тэрээр удахгүй байнга тэргэнцэр дээр суудаг болно. Гэр бүлийнхэн нь түүнийг хожим юу хүлээж байгаа талаар ярьдаггүй.
Ийстон томилогдсоныхоо дараах ням гарагт анх удаа ариун ёслол түгээх байв. Тэр өөрийгөө болон эдгээр ариун нандин бэлгэдлийг тойргийнхоо бишоп аавынхаа урд зогсон өргөн барих боломжийг нууцхан хүсэн хүлээж байлаа. Тэр энэ ажлыг хийх гэж тэсэн ядан хүлээхдээ хэн ч, өөр ямар ч хүн өөрт нь туслахгүй гэсэн баталгааг учирлан, уйлан гуйж байсан юм. Үүнийг ганцаараа, хувьчлан, туслалцаа авалгүй хийх хэрэгтэй олон шалтгаан түүнд байсан.
Пристийг Христийн гэмтэж шархалсан биеийг бэлгэдсэн талхыг жижиглэн хувааж адисалсны дараа Ийстон өвдөж эмтэрсэн биеэ хүчлэн байж талхны сагсыг хүлээн авахаар доголж очив. Гэвч тэнд цуглааны байрны шалнаас индэр лүү гарах гурван гишгүүртэй шат байлаа. Тэгээд тэр сагсаа хүлээж аваад, гараа чадлаараа дээш сунган сагсыг шатны бариул дээр тавив. Дараа нь шатны дээд гишгүүр дээр суугаад хоёр гараараа баруун хөлөө эхний шат руу өргөж тавив. Дараа нь зүүн хөлөө өргөн мөнхүү шатан дээр зэрэгцүүлэн тавих маягаар чадлаараа зүтгэн гүрийсээр гурван гишгүүрт Эверест уулынхаа оргил дээр гарсан юм.
Дараа нь тэр хөл дээрээ зогсохын тулд дэргэдэх багана руу дөхөж очоод, гараараа татан өөдөө зүтгэсэн. Хөл дээрээ зогсчхоод тэр талхны сагс руугаа буцаж очин авав. Дахиад хэд алхсаныхаа дараа тэрээр нулимс нүдийг нь бүрхэж хацрыг нь даган урсах бишоп аавынхаа өмнө зогсов. Аав нь төгс зоригтой, итгэлтэй хүүгээ тэвэрмээр байвч биеэ барьж байлаа. Тайвширч, яралзтал инээмсэглэсэн Ийстон хүүгийн царайд “Хий гэж надад өгсөн ажлыг [тань] гүйцэтгэн Би [аав таныгаа] алдаршуулав“ хэмээх үгс тодрох шиг.
Итгэл, үнэнч зан, цэвэр ариун байдал, итгэл найдвар, нэр төр, эцэст нь таалалд нь нийцэхийг хүссэн эцгээ хайрлах хайр. Эдгээр болон өөр олон зан чанар нь биднийг ч бас “Хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно” хэмээн хэлэхэд хүргэдэг.
Эгч, ах, найз нар аа, миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй зургуудын эхэнд өнөөдрийн бидний ярьж байгаа ухамсартай, үнэлж баршгүй нялхас, хүүхдүүд, өсвөр үеийнхний зураг байдаг гэдгийг би гэрчилж байна. Тэд бол Бурханы хаант улс дэлхий дээр бүхий л хүч чадал, гоо үзэсгэлэнд хөгжин цэцэглэж байгаагийн дүр зураг гэдгийг би гэрчилж байна.
Энэ гэрчлэлтэй зэрэгцүүлэн Иосеф Смит өсвөр насандаа харсан гэж хэлсэн зүйлээ харж, ярьсан гэж хэлсэн тэдэнтэйгээ ярилцсан гэдгийг би гэрчилж байна. Даруу, цэвэр ариун Рассэлл М.Нэлсон бол Бурханы томилсон, бэлэг хүлээн авсан бошиглогч, үзмэрч гэдгийг би гэрчилж байна. Насаараа уншиж ирсний хувьд, Мормоны Ном бол миний уншиж байсан номуудаас амьдралд хамгийн ихийг өгдөг ном, олон орд харшийн хаант улс дахь бяцхан гэрийн маань тулгуур чулуу гэдгийг би гэрчилж байна. Санваар, Христийн санваар, мөн залбирал, та бүхний залбирал миний амьдралыг сэргээж байгааг гэрчилж байна. Би энэ бүхнийг үнэн гэдгийг мэднэ, мөн Бурханы бүх хөвгүүнээс хамгийн үнэнч, даруухан нь буюу Альфа ба Омега, Агуу Би байдаг гэх, цовдлогдсон, итгэлтэй гэрч— бүр Их Эзэн Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.