Ерөнхий чуулган
“Надад ойрт”
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


17:5

“Надад ойрт”

Есүс Христ бидний хүн нэг бүрд хайртай. Тэрээр Өөрт нь улам ойртох боломжийг бидэнд олгодог юм.

Хайрт ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү Ерөнхий чуулганаар би та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Энэ бол Түүний Сүм. Бид Түүний нэрээр дэлхий даяар байруудад болон гэр орондоо цуглараад байна.

Бид Түүний хаант улсад гэрээгээр орохдоо Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг. Тэр бол Бурханы амилсан, алдар суут Хүү юм. Харин бид мөнх бус бөгөөд нүгэл үйлдэж, үхлийн эрхшээлд байдаг. Гэсэн ч Аврагч бидний хүн нэг бүрд хайртай учраас биднийг Өөрт нь илүү ойртон ирээсэй гэж хүсдэг.

Булшнаас гарч ирж буй Аврагч.

Тэрээр биднийг ийнхүү урьжээ: “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.”

Бидэнд Аврагч Есүс Христтэй ойр байгаагаа мэдэрдэг үеүд байдаг ч заримдаа мөнх бус сорилтынхоо үеэр бид Түүнээс холдож, хөндийрч байгаагаа мэдэрч, Түүнийг бидний зүрх сэтгэлд юу байдгийг мэддэг, хүн нэг бүрийг хайрладаг гэсэн нотолгоог хүсдэг.

Аврагчийн урилга тэрхүү нотолгоог мэдрэх арга замыг багтаадаг. Үргэлж Түүнийг дурсан санаснаар Түүнд ойрт. Судар судалснаар Түүнийг тууштайгаар эрэлхийл. Түүний Цорын Ганц Хүүд улам ойртохын тулд Тэнгэрлэг Эцэгтээ чин сэтгэлээсээ залбиран гуй.

Энэ тухай бодох энгийн арга бий. Хэрэв та хайртай найзаасаа хэсэг хугацаанд хол байвал иймэрхүү зүйл хийх байх. Та түүнтэй холбогдох арга замыг олж, түүнээс ирсэн ямар ч зурвасыг нандигнан, түүнд туслахын тулд чадах бүхнээ хийх байсан.

Энэ нь хэр ойрхон, хэр удаан үргэлжилнэ, тэр хэрээр хоорондох харилцаа тань гүнзгийрч, батжих бөгөөд улам бүр ойртож байгаагаа мэдрэх болно. Хэрэв тийм ойр дотно нандин харилцаагүй, нэг нэгэндээ туслах боломжгүй удвал харилцаа тань сулрах болно.

Есүс Христ бидний хүн нэг бүрд хайртай. Тэрээр Өөрт нь улам ойртох боломжийг олгодог. Хайртай найзтайгаа хийсний адилаар та Тэнгэрлэг Эцэгтээ хандан Есүс Христийн нэрээр залбирах залбирлаар дамжуулан холбоо барьж, Ариун Сүнсний ойр дотнын удирдамж зөвлөгөөг сонсож, Аврагчийн төлөө бусдад баяртайгаар тусалснаар үүнтэй адил замаар үйлдэх болно. Удалгүй та Түүнд илүү ойртож байгаа адислалыг мэдрэх болно.

Би өсвөр насандаа тушаалуудад дуулгавартай байх энгийн үйлдлээр дамжуулан Аврагчид илүү ойртон очихын мөн Түүнийг надад илүү ойртон ирэхийн баяр баяслыг мэдэрсэн юм. Намайг бага байхад ариун ёслолыг оройн цуглааны үеэр түгээдэг байлаа. Би тэртээх 75 гаруй жилийн өмнөх нэгэн оройг одоо хүртэл тодорхой санадаг. Тэгэхэд гадаа харанхуй, хүйтэн жихүүн байсан. Би Тэнгэрлэг Эцэгийн Хүүг үргэлж дурсан санаж, зарлигуудыг нь дагана хэмээн Түүнтэй гэрээ байгуулан, ариун ёслолоос хүртэхийн тулд гэгээнтнүүдтэй хамт цугларч зарлигуудыг дагаж байснаа анзаарахдаа гэрэл, дулааныг мэдэрч байснаа санадаг.

Тэр үдэш цуглаан өндөрлөх үед бид “Ай, Аврагч минь, Та энэ орой надтай хамт байгаач, гуйя” гэсэн сэтгэлд шингэсэн үгтэй, “Хамт байгаач, энэ үдэш надтай” гэдэг дууллыг дуулсан.

Дууллын үгс залуу надад Сүнсний мэдрэмжийг асар хүчтэй мэдрүүлсэн. Тэр үдэш би Ариун Сүнсний тайтгарлаар дамжуулан Аврагчийн хайрыг болон Түүний ойр байгааг мэдэрсэн.

Олон жилийн дараа, өсвөр насандаа ариун ёслолын цуглааны үеэр мэдэрсэн тэрхүү Аврагчийн хайр болон Их Эзэний оршихуйг би дахин нэг удаа мэдрэхийг хүссэн юм. Тэгээд би бас нэг энгийн зарлигийг дагаж, судруудыг судалсан.

Аврагчийг цовдолж, булшинд тавьснаас хойш гурван өдрийн дараа итгэлтэй шавь нар нь Түүнийг хайрлан биеийг нь тослохоор ирсэн тухай би Лук номоос уншсан. Тэд ирээд, булшны амыг хаасан чулуу хөдөлж Түүний бие байхгүй байгааг мэджээ.

Христийн булшны гадаах тэнгэр элч.

Хоёр тэнгэр элч тэнд зогсож, тэднээс яагаад айсан тухай асуув.

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.

Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ?”

Христ ба шавь нар Еммау хүрэх замд.

Тэр үдэш харуй бүрий болж байхад хоёр шавийг нь Иерусалимаас Еммау хүрэх замаар алхаж явахад амилсан Их Эзэн үзэгдэж, тэдэнтэй хамт алхав.

Лук ном бидэнд тэр үдэш тэдэнтэй хамт алхах боломжийг олгодог.

“Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав.

Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй.

Есүс тэдэнд: Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа.

Тэдний нэг, Клеоп гэгч нь Түүнд Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд бүр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу? гэ[в].”

Тэд Есүсийг Израилын Цагаатгагч байх болно гэж итгэж байтал нас барчихсанд нь гунигтай байгаагаа Түүнд хэлжээ.

Амилсан Их Эзэнийг харамсан гашуудсан энэ хоёр шавьдаа хандан ярих үед дуу хоолойд нь сэтгэл хөдлөлийн ямар нэгэн өнгө аяс илэрч байсан нь гарцаагүй.

Үргэлжлүүлэн унших үедээ би жаахан байхдаа мэдэрсэн шиг зүрх сэтгэлийг минь дулаацуулсан дараах үгсийг уншлаа.

“Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.

Тэд Түүнийг ятган, Бидэнтэй хамт байгаач. Нар хэдийнээ хэвийж, орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй хамт байхаар болж, гэрт оров.”

Христ шавь нартайгаа сууж байгаа нь.

Тэр шөнө Аврагч шавь нарынхаа гэрт орох урилгыг хүлээн авчээ. Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч адислан, хуваагаад тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Тэгэхэд Тэр нүдэнд нь харагдахгүй алга болсон юм.

Лук бидэнд зориулж тэдгээр адислагдсан шавь нарын сэтгэгдлийг ийнхүү цэдэглэсэн байна: “Тэд нэг нэгэндээ -Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу?”

Хоёр шавь нь тэр даруйдаа юу тохиолдсоныг арван нэгэн төлөөлөгчид хэлэхээр Иерусалим руу яаран буцлаа. Тэднийг юу болсныг ярьж байх тэр мөчид Аврагч дахин гарч иржээ.

Тэрээр тэдний дунд зогсож, “Амар амгалан та нарт байх болтугай гэв.” Дараа нь Тэрээр Эцэгийнхээ бүх хүүхдийн нүглийг цагаатгах, үхлийн хүлээсийг тайлах зорилгынхоо бошиглолуудын тухай дахин ярив.

“Есүс тэдэнд хандаж Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.

Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм.

Энэ бүхний гэрч нь та нар мөн” хэмээв.

Алма Мормоны Усан дээр зааж байгаа нь

Түүний хайртай шавь нарын адилаар баптисмын хаалгаар орохыг сонгосон Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Аврагчийн гэрчлэгч байх, мөнх бус амьдралынхаа туршид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэрээнд нэгддэг. Хэдэн зууны өмнө Мормоны усны дэргэд Мормоны Номын агуу бошиглогч Алма энэхүү амлалтыг тодорхой болгосон билээ.

“Та нар Бурханы сүрэгт орж, мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй, мөн нэг нэгнийх нь ачаа хөнгөн байж болохын тулд тэдгээрийг үүрэлцэхэд бэлэн учир;

Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд … хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлэн учир буюу, тэгснээр та нар Бурханаар гэтэлгэгдэж, мөн … тийн мөнх амьдралыг авч болохын тулд буюу” хэмээн Тэрээр цэдэглэсэн.

Та нар энэ амлалтууддаа үнэнч байх үедээ Их Эзэн үйлчлэлд тань тантай хамт нэг байж, ачаануудыг тань хөнгөлнө гэсэн амлалтаа сахидаг гэдгийг олж мэдэх болно. Та нар Аврагчийг таньж мэдэж, цаг нь ирэхэд Түүнтэй адил болж, “Түүгээр төгөлдөрж[их болно].” Та нар Аврагчийн төлөө бусдад тусалснаар Түүнд илүү ойртож байгаагаа мэдэх болно.

Хайртай хүмүүс нь мөнх амьдралын замаасаа гараад бэдэрч яваа хүмүүс та нарын дунд олон байгаа. Та нар тэднийг эргүүлэн авчрахын тулд өөр юу хийж чадахаа мэдэхийг хүсэж байгаа. Та нарыг Их Эзэнд итгэлтэй үйлчлэхэд Их Эзэн тэр хүмүүст илүү ойртон очно гэдэгт найдаж болно.

Иосеф Смит, Сидней Ригдон нарыг гэр бүлээсээ хол сайн мэдээг номлож явах үед Их Эзэн тэдэнд дараах амлалтыг өгснийг та нар санаж байгаа байх: “Миний найзууд Сидней мөн Иосеф, та нарын гэр бүлүүд сайн байна; тэд миний мутарт буй, мөн би өөрт сайн санагдсаныг тэдэнд үйлдэх болно; учир нь надад бүх хүч буй.”

Та нарыг тусламж хэрэгтэй хүмүүсийн шархыг боох үед Их Эзэний хүч та нарыг дэмжих болно. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийг халамжилж, адислахаар та нартай хамт гараа сунгах болно.

Есүс Христийн гэрээт үйлчлэгч бүхэн Түүний төлөө бусдад тусалж адислахдаа Түүний удирдамжийг Сүнснээс хүлээн авах болно. Тэгээд тэд Аврагчид илүү ойр байхын баяр баяслыг олж мөн Түүний хайрыг мэдрэх болно.

Би Еммау хүрэх зам дээрх гэрт хоёр шавьтай нь хамт байсан мэт, Их Эзэний амилсныг баттайгаар гэрчилж байна. Тэр амьдыг би мэднэ.

Энэ бол Түүний үнэн сүм—Есүс Христийн Сүм. Бид шүүлтийн өдөр Аврагчийн өмнө нүүр нүүрээ харан зогсох болно. Энэ амьдралд Түүнд ойртон очиж, үйлчилж, “Сайн байна, итгэмжит сайн зарц минь!” хэмээх Түүний үгсийг сонсохыг тэсэн ядан хүлээж буй хүмүүсийн хувьд энэ нь агуу баяр баяслын цаг байх болно.

Би амилсан Аврагч, бидний Гэтэлгэгчийн гэрчийн хувьд энэ бүгдийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.