“Хэрэв Бурханы сүм дэлхий дээр байсан бол,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Итгэлийн хөрөг
Хэрэв Бурханы сүм дэлхий дээр байсан бол
Би номлогчдод цагаа бүү дэмий үр, би өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй гэдгээ хэлсэн. Гэвч дараа нь би тэдний заасан зүйлс гэр бүл, хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг, Аврагчийн Сүмийн талаарх миний итгэл үнэмшилтэй нийцэж байгааг мэдсэн юм.
Бага байхад аав ээж хоёр маань намайг өөр өөр сүмд дагуулж очдог байлаа. Дараа нь, би өсвөр насандаа Бурханд хандан Библи уншиж эхэлсэн. Надад сайхан санагдаж байсан.
Би Бурханы тухай, амьдралын зорилгын тухай бодох үедээ гэр бүлтэй байх нь чухал гэдгийг ойлгосон. Сүмийн удирдагчид үлгэр жишээгээр заах ёстой гэдэгт би итгэдэг байсан ч миний явдаг байсан сүмд пристүүд гэрлээгүй байв. Энэ нь надад утгагүй санагдсан. Би гэрлэж, гэр бүлтэй байх нь сайн зүйл гэдэгт итгэдэг байлаа.
Би тэр үед 16 настай байж билээ. Би маш их хайртай нэг найз охинтой байсан ч тэр намайг орхин явсан юм. Энэ нь надад хэцүү байлаа. Би бараг жил шахам маш их зовж шаналсан. Энэ явдлаас болоод би хаанаас ирсэн, яагаад энэ дэлхий дээр байгаа, амьдралын зорилго юу болохыг, мөн үхлийн дараа юу болдог талаар ойлгохыг хүссэн. Би эдгээр асуултын хариултыг өөрөө олохыг хүсэж байлаа. Харин би тэр тухай нэлээд удаан бодсоны эцэст Бурханд дахин хандаж, “Амийг Бүтээгч амьдралыг надаас илүү мэднэ шүү дээ. Би Түүнээс хариултыг олох ёстой” гэж өөртөө хэлсэн юм.
Библийг уншиж байхдаа би Есүс Арван хоёр төлөөлөгчийг дуудсан болохыг мэдэж авлаа. “Хэрэв Бурханы сүм өнөөдөр дэлхий дээр байсан бол энэ нь Төлөөлөгчидтэй байх ёстой шүү дээ” гэж би бодлоо. Шашинд улам их татагддаг болж, баптисм хүртэх хүсэл төрж байлаа.
Намайг аавтайгаа Бурханы тухай ярихад тэр надад Бурхан бол шударга гэж хэлсэн юм. Тэр надад чи нэг бол аврагдахын тулд баптисм хүртэнэ эсвэл тамд үүрд яллагдана гэлээ. Хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүдээ ердөө баптисм хүртээгүйн улмаас там руу үүрд илгээхдээ баяртай байдаг гэдэгт би итгэхийг хүсээгүй. Баптисм хүртэх боломж олдоогүй хүмүүсийн хувьд юу болох вэ?
Францад итгэгчид цөөхөн байдаг. Миний найзууд дажгүй залуус байсан ч баптисм хүртээгүй байсан юм. Би тэднийг бүгдээрээ тамд орно гэж бодох нь буруу гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Тиймээс би өөрийн итгэл үнэмшлийг бий болгохоор шийдсэн. Би төгс хайраар хайрладаг, хүүхдүүдээ аврахын тулд чадах бүхнээ хийх Бурханд итгэдэг байлаа. Хэрэв Түүний хүүхдүүд Түүний алдар сууг хүлээн авахыг хүсэхгүй бол энэ нь тэднээс л шалтгаална. Гэхдээ Тэр тэдэнд боломж олгох болно.
Хөрвөлтөд хүргэх нэгэн тойруу зам
Нэг өдөр манай тосгонд ажиллаж байсан бүрэн цагийн хоёр номлогчид тойруу замаар гэр лүүгээ явах мэдрэмж төржээ. Гэр лүүгээ явах замдаа тэд ээжтэй минь тааралдсан байна. Тэр тэднийг зогсоож, надтай уулзуулахаар цаг тохиров. Би үүнд нэг их баяртай байгаагүй. Би тэдэнтэй ярихыг хүсэхгүй байлаа. Би тэднийг: “Та биднийг сонсох ёстой. Бидний хэлэх зүйлд та итгэх ёстой” гэж хэлнэ гэж бодож байлаа.
Номлогчдыг надтай уулзахаар ирэхэд нь би тэдэнд, “Цагаа битгий дэмий үр. Би өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Та нарын хийж байгаа зүйл сайн ч гэр бүл маш чухал гэдэгт би итгэдэг. Сүмийн удирдагчид гэрлэсэн байх ёстой гэж би итгэдэг. Сүм арван хоёр төлөөлөгчтэй байх ёстой гэдэгт би итгэдэг. Бурхан аль болох олон хүүхдээ аварна гэдэгт би итгэдэг. Бас би архи ууж, тамхи татах зүйлүүдэд итгэдэггүй” гэж хэлсэн юм.
Тэдний сургаал миний итгэл үнэмшилтэй нийцдэгийг мэдээд би гайхаж байлаа. Тэд надад Мормоны Номыг өгөөд, үүний талаар залбираарай гэж хэлсэн. Би энэ номыг уншихдаа, бас номлогчидтой хамт байхдаа Сүнсийг мэдэрсэн. Гэхдээ би: “Магадгүй би ийм эерэг мэдрэмжийг өөрөө л бий болгож байгаа байх“ гэж бодож байлаа.
Би залбираад зүүдэндээ хариулт хүлээн авсан. Зүүдэндээ би Библийг нээсэн. Библийн дотор Библийн янз бүрийн номтой тэмдэглэгээнүүд байв. Хамгийн сүүлийн тэмдэглэгээн дээр “Мормон“ гэсэн байлаа. Энэ дохио надад Библи, Мормоны Ном хоёр нэг сайн мэдээг агуулдаг гэдгийг ойлгоход тусалсан юм (EЕзекиел 37:15–19-ийг үзнэ үү).
Мормоны Номыг уншиж, судалсан бусад туршлага миний гэрчлэлийг улам бэхжүүлсэн. Номлогчид намайг баптисм хүртэх урилга өгөхөд би баяртайгаар хүлээн авсан. Найз охин маань намайг орхиж явснаас хойш яг нэг жилийн дараа би баптисм хүртсэн. Баптисм хүртсэнээр амьдрал маань ихээхэн өөрчлөгдсөн. Би Сүмд ороод хэдэн найзаа алдсан ч явдаг байсан салбартаа шинэ найзуудтай болсон.
“Сайн мэдээ надад асар их гэрэл гэгээ, аз жаргалыг авчирсан“ гэж Николас хэллээ. Тэр цааш нь “Бурхан намайг адисалсан. Би сайн эмэгтэйтэй танилцаж, бид гурван сайхан охинтой болсон.“
Сайн мэдээ надад маш их гэрэл гэгээ, аз жаргалыг авчирсан. Би Сүнсээр мөн баяр баяслаар дүүрсэн байв. “Өмнө нь зовж шаналсан бүхэн минь намайг энд авчирлаа“ гэж би бодсон.
Бурхан намайг адисалсан. Би сайн эмэгтэйтэй танилцаж, бид гурван сайхан охинтой болсон. Тэдний хоёр нь номлолд үйлчилж, олон жилийн өмнө миний ухаарсан ойлголт болох “Гэр бүл нь Бүтээгчийн хүүхдүүдийнхээ мөнхийн хувь заяанд зориулсан төлөвлөгөөний төвд байдаг,” “Наманчилдаг нас барагсад Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 138:58), мөн Их Эзэн өнөө үед Өөрийн Сүмийг удирдуулахаар бошиглогч, төлөөлөгчдийг дууддаг (Ефес 2:20-ийг үзнэ үү) гэдгийг ойлгоход бусдад тусалсан.