БУЦАЖ ИРСЭН НОМЛОГЧИД
СҮМГҮЙ ГАЗАРТ
19 ЖИЛ АМЬДРАХДАА
“ХЭЗЭЭ Ч ИТГЭЛ АЛДРААГҮЙ”
Хэцүү байсан ч нарийн замаар тууштай алхсанаар амьдралын модны аз жаргалын жимснээс авч идэхэд гайхалтай баяр баясгалан, амар амгаланг мэдэрнэ гэдгээ би мэдэж байсан.
Сургаалыг хүлээн авч, номлолд үйлчилсэн нь
Би 2000 оны 8-р сард баптисм хүртэж, Сүмийн гишүүн болсон. Дараа нь би 2003-2005 онд Монгол УБ номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн. Тэр үед янз бүрийн сорилт бэрхшээл тохиолддог, америк номлогчид болон хамтрагчтайгаа ойлголцохгүй байх үе ч гардаг байсан. Гэвч Бурханы ажлыг хийж байгаа учраас Бурхан бидэнд Ариун Сүнсний удирдамж чиглүүлгийг сонсох, бие биеэ хайрлах, бие биедээ үйлчлэх, нэг нэгнээ ойлгох замаар Бурханы сургаалыг үргэлжлүүлэн итгэлтэйгээр түгээх урам зориг, итгэл үнэмшлийг өгдөг байсан. Мөн хамт үйлчилж байсан монгол ахлагчид, дүүргийн болон бүсийн гайхалтай удирдагчид (ахлагч Баатарчулуун, Бүргэдбаатар гэх мэт), салбарын удирдагчдын ачаар номлолын хугацаанд бэрхшээл гэхээсээ илүүтэй бид маш гайхалтай боломжуудыг олж авч, гайхамшгуудыг бүтээж, номлолоо амжилттай дуусгасан гэж боддог.
Номлолоосоо би олон гайхалтай зүйл сурсан. Хүмүүстэй харилцах, тэр тусмаа маш олон өөр төрлийн, нас насны онцлогтой хүмүүстэй хэрхэн харилцах, тухайн мөчийг хэрхэн мэдэрч заах, хамтрагчтайгаа ойлголцох, олон нийтийн өмнө гарч үг хэлж сурах, бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, харилцан ярилцах ур чадваруудыг эзэмшсэн гэж би одоо хардаг. Энэ бүх сурсан зүйл маань миний одоогийн ажил, амьдралд маш их адислал, бэлгийг өгсөн.
Номлолын дараах сорилт бэрхшээл, тэдгээрийг даван туулсан нь
2005 оны 3-р сард номлолоос бууж, 1 жилийн дараа ээж минь өөд болсон тул төлөвлөсөн олон ажил байсан ч тэр бүхнээ орхиод, би төрсөн нутгаа зорьсон. Өмнөговьд ирээд Сүмгүй газарт, дөнгөж номлолоосоо буугаад удаагүй шинэхэн номлогч байсан болохоор тухайн жил үнэхээр хүнд хэцүү байсан. Маш их ганцаардал, сэтгэл зүйн хувьд хүнд бэрх үеийг туулсан.
С ба Г 6:36-д “Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай” гэсэн байдаг. Тиймээс би хаана байгаа эсэхээс үл хамаараад Бурханы сургаалуудаас суралцаж, Түүнд хандан залбирч, Түүнтэй ойр байж болно, Тэр тусална гэдэгт итгэж байсан тул тэр бэрх үеийг тэсэж гарсан гэж боддог. Бид ямарваа олж авсан мэдлэг, сурсан зүйлийг мартдаг. Харин зүрх сэтгэлд хүрсэн мэдрэмж хэзээ ч алга болдоггүй. Номлолдоо хуримтлуулсан туршлага, олж авсан ур чадвар, ариун сүмд байгуулсан ариун нандин гэрээнүүд, бусдаас болон өөрийн олж авсан гэрчлэл, Ариун Сүнсний надад өгсөн мэдрэмжүүд зүрх сэтгэлд маань үүрд хадгалагдаастай байсан. Тэгэхээр эдгээр мэдрэмж энэ олон жил итгэл үнэмшлээ хадгалж, Сүмтэйгээ, Бурхантай ойр байх хүч чадлыг өгч байсан гэхэд болно.
Сүмгүй газарт Сүмийн гишүүн бус хүмүүсийн дунд олон жил амьдрахад миний итгэл үнэмшил бусдад таалагдахгүй, ойлгогдохгүй байх, ад үзэгдэх, ялангуяа мэргэн ухааны үгийг дагахад их хэцүү байдаг байсан. Гэвч би итгэл үнэмшилдээ, сургаалд, бас Бурханд үнэнч байж “хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6).
Хэцүү байсан ч нарийн замаар тууштай алхсанаар амьдралын модны аз жаргалын жимснээс авч идэхэд гайхалтай баяр баясгалан, амар амгаланг мэдэрнэ гэдгээ би мэдэж байсан.
Номлолын адислал
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн бид амьдралынхаа 4-хөн жилийг сурч боловсроход зориулж золиосолж чадвал чиний дараагийн 40 жилийн амьдрал тэр чигтээ гайхалтайгаар адислагдах болно гэсэн, боловсрол мэдлэгийг чухалчилсан үгс надад их урам, итгэл өгч, би сурч боловсроход их цаг зориулсан. Мөн би хүүхдүүд болон шавь нартаа яг Сүмийн сургаал гэж заахгүй ч сургаалын дагуу амьдарч, зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг.
Би нөхөртэйгөө 2006 онд танилцаж байсан. Мэдээж нөхөр маань Сүмийн гишүүн биш байсан ч миний ирээдүйн нөхөртөө тавьсан Сүмийн жишигт нийцэхүйц байх, ялангуяа архи, тамхи хэрэглэдэггүй байх шалгуурт нийцэж байсан учраас бид гэрлэсэн. 2010 онд нөхөр маань УБ-т дадлагын ажил хийх болж, би Удирдлагын академид суралцахаар болсон тэр цаг үеийг ашиглаж нөхөр маань номлогчидтой уулзаж, хичээл авч, Сүмийн гишүүн болсон. Хань маань Сүмийн гишүүн болсон явдал энэ он жилүүдэд намайг амжилттай явахад хамгийн их тусалсан гэж би боддог.
Түүнчлэн миний зааж байсан, Сүмийн гишүүн болгосон хүмүүс аав ээж, ах дүү, найз нөхдөө сүмд авчраад зогсохгүй Их Эзэнд болон Сүмдээ үйлчилж, амжилттай ажиллаж амьдарч байгааг хараад би бүрэн цагийн номлолд гарсныхаа утга учрыг чухам үүнээс л олж харж, агуу баяр баяслыг мэдэрдэг дээ.
Мөрөөдөл биелж, Даланзадгад хотод Сүмийн групп байгуулагдав
2025 оны 6 сарын 17-нд Монгол Улаанбаатар Номлолын ерөнхийлөгч Намгүрийн Надмид Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2 эрэгтэй номлогчтой хамт ирснээр Сүмийг энд хөгжүүлэх анхны түүхэн уулзалт – галын дэргэдэх ярилцлага болсон. Даланзадгадын Сүмийн групп олон гишүүнтэй болж хүмүүс тогтмол ирэх хүртэл манай сургалтын төвд 7 хоногт 1 удаа ариун ёслолын цуглаан болохоос гадна би өөрөө 1-2 цагийн хичээл зааж чиглүүлэхээр тохиролцсон ба 2025 оны 6-р сарын 22-нд хамгийн анхны ариун ёслолын цуглаан цөөхөн хүнтэй ч амжилттай болж өнгөрлөө. Энэ нь миний хувьд төдийгүй манай гэр бүлийн хувьд, цаашлаад орон нутгийн хүмүүст Бурханы сургаалыг түгээж, гэр бүлүүдэд гайхалтай боломжуудыг авчирна гэж би их баяртай байгаа. Бурхан энд Сүм хэрэгтэй байгааг мэддэг байсан ч бүх зүйл Түүний төлөвлөгөөний дагуу Түүний цаг хугацаанд явагддаг учраас энэ л үед Сүм байгуулагдах учиртай байж гэж би бодож байна.
Олон жилийн хүлээлт маань биеллээ олж, эх орны өмнөд хязгаар нутагт Бурханы сургаалыг түгээхээр номлогчид ирж, олон хүнд Бурханы тухай мэдэж авах, зөв амьдрах боломж бүрдэж байгаад би маш их талархаж байна.