2025
ДҮРМЭЭ ЗӨРЧСӨН Ч “... САЙНЫГ ҮЙЛДЭХ НЬ ХУУЛЬД НИЙЦНЭ”
2025 оны 9-р сар


БУЦАЖ ИРСЭН НОМЛОГЧИД

ДҮРМЭЭ ЗӨРЧСӨН Ч

“... САЙНЫГ ҮЙЛДЭХ НЬ ХУУЛЬД НИЙЦНЭ”

Санваарын эрх мэдэл, хүчийг амьдралд бодитойгоор хэрхэн хэрэгжүүлэхийг болон аливаа нөхцөл байдалд “... сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” гэдгийг надад шинэхэн номлогчоор дамжуулан зааж өгсөнд би Бурханд байнга талархаж явдаг.

Та бүхэндээ өөрийн номлолд тохиолдсон нэгэн сүнслэг туршлагаас хуваалцъя. Энэ явдал надад болон надтай хамт байсан номлогчдод санваарын эрх мэдэл, хүч, үүний үнэн бодит байдлын талаар болон Бурханы ажилд дүрэм журам чухал ч Тэрээр энэрэл болон дуулгавартай байдлаар хүмүүст хүрч ажилладаг гэдгийг заасан юм.

Сонгино тойрогт бүсийн удирдагчаар үйлчилж байхад нэгэн шинэхэн номлогчийг солилцоогоор орон нутаг руу явах хүртэл нь гэртээ түр байлгахаар би дүүргийн удирдагч-номлогчтойгоо хамт Баянзүрх байрнаас гэр лүүгээ автобусанд суун харьж явлаа. Номлолын дүрмийн дагуу, номлогчид гэртээ 21:30 гэхэд очсон байх ёстой ба дүүргийн удирдагчид дүүргийнхээ номлогчдыг гэртээ аюулгүй бүрэн харьсан эсэхийг утсаар лавлан, энэ талаар бүсийн удирдагчдадаа утсаар өдөр бүхэн тайлагнадаг байлаа. Бид харих цагаа тооцоолсон байсан ч замын түгжрэлээс болоод цагтаа амжиж орох эсэх нь тодорхойгүй болчихоод байв. Бүсийн удирдагчийн хувьд би дүүргийн удирдагч, шинэхэн номлогч хоёртоо дүрмээ дагах тал дээр жишээ үзүүлэхийг зорьж байсан юм. Өвлийн тэсгим хүйтэн орой хэдийн 21 цаг өнгөрч, дүүрэн хүнтэй автобусанд би цагаа байн байн харсаар, гэр лүүгээ яаран байлаа. Гэнэт бидний сууж байсан автобусны хойд хэсэгт хүмүүсийн сандралдах чимээ сонсдов. Нэгэн хүү автобусны шалан дээр унаж, таталт өгөн салганан татвалзаж байлаа. Шинэхэн номлогч, дүүргийн удирдагч хоёр маань над руу харан, хүүд яаж туслах билээ хэмээн миний хариуг хүлээж байв. Хүүд тусалмаар байдаг, буух буудал маань хариугүй дөхчихсөн байдаг! Хүүд тусалбал гэртээ цагтаа амжиж орж чадахгүй, номлолын дүрмээ зөрчих гээд байдаг! Гэвч автобусанд байгаа бусад хүн хүүд туслах ямар ч шинжгүй байгааг анзаарсан шинэхэн номлогч маань түүнд туслах хэрэгтэйг дахин сануулж, бид түүн рүү яаран очиж, хүүг өргөж тэвэрсээр автобуснаас буув. Автобуснаас буусны дараа бид түүнд эрүүл мэндийн адислал өгөхөөр шийдэж, нэгэн ТҮЦ-ний буланд очлоо. Шинэхэн номлогч маань бид хоёрыг бодвол том биетэй байсан болохоор хойшоо тас гэдийн таталт өгч толгой нь салгалан чичрэх хүүг унагаахгүйг хичээн тэвэрч, дүүргийн удирдагч маань түүний толгойд тос түрхэж, би эрүүл мэндийн адислалын үг хэлэх болов. Нэрийг нь мэдэхгүй ч хүүг адислаач, түүний таталтыг зогсоогооч хэмээн энгийн бөгөөд даруухан, богинохон адислалын үгийг Есүс Христийн нэрээр хэлж дуусгасан тэр мөчийн дараа хүүгийн бие тавирч, таталт нь зогсон ухаан орж, “Ах аа, би хаана байна аа?” гэж биднээс асуухад сая нэг юм бид сэхээ орох шиг болж, бие биеэ тэврэн баярлалдаж, Бурханы санваарын хүчийг өөрсдийн биеэр мэдэрсэндээ талархаж билээ. Хүү угийн бие султай, өдрийн турш машины үнэртүүлэгч зараад олсон мөнгөөрөө өөртөө хоол ч авч идэлгүй харьж яваад бие нь муудсан байв. Бид түүнд хэдэн мантуун бууз, уух ус авч өгч идүүлэн гэр лүү нь явуулсан юм. Гэртээ ирэхэд 22 цаг болж байлаа. Дүүргийн удирдагчид руугаа ярьж, бүгд гэртээ бүрэн байгааг мэдэн, унтахаар дээш харан хэвтэж байхад, “Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” гэсэн (Матай 12:1-8; 9-13) шүлэг санаанд минь орж ирж, хуулийг дагаж мөрдөх нь чухал ч үүнээс илүү нь энэрэл юм гэх бодол төрж билээ.

Санваарын эрх мэдэл, хүчийг амьдралд бодитойгоор хэрхэн хэрэгжүүлэхийг болон аливаа нөхцөл байдалд “... сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” гэдгийг надад шинэхэн номлогчоор дамжуулан зааж өгсөнд би Бурханд байнга талархаж явдаг.