“Өөрийн түүхийг бичихэд Христийг урин оруулснаар сурч мэдсэн сургамж,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Гэрээт эмэгтэйчүүд
Өөрийн түүхийг бичихэд Христийг урин оруулснаар сурч мэдсэн сургамж
Бид бүгдэд өөр өөр туршлага байдаг ч хэрэв бид амьдралдаа Бурханыг давамгай байхыг зөвшөөрвөл өөрсдийн бүтээлтийн зорилгыг төсөөлж ч байгаагүй арга замуудаар гүйцэлдүүлэх болно.
Кэйтлин Конноллигийн Protector by Day and by Night уран зургийн хэсгээс, хуулбарлаж болохгүй
Бид гэрлээд гурван хүүгээ тээж, хайрлан өсгөж байхдаа бүтэн цагийн хуульчийн ажил хийж, Сүмийн дуудлагууддаа үйлчилж, бусад гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж үйлчилсээр бараг гучин жил болох гэж байх үед буюу 2016 онд нөхөр Даг бид хоёр Перугийн Арэкипад гурван жил номлолын удирдагчаар үйлчлэхээр дуудагдлаа. Бид анхны ач хүүгээ төрсний дараахан явсан юм.
Бид 2019 онд хоёр шинэ ач охин дээрээ гэртээ эргэж ирлээ. Манай хоёр том хүү гэрлэсэн байсан ба отгон хүү маань хайраа олоод удахгүй гэрлэх гэж байв. Би хуульчийн мэргэжилдээ эргэн орсон ба хамгийн дуртай дуудлага маань ээж, эмээгийн дуудлага байсан.
Тийнхүү дараа нь Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчлэх дуудлага ирсэн юм. Миний өөртөө зориулан зохиосон эвлэгхэн төлөвлөгөө бол гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, мөнгө санхүүгээ бат болгохын тулд дахиад 10 жил хуульчаар ажиллаж, тойрогтоо эсвэл ариун сүмд үйлчлэх явдал байлаа.
Хэрэв би эвлэгхэн төлөвлөгөө дээрээ зогссон бол яах байсан бол?
Би ач, зээ нартайгаа илүү их цагийг хамт өнгөрүүлж, санхүүгийн аюулгүй байдлаа баталгаажуулж болох байсан. Бас би их зүйлийг шаардсан, бодгалиа таньж мэдэх, итгэлийг төлөвшүүлэх туршлагыг алдах байсан. Өгсүүр үү? Тийм. Үнэ цэнтэй юү? Тэгэлгүй яах вэ!
“[Аврагч] бидний чадавхыг төгс мэддэг учраас Тэр биднийг хэзээ ч төсөөлж байгаагүй тэдгээр газарт маань аваачих болно” гэсэн гэрчлэлээ би үлдээе. Тэрээр таныг хэзээ ч төсөөлж байгаагүй газруудад аваачиж, таны үйлчлэл зүрх сэтгэлийг тань тэлэх болно гэдэгт би итгэлтэй байна. Таны тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнтэй мөр зэрэгцэн алхахын тулд түүн рүү Бурхан таныг чиглүүлэхийг зөвшөөр.
Магадгүй та насанд хүрэгчдэд бичиг үсэг зааж өгч болно. Эсвэл цагаачдад үйлчилж байж болно. Магадгүй та цэцэрлэгт хүрээлэнг гэр бүлүүдэд аюулгүй байлгах, арчилж тордох олон нийтийн бүлгийг удирдаж байж болно. Бид Бурханыг давамгай байлгавал Тэр биднийг Түүнд хэрэгтэй газарт, бидний хэзээ ч төсөөлж байгаагүй газруудад аваачих болно.
Ерөнхийлөгч Нэлсон: бид “илүү их итгэл шаардсан зүйлийг хийснээр илүү их итгэлтэй бол[дог]” хэмээн тунхаглан хэлсэн.
Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Яагаад гэвэл, амьдралдаа Бурханыг давамгайлуулснаар, өөрийн түүхийг Түүгээр бичүүлэх боломжийг олгосноор Есүс Христэд итгэх итгэл маань өсөн нэмэгдсэн юм.
Тэгвэл та нар хэрхэн Түүнийг амьдралдаа давамгайлуулах вэ?
Боловсрол эзэмшиж, гэрлэж, үр хүүхэдтэй болохыг хүсэж буй залуусын хувьд энэ нь яана гэсэн үг вэ? Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, сонголт нь гэр бүл эсвэл боловсрол, ажил мэргэжлийн дунд оршиж байгаа юм биш хэмээн хэлсэн. Тэрээр: “Цаг зарцуулалт бол бидний сонгох ёстой зүйл бөгөөд бид үүнийг хийхдээ Их Эзэний сүнсний өдөөлт, Түүний үйлчлэгчдийн сургаалуудыг эрэлхийлдэг” гэжээ.
Би энэ сэдвээр ярихдаа энэ амьдралд гэрлэж, үр хүүхэдтэй болох чин сэтгэлийн, хувиршгүй хүсэлтэй ганц бие хүмүүст болгоомжтой хандахыг хүсэж байна. Олон хүн нас баралт эсвэл гэр бүл салалтаас болж ганцаараа үр хүүхдээ өсгөж байгааг би харж байгаа. Би гэрлэсэн, хүүхэдтэй болохыг хүсдэг, мөн үргүйдэл болон үр зулбалтын улмаас зовж буй тоо томшгүй олон хосыг мэднэ. Би та бүхнийг зовж байгааг мэдэж байгаа. Та бүхэн энэхүү хувь тохиол өөрчлөгдөхийг хүсэж байгаа. Энэ бол таны өөртөө зориулан бичсэн төлөвлөгөө биш билээ. Миний зүрх сэтгэл та бүхний төлөө их шаналдаг.
Хүн бүрийн түүх өөр өөр байдаг
Би хуулийн болон бакалаврын зэрэгт боловсрол эзэмшсэн. Би хуулийн сургуульд сурч байхдаа гэрлэсэн. Би хуульчийн шалгалтдаа тэнцсэнээс хойш жилийн дараа анхны хүүгээ төрүүлсэн. Би хүүхдүүдээ төрүүлж, нөхөр бид хоёр хоёулаа ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ хайрлаж, асран халамжилдаг байлаа. Энэ үед үнэхээр завгүй бас заримдаа бүр ороо бусгаа байдаг байв. Бид соригдож байсан ба заримдаа ядардаг байлаа. Би нөхрөө дэмжиж, тэр ч намайг дэмждэг байсан. Гэр бүл бидний эн тэргүүнд тавьдаг зүйл байсан ба одоо ч хэвээр байгаа. Нөхөр бид хоёр эдгээр сонголт болон цаг хугацаагаа зохицуулахдаа сүнслэг удирдамжийг эрэлхийлж байв. Энэ бол бидний хийх хэрэгтэй гэж мэдэрсэн зүйл байлаа. Бид Бурханыг давамгайлуулахыг хичээж байсан.
Санхүүгийн болон мэргэжлийн талаас нь авч үзвэл, ажил мэргэжилдээ байр сууриа олтлоо хүүхэдтэй болохоо хойшлуулах нь ухаалаг хэрэг болох байлаа. Гэхдээ бид өөрсдийн түүхийг Их Эзэнээр бичүүлэхээр даатгахад заримдаа дэлхийн талаас ойлгож чадахааргүй зүйлсийг хийдэг. Би жирэмслэлт, хүүхэд төрүүлэх, хүүхэд өсгөх, машинаар зөөх, бяцхан лиг, Сүмийн үүрэг хариуцлага, тус дэмтэй эхнэр байхыг болон ажил мэргэжлээ хослуулан зэрэг хийдэг байлаа. Энэ бол миний өөрчлөхөөргүй баяр баясгалантай ажлууд байлаа. Бид Бурханыг давамгайлуулсан учраас гаргасан шийдвэртээ итгэлтэй байсан.
Битгий буруу ойлгоорой. Би хүн бүрд надтай адил замаар явахыг санал болгоогүй. Бидний түүх адил биш ээ. Миний мэдэж байгаа нь л өөрийн минь түүх болохоор би үүнийгээ хуваалцлаа. Гэсэн хэдий ч бидэнд буй нэгэн нийтлэг зүйл бол амьдралдаа Бурханыг давамгайлуулах явдал юм.
Эх хүн байх нь миний эн тэргүүнд тавьдаг зүйл. Энэ бол миний туйлын баяр баясгалан. Бурхан бидний анхны эцэг эхийг адисалж, “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” (Эхлэл 1:28) хэмээн тэдэнд зарлигласан билээ. Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь “тэдний эцэг эх болох боломжийн талаар” байсан юм.
Миний гол зорилго бол эх хүн байх явдал юм. Энэхүү зорилго маань боловсролын төлөөх миний тууштай эрмэлзэлтэй нийцэхгүй зүйл байгаагүй. Бидэнд сурч хөгжихийг эрэлхийлэхийг зарлигласан байдаг ба боловсрол эзэмших нь зарим талаар үүнийг биелүүлж байдаг. Энэ нь бас эцэг эх байхаас ирдэг бөгөөд бид хайр, өрөвч сэтгэл, тэвчээр зэрэг зан чанаруудыг хөгжүүлснээр бурхантай адил болохыг сурдаг.
Сонголтынхоо товыг гаргахдаа Бурханыг оролцуулахаар урих нь Түүнийг амьдралдаа давамгайлуулах гэдэгт орно.
Нөхөр бид хоёр гэр бүлдээ хүүхдүүдийг урих сонголтоо зөв цаг хугацаанд нь хийх талаар Их Эзэнээс сүнслэг өдөөлт мөн бошиглогчдоос удирдамжийг хүлээн авсандаа би мөнхөд талархаж явдаг. Би энэхүү сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэж, үр хүүхэдтэй болж, өсгөх тэнгэрлэг чадавхаа биелүүлэхдээ дэлхийн нөлөөлөл, ая тух, нэр төр эсвэл мөнгөнд автаагүйдээ туйлын их талархаж явдаг.
Хүүхэдтэй ба хүүхэдгүй эмэгтэйчүүд, Кэйтлин Коннолли, хуулбарлаж болохгүй
Бидний бүтээлийн зорилго
Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэхээ боливол энэ мөнх бус амьдрал төгсгөл болно. Тиймээс бид эцэг эх байх ариун нандин үүрэг хариуцлагыг үл тоомсорлож эсвэл тоохгүй орхихгүй байх нь туйлын чухал юм.
Нийгмийн шинжлэх ухааны тоо баримт үр хүүхэдтэй болохоо больж төрөлт удааширсан улс үндэстэн, соёл иргэншилд тодорхой, сөрөг нөлөө үзүүлдгийг харуулж байна. Дэлхийн олон оронд нэг эмэгтэйд ногдох амьд төрөлтийн дундаж тоо хоёроос бага байдаг. Энэ нь бид өөрсдийгөө нөхөхгүй байна гэсэн үг.
Сүмийн удирдагчдын хувьд бид гэрлэлт ба хүүхэд төрүүлэхэд гарч буй сүүлийн үеийн чиг хандлагын талаар санаа зовж байна. АНУ-д сүүлийн 30 жилд, гэрлэж байсан иргэдийн тоо 8–9 хувиар буурсан байна. Эдгээр тоо нь “дэлхий дахины асуудал болж байгаа билээ”. Хүмүүс гэрлэхгүй бол төрөх хүүхдийн тоо цөөрч байдаг.
Саяхан Нэгдсэн Улс “18–55 насны хүмүүсийн дунд хүүхэдгүй ганц бие насанд хүрэгчдийн хувь нь гэрлэсэн, хүүхэдтэй насанд хүрэгчдээс илүү байх” шугамыг давсан.
Соёл иргэншлийг хадгалж үлдэхэд хүүхдүүд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд аз жаргалын алдар суут төлөвлөгөөнд амин чухал юм. Өсөн нэмэгдэж, газар дэлхийг дүүргэ хэмээх бидэнд өгөгдсөн зарлиг “хүчин төгөлдөр байгаа.”
Бид тэдэнтэй хамт мөн Тэд бидэнтэй хамт, Кэйтлин Коннолли, хуулбарлаж болохгүй
Түүхээ Их Эзэнээр бичүүл
Гэрлэж, үр хүүхдээ өсгөх нь олон хүний чин сэтгэлийн хүсэл байдгийг би мэднэ. Гэсэн хэдий ч олон хүн ганц бие эсвэл үргүйдэлтэй байдаг. Хэзээ ч гэрлэж байгаагүй, өөрөө хүүхэд төрүүлж байгаагүй хамгийн хайрт найз минь миний хүүхдүүдийг хайрлаж, халамжилсан юм. Энэ нь өөрийнх нь хүүхдүүдийг орлох зүйл биш юм. Энэ нь түүний эх хүн болох зорилго хэвээр байгаагийн нотолгоо юм.
Миний хүү, бэр хоёр удаа дараа зулбалтын хэцүү давааг давж байсан. Тэдний хүсэл тэмүүлэл нь зөв юм. Тэд амьдралдаа Бурханыг давамгайлуулахыг эрэлхийлдэг. Бид өөрсдийн түүхийг Есүс Христээр бичүүлж, мөн төгсгөхийг итгэлээрээ гуйхдаа сэтгэл эмзэглүүлэм ч эцэстээ бидний төсөөлж чадахаас илүү агуу, илүү селестиел байх найдвараар хэцүү түүхийг даван туулахад бэлтгэлтэй байх ёстой.
Миний дотнын найзуудын дунд хожим гэрлэж, үргүйдэлтэй болсон нэг хос байдаг юм. Тэд хүүхэд өргөж авах хэрэгтэй эсэхийг итгэлээр асуусан. Нялх хүүхдийн оронд тэд 5–17 насны дөрвөн эгч дүүсийг өргөж авахаар шийджээ. Мэдээж хэрэг энэ нь тэдний өөрсдөдөө зориулан бичсэн түүх биш билээ. Гэвч Тэр тэдэнтэй хамт ямар гайхамшигтай түүхийг бичсэн гээч.
Хувийн нөхцөл байдал маань ямар ч байлаа гэсэн бид бүгдээрээ Бурханы гэр бүлийн нэг хэсэг, дэлхий дээрх гэр бүлийн гишүүд бөгөөд мөнхийн эцэг эх болохоор бэлтгэгдэж байгаа билээ. Аврагч Есүс Христээр дамжуулан бидэнд боломжтой болсон өргөмжлөлийн адислалд үр удам ч бас багтдаг. Тиймээс бид лацдан холбуулж, энэ амьдралд эсвэл ирэх амьдралд үр хүүхэдтэй болж байна уу ялгаагүй, бидний зорилго бол өргөмжлөл бөгөөд хэрэв бид гэрээнүүдийг байгуулж, сахих юм бол өргөмжлөлийг хүлээн авах болно. Бид Бурхантай гэрээт харилцаагаа тогтоохдоо Түүнтэй босоо шугамаар холбогддог бөгөөд хэзээ ч ганцаараа биш байдаг. Бид “Түүний илүү их хайр, нигүүлслээр” адислагддаг.
Гэрээний хүмүүс бид гэрлэж, үр хүүхдүүдтэй болж, тэднийг өсгөн халамжлахаар төлөвлөж, бэлтгэдэг. Юутай ариун нандин дуудлага вэ! Бид Түүгээр амьдралаа удирдуулахыг хүсдэг учраас Бурханд болон Түүний хүүхдүүдэд хайраа харуулахаар тэднийг хайрлан, удирдан, үйлчилж, өсгөн хүмүүжүүлдэг.
Энэ бол амьд байж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд гэрээ байгуулах онцгой цаг үе юм. Аз жаргалын төлөвлөгөөн дэх өөрсдийн үүрэг, зорилго, хариуцлагаа ойлгох нь бахархал төрүүлж, итгэл найдвар өгч, баяр баясгалангаар дүүргэдэг. Ирээдүйд болох зүйлсэд биднийг бэлддэг амьд бошиглогч бидэнд байдаг гэдгийг мэдэх нь тодорхой бус байдал дунд надад амар амгаланг, бүр өөдрөг үзлийг авчирдаг. Бурхантай тогтоосон гэрээний харилцаа маань надад итгэл найдварыг өгдөг. Миний гэрээт итгэл Есүс Христ дээр тулгуурладаг.
Тэр амьд, бидний хүн нэг бүрийн төлөө Өөрийн амьдрал ба Цагаатгалыг өргөхөд бэлэн байснаар нь Түүний биднийг хайрладаг хайр илэрдэг гэдгийг би гэрчилж байна.