“Ариун сүмийн ёслолууд нь нэгтгэж, холбож, мөн лацаддаг,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Их Эзэний өргөөний түүхэн талууд
Ариун сүмийн ёслолууд нь нэгтгэж, холбож, мөн лацаддаг
Хожмын өдрүүд дэх ариун сүмийн ажлын түүх нь урам зориг мөн нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисмд зориулж алхам алхмаар өгөгдсөн илчлэлтүүдийг харуулдаг.
Зургийг Дан Бөрр
Бэтси Кинг Дюзэтт Миссиссиппи мөрний хүйтэн усанд зориг гарган орсон юм. Коннэтикатын, 58 настай бэлэвсэн хөрвөгч эмэгтэй тэр үед авга ах, хадам ээж, нөхрийнхөө хойд эцгийн өмнөөс баптисм хүртсэн байна.
Бошиглогч Иосеф Смит 1840 оны 8-р сард нас барагсдын төлөөх баптисмын сургаалын талаар гэгээнтнүүдэд дөнгөж заагаад байжээ. Наувугийн ариун сүм баригдаж дуусаагүй байсан тул тэд сэтгэл нь ихэд догдлон, голд очиж баптисм гүйцэтгэжээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн өмнөөс, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн өмнөөс баптисм хүртдэг байлаа. Гэвч удалгүй Их Эзэн Иосеф Смитэд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс гүйцэтгэх баптисмыг онцгойлон адислагдсан ариун сүмүүдэд гүйцэтгэх ёстой хэмээн илчилсэн юм (Сургаал ба Гэрээнүүд 124:28–35-ыг үзнэ үү). Мөн 1845 онд Бригам Янг эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн өмнөөс, эрэгтэйчүүд эрэгтэйчүүдийн өмнөөс баптисм хүртэх ёстой гэдгийг зарлажээ.
Бэтсигийн нөхөр Филэмон Дюзэтт зургаан жилийн өмнө нас барсан байв. Тэр хүйтэн усанд зориглон өөрийнхөө болон нөхрийнхөө нас барсан төрөл төрөгсдийг төлөөлөн баптисм хүртсэн юм. Түүний дотор 50 жилийн өмнө Бэтсиг жаахан охин байхад нас барсан Филэмоны хойд эцэг Жэсси Пийсийн баптисм багтжээ. Тэр түүнтэй хэзээ ч уулзаагүй байж болох ч түүнийг мэддэг, нэрийг нь мэддэг, бас Филэмон, түүний ээж Марта Вингтэй ямар холбоотой байсныг нь мэддэг байсан нь лавтай. Бэтси Мартаг амьд байхад нь мэддэг байжээ.
Бэтси нас барагсдын төлөөх баптисмын талаар илчлэлтүүдийг хүлээн авсны дараа бараг тэр даруйд Жэссигийн өмнөөс баптисм хүртсэн аж. Мөн тэр нөхөртэйгөө хамт нэг хүүхдээ Жэссигийн нэрээр нэрлэжээ. Филэмоны төрсөн эцэг мөн Филэмон гэдэг нэртэй байсан ба түүнийг бага байхад нас барж Жэсси Пийс гурван настай байхад нь хойд эцэг нь болж, Мартад түүнийг өсгөн хүмүүжүүлэхэд нь тусалсан байна.
Хойд эцэг эх байх нь арван найм, арван есдүгээр зууны үед Америкт түгээмэл байжээ. Нас баралт өндөр, дахин гэрлэх хувь өндөр байсан нь олон хүн хойд эцэг эхтэй, холимог гэр бүлд амьдарч байсан гэсэн үг юм. Ийнхүү Дюзэтт-Пийсийн гэр бүлийн холбоог хоёр удаа: нэг удаа Филэмоны ээж Жэсси Пийстэй гэрлэж, хоёр дахь удаад нас барагсдын өмнөөс баптисм хүртээх үед тогтоожээ.
Наувугийн Ариун сүм дэх баптисмын усан санг дүрсэлсэн зураг
Хайртай хүмүүсээ аврах нь
Төлөөлөн гүйцэтгэх баптисм нь тэдгээр мөнх бус хэлхээ холбоог мөнхөд үргэлжлэх арга замаар нэгтгэсэн юм. Иосеф Смитийн бичсэнчлэн, нас барагсдын төлөөх баптисм нь амьд хүмүүсийг нас барагсадтай холбодог “гагнагч холбоос” юм, “учир нь бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээнүүд 128:18).
Энэхүү гагнагч холбоо байхгүй бол дэлхийг ямар ч зорилгогүйгээр бүтээгдсэн хэрэггүй зүйл мэтээр зүхлээр цохих болно хэмээн Иосеф Смит заасан (Сургаал ба Гэрээнүүд 128:17–18-ыг үзнэ үү). Энэ шулуухан зарлал тохиохгүйн тулд Бурханы бүх хүүхдийг мөнхөд холбох хүчний тухай Иосефын агуу илчлэлт өгөгдсөн юм.
Нас барсан гэр бүлийн гишүүдийг төлөөлөн гүйцэтгэх ёслолуудын ач холбогдол дээр нэмж хэлэхдээ, Иосеф амьд байгаа хүмүүс ч бас ашиг тусыг хүртэж болохыг онцлон тэмдэглэсэн юм. “Мөн эдүгээ, эрхэм хайрт ах, эгч нар минь, эдгээр нь бидний авралд хамааралтайн хувьд, нас барагсад болон амьд хүмүүстэй холбогдсон зарчмуудад хөнгөмсөг хандах ёсгүйг би баттай хэлж байна” (Сургаал ба Гэрээнүүд 128:15).
Иосеф Смитийн хувьд эдгээр илчлэлт нь гүн гүнзгий хувийн утга учиртай байв. 1823 онд том ах Алвин нь нас барж, Иосеф уй гашууг туулсан. 1836 оны илчлэлд Иосеф “Бурханы селестиел хаант улс, мөн үүний алдар суу,” “ер бусын үзэсгэлэнт орох хаалга,” мөн “тэрхүү хаант улсын үзэсгэлэнт гудамжнуудыг” харсан ажээ. Селестиел хаант улсын талаарх энэхүү агуу үзэгдлийн дунд тэрээр өөрийн таньдаг, хайрладаг гэр бүлийн зарим гишүүнийг, түүний дотор Алвин ахыгаа харсан ажээ. Тэр хэзээ ч баптисм хүртэж байгаагүй Алвин “Бурханы селестиел хаант улсыг өвлөгч” болсон байгаад “гайхан баярлаж” байлаа. (Сургаал ба Гэрээнүүд 137:1–6-г үзнэ үү.)
Дэлхийн сууринаас өмнө
Амьд болон нас барсан хайртай хүмүүсийн хоорондын уялдаа холбоо нь “сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан” (Сургаал ба Гэрээнүүд 128:5) хүмүүсийг дэлхийд ирэхээс нь өмнө мэддэг, тэдний гэтэлгэлийн замыг бэлтгэсэн байдаг учраас хүмүүний авралын хэмжүүр агуу гэдгийг харуулдаг. Чухамдаа нас барагсдын төлөөх баптисм нь “дэлхийн үүслээс өмнөх үеэс бидний авралын төлөө” (Сургаал ба Гэрээнүүд 128:8) үндэслэгдсэн юм. Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх баптисмын тухай илчлэлүүдийн дараа лацдан холбох ёслолын тухай илчлэлүүд ирсэн. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох ёслол нь дэлхий дээр амьдарч байсан хүн бүрийг холбож өгөх дээд ёслол болсон юм (Сургаал ба Гэрээнүүд 138:47–48-ыг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ тэдгээр лацдан холбох хүчний талаар ийн дүрслэн хэлжээ:
“Бурхан хэмжээлшгүй хүч чадлаараа хувь хүн, гэр бүлүүдийг гай зовлон, гарз хохирол, сорилт бэрхшээлийг үл харгалзан лацдан холбож, эдгээдэг. …
“… Есүс Христ Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан эдгээр адислалыг нас барсан болон амьд байгаа бүх хүнд санал болгодог.”
Бэтси Кинг Дюзэтт хойд эцгийнхээ өмнөөс Миссиссиппи мөрөнд орохдоо итгэж, найдаж байсантай адил бид бүгд мөнхөд холбогдож, лацдагдаж, гагнагдаж чадна.