Аврагчтай уулзах хувийн бэлтгэлээ хангах нь
Аврагчийн сургаалыг дага. Түүний зааврууд учир битүүлэг, нарийн төвөгтэй биш юм. Бид тэдгээрийг дагадаг бол айж, санаа зовох хэрэггүй.
Хүндэт ах эгч нар аа, өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна” хэмээн заасан. Ерөнхийлөгч Нэлсон Хоёр дахь ирэлтийн талаар үргэлж баяр баясгалантай, өөдрөг үзлээр ярьдаг билээ. Гэвч саяхан Хүүхдийн хэсгийн нэг охин Хоёр дахь ирэлтийн талаар ярих бүрд санаа нь зовдог тухайгаа надад хэлсэн юм. “Есүс дахин ирэхээс өмнө муу муухай зүйлс тохиолдох учраас би айж байна” гэж тэр хэлэв.
Энэхүү мэдрэмж нь зөвхөн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Тэр охинд, та нарт, бас надад өгөх хамгийн сайн зөвлөгөө бол Аврагчийн сургаалыг дагах явдал мөн. Түүний зааврууд учир битүүлэг, нарийн төвөгтэй биш юм. Бид тэдгээрийг дагадаг бол айж, санаа зовох хэрэггүй.
Мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь төгсгөлд Есүс Христээс хэзээ дахин ирэхийг нь асуужээ. Тэр хариулахдаа Хоёр дахь ирэлтээр ч бай эсвэл бид энэ дэлхийг орхих үедээ ч бай Түүнтэй уулзахад хэрхэн бэлтгэх талаар Матай 25-д цэдэглэсэн гурван сургаалт зүйрлэлийг заасан. Түүнтэй уулзахаар хувийн бэлтгэлээ хангах нь амьдралын зорилгын гол цөм учраас эдгээр сургаал маш чухал юм.
Аврагч эхлээд арван охины сургаалт зүйрлэлийг хэлэв. Энэхүү сургаалт зүйрлэлд арван охин хуримын найрт очжээ. Тав нь ухаалаг байж, дэнлүүгээ дүүргэх тос авчрахад нөгөө тав нь мунхаг байж авчраагүй байлаа. Сүйт залуу удахгүй ирнэ гэдгийг зарлахад мунхаг охид тос худалдаж авахаар явжээ. Тэднийг эргэж ирэхэд дэндүү оройтсон байв. Найрын хаалга хаалттай байв.
Есүс энэхүү сургаалт зүйрлэлээс бидэнд тус болох гурван зүйлийг онцолсон. Тэр
“Мөн намайг сүр жавхландаа залран ирэх тэр өдөр арван онгон охины талаар миний ярьсан сургаалт зүйрлэл хэрэгжих болно.
Учир нь мэргэн бөгөөд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг өөрсдийн хөтөч болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд … тэр өдрийг тэсэн гарах болно” хэмээн тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, тэд амьд үлдэж, өсөн дэвжих байсан учир айж, санаа зовох хэрэггүй байв. Тэд ялах болно.
Хэрэв бид ухаалаг байвал санваарын ёслол, гэрээнүүдээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг хүлээн авснаар үнэнийг хүлээн авдаг. Дараа нь бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахуйц зохистой байхаар хичээх хэрэгтэй. Энэ чадварыг хувь хүн өөрөө дусал дуслаар олж авах ёстой. Хувийн сүсэг бишрэлийн тууштай үйлдлүүд нь Ариун Сүнсэнд биднийг удирдах боломж олгодог.
Есүсийн онцолсон гурав дахь зүйл нь хууран мэхлэлтээс зайлсхийх юм. Аврагч:
“Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил.
Учир нь олноороо Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөлдүүлнэ” хэмээн сэрэмжлүүлсэн.
Дүр эсгэгчид сонгомол хүмүүсийг хүртэл мэхлэхийг хичээх бөгөөд олон шавь нь мэхлэгдэх болно гэдгийг Аврагч мэдэж байсан. Бид бурханлаг эрх мэдлийг хуурамчаар тунхагладаг хүмүүст итгэх юм уу цөл рүү эсвэл дотоод өрөөний зүйрлэл болсон газрууд руу хуурамч багш нараар заалгахыг эрэлхийлэн явах ёсгүй.
Мормоны Ном бидэнд хууран мэхлэгчдийг шавь нараас хэрхэн ялган таних талаар заадаг. Шавь нар үргэлж Бурханд итгэх, Түүнд үйлчлэх, сайныг үйлдэхийг хөхиүлэн дэмждэг. Бид Аврагчийн итгэлтэй шавь нар болох найдвартай хүмүүсийг эрэлхийлж, тэднээс зөвлөгөө авахдаа мэхлэгдэхгүй.
Түүнчлэн бид ариун сүмд тогтмол шүтэн биширснээр хууран мэхлэлтээс зайлсхийж болно. Энэ нь бидэнд алсын хараагаа мөнхийн зүйлсэд хандуулахад тусалдаг бөгөөд биднийг гэрээний замаас маань сарниулж, холдуулж болох нөлөөнөөс хамгаалдаг.
Энэ арван охины сургаалт зүйрлэлийн гол сургамж нь бид сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг эрэлхийлэн, хууран мэхлэлтээс зайлсхийснээр ухаалаг байх юм. Ухаалаг таван охин тосгүй ирэгсдэд тусалж чадаагүй. Хэн ч бидний өмнөөс сайн мэдээг хүлээн авч, Ариун Сүнсийг удирдамж болгон авч, хууран мэхлэлтээс зайлсхийж чадахгүй. Бид үүнийг өөрсдийнхөө төлөө хийх ёстой.
Дараа нь Аврагч талантын тухай сургаалт зүйрлэлийг айлдсан. Энэ сургаалт зүйрлэлд нэг хүн гурван зарцдаа өөр өөр хэмжээний талант буюу мөнгө өгчээ. Тэрээр нэг зарцдаа тав, нөгөөд нь хоёр, удаахад нь нэг талант өгчээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эхний хоёр зарц нь хүлээн авсан мөнгөө хоёр дахин өсгөжээ. Харин гурав дахь зарц ганц талантаа газарт булчихжээ. Авсан талантаа үржүүлсэн хоёр зарцдаа эзэн нь “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” хэмээн хэлдэг.
Харин авсан талантаа газар булсан зарцаа “Олиггүй муу [залхуу] боол” хэмээн зэмлэжээ. Уг зарцын талантыг нь аваад, хөөн явуулжээ. Хэрэв энэ зарц талантаа хоёр дахин өсгөсөн бол бусад зарцын нэгэн адил магтаал хүртэж, шагнуулах байлаа.
Энэ сургаалт зүйрлэлийн нэг захиас нь Бурхан биднийг хүлээн авсан чадваруудаа өсгөн хөгжүүлэхийг хүсэн хүлээдэг боловч өөрсдийн чадварыг бусдынхтай харьцуулахыг хүсдэггүй. 18-р зууны Хасидийн эрдэмтэн Аниполын Зусягийн тайлбарыг авч үзье. Зуся алдартай багш байсан ба үхэх дөхөж байгаагаа мэдээд айж байв. Шавь нар нь “Багш аа, Та яагаад айдаст автана вэ? Та сайн сайхан амьдарсан. Бурхан танд агуу шагнал соёрхох нь гарцаагүй” гэцгээжээ.
Зуся хариуд нь, “Хэрэв Бурхан надад: ‘Зуся, чи яагаад Мосе шиг болоогүй юм бэ?’ гэвэл ‘Яагаад гэвэл та Мосед өгсөн бодгалийн агуу байдлыг надад өгөөгүй’ гэж хэлнэ. Хэрэв би [Бурханы өмнө зогсоод, Тэр] надад, ‘Зуся, чи яагаад Соломон шиг болоогүй юм бэ?’ гэвэл ‘Учир нь та надад Соломоны мэргэн ухааныг өгөөгүй’ гэж хэлнэ. Харин би Бүтээгчийнхээ өмнө зогсоод тэрээр, ‘Зуся, чи яагаад Зуся болоогүй юм бэ? Чи яагаад миний чамд өгсөн чадамжид хүрч чадсангүй вэ?’ гэж асуух вий гэхээс айж байна” гэжээ.
Хэрэв бид Бурханаас өгөгдсөн чадваруудаа өсгөн хөгжүүлэхийн тулд Аврагчийн гавьяат үйлс, нигүүлсэл, ач ивээлд найдахгүй бол Бурхан үнэхээр гонсойх болно. Тэрээр биднийг хайрлан өгсөн тусламжийг нь ашиглан өөрсдийн болж чадах хамгийн сайн түвшинд хүрээсэй хэмээн хүсдэг. Бид эхлэхдээ ямар чадвартай байгаа нь Түүнд хамаагүй. Бид ч бас ийм хандлагатай байх ёстой.
Эцэст нь Аврагч хонь, ямааны сургаалт зүйрлэлийг хэлсэн. Тэр сүр жавхлантайгаар эргэж ирэхдээ “Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана.”
Түүний баруун талд байгаа хүмүүс Түүний хаант улсын өв залгамжлагчид болж, зүүн талд нь байгаа хүмүүс өв хүртээгүй юм. Тэд Түүнийг өлссөн байхад нь хооллож, цангах үед нь ундаалж, харь хүн байхад нь оруулж, нүцгэн байхад нь хувцаслаж, өвдөж эсвэл шоронд байхад нь эргэж очдог байснаараа хоорондоо ялгарч байв.
Баруун, зүүн талд байгаа хүмүүс аль аль нь бүгд гайхаж байв. Тэд хэзээ Түүнд хоол унд, хувцас хунар өгч байсан эсвэл хэзээ өгөөгүй мөн тусламж хэрэгтэй үед нь Түүнд тусалж байсан эсвэл туслаагүйг асууцгаав. Аврагч хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” хэмээн хэлсэн.
Сургаалт зүйрлэлийн захиас нь тодорхой юм: Бид бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг; үгүй бол гонсойлгодог. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдралыг адислахын тулд өөрсдийн бэлэг, авьяас, чадварыг ашиглахыг Тэр биднээс хүсэн хүлээдэг. Бусдад үйлчлэх тэнгэрлэг хүслийг 19-р зуунд Финляндын яруу найрагч Иохан Людвиг Рунебергийн бичсэн шүлэгт дүрсэлсэн байдаг. Би хүүхэд байхдаа “Фермер Пааво” хэмээх шүлгийг ах дүү нартайгаа хамт олон удаа сонсож байсан. Шүлэгт гардаг Пааво эхнэр, хүүхдүүдийнхээ хамт төв Финляндын нуурын бүс нутагт амьдардаг ядуу тариачин байжээ. Тэрээр хэдэн жил дараалан хаврын шар усны үер, зуны мөндөр эсвэл намрын хяруунаас болж ургацынхаа ихэнхийг нь алджээ. Тарчигхан ургац хураах бүрд тариачны эхнэр: “Пааво минь, Пааво минь, хөөрхийлөлтэй өвгөн минь, Бурхан биднийг орхижээ” хэмээн гашууддаг байв. Пааво шийр зааж, хариуд нь: “Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд талх хийхдээ хөх тарианы гурилд модны холтос хольж хутга. Би намагтай талбайг хатаахын тулд илүү шаргуу ажиллана. Бурхан биднийг сорьдог боловч хэрэгцээг маань хангах болно” гэж хэлдэг байв.
Ургац нь сүйдэх бүрд Пааво өлсгөлөнгөөс сэргийлэхийн тулд гурилтай холих модны холтсыг хоёр дахин нэмж хийхийг эхнэртээ зааварладаг байв. Тэр бас илүү шаргуу ажиллаж, хаврын шар усны үер, намрын хяруу зэргээс сэргийлэхийн тулд суваг шуудуу татаж байв.
Олон жилийн бэрхшээлийн эцэст Пааво арвин их ургац хураажээ. Эхнэр нь баярлан: “Пааво, Пааво, одоо л нэг жаргах цаг ирлээ! Модны холтсоо хаяж, зөвхөн хөх тариагаар хийсэн талх барих цаг болжээ” гэж хэлэв. Харин Пааво эхнэрийнхээ гарыг атган: “Гурилынхаа хагасыг холтостой холиорой, манай хөршийн талбай хяруунд цохиулжээ” хэмээн хэлэв. Пааво зовлонд нэрвэгдэж, гачигдсан хөршдөө туслахын тулд өөрийнхөө болон гэр бүлийнхээ элбэг хангалуун байдлыг золиосолжээ.
Хонь, ямааны тухай Аврагчийн сургаалт зүйрлэл бол бид өөрсдөд маань өгөгдсөн бэлэг буюу цаг зав, авьяас чадвар, адислалуудыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд, ялангуяа хамгийн эмзэг, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд ашиглах ёстой гэсэн сургамж юм.
Миний түрүүнд дурдсан сэтгэл нь түгшсэн Хүүхдийн хэсгийн хүүхдэд, мөн та нарын хүн нэг бүрд хандан Есүс Христийг дагаж, Ариун Сүнсэнд дотнын найзынхаа адил найд гэж би уриалж байна. Та нарыг болон Аврагчийг хайрладаг хүмүүст итгэж найд. Өөрийн өвөрмөц чадварыг хөгжүүлэхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлж, амаргүй үед ч бусдад тусал. Та Аврагчтай уулзахад бэлэн байх ба ерөнхийлөгч Нэлсоны адил баяр хөөртэй, өөдрөг үзэлтэй байх болно. Ингэснээр та нар дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалж, одоо болон ирээдүйд Их Эзэний амралт болон баяр баясалд орох хангалттай найдвараар адислагдах болно.
Шинэ дууллуудын нэг дээр бид ийн дуулдаг:
Есүс Христийн нэрээр, амен.