2025
Үнэт Бонсай мод ба эрхэм нандин гэрчлэлүүд
2025 оны 9-р сар


“Үнэт Бонсай мод ба эрхэм нандин гэрчлэлүүд,“ Лиахона, 2025 оны 9-р сар.

Үнэт Бонсай мод ба эрхэм нандин гэрчлэлүүд

Гэрчлэл бүр нь үнэлж баршгүй бэлэг бөгөөд үүнийг мөнхөд хадгалж, ирээдүй үеийнхэнд дамжуулахын тулд хувийн сүсэг бишрэл, итгэлийг шаарддаг

Бонсай мод

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Японы Токиогийн төвд байх нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд намайг гайхшируулсан нэг зүйл байхыг би олж харсан юм. Цэцэрлэгт хүрээлэн дундуур хөтлөх замын хажууд бонсай мод суулгасан арван хэдэн жижиг савыг өлгөсөн нэгэн хана сүндэрлэж байлаа. Өвөрмөц үзэсгэлэнтэй мод бүр насыг нь харуулсан жижиг тэмдэгтэй байв. Ихэнх нь 100-аас дээш настай байсан.

Нэг нь 390 настай байсан ч үр жимсээ өгсөөр байлаа. Өөр нэг нь хоёр мод их биеэрээ сүлжилдэн ургасан ч нэг нь амьд нэг нь үхсэн байв. Энэ нь гайхалтай 590 настай мод байсан юм.

Бонсай мод бүрийг анх хэрхэн баяр, бахархалтайгаар ургуулж, тайрч байсныг би төсөөлөн бодлоо. Хожим нь тэр модод гэр бүлийн удам дамжсан өв болсон бололтой. Өндөр настай эцэг эхчүүд гэр бүлийн бонсай модоо арчлан тордож, хор хөнөөлөөс хамгаалж, ирээдүй үеийнхэндээ зориулан хадгалах үүрэг хариуцлагыг хүүхдүүддээ даалгаж байгаа тухай би бодож билээ.

Токиогийн эдгээр жижигхэн модод аймшигт дайн дажин, энх тайван цаг үе, хүчтэй шуурга, нам жим цаг агаарыг даван туулж чадсан юм. Тэдгээр нь бие сэтгэлээ зориулах, уламжлал, хайр халамжийн ер бусын гэрчлэл юм.

Эрхэм нандин бэлэг

Би эдгээр бонсай модыг харснаас хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн олон үеийн гэр бүлүүд нэгэн анхдагч гишүүн сэргээгдсэн сайн мэдээний үнэ цэнтэй гэрчлэлийг олж авснаар эхэлсэн тухай сонирхон бодож билээ.

Сүмийн шинэ гишүүн бүрийн гэрчлэл тэд Бурханы үгийг зүрх сэтгэлдээ “зай тавьж өгөн“ эсвэл суулгаж, арчлан тордсоноор эхэлдэг (Алма 32:28-ыг үзнэ үү). Гэрчлэл нь өсөхийн хэрээр тэрхүү шинэ гишүүний үйлдэл ба замналыг засаж, хэлбэржүүлж амьдралын өөр голдиролд ордог.

Амьдралын олон хүнд сорилт, шуурга дунд Есүс Христийн тухай, Түүний Сүмийн талаарх санаа тавьж, арчилсан гэрчлэл хүчирхэг болж байдаг. Бонсай модтой адил гэрчлэл нь хойч үедээ өсөж хөгжин, арчилж тордох үнэт бэлэг болон өгөгдөж, уламжлагдаж байдаг.

Үе удам бүр энэхүү гэрчлэлийг өөрийн болгох агуу үүрэг хариуцлагатай билээ. Энэ бол үнэлж баршгүй боловч эмзэгхэн бэлэг юм. Үүнээс гоо үзэсгэлэн, баяр баясгаланг мэдэрдэг байхын тулд хувийн гуйвшгүй байдал, итгэл шаардагддаг.

Лихайн зүүдэндээ харсан мод хэр том байсныг бид мэдэхгүй. Гэвч энэ нь үлэмж үзэсгэлэнтэй байсныг мөн тэрээр үүний жимсийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг тэсэж ядан хүлээж байсныг бид мэднэ (1 Нифай 8-ыг үзнэ үү). Лихайн гэр бүл заримдаа зөв шударга уламжлалуудыг амжилттай дамжуулдаг байсан ч заримдаа саад бэрхшээл, дуулгаваргүй байдал, сорилт бэрхшээлтэй тулгарах үед гэрчлэл нь хатаж үхэж байгааг гунигтайгаар үзэж байсан удам дамжсан гэр бүлийн тод жишээ болсон юм.

Гэр бүлийнхээ анхны хожмын үеийн гэгээнтний хувьд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих замаар багахан гэрчлэлээ өсгөж, арчилдаг тэднийг харахдаа бид баяртай байдаг. Мөн бид тэдгээр анхдагч Гэгээнтнүүдэд Бурханы хайрыг ирээдүй үеийнхэндээ дамжуулж өгдөгт нь талархаж байна.

Ням гаргийн цуглаан, ариун сүм дэх үйлчлэл, семинар, институт, өсвөр үеийнхэнд болон залуучуудад зориулсан чуулгануудад оролцохыг эн тэргүүнд тавьдаг эцэг эхчүүд, багш нар, өсвөр үеийнхэн, залуучууд Аврагчийг амьдралдаа эн тэргүүнд тавьж, багахан гэрчлэлүүдийг сүнслэг хөрсөөр, мөн тэднийг өсгөх шим тэжээлээр хангаж байдаг.

Токиод миний харсан бонсай мододтой адил Есүс Христийн тухай, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаарх бидний гэрчлэл бол хайртай хүмүүсийг маань адислах үнэлж баршгүй өв хөрөнгө юм. Бид тэдгээрийг үеэс үед хичээнгүйлэн хөгжүүлж, нандигнан хадгалж мөн хуваалцах үед тэдгээр нь бидний өв болж чадна.