2025
COVID түүний Табэрнэклын найрал дуунд дуулах мөрөөдлийг нураах дөхжээ
2025 оны 9-р сар


“COVID түүний Табэрнэклын найрал дуунд дуулах мөрөөдлийг нураах дөхжээ,” Лиахона, 2025 оны 9-р сар.

COVID түүний Табэрнэклын найрал дуунд дуулах мөрөөдлийг нураах дөхжээ

Хөл хорионы үеийн тусгаарлалт нь ганцаардсан хүмүүст үзүүлэх Христийнхтэй адил хайрын талаар гүн гүнзгий сургамжийг өгсөн юм.

Лаура Эчарри Хэрмосо

Лаура Эчарри Хэрмосо 2024 оны намар Европын төв бүсэд бүсийн байгууллагын зөвлөхөөр дуудагдсаныхаа дараахан Ариун сүмийн талбай дахь Табэрнэклын найрал дууны зочин гишүүнээр дуулахаар Испанийн Памплона дахь гэрээсээ 8000 гаруй км явжээ.

Тэрээр АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид ирээд дөнгөж гуравхан хоноод байхдаа COVID-19-ийн шинжилгээгээр эерэг гарч, өөрийгөө тусгаарлах шаардлагатай болжээ. Удахгүй болох Ерөнхий чуулганы найрал дуунд дуулах боломж түүний хувьд үгүй болсон мэт санагдаж байв.

Зочид буудлын өрөөндөө ганцаардаж, тусгаарлагдсан байхдаа тэр өвдөг сөгдөн залбирчээ. Тэр эдгэрнэ гэж найдаж байв. Тэр дуулах боломжтой болохыг маш их хүсэж байв. Тэр итгэлтэй хэвээрээ байсан юм.

Жилийн өмнө

Үр тогтоох эмчилгээ үр дүнгүй болж, ээж нь зөнөгрөх өвчнөөр шаналж байсан хүнд хэцүү үед Эчарри эгч урьдынх шигээ хоолойгоор дуулж чадахгүй болсон байжээ. Хөгжим амьдралынх нь чухал хэсэг байсаар ирсэн учраас энэ нь хэцүү байлаа. “Энэ бол жаахан охин байх үеэс л миний хэрэгцээ байсан” гэж тэр хэлсэн юм.

Эчарри эгч ээжтэйгээ хамт

Эчарри эгч (зүүн талд) ээж Мариатайгаа хамт.

Залбирч байхад нь түүнд олон хүнтэй хамт дуулъя гэсэн бодол орж ирэв. Долоо хоногийн дараа Сүмийн нэгэн эрх мэдэлтэн түүнтэй холбоо барьж, түүнтэй ярилцлага хийсэн байна. “Тэр Сүмийн эхлүүлж байгаа хөгжмийн төслийн талаар, бас тэд дуучид хайж байгаа тухай ярьсан“ гэж Эчарри эгч хэлэв.

Тэрээр тодорхой зорилгыг нь хэлээгүй ч хоёр дахь удаагаа ярилцлага хийсний дараа Сүм Табэрнэклын найрал дууны Олон улсын оролцогчдын хөтөлбөрөөр дамжуулан зочин дуучдыг ерөнхий чуулган дээр дуулуулахыг хүсэж байгааг хэлжээ.

“Би юу болохыг мэдэхгүй байсан учраас уйлж эхэлсэн ч Их Эзэн тэнд байгааг, мөн Их Эзэн намайг мэдэж байгааг мэдэрсэн. Энэ бол миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл байлаа” гэж тэр хэлэв.

Ерөнхий чуулганд хүрэх зам

Энэ ярилцлага нь зөвхөн урьдчилсан ярилцлага байсан бөгөөд дараа нь өөр хүмүүстэй хамт хоёр дахь ярилцлагыг хийсэн аж. Эчарри эгч бас дуулж байгаагаа бичиж, хэд хэдэн бичлэгээ илгээх шаардлагатай байв. Дараа нь тэрээр Табэрнэклын найрал дууны хөгжмийн туслах удирдаач Раян Мөрфитэй сүүлчийн ярилцлагад оржээ. “Би маш их сандарч байсан” гэж тэр хэлсэн юм.

Эцэст нь тэрээр дэлхий даяарх өөр 13 дуучны хамт ерөнхий чуулганд дуулахаар сонгогдож, 2024 оны 9-р сард Нэгдсэн Улс руу хөдлөх нисэх онгоцонд суужээ. Тэнд очсоныхоо дараа тэрээр COVID-19 өвчтэй гэж оношлогдсон бөгөөд тэр үеэс эхлэн түүний хөл хорио эхэлсэн юм.

Гэрээсээ хол ганцаараа тусгаарлагдах нь Аврагч түүний хамгийн ганцаардмал цаг мөчид тайтгарал өгдөг гэсэн гүн гүнзгий сургамжийг заасан юм (Иохан 14:26–27-г үзнэ үү). “Би дуулж чадахгүй юм байна гэж бодож байсан. Би нэлээд сэтгэлээр унасан ч итгэлтэй байсан. Үүний зэрэгцээ бие маань тааруу байлаа. Одоо миний гол зорилгуудын нэг бол ганцаардсан байж магадгүй хүмүүсийг эрж, тэдэнд тайтгарал өгөхийг хичээх явдал байлаа.“

Найман хоног тусгаарлагдсаны дараа түүний эрүүл мэнд, дуу хоолой сайжирч, тэр найрал дуучидтай хамт сургуулилт хийсэн ажээ. Тэрээр Чуулганы төвд индэр дээр хэдэн зуун хүнтэй хамт дуу хоолойгоороо нэгдэн, 2024 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр дуулсан юм.

Табэрнэклын найрал дууны багийн зураг

“Бурхан амьд. Тэр биднийг мөн бидний хүн нэг бүрийг мэддэг. Дуу хөгжим бол эдгээгч, энэ нь эдгээх хүчтэй бөгөөд бид амьдралаа хөгжмөөр дүүргэх хэрэгтэй. Энэ бол үнэхээр чухал. Их Эзэн надад үүнийг л хэлэх гээд байгааг би мэдэрсэн: Амьдралаа дуу хөгжмөөр дүүргэ.”