Бидний мэлмийн өмнө
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, гэр бүлүүд, номлол ба номлогчид, цуглааны байр ба ариун сүмүүд, мөн семинар, институт, их сургуулиудад элсэгчдийн тоо дэлхий даяар өсөж байна.
Ах, эгч нар аа, би та нартай хамт байгаадаа маш их баяртай байна. Бид та нарт хайртай, та нарт талархдаг, бас та нарын залбирлаар адислагддагаа мэдэрдэг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнгөрсөн чуулган дээр: “[Та нар] бидний мэлмийн өмнө юу өрнөж байгааг харж байна уу? Энэ цаг мөчийн сүр жавхланг бид харахгүй өнгөрөөхгүй байхын төлөө би залбирч байна! Их Эзэн үнэхээр Өөрийн ажлыг яаравчлуулж байна” гэж хэлсэн.
Өөрийн ажлыг яаравчлуулж байна. “Яаравчлуулах” гэдэг нь чухал үг. Энэ нь хурдан хөдлөх, эрчээ авах, бүр яаралтай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Сүмийн өсөлт хөгжил, Христийн төлөвлөгөөг яаравчлуулах ажил явагдаж байна. Бид бүгд үүний нэг хэсэг юм.
1834 оны дөрөвдүгээр сард Охаиогийн Көртландад бошиглогч Иосеф Смит санваар атгадаг бүх хүнийг хааш хаашаа 4.3 метр хэмжээтэй жижигхэн сургуулийн байранд цуглуулжээ. Бидний энэ Чуулганы төвд тийм сургууль хэдэн арваараа багтаад цаана нь бас зай үлдэнэ. Иосеф Смит “Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ нь дэлхийг дүүргэнэ” хэмээн хэлсэн аж.
Энэ бошиглол “бидний мэлмийн өмнө” биелж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ба гэр бүлүүд, номлол ба номлогчид, цуглааны байр ба ариун сүмүүд, мөн семинар, институт, их сургуулиудад элсэгчдийн тоо дэлхий даяар өсөж байна.
Сүм нь тоо хэмжээний хувьд өсөж, нөлөөллийн хувьд хүрээгээ тэлж, хамгийн чухал нь гишүүдийнхээ зүрх сэтгэл, амьдралд гүн гүнзгий нөлөөлж байгаа энэ цаг үед амьдарч байгаадаа бид талархаж байна. Биднийг Есүс Христийн шавь гэдгээр нь хүмүүс мэддэг. Бид Түүний тухай, Түүний Сүм, замнал, гэрээний замын талаарх гэрчлэлээ хуваалцдаг. Бид Түүний хүмүүс, Тэр бол бидний Аврагч билээ.
Би ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн “Энэ цаг мөчийн сүр жавхланг” бахдан биширч, Их Эзэний хийж буй ажлын төлөө Түүнд гүнээ талархаж байна. Бид эрт эдүгээгийн бошиглолуудын биеллийг нүдээр гэрчлэгч, Түүний шавь нарын хувьд харц өөдөө зогсоцгооё хэмээн уриалж байна.
Бошиглогч Иосеф Смитийн үед байсан шиг “Ийшээ харагтун … тийшээ харагтун” хэмээн хашхирах үгүйсгэгчид байгаа. Гэвч тэд энэхүү эрхэм үйл хэргийн дэргэд бол ялихгүй зүйл, цаашид ч тийм байх болно. Бошиглогч Иосеф Смит: “Ариусгагдаагүй гар уг ажлын өсөлт хөгжилтийг зогсоож чадахгүй. Мөрдлөг хавчлага гаарч … мэднэ. Гэвч Бурханы үнэн тив болгонд, газар бүрийн улс орон бүрд хүрч, хүн болгонд сонсогдон, Бурханы зорилгууд хэрэгжин, Аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл эрч хүчтэйгээр, гэгээлгээр, юунаас ч хамааралгүйгээр урагш ахих болно” хэмээн хэлснийг санацгаая.
Энэ жил үүрэгт ажлаа хийхдээ Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгааг би дэргэдээс нь харах боломжтой байлаа. Сүм урьд өмнө байгаагүй хурдацтайгаар ариун сүмүүдийг барьж, илүү олон гишүүнд Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх боломжийг олгож байна. Хоёрдугаарт, номлогчийн ажлаар дамжуулан Сайн Хоньчин Есүс Христийн сүрэгт цуглуулах хүмүүсийн тоо түүхэнд байгаагүй хэмжээнд хүрээд байна. Гуравдугаарт, “энэ Есүсийг эрэлхийл[дэг]” хүмүүст олон хэлбэрээр заадаг Сүмийн боловсролын хүртээмж шинэ дээд түвшинд хүрээд байна.
Өнөөдөр Сүмд үйл ажиллагаа явуулж буй мөн зураг төсөл, барилгын үе шат дээрээ явж байгаа 367 ариун сүм байна. Эдгээр нь ямар зорилготой вэ? Ариун сүм болгон дээр “Их Эзэнд ариуныг” хэмээн хариултыг нь тунхагласан байдаг. Ариун сүм нь Тэнгэр дэх Эцэгийн бидний хүн нэг бүрд бэлдсэн хамгийн агуу адислалуудын үүдийг нээдэг. Ах, эгч нар аа, бид ариун сүмд орохуйц зохистой амьдарч, Их Эзэний өргөөнд шүтэн биширч, өөрсдийнхөө төлөө мөн хөшигний нөгөө талд байгаа өвөг дээдсийнхээ өмнөөс Бурхантай гэрээ байгуулснаар ариун байдлаа яаравчлуулж байна.
Ерөнхийлөгч Нэлсон: “Дайсны дайралтууд хүч чадал, төрөл зүйлийн хувьд асар хурдтай өсөн нэмэгдэж байна. Ариун сүмд байнга байх бидний хэрэгцээ хэзээ ч ийм их байгаагүй. Цагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа залбирч бодож үзэхийг би та нараас гуйж байна” хэмээн хэлсэн. Бид Түүний өргөөнд Их Эзэний ариун оршихуйг болон ер бусын амар амгаланг мэдэрч чадна.
Өнгөрсөн жил Аргентины Мэндоза ариун сүмийг онцгойлон адислах ёслолыг тэргүүлэх боломж надад олдсон юм. Тэр үед өгсөн захиасандаа би ахлагч Мэлвин Ж.Баллардын 1926 оны бошиглолоос эш татсан. Тэр хэлэхдээ Их Эзэний ажил Өмнөд Америкт “Царс мод нэг өдөр ургалгүй боргоцойноос бага багаар соёолон ургадаг шиг” аажим аажмаар хүрээгээ тэлэх ч мянга мянган хүн Сүмд нэгдэж, Өмнөд Америкийн улс орнууд “Сүм доторх хүч” болно гэжээ. Би энэ бошиглол миний мэлмийн өмнө биелж байгааг харсан.
Нэгэн цагт жижигхэн боргоцой байсан Мэндоза одоо хүчирхэг царс мод болжээ. Ийм өсөлт тив, далайн арлууд даяар явагдаж байна.
Их Эзэн Өөрийн ажлыг номлолуудаар яаравчлуулж байгааг бид хардаг. 2024 онд 80 мянган номлогч 450 номлолд үйлчилж байв. Тэдгээрийн 36 нь шинээр байгуулагдсан номлол юм. Өнгөрсөн жил номлогчийн ажлын үр дүнд 308,000 гаруй шинэ гишүүнийг Сүмд авчирчээ. Тооноос илүүтэй, цугларалтын сүнс бодгалиудыг Есүс Христэд, мөн Түүний сайн мэдээнд авчирч байна.
1839 онд Британийн арлууд руу номлогчоор явсан төлөөлөгч Бригам Янг, Хибэр К.Кимбалл нарын тухай би боддог. Тэд өөрсдөө өвчтэй, мөн өвдсөн, хоосон ядруухан гэр бүлүүдээ орхин явжээ. Гэсэн хэдий ч тэр хоёр морин тэргэнд суугаад, хайртай хүмүүс нь холдон үлдэхийг хараад Хибэр “Хоёулаа босож, тэдэнд урам зориг өгье” гэж. Тэр хоёр хөл дээрээ чадан ядан босоод “Хурай, Израилын төлөө хурай” гэж хашхирчээ.
Би Перугийн Лимагийн Номлогчийг бэлтгэх төвд болон номлолд байгаа номлогчидтой уулзахдаа Их Эзэний ажлыг үүн шиг урам зоригоор хийж байгааг нь харсан. Ямар их бахархмаар байсан гээч! Би яаравчлуулж байгааг яг нүднийхээ өмнө харсан. Одоо зөвхөн Лима хотод долоон номлол үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний уулзалтын төгсгөлд номлогчид надад гэнэтийн бэлэг барив. Тэд босоод, “Израилын төлөө хурай” гэж баярлан уухайлцгааж билээ. Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй. Та нар бүгдээрээ тэнд байсан ч болоосой. Тэд “миний мэлмийн өмнө” Их Эзэнд үйлчлэн, Түүний ирэлтийг яаравчлуулахаар “энэ дэлхийн зүйлүүдийг” хойш тавьсан номлогчид байлаа.
Их Эзэн дэлхий даяарх гишүүдэд, тэр ч байтугай гишүүн бус хүмүүст зориулан боловсрол эзэмших боломжийг яаравчлуулж байгааг бид харж байна. Боловсролд ач холбогдол өгдөг нь Сүмийн хувьд биднийг бусдаас ялгаруулдаг зүйлсийн нэг юм. Сэргээлтийн эхэн үед Их Эзэн “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийл” хэмээн зарлигласан. Энэ нь өнөөдөр биеллээ олж байгаа бөгөөд чанга дуугаар “Хурай” гэж магтууштай юм.
Эдүгээ дэлхий даяар 800 мянга гаруй суралцагч семинар, институтэд хамрагдаж байгаа нь сүмийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өсвөр үеийнхэн маань өглөө эрт, өдөр, оройн ангиас эхлээд онлайн, гэрээр суралцах зэрэг олон арга замаар цуглардаг. Тэд Есүс Христийн талаар суралцан, Түүнийг дагаж, Бурханы Хүү хэмээн гэрчлэхдээ бие биеэсээ хүч чадал авдаг хүчирхэг, зөв шударга арми юм.
Өнгөрсөн намар би Ютагийн Их Сургуулийн институт, семинарын оюутнууд, тэдний эцэг эхчүүдээр дүүрсэн зааланд болсон онцгой цугларалт дээр үг хэлсэн юм. Тэдний ирц Есүс Христийг таньж мэдэх, дагах хүслийнх нь талаар олон зүйлийг илтгэсэн. Тэр оюутан, суралцагчдад би Их Эзэнд эн тэнцүү цаг гарга гэсэн маш тодорхой захиас өгсөн. Би тэдэнд хичээлийнхээ хажуугаар жинхэнэ, илүү дээд түвшний боловсрол, бүр “амьд Бурханы Хүү[г]” судлахад цаг заваа энэ тэнцүү зориулахыг зөвлөсөн.
Би өнөөдөр хүн нэг бүрээс адил зүйлийг хүсэх гэсэн юм. Та нарын “Хийх зүйлсийн” жагсаалтад юу ч орсон байлаа гэсэн хувиараа судраас судлах, Ирээд, Намайг дага-аас гэр бүлээрээ судлах, залбирах, Сүмийн дуудлагаа хийх, тохинуулах, ариун ёслолоос хүртэх, ариун сүмд шүтэн бишрэх, Бурханы зүйлсийг тунгаан бодох зэргээр Их Эзэнд завтай цагаа бус, бусад ажилтайгаа эн тэнцүү цагийг зориулаасай гэж хүсэж байна. Их Эзэн, Аврагч маань: “Надаас сур. … Та нар сэтгэлдээ амралтыг олох болно” гэж хэлсэн. Түүний үгэнд итгэ. Түүнд эн тэнцүү цаг зориул.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Би та нараас амьдралдаа Бурханыг ялуулахыг хичээнгүйлэн гуйж байна. Их Эзэнд цаг заваа хангалттай сайн зориул. Ингэхдээ таны сүнслэг эерэг инерц яаж өөрчлөгдөж байгааг анзаараарай” гэж хэлсэн.
Семинар, институт, Сүмийн их сургуулиуд эрч хүчээ авч байгааг бид харж байна. Эдгээр орчинд Их Эзэнийг нэн тэргүүнд тавьдаг. Бидний амьдралд ч Тэр бас эн тэргүүнд тавигдах ёстой.
Боловсролын цар хүрээ Сүмд тэлж байгааг харуулж буй өөр нэгэн хэсэг бол BYU-Pathway Worldwide юм. Дэлхий даяар элсэгчдийн тоо 75 мянга давж, хурдацтай өссөөр байна. Тэдний ихэнх нь гишүүн бөгөөд гуравны нэгээс илүү нь Африкт байна. Pathway нь боловсролын хүртээмжийг чухалчилдаг. Хичээлүүдийг авч төгсөх нь ажилд орох боломж бөгөөд ажилтай болсноор гэр бүлийн амьдрал сайжирч, Их Эзэнд үйлчлэх илүү их боломжтой болно гэсэн үг юм.
Би Угандад гадасны удирдагчидтай уулзаж байхдаа гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь бүхэлдээ BYU-Pathway-д хамрагдсаныг олж мэдсэн юм. Бид материаллаг болон сүнслэг байдлын хувьд хэдий чинээ бэлтгэлтэй байна, дайсны башир дайралтуудыг төдий чинээ эсэргүүцэж чадна. “Диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг” гэсэн Петрийн үгсийг санаарай.
Сайн мэдээний сайхан захиас дунд зовж зүдэрсэн, итгэл нь сорилтод орсон, эргэлзсэн, асуултынх нь хариулт байхгүй мэт бэдэрч яваа хүмүүс байгааг би мэднэ. Ах, эгч нар аа, Есүс Христ бол хариулт юм. Түүнээс эхэл. Түүний мутрыг амьдралдаа эрж хай. Түүнийг сонс. Тэрээр Гетсеманид очихоосоо өмнө, Иерусалимын гудмуудаар загалмайгаа үүрэн алхахаасаа өмнө, Голготад гарахаасаа өмнө, зөвхөн Бурханы Төрсөн Хүү, Өөрөө л хийж чадах цагаатгагч золиосоо гүйцэлдүүлэхийн өмнөх эцсийн цаг мөчдөө “Өр зүрхээ бүү шаналга” гэж шавь нартаа хэлжээ.
Тэр ойлгодог гэдгийг мэд. Тэрээр бидэнд Тэнгэр дэх Эцэгтэйгээ үүрд мөнхөд хамт амьдрах боломжийг өгөхөөр бидний бүх нүгэл, алдаа, зовлон зүдүүр, маш таагүй өдрүүдийг Өөр дээрээ авсан билээ. Тэрээр: “Санаа бодол болгондоо над руу харагтун; бүү эргэлз, бүү ай” хэмээн хэлсэн. Есүс Христэд итгэх итгэл нь “[та нарыг] өргө[ж],” шархадсан бодгалийг тань эдгээж чадна. Түүнд найд, тэгвэл та нар “Түүний хайрын мутарт” очих цагаа яаравчлуулна.
Би амьд бошиглогчийн маань хэлсэн “Бидний мэлмийн өмнө юу өрнөж байгааг та нар харж байна уу? Энэ цаг мөчийн сүр жавхланг бид харахгүй өнгөрөөхгүй байхын төлөө би залбирч байна! Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна” гэх үгийг дахин онцлон дурдая. Өнөө үеийн шавь бид Их Эзэн, Аврагчийн ирэлтэд бэлдэхдээ “Израилын төлөө хурай” хэмээн уухайлах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.