2025
АРИУН СҮНСНИЙ УДИРДАМЖИЙГ ИЛҮҮ САЙН ДАГАЖ СУРСАН
2025 оны 9-р сар


БУЦАЖ ИРСЭН НОМЛОГЧИД

АРИУН СҮНСНИЙ УДИРДАМЖИЙГ ИЛҮҮ САЙН ДАГАЖ СУРСАН

Номлолд үйлчилж байх хугацаанд сорилт бэрхшээл тохиолддог байсан ч бэрхшээлийг дагаад асар их чадвар, чадамж, боломжууд нээгддэг байсан.

ЕХХҮГСүмийн гишүүний хувьд маш олон давуу тал байдгийн нэг нь Ариун Сүнстэй хамт байх боломж юм. Номлолд үйлчилж байх хугацаандаа би Ариун Сүнсний удирдамжийг илүү сайн дагаж сурсан. Нэг түүх хуваалцъя. Ховд хотод бүрэн цагийн номлолд үйлчилж байх хугацаанд нэгэн шинэхэн гишүүнээ сүмдээ ирэхийг олон удаа урьж, эцэст нь тэр бидэнтэй уулзахаар болов. Биднийг сүм дээр яаран очиж, юун тухай хуваалцахаа шийдэж амжаагүй байтал өнөөх эгч маань орж ирж, хамтрагч болон салбарын номлогч бид 3 ямар ч бэлтгэлгүй уулзалтаа эхлүүлэх шаардлага гарсан юм. Би нөгөө 2-тоо Ариун Сүнсний удирдамжийг л дагая гээд, уулзалтаа нээлтийн залбирлаар эхлэв. Ахмах номлогчийн хувьд (миний хамгийн сүүлийн солилцоо байсан) би сурснаараа 5 хором Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлэн залбирснаар, тухайн эгчийн нөхцөл байдлыг ойлгох маш оновчтой асуултууд өөрийн эрхгүй урсан гарч, аравны нэгийг харамгүй шударгаар төлснөөр санхүүгийн бэрхшээлээс гарч болох тухай хүчтэй гэрчлэл, гайхалтай

судрын эшлэлүүдийг хуваалцаж, улмаар амлагдсан адислалуудын талаарх гайхалтай гэрчлэлүүдээр уулзалтаа өндөрлөсөн. Аравны нэгээ чин сэтгэлээсээ шударгаар төлөхөд Бурхан ивээлээ харамгүй хайрладаг тухай мэдээд уг эгчийн Бурхан адислахгүй байна гэсэн гомдол арилж, аравны нэгийн хуулийг бүрэн дагахаа амласан юм. Энэ мэт түүхүүд номлогчдод өдөр бүр шахуу тохиолддог.

Ариун Сүнсний тусламжтайгаар Бурханы охид хөвгүүдийг зөв зам руу хөтлөх зам нь та ч байж болно гэдгийг мөн хүмүүн төрөлхтний үргэлжид хайж байдаг амар амгалан, энэрэл хайр, мэргэн ухаан, элбэг дэлбэг, аз жаргалтай амьдрал Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөнд байдаг гэдгийг би ойлгож мэдэрсэндээ баярлаж, талархдаг.

Мэдээж, номлолд үйлчилж байх 2 жилийн хугацаанд бэрхшээл сорилт тохиолддог байсан ч бэрхшээлийг дагаад асар их чадвар, чадамж, боломжууд нээгддэг байсан. Тиймээс надад шантрах, эргэлзэх, бууж өгөх тохиолдол нэг ч гарч байгаагүй.

Бурхан Өөрийнх нь ажлыг хамгийн сайнаараа бүрэн хүсэл эрмэлзэлтэй хийхийг зорьж байгаа охид хөвгүүдээ үргэлж сонсож, санаа тавьж, сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадлаар адисалж байдаг гэдгийг би мэднэ.