2025
Аравны нэгээ төлсний минь амлагдсан адислалууд хаана байна вэ?
2025 оны 9-р сар


“Аравны нэгээ төлсний минь амлагдсан адислалууд хаана байна вэ?,” Лиахона, 2025 оны 9-р сар.

Аравны нэгээ төлсний минь амлагдсан адислалууд хаана байна вэ?

Биднийг аравны нэгээ төлөхөд Тэнгэрлэг Эцэг ихэнхдээ шууд ирэх гайхамшгуудын оронд “чухал хийгээд чимээгүй” адислалуудыг өгдөг.

дугтуйд аравны нэг хийж буй хүний зураг

Зургийг Диллийн Марш

Биднийг аравны нэгээ төлөх юм бол Тэрээр тэнгэрийн цонхыг нээж, “хүлээж авах хангалттай зай байхгүй болтол нь” ивээлийг хальтал асгах болно [Малахи 3:10] хэмээн Малахи амласан билээ.

Энэхүү амлалтаас үүдээд бид аравны нэгээ төлөх зарлигийг дээдлэн дагасан хүмүүст гайхалтайгаар шууд ирсэн адислалуудын тухай түүхийг олонтоо сонсдог. Гэвч бид зуурдын хэрэгцээ маш их шаардлагатай тэдгээр үедээ дээрхтэй адил адислалуудыг хүлээн авахгүй бол юу болох вэ? Үүнтэй төстэй адислалууд бидний амьдралд тохиолдохыг харахгүй байх нь үнэхээр урам хугармаар байж болох юм. Тэр битгий хэл “Би адислагдаагүй юм болов уу?” гэж асууж магадгүй.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн: ”тэнгэрийн цонх олон арга замаар нээгддэг. Зарим нь түр зуурынх байдаг бол олон нь сүнслэг байдаг. Зарим нь чимээгүй бөгөөд анзаарагдахгүй өнгөрөх нь бий. Их Эзэний цаг хугацаанд итгэ; адислалууд үргэлж ирдэг” гэж хэлжээ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын заасан зүйлс бас бидний хүлээн авдаг адислалууд нь бидний бодоогүй байж болох маш олон арга замаар ирж болно гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. “Энэхүү [аравны нэгийн хуулийн] зарлигт дуулгавартай байснаар олж авдаг янз бүрийн адислалын зарим нь чухал хийгээд чимээгүй байдаг юм. Бид тэдгээр адислалыг сүнслэг байдлын хувьд соргог мэдрэмжтэй, ажигч байх үедээ л ялган таньж чаддаг (1 Коринт 2:14-ийг үзнэ үү)” хэмээн тэр хэлсэн.

Аравны нэгээ бүрэн төлснөөр ирэх чухал хийгээд чимээгүй адислалуудыг хайж, олж мэдэх нь Бурхан биднийг мэддэг мөн биднийг адисалж байгааг ойлгоход бидэнд тусалдаг.

Чухал хийгээд чимээгүй адислалууд

Бурханы хүсэл үргэлж биднийхтэй адил байдаггүй (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү). Тийм учраас Бурханы адислалууд үргэлж бидний хүссэнээр эсвэл хүлээж байснаар ирэхгүй байж мэдэх юм. Тухайлбал ахлагч Бэднар аравны нэгээ төлснөөр ирдэг санаанд оромгүй адислалуудын зарим жишээг: “Заримдаа бид Бурханаас амжилт хүсэхэд Тэр бидэнд бие махбод, оюун санааны тэсвэр хатуужлыг өгдөг. Баялаг гуйхад өргөн цар хүрээ бүхий ойлголт, нэмэлт тэсвэр тэвчээрийг бид хүлээн авахыг өсгөж хөгжүүлэхийг гуйхад ач ивээлийн бэлгээр адисалж магадгүй юм. Биднийг зөв зохистой зорилгодоо хүрэхээр хичээх үед Бурхан биднийг тууштай итгэл, өөртөө итгэлтэй байдлаар ч адисалж болно. Бид бие махбод, оюун санаа, сүнслэг байдлын бэрхшээлээсээ салахыг хүсэхэд Тэр бидний шийдвэр төгс байдал, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж болох юм” хэмээн хэлсэн байна.

Ахлагч Бэднар, мөн: заримдаа “хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл бидний нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээж байхаас илүүтэйгээр, өөрсдийн нөхцөл байдлыг өөрчилж чадах илүү их чадвартай болох нь бидэнд тэнгэрийн цонхоор дамжин ирэх адислал ч байж болно” гэж зөвлөсөн. Жишээлбэл: Аргентины нэгэн эхнэр, нөхөр хоёр энэ тухай амьдралдаа үүнийг хэрхэн мэдэрснийг “Та яагаад одоо ч аравны нэгээ төлсөөр байгаа вэ?” хэмээх түүхээс нь үзээрэй. (Liahona, Mar. 2013, 37).

Бурханы цаг хугацаа

Бид мөн адислалууд нь Бурханы цаг хугацаанд, Түүний арга замаар ирдэг гэдэгт итгэж сурч чадна.

Далын ахлагч Майкл Жон Ү.Тэ: “Бид аравны нэгийн хуулийг дуулгавартай дагахдаа … Их Эзэнд эцсийн хугацааг өгөх ёсгүй. Зарим нь материаллаг адислалуудыг өөрсдийн бодож байгаа тодорхой нэг цагт хүлээн авах гээд хүлээгээд байх хандлагатай байдаг. Ийм байдлаар ихэнх хүн Түүний амлалтуудад итгэх итгэлээ алддаг. Тэд анхандаа итгэлтэй байдаг ч хэсэг хугацааны дараа тэдний шаардлагыг хангахгүй байх үед дуулгавартай байхаа больдог. Бүх зүйл бидний хүслийн дагуу биш, харин Их Эзэний хүслийн дагуу хийгддэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй” хэмээн хэлсэн.

Бурханы цаг хугацаа биднийхээс өөр гэдгийг ойлгох нь бидэнд тэр даруй гайхамшиг тохиолдоогүй учраас энэ нь бид адислагдаагүй гэсэн үг биш гэдгийг илүү сайн ойлгоход тусалдаг.

Бурханы мэргэн ухаан

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Даллин Х.Өүкс: “Амьдрал бол биднийг өөр төлөвлөгөөнүүдийг гаргаж байх үед бидэнд тохиолддог зүйл гэж хэн нэгэн хэлсэн. Бид хянаж чадахааргүй зүйлсийнхээ улмаас амьдралдаа хүссэн бүхнээ төлөвлөж, хэрэгжүүлж чадахгүй. Бидний амьдралд төлөвлөөгүй олон чухал зүйл тохиолдох бөгөөд бүгдийг нь таатай хүлээж авдаггүй” хэмээн заасан.

Бидний мөнх бус аялалд аравны нэгийн хуульд дуулгавартай хүмүүс ч гэсэн ажилгүйдэл, гэнэтийн яаралтай үйл явдлууд, санхүүгээ буруу зарцуулах эсвэл цалингийн зогсонги байдлаас болж санхүүгийн хүндрэлтэй тулгарч болно. Бүх зүйл Бурханы хяналтад байдаг гэдгийг мэдэх нь аравны нэгийн чухал бөгөөд үл мэдэгдэм адислалуудыг эрэлхийлэх явцдаа итгэл, тэвчээрээрээ өсөж хөгжихөд бидэнд тусалдаг. Эдгээр хүндрэл бэрхшээлийн зарим нь үнэндээ уг сорилтоороо дамжуулан өсөж хөгжихөд маань туслах адислал байж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Хюү Б.Браун (1883–1975) Канадад нэгэн ферм дээр үхрийн нүдний бут тайрч байхдаа ийм сургамж авсан тухайгаа хуваалцсан байдаг.

Тэр газраа цэвэрлэж, засаж янзалж байхдаа 180 см гаруй өндөр ургасан хэр нь ямар ч жимс ургуулаагүй үхрийн нүдний буттай таарчээ. Тиймээс нулимсны дусал хэлбэртэй жижиг хожуулууд үлдээгээд бүгдийг нь тайрчээ. Энэ нь үхрийн нүдний бутыг уйлж байгаа мэтээр харагдуулж байсан ба ахлагч Браун бут ийн хэлэхийг сонссон байх гэж боджээ:

“Та намайг яаж ингэж чадав аа? Би үнэхээр гайхалтайгаар өсөж байсан шүү дээ. … Харин одоо та намайг бүхлээр нь тайрчихлаа. … Би таныг эндхийн цэцэрлэгч гэж бодож байсан шүү дээ.“

Ахлагч Браун хариуд нь: “Бяцхан үхрийн нүдний бут минь, би эндхийн цэцэрлэгч мөн. Бас би чамайг ямар болохыг хүсэж байгааг чинь мэднэ. Хэрэв би чамайг хүссэн замаар чинь явуулбал чи хэзээ ч үнэ цэнтэй болохгүй. Гэхдээ хэзээ нэгэн өдөр чи үр жимс гаргахдаа өнгөрсөн үеэ санаж, ‘Намайг тайрч, намайг өвтгөх хэмжээнд их хайрласны тань төлөө танд баярлалаа, ноён цэцэрлэгч ээ’ гэж хэлэх болно.

Бид санхүүгийн хувьд хүнд байдалд орж, аравны нэгээ төлснөөр ирэх амлагдсан адислалуудыг олж харахгүй байгаа үедээ Бурханаас нулимс дуслуулан үүнтэй адилаар, “Та намайг яаж ингэж чадав аа? Би таны хүссэн бүхнийг хийж байна. Харин одоо та намайг тайрчихлаа шүү дээ.”

Ийм цаг үед бид тохиолдож буй сорилт бэрхшээлүүдээс авч буй сургамж нь үнэхээр агуу адислалуудыг авчирч чадах эсэх талаар бодож үзэх хэрэгтэй. Бид Түүнд ойр байснаараа Цэцэрлэгчид, Түүний бидэнд зориулан бэлтгэсэн адислалуудад илүү бүрэн дүүрнээр итгэж сурах болно.

Үргэлжлэх итгэл найдвар ба залбирлууд

Аравны нэгээ төлснөөр Бурханы бидэнд өгдөг чухал хийгээд чимээгүй адислалууд дэлхий дээрх олон бэрхшээлийг даван туулахад бидэнд тусалж чадна. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг өсөж хөгжин, Өөртэй нь илүү адилхан болоход туслахын тулд эдгээр адислалыг төгс байдлаар тохируулан өөрчлөх болно. Бид ирэх бүх адислалыг таньж мэдэж, хүлээн авахдаа итгэлээ хөгжүүлбэл Малахийн амлалт хэрхэн биелж байгааг харж чадна.

Санхүүгийн бэрхшээлээс болж эргэлзээ, цөхрөл ихсэх үед бид адислагдсан эсэхдээ нүдэндээ нулимстайгаар эргэлзэх үедээ итгэл найдвараа алдаж болохгүй шүү! Үүний оронд бид Их Эзэний бидэнд өгсөн чухал хийгээд чимээгүй адислалуудыг олж харахын төлөө залбирч, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөнд итгэлтэй байж болно.

Ахлагч Андэрсэны гэрчилснээр, “Бид Их Эзэнд итгэснээр тэнгэрийн адислалууд ирдэг гэдгийг би та нарт амлаж байна.”