БУЦАЖ ИРСЭН НОМЛОГЧИД
ГЭРТЭЭ БУЦАЖ ИРСЭН НЬ МИНИЙ ХУВЬД НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
Монгол Улаанбаатар Номлолын шинэ ерөнхийлөгч БРАЙС КҮНЦ залуу номлогч байх үеийн түүх, гэрчлэлээ хуваалцаж байна
Би номлолдоо хайртай! Би 2007-2008 онд Монгол Улаанбаатар номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн. Монголд үйлчилснээр миний өөрийгөө болон эргэн тойрноо ойлгох, ертөнцийг үзэх үзэл, Бурхантай харилцах харилцаа өөрчлөгдсөн юм.
Монгол хэл сурахад тийм ч амар байгаагүй. Би эргэн тойрныхоо хүмүүсийн ярьж буй зүйлийг ойлгож, тэдэнтэй ярилцдаг болохын тулд өдөр бүр Бурханаас тусламж гуйн залбирдаг байсны ачаар харьцангуй хурдан сурсан гэж боддог. Ялангуяа Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа маань өөрчлөгдсөнийг би нэг жишээгээр онцолж яримаар байна. Би хамтрагч ахлагч Хосбаярын хамт Сүмийг болон Есүс Христийн сайн мэдээг сонирхдог нэгэн гэр бүлд хичээл зааж байлаа. Номлолын хоёр дахь өдөр минь байв.
Хамтрагч маань уг гэр бүлд сайн мэдээний талаар зааж, асуултад нь хариулан, харин би хажууд нь ямар ч тус нэмэргүй шахуу сууж байлаа. Монголоор ойлгох, ярих чадвар маань маш муу байсан ч яриан дундуур “бошиглогч,” “сайн мэдээ” гэх мэт үгс гарахыг олж сонссондоо олзуурхан, баярлаж байснаа санадаг. Хичээлийн төгсгөлд хамтрагч маань над руу хараад, намайг гэрчлэлээ хуваалц гэж дохилоо. Би сайн мэдээний талаар мэдэрсэн зүйлээ энэ хүмүүстэй хуваалцахын тулд хичээлийн туршид Бурханд хандан залбирсаар байсан юм. Гэтэл амаа нээмэгц би шууд л ярьж гарсан! Мэдэхгүй үгс, өгүүлбэр, хэллэгүүд амнаас минь урсан гарч байлаа. Тэр өдөр Бурхан надад юу хэлэхийг зааж өгч, Сүнс тэр жижигхэн гэрийг дүүргэсэн. Эцэст нь амнаас минь гарах үгс зогсов. Яг л усны цорго хаагдах мэт. Харин би дараа нь “Есүс Христийн нэрээр, амен” гэж яаж хэлэхээ мэдэж байсан. Уг айлаас гараад явж байхад миний хамтрагч ахлагч Хосбаяр над руу эргэж хараад, “НБТөвд лав ингэж гэрчлэл хуваалцахыг заадаггүй!” гэж билээ. Тэгэхээр нь би түүнд “Би юу гэж хэлснээ мэдэхгүй ч юу мэдэрч, юу мэдэж авснаа мэдэж байна” гэж хариулсан. Тэр өдөр Их Эзэн надтай хамт байсан. Түүнийг би хайж байсан болохоор, хэрэгтэй үед минь Тэр надтай хамт байдгийг олж мэдсэндээ би баярлаж байлаа. Үнэн хэрэгтээ, номлол маань надад чамайг туйлдаа хүртэл хамгийн хэцүү нөхцөл байдалд орсон байсан ч Их Эзэн ганцааранг чинь орхидоггүй гэдгийг ойлгуулсан. Мөн итгэл гэдэг нь таныг “хэвийн” нөхцөл байдалдаа эргэн очсон ч Их Эзэнийг өөртэйгөө хамт байлгахыг хэлнэ.
Монголын ард түмэн маш зочломтгой, найрсаг хүмүүс. Тэд намайг гэртээ урьж оруулж, хооллож ундлахаас гадна жинхэнэ итгэл гэж юу байдгийг заасан. Номлолоо дуусгаад гэртээ буцаж ирсний дараа ч би үргэлж Монголын тухай дурсдаг, ярьдаг байсан. Зүүнхараа руу галт тэргээр явдаг байснаа, бас Сүнжидмаа эгчийн хийдэг байсан буузыг хүн болгонд ярина. Гэхдээ хүмүүст хэлэх дуртай зүйл маань бол миний зүрх хэрхэн өөрчлөгдсөн тухай байсан. Надаас өөр хэлээр ярьдаг, өөр хоол иддэг, бүр надаас өөр сэтгэдэг хүмүүсийг би хайрлах болсон. Тэд бол Бурханы хүүхдүүд. Би Монголын ард түмэнд үнэхээр хайртай шиг тэд ч бас надад хайртай. Монголд эргэж ирсэндээ би туйлын баяртай байна. Би Монгол оронд, гэртээ буцаж ирснээ нэр төрийн хэрэг гэж бодож байна. Хүн бүр Есүс Христийг надтай адил мэддэг, мэдэрдэг байх ёстой гэж би боддог. Тиймээс л би Есүс Христэд, түүнчлэн ах дүүстээ үйлчлэхийг хүсдэг.
Номлолын ерөнхийлөгчөөр үйлчлэх дуудлага хүлээн авч, Монгол руу эхнэр, 3 хүүхдийн хамт явахаар томилогдох үед надад олон мэдрэмж орж ирсэн.
Юуны түрүүнд би маш их дарууссан, бас балмагдсан. Номлол маань миний хувьд ямар их ач холбогдолтой байсныг мэддэг учраас номлолын хүчин чармайлтыг удирдахад туслахыг хүссэн нь надад нэр төрийн хэрэг байлаа.
Хоёрдугаарт, миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэнгэрлэг Эцэг надад Монголд эргэн очиж, хайрладаг хүмүүстэйгээ харилцаагаа үргэлжлүүлэх гайхалтай боломжийг олгож байна. Тэр тусмаа энд ариун сүм баригдах гэж байгаа болохоор үнэхээр аз завшаантай хэрэг мэт санагдсан. Би Монголд гайхамшиг хэрхэн цааш үргэлжлэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна.