“Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх асуулт хариулт,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл-ээс
Сэтгэл зүйн эрүүл мэнд-ийн талаарх асуулт хариулт
Амьдралын талаарх шударга бус бүх зүйл Есүс Христийн ачаар засагдах болно.
Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудыг тэнцвэртэй байлгахын сацуу Есүс Христийн сайн мэдээнээс баяр баясгаланг олох нь заримдаа боломжгүй мэт санагдаж болно. Хянахад хэцүү хүчнүүд нь бидэнд Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд саад болдог ба энэ нь бид яагаад үргэлжлүүлэн хичээсээр байгаадаа эргэлзэхэд хүргэж болох юм.
Их Эзэн бидний чин сэтгэлийн гуйлтын бүх хариултыг илчлээгүй ч Тэрээр бошиглогч, төлөөлөгчид, Сүмийн бусад удирдагчаар дамжуулан удирдамж, зөвлөгөө, тайтгарал, мөн найдварыг өгсөн билээ.
Залуучуудын тавьдаг нийтлэг асуултуудад хариулахад нь тусалж болох тэдний сүнслэгээр өдөөгдсөн зарим үгийг доор дурдав. Хэрэв эдгээр асуултын зарим нь танд ч бас байгаа бол ямар ч зүйл тус болохгүй байх үед Есүс Христийн сайн мэдээ та нарт амар амгалан, итгэл найдварыг авчирна гэдгийг санаарай.
Сүнсийг мэдрэх
А: Миний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэм нүглээс болсон уу?
Х: “[Сэтгэцийн эмгэг] бол сул дорой байдал биш төдийгүй, тэр болгон нүгэл үйлдсэнээс болдоггүй гэдгийг ойлгох нь чухал. … Бид хамтдаа ганцаардал, ичгүүрийн үүлсийг нэвтэлснээр ичгүүрийн ачаанаас салж, эдгэрэлтийн гайхамшгийг авчирч болно.”
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан Рэйна И.Абүрто эгч “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64.
А: Би зөв зүйлийг хийж байгаа мөртлөө яагаад сайжрахгүй байна вэ?
Х: “Бүхнийг засаж чадна гэж бүү бодоорой. Харин чадах зүйлсээ л зас. Таны гаргасан амжилтууд өчүүхэн жижиг байсан ч тэдгээрт талархалтай байж мөн тэвчээртэй байгаарай. Судруудад Их Эзэн “тайван зогсох” буюу “тайван байхыг” мөн хүлээхийг олонтоо зарлигласан байдаг. Зарим зүйлийг тэвчээртэйгээр даван туулах нь бидний мөнх бус амьдралын боловсролын нэгээхэн хэсэг юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган 46.
А: Сэтгэцийн эрүүл мэндийнхээ улмаас залбирлынхаа хариултыг танихад хэцүү байгаа үед хариулт авч байгаа эсэхээ би хэрхэн мэдэх вэ?
Х: “Бидний амьдралд эргэлзээтэй зүйл, олон саад бэрхшээл тулгарах үед Бурхан биднийг өөрсдийн чадах бүхнээ хийж, өөрсдийн төлөө үйлдэх мөн өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй байж, (2 Нифай 2:26-г үзнэ үү), Түүнд найдахыг хүсдэг. Олон тохиолдолд бид Бурханы тааллын дагуу үйлдэж байгаа гэсэн бүрэн баталгаагүйгээр итгэн найдаж, залбиран урагш тэмүүлж болно. Гэвч гэрээнүүддээ үнэнч байж, зарлигуудыг сахиж, байнга сайныг хийхийг эрэлхийлэн, илүү сайн хүн болохыг хичээх аваас бидний алхмыг Бурхан залан чиглүүлэх болно гэсэн итгэлтэйгээр алхаж чадна.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94.
А: Сэтгэл санааны хямралаас болж баяр баясгаланг мэдрэхэд хэцүү байгаа үед би сайн мэдээнд хэрхэн баяр баяслыг мэдэрч чадах вэ?
Х: “Та нар Бурханы мөнхийн төлөвлөгөөг гүн ойлгохын тулд Бурханы үгийг эрэлхийлж, … , Түүний замаар алхахыг хичээх үед та нар “бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван”-ыг [Филиппой 4:7] уйтгар гуниг дунд ч мэдрэх болно. Бурханы зүйрлэшгүй хайр зүрх сэтгэлд тань өсөн нэмэгдэхийг та мэдрэх болно. Селестиел гэрэл зовлон бэрхшээлийн чинь сүүдрийг нэвтлэн тусах ба та нар үл харагдах, төгс төгөлдөр, тэнгэрлэг оршихуйн үгээр зүйрлэшгүй алдар суу, гайхамшгийг ойлгож эхлэх болно. Та нарын сүнс энэ дэлхийн татах хүчнээс дээш өргөгдөхийг мэдрэх болно.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф, “Бүр илүү баяр баясгалан,” Лиахона, 2024 оны 5-р сар, 69.
Есүс Христийн хүчийг ашиглах нь
А: Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж өөртөө итгэж чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаа үед би хэрхэн Христэд итгэж, найдаж сурах вэ?
Х: “Аврагчийн талаар илүү ихийг сурах тусам Түүний нигүүлсэл, хэмжээлшгүй хайранд мөн хүчирхэгжүүлж, эдгээж, гэтэлгэх хүчинд итгэж найдахад хялбар болно.
“… Дэлхий дээрх таны итгэж найддаг бүх зүйл мөн бүх хүн итгэлийг тань хөсөрдүүлсэн ч Есүс Христ болон Түүний Сүм таны итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй.”
Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107.
А: Христ миний юу мэдэрч байгааг үнэхээр мэддэг үү?
Х: “Таны сайн сайхны төлөө гэсэн бодолтой байж болох ч танд яг юу мэдрэгдэж байгааг мэдэх эсвэл эдгэрэлтийг олоход тань туслах, яг таарч тохирсон үгийг хэлэх мэдрэмж сайтай гэр бүлийн гишүүн, найз нөхөд, санваарын удирдагч байхгүй байж ч мэднэ. Гэхдээ “бүхий л дэлхийнхнээс илүү чадалтай” [1 Нифай 4:1] мөн “гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай” [Ефес 3:20] Түүнээс илүү та нарыг төгс ойлгох өөр хэн ч байхгүй гэдгийг мэдээрэй.”
Далын ахлагч Мэттюү С.Холланд, ”Хүүгийн үлэмж хурц бэлэг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50.
Бурханы хайрыг мэдрэх
А: Би сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай байсан ч Бурхан намайг хайрласаар байгаа юу?
Х: “Магадгүй танд таны санааг зовоох урам хугаралт, цөхрөлийн дуу хоолой цуурайтаж байна уу? Тэнгэрлэг хайрыг ямар нэгэн жинхэнэ арга замаар мэдрэхэд хэтэрхий төөрч будилсан, шархалсан, сул дорой, үл тоомсорлогдсон, огт өөр юм уу зүг чигээ алдсан гэж хэлж байна уу? Хэрвээ энэ бодлууд толгойд тань эргэлдэж байвал миний хэлэхийг сонс, тэдгээр дуу хоолой худлаа. Биднийг тэнгэрлэг хайраас ямар нэг аргаар холдуулдаг эвдэрсэн байдлыг бид итгэл төгс үл тоомсорлож чадна.”
Далын ахлагч Карл Д.Хөрст, ”Бурханы хамгийн хайртай хүүхэд,” Лиахона, 2024 оны 11-р сар, 11.
А: Бурхан яагаад энэ сорилтыг авдаггүй юм бэ?
Х: “Юуны өмнө эдгээр хүнд асуудлын талаар бага ч болов сэтгэлийн тайтгарал, ойлголтыг олж авахыг эрэлхийлэхдээ, бурхантай адил болох гэсэн бидний эрэл хайгуул тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу ахин дахин соригдож, шалгагдах ёстой унасан ертөнцөд амьдарч байгаа буюу амьдрахаар сонгосон гэдгээ бид санаж байх нь нэн чухал билээ. Үүнийг хийхэд Аврагчийг илгээсэн Эцэг, ирсэн Хүү хоёрын төлөөс хэмжээлшгүй их байсан ч Бурханы төлөвлөгөөн дэх хамгийн агуу баталгаа нь Түүнд итгэх итгэлийнхээ хэмжээгээр шалгуур, сорилтуудыг ялгуусан байдалтайгаар даван туулахад бидэнд туслах Аврагч, Гэтэлгэгч амлагдсан явдал юм. Энэхүү бурханлаг хайрын тухай бидний ойлголт биднийг өөрсдийн багахан зовлонг эхлээд тэвчиж чадахуйц, дараа нь ойлгож чадахуйц, эцэст нь ариусгахуйц болгодог билээ.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46.
Амьдрахыг сонго
А: Хэрэв би дараагийн амьдрал илүү сайхан болно гэдгийг мэдэж байгаа юм бол яагаад энэ амьдралаар үргэлжлүүлэн амьдрах ёстой юм бэ?
Х: “Та нар ямар ч асуудал, бэрхшээлтэй байсан амиа хорлох нь хариулт биш гэдэг нь тодорхой юм шүү. Энэ нь та нарын мэдэрч буй эсвэл бусдад учруулж байна гэж та нарын бодож буй тэрхүү шаналал зовлонгоос та нарыг чөлөөлөхгүй. Авч болох бүхий л гэрэл хэрэгтэй байгаа энэ дэлхийд та нарын бодгальд энэ дэлхийгээс өмнө өгсөн Бурханы мөнхийн гэрлийг битгий бүүдийлгээрэй. Хэн нэгэнтэй ярилц. Тусламж хүс. Христийн амиа өргөн байж хамгаалсан амьдралыг бүү сүйтгэ. Бид та нарт туслах тул та нар энэхүү мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг үүрч чадна.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд, “Бүү ай, гагцхүү итгэ!,” Лиахона, 2022 оны 5-р сар, 36.
“Ах эгч нар минь, та нар сэтгэцийн юм уу сэтгэл санааны эсвэл бие махбодын асуудал эсвэл өөр ямар нэгэн зүйлээс болж зовж шаналж байсан ч амьдралаасаа бүү татгалзаарай, үнэ цэнийг нь бүү үгүйсгээрэй! Бурханд итгэ. Түүний хайраас зууран барь. Хэзээ нэгэн цагт нар мандаж, мөнх бус амьдралын бүх сүүдэр алга болно гэдгийг ойлго.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46.
Хайртай хүмүүсээ дэмжих нь
А: Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаа хайртай хүнээ хэрхэн дэмжих вэ?
Х: “Сэтгэцийн өвчний талаар мэдлэгтэй болох нь өөртөө болон зовж шаналж буй хүмүүст туслахад биднийг бэлтгэдэг. Бие биетэйгээ нээлттэй, шударгаар ярилцах нь энэхүү чухал сэдвийг зохих ёсоор анхаарахад тусална. Эцэст нь хэлэхэд, мэдээлэл нь өдөөлт, илчлэлтээс өмнө байдаг. Ихэнхдээ үл үзэгдэх эдгээр сорилт хэнд ч нөлөөлж болох бөгөөд бидэнд ийм сорилт тулгарах үед дааж давшгүй мэт санагддаг.
Бидний сурах ёстой хамгийн эхний зүйлсийн нэг бол бид огтхон ч ганцаараа биш гэдгээ мэдэх явдал юм.” Би та бүхнийг Gospel Library аппликэйшны Амьдралд зориулсан тусламж хэсэг дэх сэтгэцийн эрүүл мэндийн сэдвийг судлахад урьж байна. Суралцах нь илүү их ойлголт, илүү их хүлээн зөвшөөрөл, илүү их энэрэл, хайр луу хөтлөх болно. Энэ нь эрүүл хүлээлт, эрүүл харилцааг хөгжүүлж, зохицуулахад туслахын сацуу эмгэнэлт явдлыг бууруулж чадна.”
Далын ахлагч Эрик В.Копишкэ, ”Сэтгэцийн эрүүл мэндийг хөндөн ярихад,” Лиахона, 2021 оны 11-р сар, 38.
А: Миний хайртай хүмүүсийн нэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж амиа хорлосон. Тэдэнд юу тохиолдох вэ?
Х: “Амиа хорлох нь нүгэл бөгөөд амиа хорлосон хүн тамд үүрд цөлөгддөг гэсэн хуучны шашны бүлэглэлийн ойлголт байдаг. Энэ бол туйлын худал юм. Энэ хүмүүс баатарлаг амьдралаар амьдарсан бөгөөд амиа хорлох нь тэдний мөнхийн шинж чанар биш гэдгийг ихэнх тохиолдолд олж харах болно гэдэгт би итгэдэг.”
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд, “Renlund: Understanding Suicide” (видео), Gospel Library.
Дээш харж, урагшлах нь
Бурханы бидэнд өгдөг зарим хариулт бидний хүлээж байснаас өөр байдаг бол зарим хариулт энэ амьдралд ирэхгүй. Бид яагаад бидний дундах олон хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байгаа талаар бүх зүйлийг мэдэхгүй ч хэзээ нэгэн өдөр бүх зүйлийг төгс ойлгож чадна гэсэн амлалтад урамшин зоригжиж болно. Зарим үед хэчнээн үр ашиггүй мэт санагдсан ч гэсэн бидний хичээл зүтгэл үр дүнгээ өгөх болно (Галат 6:9; Сургаал ба Гэрээнүүд 58:3).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: ”Итгэл нь хүсэн хүлээсний дагуу адислалууд ирээгүй үед ч байж байдаг учраас гоё сайхан юм. Бид ирээдүйг харж чадахгүй, бүх хариултыг мэдэхгүй ч үргэлжлүүлэн урагшилж, дээш тэмүүлэхдээ Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч учраас Түүнд найдаж чадна” гэж заасан.
Та болон таны хайртай хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн нарийн төвөгтэй асуудлуудыг даван туулж байхдаа Есүс Христийн ачаар амьдралд тохиолддог шударга бус бүх зүйл засагдах болно гэдгийг санаарай. Тэр хажууд чинь байхад та үргэлж найдвар тээн зүтгэж чадах учир үргэлжлүүлэн урагш, өөдөө тэмүүлээрэй.