2025
Би тантай адил болохыг хүсэж байна
2025 оны 9-р сар


“Би тантай адил болохыг хүсэж байна,” Лиахона, 2025 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Би тантай адил болохыг хүсэж байна

Би залбирах хүртлээ өөрийгөө хангалтгүй байх вий гэсэн айдсаасаа болж дааж давшгүй ихээр санаа зовж байлаа.

хүүхдүүдтэйгээ ярьж байгаа нэгэн ээжийн зураг

Зураг чимэглэлийг Дэвид Малан

Бага насны гурван хүүхдээ асарч халамжлах үед тохиолдох хүнд хэцүү зүйлсээр дүүрэн нэгэн урт өдрийн дараа би шүршүүрт орчхоод унтахыг л хүсэж байлаа.

Би гүн амьсгаа аваад, өрөөндөө амрахаар оров. Яг тэр үед таван настай охин маань орж ирээд, нөхөр бид хоёр түүнтэй болон гурван настай хүүтэйгээ сар бүр хийдэг хувийн ярилцлагынх нь ээлж болсныг надад сануулсан юм. Бид тэднээс дуртай зүйлсийнх нь талаар, цэцэрлэг эсвэл сүм дээр юу таалагдсаныг нь асуудаг байлаа. Дараа нь бид тэдэнд, тэд бол Бурханы хүүхдүүд бөгөөд тэднийг хайрладаг гэдгээ сануулдаг байв.

Ийн ярилцахдаа би дуртай байсан ч тэр үдэш бие махбод болоод оюун санааны хувьд хэт их ядарсан юм шиг санагдав. Би маргааш орой ярилцъя гэж охиндоо хэлж эхэлсэн ч бидний яриа түүний хувьд хэчнээн чухал болохыг ойлгосон юм.

“За тэгье. Аавыгаа аваад ирье” гэж би ядарсан байдалтай хэллээ.

Бид гурав орон дээр суугаад ярилцаж эхлэв. Нөхөр маань хэсэг хугацаанд өрөөнөөс гарахад би охиноосоо “Чи том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?” гэж асуусан юм.

Түүний “Тань шиг” хэмээх хариулт намайг их цочирдуулав.

Нүдэнд маань нулимс цийлгэнэж, зүрх минь сэтгэл хөдлөлөөр дүүрч билээ. Охиныхоо намайг харж байгаа байдалд сэтгэл минь хөдөлсөн ч, би хангалттай сайн байж чадахгүй байхаас айсандаа маш ихээр санаа зовж байлаа. Би хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл болж чадаагүй бүх шалтгаанаа бодож, өөрийнхөө сул талуудыг сайтар ойлгож байлаа.

Тэр орой би залбиралдаа охиндоо илүү сайн үлгэр дуурайл үзүүлж, охиныхоо хүндэтгэлийг хүлээхүйц зохистой болоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хичээнгүйлэн гуйсан юм. Гэнэт тайтгарал, найдвар, хайрын асар их давлагаа намайг нөмрөн авав. Би Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр намайг зүгээр л илүү сайн байхыг хичээж байгаа эх хүн байсны минь төлөө надад хэчнээн их талархаж байсныг ухаарсан юм. Тэд миний хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрч, надаас олж хардаг тэрхүү ээж, охин болоход минь тусалсан.

Бурхан биднийг мэддэг, хайрладаг бөгөөд “Аврагчийн Цагаатгалын боломж олгогч хүчээр” дамжуулан бид хэн болохыг хүсэж байгаа шигээ болж чадна гэдгийг би бүх зүрх сэтгэлээрээ мэднэ.

Эх сурвалж

  1. Дэвид A.Бэднар, “In the Strength of the Lord,Ensign, 2004 оны 11-р сар, 77