“Чи эмээгээ баярлууллаа,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Чи эмээгээ баярлууллаа
Эмээгийн маань үеэл түүний бэлэг мөн захиас миний хувьд ямар их утга учиртай байсныг төсөөлөө ч үгүй байсан юм.
Зохиогчийн эмээгийнх нь хуримын гэрэл зураг
Би сонсголгүй эцэг эхтэй өссөн болохоор манай гэр бүл өөр гэдгийг сайн ойлгодог байлаа. Намайг бага байхад Сүмийн цуглаан эсвэл үйл ажиллагаанууд дээр аав, ээжид маань хэлмэрчлэх хэн ч байдаггүй байсан болохоор бид цуглаанд тогтмол очдоггүй байлаа.
Надад үргэлж тэднийг харж буй гаднын хүн шиг санагдаж, тойргийнхоо бусад хүнтэй адил хамтдаа залбирч, суралцдаг гэр бүлтэй болохыг хүсдэг байлаа.
Ахлах сургуулиа төгсөх жилийн сүүлчээр харин бид Сүмд илүү идэвхтэй болж эхэлсэн. Аав ээж хоёр маань Аризонагийн Мэса дахь ариун сүмд лацдан холбуулж, би, мөн дөрвөн ах, эгчийн маань хоёр нь тэдэнтэй лацдан холбуулсан юм.
Таван жилийн дараа би ариун сүмд хишиг хүртэж, гэрлэхээр бэлтгэж байлаа. Намайг ариун сүмд лацдан холбуулахын өмнөх орой манай ах эхнэрийнхээ хамт ээжийн эцэг эхийг маргааш нь лацдан холбогдоход бэлтгэхээр тэдний өмнөөс төлөөлөх ёслолуудыг хийлгэхээр ариун сүмд орсон юм. Ээж минь тэр үед гишүүн болоод бараг хорин жил болж байсан бөгөөд гэр бүлийнхээ түүхийн болон ариун сүмийн ажлыг эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байв.
Маргааш нь өвөө, эмээ хоёр маань бие биетэйгээ лацдан холбуулж, ах маань эхнэртэйгээ дахин төлөөлөн зогслоо. Тийм ээ, энэ бол миний хуримын өдөр байсан ч эдгээр нь миний хувьд онцгой ач холбогдолтой байсан юм. Миний огт харж байгаагүй өвөө, эмээ хоёр маань энэ онцгой өдрийг надтай хамт өнгөрүүлж байв.
Хэд хоногийн дараа нөхөр бид хоёр хуримын бэлгээ задалж байхдаа эмээгийн маань үеэлээс ирсэн нэгэн онцгой бэлгийг нээлээ. Тэр бол эмээтэй минь ойр дотно байсан сүсэг бишрэлтэй эмэгтэй байв. Тэр бэлэг нь эмээгийн минь хуримын өдрөө авхуулсан зураг байсан юм. Хавсаргасан ил захидал дээр “Эмээ чинь чамд маш их баярлаж, чамайг дээрээс харж байгаа шүү” гэсэн байлаа.
Эмээгийн маань үеэл эгч түүний захиас надад ямар их утга учиртай болохыг огт төсөөлөөгүй юм. Эмээд минь зориулж саяхан хийгдсэн ариун сүмийн ажлын талаар ч тэр мэдээгүй байсан. Тэр л агшинд би эмээ маань надад баярлаж байгаа бөгөөд гэр бүл маань гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил хийх чухал аянд гарсанд баяртай байсныг зүрх сэтгэлдээ мэдэрсэн билээ.
Бид одоо өвөг дээдсээ цуглуулах аянд гарсан нэгэн мөнхийн гэр бүл болсон бөгөөд хөшигний нөгөө талд байгаа гэр бүлээ адислахаар ээжээрээ удирдуулсан билээ.