Ерөнхий чуулган
Энэрэл бол жинхэнэ дагалдагчийн тэмдэг
2025 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:29

Энэрэл бол жинхэнэ дагалдагчийн тэмдэг

Шавь хүний ​​жинхэнэ очих газар бол Есүс Христтэй адил болох юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “шавь байхаа нэн тэргүүнд тавь” хэмээн уриалсан. Тэрхүү хүчирхэг урилга намайг Есүс Христийн ямархуу шавь байгаагаа гүн гүнзгий тунгаан бодоход хүргэсэн юм.

Шавь байх нь сайтар бодож үйлдэх үйлдэл

Шавь гэдэг бол дагагч эсвэл өөр хэн нэгний сурагч гэсэн үг. Шавь бол багштайгаа адил болохын тулд амьдралаа зориулдаг “дагалдан” юм. Тиймээс Есүс Христийн шавь байх гэдэг нь зөвхөн Түүний сургаал, заасан зүйлд итгэж найдахаас хамаагүй өргөн ойлголт. Түүний бурханлаг чанарыг мэдэж авч, өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрөх нь бидэнд маш чухал ч энэ нь үүнээс хавьгүй илүү ойлголт юм.

“Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш. Энэ бол хэдийд ч хаана ч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм” хэмээн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс тайлбарлажээ. Шавь байх нь Их Эзэний цагаатгагч золиослол, боломж олгогч хүчээр дамжуулан өөрчлөгдөхийн тулд бидний сайтар бодож үйлдэх аялал. Шавь хүний ​​жинхэнэ очих газар бол Есүс Христтэй адил болох, тэр ч байтугай бид Түүний дүр төрхийг “царай төрхөндөө” хүлээн авах тэрхүү цэг юм.

Их Эзэний шавь байхын тулд бид өдөр бүр Түүний бодол санаа, үйлдлийг, тухайлбал Түүний дуулгавартай, даруу, тэвчээртэй чанарыг зориуд бодож дуурайх ёстой. Бид эдгээр чанарыг өөрсдийн мөн чанарт аажмаар шингээх тусам “[Түүний] бурхан[лаг] чанарыг хуваалцагч” болдог. Аврагчийн зан чанарыг ийнхүү дуурайх нь Түүнийг шүтэн бишрэх гол цөм юм. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн, “Бидний Есүсийг бишрэн шүтэж буй нь Есүсийг дуурайснаар хамгийн сайн илэрхийлэгддэг.”

Жинхэнэ дагалдагчийн тэмдэг

Бидний дуурайвал зохих Есүс Христийн тэнгэрлэг нэгэн зан чанар бусдаасаа дээгүүр байр суурь эзэлдэг. Энэ бол Түүний цэвэр хайр буюу энэрэл юм. Бошиглогч Мормон, төлөөлөгч Паул хоёр хоёулаа энэрэлгүйгээр “[бид] хэн ч биш” гэдгийг сануулдаг. Мөн бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэнчлэн, энэрэл “байхгүй аваас [бид] юу ч хийж чадахгүй.”

Аврагч Өөрийгөө хайр хэмээн тодорхойлж, энэ нь мөн Түүний жинхэнэ шавь нарыг таних тэмдэг юм хэмээгээд, ийн тунхаглажээ.

“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.

Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно.”

Энэрэл гэдэг нь тодорхойлоход хэцүү байж болох ч үүнийг мэдэрсэн бүх хүнд амархан ойлгогддог баялаг ухагдахуунтай ойлголт юм. Миний сайн мэдээг номло гарын авлагад “итгэлийн нэгэн адил энэрэл нь үйлдэл рүү хөтөлдөг” гэж заадаг. Чухамдаа, энэрлийг “хайрын үйлдэл” ч гэж тодорхойлж болно. Аврагчийн амьдралыг хураангуйлсан—Тэрээр “сайныг үйлдэхээр явсан” гэх мэдэгдэлд энэ талаар агуу ойлголтыг өгдөг.

Есүс Христийн дагалдагч бид Багшийнхаа бусдыг хайрлах цэвэр хайраа харуулсан арга замыг дуурайхыг эрэлхийлэх ёстой. Хэдийгээр Аврагч энэрлийг олон янзаар илэрхийлдэг ч би жинхэнэ шавь нараас нь шууд харагддаг Түүний энэрлийн гурван тодорхой загварт анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Энэрэл бол нигүүлслээ харуулах явдал

Нэгдүгээрт: Аврагч нигүүлсэнгүй байснаар энэрлийг харуулсан. Мормоны Номд цэдэглэсэнчлэн, Их Эзэн нифайчуудын дунд тохинуулж байхдаа хүмүүсийг гэртээ хариад заасан зүйлсийг нь тунгаан бодоход мөн маргааш нь Түүнийг буцаж ирэхэд бэлтгэхэд урьсан. Цэдэгт ийнхүү бичигдсэн байдаг.

“Тэд нулимс унагаж буйг, мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт ахиад хэсэг зуур үлдэхийг гуйх мэт түүний зүг ширтэн харж байхыг болгоов.

Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун, та нарыг өрөвдөх сэтгэлээр дотор минь дүүрэн байна.”

Нигүүлсэнгүй сэтгэл нь зовлон зүдүүрээс ангижруулахад чиглэсэн энэрлийн нэгэн хэсэг юм. Өрөвдөн нигүүлссэн Их Эзэн хүмүүсийн дунд байсан өвдөж, зовсон хүмүүсийг эдгээв. Дараа нь тэнгэр элч нар тэнгэрээс бууж тэднийг хүрээлж байхад Тэрээр хүүхдүүдийг нь адислав. Тэрээр эдгээр хайрын эелдэг үйлс болоод бусад олон зүйлийг хийсэн. Учир нь Тэр “өрөвджээ.”

Би Өмнөд Америкт залуу номлогчоор үйлчилж байхдаа, хайртай найзынхаа өрөвч сэтгэлийн ач тусыг мөн адил хүртсэн. Нэгэн орой намайг номлолын ерөнхийлөгчийнхөө гэр лүү хамтрагчтайгаа машинаар явж байтал унадаг дугуйтай залуу машины минь урдуур гэнэт эргэв. Энэ нь нүд ирмэхийн зуур болсон тул би зайлж амжаагүй. Эмгэнэлтэй нь, тэр залуу ослын дараах хүндрэлээс болж нас барсан. Би түүний амиа алдсанд гашуудаж, маш их сэтгэлээр унасан. Дөнгөж саяхан болсон явдлын аймшигт бодит байдлаас болж айж, цочирдолд орсон намайг шоронд аваачиж хорьсон. Би өмнө нь хэзээ ч ингэж айж, ганцаардаж байгаагүй. Би үлдсэн амьдралынхаа туршид шоронд суух вий гэсэн айдас, цөхрөлд автсан.

Ахлагч Брайн Кочэвэр хэмээх өөр нэгэн номлогч залуу уг ослын талаар мэдээд, энэрэн нигүүлсэх сэтгэлдээ хөтлөгдөн шоронд ирж, намайг ганцаардуулахгүйн тулд надтай хамт камерт байхыг зөвшөөрөөч гэж цагдаа нараас гуйсан гэдэг. Ер бусын зүйл болж, тэд зөвшөөрсөн юм. Амьдралд минь тохиолдсон хамгийн хүнд хэцүү мөчид намайг тайвшруулж, тайтгаруулж, сэтгэлийг минь засаж байсан энэ шавийн Христийнх шиг хайрын үйлдлийн төлөө би өнөөдрийг хүртэл гүнээ талархаж явдаг. Түүний энэрэн нигүүлсэх сэтгэл шавь гэдгийг нь харуулсан тэмдэг байв. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн, “Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм.”

Энэрэл бол хэрэгцээгээ хэлээгүй үед нь тохинуулах явдал

Аврагчийн хайраа харуулдаг өөр нэг жишээ бол бусдын үл мэдэгдэх хэрэгцээг олж харж, тэдэнд тохинуулдаг явдал юм. 38 жилийн турш туслах хүнгүй байсан доголон хүнийг Их Эзэн эдгээж, зөв ​​шударга амьдрахад урамшуулсан. Садар самууныг үйлдэж байгаад баригдсан эмэгтэйг буруушаахын оронд Тэр найдвар, тайтгарлыг санал болгосон. Дээврээс доош буулгуулсан саа өвчтэй хүнд Их Эзэн зөвхөн бие махбодыг нь эдгээх бус, нүглийн өршөөлийг мөн санал болгосон.

Намайг бишопоор дуудагдахад миний эхнэр Кристинд бага насны зургаан хүүхэдтэйгээ ариун ёслолын цуглаанд суух нь хэцүүхэн сорилт болж байв. Намайг индэр дээр сууж байхад тэр ганцаараа бүгдийг зохицуулах ёстой байсан. Таны төсөөлж байгаачлан, манай хүүхдүүд ихэнхдээ хүндэтгэлтэй хандаж чаддаггүй байсан. Эхнэрийн минь нөхцөл байдлыг анзаарсан манай тойргийн гишүүд болох Жон Бэнич, Дэбби Бэнич хоёр ням гараг болгоноор түүнтэй хамт сууж, тусалж эхэлсэн юм. Тэд сайхан сэтгэлээ олон жилийн туршид харуулсан төдийгүй манай гэр бүлийн хуурай өвөө, эмээ болцгоосон билээ. Их Эзэний нэгэн адил эдгээр шавь тухайн хүнийг хэлээгүй байхад юу хэрэгтэй байгааг нь анзаарч, хайраар үйлдсэн нь тэдний шавь гэдгийг илэрхийлэх тод тэмдэг байсан юм.

Энэрэл бол гэрээний замаар алхахад нь бусдад туслах явдал

Эцэст нь хэлэхэд, Аврагчийн төгс хайр биднийг “түүний авралаас мөн гэтэлгэлийн хүчнээс хүртэ[ж]” болохын тулд Бурханы бүх хүүхдэд бурханлаг чадавхаа хөгжүүлэх боломжийг олгоход чиглэгддэг. Багштайгаа илүү адил болох тусам, гэрээний зам дээр алхахад нь ах эгч нартаа туслах бидний хүсэл аяндаа нэмэгдэх болно.

Жишээ нь: Бид гомдсон эсвэл мартагдсан мэт сэтгэгдэлтэй хүмүүсийн сэтгэл санааг өргөж, тэдэнтэй нөхөрлөж, түүнчлэн цуглаанд анх удаа ирсэн хүмүүст тав тухтай байхад нь туслах юм уу ирж буй Христийн амилсны баяраар ариун ёслолын цуглаанд найз нөхдөө бидэнтэй хамт шүтэн бишрэхэд урьж болох юм. Хэрэв бид Есүс Христийн бусдыг хэрхэн хардгийн адилаар харах нүдтэй, хэрхэн мэдэрдгийн адилаар мэдрэх зүрх сэтгэлтэй байхын төлөө тэнгэрийн тусламжийг хүсэн зориуд бодож, залбирч эрэлхийлбэл бусдын хөгжил дэвшилд туслах, урамшуулан дэмжих тоо томшгүй олон арга зам бий.

Гэрээний замаар алхахад нь бусдад туслахын тулд уламжлалт бус үйлчлэлийн хэлбэрийг ашиглаж болно. Жишээлбэл: Би Филиппинд томилолтоор ажиллаж байхдаа Агаматагийн гэр бүлийн тухай олж мэдсэн юм. Тэд 2023 онд баптисм хүртээд, дараа нь ойролцоох Филиппин Урданэта ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбуулах өдрийг товлон, тэсэн ядан хүлээж байв. Гэсэн хэдий ч яг товлосон цагийнх нь өмнөхөн тус нутгийг хэд хэдэн хар салхи дайрчээ. Цагаан будааны тариаланч Агамата ах ширүүн шуурганы үеэр тариагаа тарьж чадаагүй байв. Хүчтэй шуурга өнгөрсний дараа, усанд дэвтсэн газар дээр тариа тарихад хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байсан учраас тэрээр будаагаа яаралтай тарих шаардлагатай болов. Харамсалтай нь, ариун сүмийн аяллыг хойшлуулах хэрэг гарах байлаа.

Номлогчид будаа тарихад тусалж байна
Номлогчид будаа тарьж байгаа  нь

Агаматагийн гэр бүлийн энэ нөхцөл байдлыг сонсоод ахлагч Коилан, түүний эхнэр Коилан хоёр үйлчлэлийн гурван залуу номлогчийн хамт газар тариалан эрхлэх туршлагагүй ч туслахаар очжээ. Нар хурцаар төөнөж байхад тэд суулгац тарихад тусалж, Агаматагийн гэр бүлд тариалалтаа хурдан дуусган, товлосныхоо дагуу ариун сүмийн лацдан холболтод оролцох боломжийг олгожээ. “Их Эзэний өргөөнд цагаан хувцастай [Агаматагийн гэр бүлийнхнийг] харахад тэдний царай гэрэлтэж байв. Нэг нэгэндээ тохинуулж байхад бидний мэдэрсэн баяр баясгалан бол юутай ч зүйрлэшгүй баяр баясгалан юм!” хэмээн ахлагч Коилан дурсжээ.

Агаматагийн гэр бүл ариун сүмийн гадаа.

Гэрээний замдаа урагшлахад нь ах, эгч нартаа туслахаар шийдсэн, шавийн тэмдэг болох энэрэх сэтгэлтэй хэдэн шавийн ачаар Агаматагийн гэр бүл одоо мөнхийн гэр бүл болж лацдан холбогдоод, үүнээс ирэх арвин адислалаас хүртэж байна.

Ах, эгч нар аа, Есүс Христийн шавь байх нь удаан үргэлжлэх аз жаргалыг олж авах цорын ганц арга зам юм. Энэ бол бусдыг хайрлах зорилго бүхий санаатай үйлдлээр дүүрэн зам юм. Шавь байх зам хүнд хэцүү, сорилт бэрхшээлтэй байж магадгүй мөн заримдаа бид чармайн зүтгэдэг ч бүтэлгүйтэж байж мэдэх ч Бурхан биднийг анхаарч, оролдлого болгонд маань туслахыг хүсдэг гэдгийг мэдэх нь биднийг тайвшруулж чадна. Исаиа бидэнд “[бидний] баруун гараас атгах … Бурхан Эзэн … “Бүү ай, би чамд тусална” гэж сануулдаг.

Бид Тэнгэр дэх Эцэгийнхээ энэхүү баталгааг санаж, ерөнхийлөгч Нэлсоны урилгын дагуу шавь байхаа урьдал болгоосой гэж би чин сэтгэлээсээ залбирч байна. Бид энэрэл буюу “Христийн цэвэр хайр” болох жинхэнэ шавийн тэмдгийг зүүдэг учраас “Түүний Хүү Есүс Христийн жинхэнэ дагалдагчид бүгдийн дээр цутгасан хайраар дүүргэгдэж болохын тулд, … тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байхын тулд” хэмээн “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбир[цгаая].”

Есүс Христ бол бидний алдар суут амьд Аврагч, Гэтэлгэгч, Үлгэр жишээ үзүүлэгч мөн Анд нөхөр гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ,” Лиахона, 2024 оны 11-р сар, 121.

  2. Merriam-Webster.com Dictionary, “disciple” үгийг үзнэ үү.

  3. Даллин Х.Өүкс, “Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Лиахона, 2024 оны 11-р сар, 23.

  4. Алма 5:14; мөн Алма 5:19-ийг үзнэ үү.

  5. 2 Петр 1:3–8-г үзнэ үү.

  6. Russell M. Nelson, “Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 87.

  7. Моронай 7:46; мөн 1 Коринт 13:3-ыг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээнүүд 18:19; тодотгол нэмсэн.

  9. Иохан 13:34–35; тодотгол нэмсэн.

  10. Миний сайн сайн мэдээ Есүс Христ: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2023), 127.

  11. Үйлс 10:38

  12. 3 Нифай 17:3-ыг үзнэ үү.

  13. 3 Нифай 17:5–6

  14. Merriam-Webster.com Dictionary, “compassion” үгийг үзнэ үү.

  15. 3 Нифай 17:7–25-ыг үзнэ үү.

  16. Матай 9:36; 14:14; Марк 1:41; 6:34

  17. Ослын улмаас хүний ​​амь нас хохирсон учраас цагдаагийн ажилтнууд стандарт журмынхаа дагуу намайг хорьсон. Би жолоо барьж байсан учраас тэд намайг хамтрагчаас маань тусгаарласан байв. Би шоронд хоёр хоносон. Мөрдөн байцаалтын явцад цагдаагийнхан тухайн залууг ослын үеэр согтуу байсныг мөн энэ нь манай явж буй машины урдуур гэнэт эргэхэд нөлөөлсөн байх магадлалтайг илрүүлсэн. Би албан ёсны шүүх хуралд оролцож шүүгдсэн бөгөөд намайг буруу үйлдэл гаргасан буюу хайхрамжгүй байдлын улмаас осол гаргасан гэх нотлох баримт байхгүй, харин харамсалтай, эмгэнэлтэй осол байсан гэдэг шийдвэр албан ёсоор гарсан билээ.

  18. Матай 25:31–40; онцгойлон 36-р шүлгийг үзнэ үү.

  19. Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98.

  20. Иохан 5:2–9, 14-ийг үзнэ үү.

  21. Иохан 8:1-11-ыг үзнэ үү.

  22. Марк 2:1–12-ыг үзнэ үү.

  23. Oмнаи 1:26

  24. Сургаал ба Гэрээнүүд 76:12

  25. 2 Нифай 26:24-ийг үзнэ үү.

  26. Дарвин Сэррано Коилантай ярьсан хувийн ярилцлага, 2024 оны 12-р сарын 1.

  27. Исаиа 41:13

  28. Моронай 7:48

  29. Moронай 7:47