“Их Эзэн намайг гэрийн зүг хөтөлсөн,“ Лиахона, 2025 оны 9-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Их Эзэн намайг гэрийн зүг хөтөлсөн
Боливид буцаж очих сүнслэг өдөөлтийг дагах үед Их Эзэн намайг мөнхийн гэр бүлийн адислалууд руу хөтөлсөн юм.
Зураг чимэглэлийг Дэвид Малан
Би Нэгдсэн Улсад докторын зэрэг хамгаалахаар ажиллан, мөн дуу хөгжим зааж байхдаа сайн мэдээний дагуу амьдарч, Бурханы нөлөөг амьдралдаа мэдрэхийг хичээж байлаа. Би гэрээсээ хол байсан бөгөөд заримдаа ганцаарддаг байсан ч шийдвэр гаргахад минь удирдан чиглүүлж буй Түүний хайр, дуу хоолойг мэдэрдэг байсан.
Нэг өдөр надад төрөлх эх орон Боливи руугаа буцах ёстой гэсэн мэдрэмж төрөв. Буцаж очих шийдвэрийг гаргах нь надад амар байгаагүй. Бүх зүйл сайхан болж байсан. Гэвч залбирсны дараа намайг ямар нэгэн чухал зүйл хүлээж байгаа учраас буцах ёстой гэсэн хүчтэй мэдрэмж надад төрсөн юм.
Буцаж очсоны дараа Боливийн шилдэг их сургуулиудын нэгд нь хөгжмийн бакалаврын хөтөлбөр нээгдэж, би профессороор ажиллах болов.
Өөрийнхөө тойрогт би урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй нэгэн залуу бүсгүйтэй танилцсан юм. Түүний эцэг эх нь хэдэн жилийн өмнө намайг Нэгдсэн Улс руу явахаар бэлтгэж байх үед Сүмд хөрвөсөн байлаа. Бид хоёр болзож эхлээд мөн гэрлэсэн бөгөөд энэ нь миний амьдралд агуу адислал болсон билээ.
Хоёр жилийн өмнө эмээ маань хорт хавдартай гэж оношлогдсон юм. Бид маш дотно байсан. Намайг бага байхад тэр надад: “Чи үргэлж надтай хамт байх болно. Бас надад анхаарал халамж тавина гэдгийг чинь би мэднэ” гэж хэлдэг байлаа.
Би гэртээ эргэж ирсэн учраас түүнд хэрэгтэй үед нь хамт байж, сүүлчийн хэдэн сард нь өдөр бүр түүнтэй хамт цагийг өнгөрүүлж байлаа. Тэр нас барахаасаа өмнө Сүмд нэгдээгүй ч Лиахона сэтгүүл, Мормоны Ном, ерөнхий чуулганд дуртай байсан. “Би энэ бүхэнд итгэдэг” гэж тэр хэлсэн.
Хожим нь эмээ маань залуудаа нас барсан нөхөртэйгөө лацдан холбуулах үед би Боливийн Кочабамба ариун сүмд аав, ээж хоёртойгоо хамт байх боломжоор адислагдсан. Тэр хэзээ ч дахин гэрлээгүй. Тэд ариун сүмд бидэнтэй хамт аз жаргалтайгаар, дахин хамтдаа байгааг би мэдэрсэн. Аав, ээж хоёр минь лацдан холболтын өрөөнд тэднийг төлөөлөн зогсож байгааг харах үнэхээр сайхан байлаа.
Бидний амьдрал ямар байдлаар өөрчлөгдөхийг бид мэдэхгүй ч Их Эзэн бидний хаана байх ёстойг мэддэг. Тэрээр биднийг хэрхэн адислахаа мэддэг бөгөөд Түүний өмнөөс бусдыг адислах үйлдлийг хийхэд биднийг удирдах болно. Хэрэв бид Түүний мэргэн ухаанд, мөн удирдамжид найдвал Тэр бидний амьдралыг өөрсдөө бие даан хийж чадахаас илүүгээр илүү үр бүтээлтэй болгож чадна гэдгийг би мэднэ.