“Бурхан надад амар амгаланг өгсөн,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Бурхан надад амар амгаланг өгсөн
Тэнгэрлэг Эцэгтэйгээ тогтоосон харилцаа холбоо маань хүнд хэцүү цаг үеийг даван гарахад надад тусалсан юм.
Биднийг 2018 онд Чилийн Консэпсионы ариун сүмийн онцгойлон адислах хуралдааны үеэр дуулахаар бэлтгэж байх үед миний удирдаж байсан залуучуудын найрал дууны гишүүн бүр нэг л зорилготой байсан нь Бурханд хамгийн сайнаа өргөхөд шаардлагатай хөгжмийн болон сүнслэг ажлыг хийх явдал байлаа.
Чиллан хотын хоёр гадасны найрал дуучдын хамтаар би чадах чинээгээрээ цэвэр ариун байхын төлөө өөрийгөө зориулсан юм. Би Христийн гэрлийг амьдралдаа тусган харуулахыг хүсэж байв. Би Бурханы ариун өргөөнд өргөж буй бидний өргөл аль болох төгс байхыг хүссэн. Хэрэв бид өөрсдийн үүргийг биелүүлэх юм бол Тэнгэрлэг Эцэг бидэнд тусалж, бид Түүний биднээс хүссэн хэмжээнд дуулах болно гэдгийг би мэдэж байлаа.
Онцгойлон адислах ёслолын үеэр бид дуу хоолойгоороо, бас зүрх сэтгэлээрээ дуулж билээ. Тэнгэр элч нар бидэнтэй хамт дуулсан гэж би боддог. Найрал дууны дуу төгс сонсогдож байлаа. Бид Бурханы ач ивээл бидэнтэй хамт байгааг, барьсан өргөлд маань Тэрээр баяртай байгааг мэдэрсэн юм. Тэр мэдрэмж надтай удаан хугацаанд хамт байсан.
Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа би сүнслэгээр тэжээгдэж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ нэг болсноо мэдэрч байлаа. Би Түүнтэй урьд өмнө нь мэдэрч байгаагүйгээр илүү хүчтэй холбоог мэдэрсэн. Тэрхүү холбоо үнэхээр хүчтэй байсан учраас би залбирахдаа юуны тухай гуйх талаараа сүнсээр чиглүүлэгдэхийг мэдэрсэн юм (3 Нифай 19:24-ийг үзнэ үү).
Ариун сүмийг онцгойлон адислах үед би таван долоо хоногтой жирэмсэн байлаа. Хэдэн сарын дараа хүүхэд маань зулбачихсан. Тэр бол үнэхээр аймшигтай цаг хугацаа байсан. Би ялангуяа дахин хүүхэдтэй болж чадахгүй байх магадлалтай гэдгээ мэдээд маш ихээр гуниглаж байлаа.
Гэвч энэ хэцүү үйл явдал сүнслэг байдлын хувьд хамгийн хүчтэй мэт санагдаж байсан үед минь тохиолдсон юм. Би өөрийгөө ариун сүмд өргөсөн өргөлөөрөө дамжуулан энэ мөчид бэлтгэгдсэн гэдгээ ойлгосон. Миний мэдэрсэн сүнслэг хүч чадал энэ сорилтыг давж гарахад надад тусалсан юм. Учир нь Тэнгэрлэг Эцэг надтай хамт байж, надад амар амгаланг өгсөн билээ.
Хэсэгхэн хугацааны дараа Бурхан нөхөр бид хоёрыг гайхамшгаар адисалсан юм. Хүү Артуро маань бяцхан охин дүү Даниэлагаа хүлээн авахад бид хоёр туйлын их баярлаж билээ.
Тэнгэрлэг Эцэгтэй ийм ойр дотно холбоотой байгаагүй бол би тэр үйл явдлыг даван гарч чадахгүй байх байсан. Бүх зүйл сайхан болж, Түүний хүслийн дагуу болно гэдгийг би мэдэж байлаа. Эдгээр зүйлийг дурсан санах нь зүрх сэтгэлийг минь одоо ч баяр баясал, талархлаар дүүргэсээр байдаг.