2025
БИ ӨӨРИЙГӨӨ МЭДДЭГГҮЙ ГЭДГЭЭ МЭДСЭН
2025 оны 9-р сар


БУЦАЖ ИРСЭН НОМЛОГЧИД

БИ ӨӨРИЙГӨӨ МЭДДЭГГҮЙ ГЭДГЭЭ МЭДСЭН

Тэр “өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу … халамжилдаг”

Миний бүрэн цагийн номлолд үйлчлэх болсон гол шалтгаан бол хувь хүний хувьд өөрчлөгдөх байсан. Номлолд үйлчилснээр би сургаалыг илүү сайн ойлгодог болж, тэвчээртэй, төгс хайрладаг, төгс мэдлэгтэй болж сайжирна гэж бодон номлолоо эхлүүлсэн. Харин энэ зан чанаруудыг Христтэй адил төгс эзэмших боломжгүйг номлолын эхэн хэсэгтээ шууд л ойлгож билээ. Христийн зан чанаруудыг илүү ихээр ойлгож, судлах тусам түүний зан чанарын тухай ойлголт энгийн дэлхийн ойлголтоос ямар их ялгаатайг мэдэж авдаг.

“Миний сайн мэдээг номло” номоос “Тэвчээр бол юу ч хийхгүй идэвхгүй бууж өгөх гэсэн үг биш. Энэ нь Бурханд үйлчлэхдээ өөрийн чадах бүх зүйлсийг хөгжил хөөртэйгөөр хийхийг хэлнэ” гэж уншсаны дараа, “тэвчээр бол хэцүү зүйлсийг шүдээ зуун тэвчих юм” гэж ойлгодог байсан миний ойлголтоос асар их ялгаатайг ойлгож, Түүний зан чанаруудыг судалж энэ тал дээр номлолынхоо турш ажиллах их хүсэл төрсөн. Есүс Христийн зан чанаруудын талаар сурч, ойлгож эхлэхэд би Түүнийг болон Түүний Цагаатгалыг бүрэн ойлгодоггүй байснаа олж мэдсэн. Алма 7:11-13-р шүлгүүдийг бид бүгд уншдаг. Харин Түүнийг илүү ойлгохын тулд асуулт тавин, тусламж гуйн уншвал энэ гуравхан шүлэгт маш их зүйл агуулагддаг. Тэр “өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу … халамжилдаг” гэсэн 12-р шүлэг миний хувьд Түүнийг ойлгоход том түлхэц болж өгсөн. Тэр үргэлж бидний хажууд, хамгийн хэцүү үеүдэд ч хайрлаж халамжлахаар байж байдаг. Монгол хэлэнд ‘халамжлах’ гэх үг Есүс Христийн бидний төлөө хийдэг зүйлстэй хамгийн ойр утгатай ч Түүний бидний төлөө хийсэн зүйлсийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Номлолоосоо сурсан хамгийн том зүйл маань бол өөрийгөө мэддэггүй гэдгээ мэдсэн явдал. Хоёр жил тасралтгүй сурч, өсөж хөгжсөний дараа ч би өөрийгөө төгс рүү ойртох мэдлэг, Түүнтэй жишихүйц зан чанартай болоогүй, болж чадахгүй гэдгээ мэднэ. Гэхдээ хамгийн гол нь энэ хоёр жилийн хугацаанд би тасралтгүй өсөж хөгжихийн үнэ цэнийг ойлгосноос гадна биднийг сайжирч, илүү их зүйлс сурч мэдэхэд бидний Тэнгэр дэх Эцэг болон бидний ах Есүс Христ бидний төлөө баярлаж илүү их тусалдгийг мэдсэн.

Энэ амьдралын эцэст ч бид Түүнтэй адил төгс болж чадахгүй ч биднийг өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийсний дараа, зөвхөн Түүний нигүүлслээр дамжуулан аврагдаж чадна гэдгийг би мэднэ.