“Санваарын эрх мэдэл ба хүчээр адислагдсан нь,” Лиахона, 2025 оны 9-р сар.
Санваарын эрх мэдэл ба хүчээр адислагдсан нь
Сүмийн гишүүд Сүмд, гэр орондоо болон дэлхий даяар бусдад үйлчилж, тэднийг адислахдаа Бурханы хүчийг ашигладаг.
Бурханы ариун санваар нь Түүний авралын болон өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд нэн чухал бөгөөд Тэрээр энэ л зорилгын төлөө санваарыг дэлхийд сэргээсэн мөн үүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм удирдан явуулдаг гэдэг нь дэлхий дахинд өгөх бидний гэрчлэл юм.
Санваарын эрх мэдэл ба хүчний хэрэгцээ
Есүс Христ бол энэ Сүмийн тэргүүн мөн. Сүм бол яг л Түүний дэлхий дээр амьдарч байсан үеийнхтэй адил сайн мэдээний энэхүү эцсийн эрин үед хүн төрөлхтнийг аврах чухал ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Түүний бүтээсэн зэмсэг билээ. Сүмээр дамжуулан:
-
Тэрээр Өөрийн сайн мэдээг дэлхий даяар тунхаглаж чадна.
-
Тэрээр баптисм болон бусад бүх гэрээг, бүр Өөрийн селестиел хаант улс руу хөтлөх гэрээний замыг санал болгож чадна.
-
Тэрээр гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэж чадна.
-
Тэрээр авралын бэлгүүдийг, бүр тэдгээрийг авалгүйгээр нас барсан хүмүүст ч өгч чадна.
-
Тэр одоо ч Бурханы хүүхдүүдийн бие махбодын хэрэгцээнд үйлчилж чадна.
Эдгээр агуу зорилгыг гүйцэлдүүлж, Аврагчийг ирэхэд бэлтгэхийн тулд Бурханы тасралтгүй үргэлжлэх удирдамж, эрх мэдэл, хүч Сүмд хэрэгтэй. Сүм бол “үнэн бөгөөд амьд сүм” (Сургаал ба Гэрээнүүд 1:30) юм. Учир нь Христ Өөрийн санваар болох “Бурханы Хүүгийн жаягийн дагуух Ариун санваараар” (Сургаал ба Гэрээнүүд 107:3) дамжуулан Өөрийн удирдлага, хүч чадлаар үүнийг ивээн тэтгэдэг билээ.
Хэрэв ийм ариун санваар байгаагүй бол Сүм үндсэндээ дэлхийд сайныг үйлддэг шашны бус байгууллага байх байсан ба Түүний оршихуй дахь мөнх амьдралын баяр баясгаланд Бурханы хөвгүүд, охидыг бэлтгэх эцсийн зорилгыг гүйцэлдүүлж чадахгүй байх байсан юм. Энэхүү санваарыг болон санваарын ажлыг удирдах түлхүүрүүдтэй энэ Сүмд эрх мэдэл, дэг журмын аль аль нь оршдог.
“Сүмд санваарын бүх эрх мэдлийг санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлага доор ашигладаг.
Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваар хүртэж, санваарын албанд томилогдсоноор санваарын эрх мэдлийг хүлээн авдаг. Сүмийн бүх гишүүн Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар онцгойлон адислагдаж, томилогдсоноор өөрсдөд нь итгэмжлэн хүлээлгэсэн эрх мэдлийг ашиглаж болно.”
Санваарын түлхүүрээр дамжуулан Их Эзэний чухалчилдаг зүйлс ямагт давамгайлах болно. Хэн ч Түүний удирдлагад нийцэхгүй хувийн төлөвлөгөөг үргэлжлүүлж чадахгүй. Хэн ч хувийн ашиг сонирхол, дагагчдын төлөө санваараар мэргэшээд амжилтыг олохгүй.
Санваар түүнчлэн Сүмийн гишүүдийн гэр оронд бас маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “Санваарын эрх мэдлийг тухайн үүрэг хариуцлагад хамаарагдах түлхүүрүүдийг атгадаг хүний удирдлага доор ашиглаж болно гэдэг нь Сүмийн үндсэн зарчим боловч энэ нь гэр бүлд хамаардаггүй” хэмээн Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс заасан. Эцэг хүн гэр бүлдээ зөвлөгөө өгөх, гэр бүлийн цуглааныг явуулах, санваарын болон эдгэрлийн адислал өгөх гэх мэт санваарын эрх мэдлийг тэргүүлж, мөн ашиглахад санваарын түлхүүрийг атгадаг хэн нэгний удирдлага эсвэл зөвшөөрөл шаардагдахгүй.
“Яг энэ зарчмыг эцэг нь байхгүй, эх нь гэр бүлээ удирдан авч явдаг гэр бүлд баримталдаг. Тэр ээж гэр бүлээ тэргүүлж, өөрийн ариун сүмийн хувийн хишиг, лацдан холболтоор гэр бүлдээ санваарын хүч ба адислалыг авчрах үүрэг хүлээдэг.”
Бидний өдрүүд дэх санваарын сэргээлт
1829 оны 5-р сарын 15
Энэхүү эцсийн эрин үе дэх санваарын эрх мэдлийг сэргээх үйл явц нь дэс дараалалтай, алхам алхмаар явагдсан. Манай эрин үеийн суурь судар болох Мормоны Номыг 1829 онд орчуулж байх үед Их Эзэн Өөрийн санваарын бүтцийг бий болгож эхэлсэн юм. Иосеф Смит, Оливер Каудери нар баптисмын талаар залбиран асуусны хариуд дахин амилсан Баптисч Иохан хүрч ирэн тэдэнд “тэнгэр элч нарын тохинууллын мөн наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг“ (Сургаал ба Гэрээнүүд 13:1) Аароны санваарыг тэдэнд олгожээ. Иосеф Оливер хоёр энэхүү эрх мэдлээр нэг нэгэндээ баптисм хүртээж мөн хожим нь Сүм албан ёсоор зохион байгуулагдах үед бусад хүнд баптисм хүртээсэн.
1829 оны 5-р сарын 15-ны дараахан
Баптисч Иоханыг хүрч ирсний дараахан эртний төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар хүрч ирэн “өөрийн хаант улсын түлхүүрүүдийг, … сайн мэдээний эрин үе, … цаг хугацааны бүрэн байдалд” (Сургаал ба Гэрээнүүд 27:13; мөн 128:20-ийг үзнэ үү) тэдэнд энэхүү дээд буюу Мелкизедек санваарыг олгосон юм.
1836 оны 4-р сарын 3
Дараа нь шаардлагатай нэмэлт санваарын эрх мэдэл, Көртландын ариун сүмд эртний гурван бошиглогч Мосе, Елиас, Елиа нар Иосеф, Оливер хоёрт үзэгдэж, Израилын цугларалтын болон Их Эзэний ариун сүмүүдэд хамаарах ажлын түлхүүрүүдийг тэдэнд өгсөн (Сургаал ба Гэрээнүүд 110:11–16-г үзнэ үү).
1829 оны зун–1835 оны 4-р сар
Эдүгээ Сургаал ба Гэрээнүүдэд ариун цуглуулга болсон илчлэлтүүд нь эрэгтэйчүүдийг дээд (Мелкизедек) болон бэлтгэл (Аароны) санваарын албанд томилох; бишоп гэх зэрэг санваарын албан тушаалтнуудыг томилох; санваартны чуулга, зөвлөлүүдийг зохион байгуулах талаар бошиглогч Иосеф Смитэд зааварласан байдаг.
1835–1973 он
Бошиглолын удирдамж үргэлжлүүлэн Санваарын зохион байгуулалт, Сүм дэх үйл ажиллагааг удирдан чиглүүлсээр байсан. Жишээлбэл: Көртландын үед Арван хоёрын чуулгад туслах зорилгоор Далын чуулгууд зохион байгуулагджээ. Өрнөдийг зорьсон их аяллын дараа, Сүмийн гишүүд өргөн уудам нутаг дэвсгэрт тархах үед эдгээр чуулга Сүмийн гадаснуудад ажиллахаар томилогдсон байна.
1973 он–өнөөг хүртэл
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985), Эзра Тафт Бэнсон (1899–1994), Гордон Б.Хинкли (1910–2008) нарын удирдлага доор Далууд ба тэдний чуулгууд Сүмийн ерөнхий түвшинд болон Сүмийн бүсүүдэд Арван хоёрын чуулгын удирдлага доор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Дараа нь гадасны түвшинд байсан чуулгуудыг цуцалсан байна. Өнөөдөр Ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн Далын арван хоёр чуулга байдаг ба тэд Төлөөлөгчдийг “сүмийг өсгөн бэхжүүлэхэд болон мөн үүний бүх ажил хэргийг бүх үндэстэнд зохицуулахад“ (Сургаал ба Гэрээнүүд 107:34) дэмжин ажилладаг. Сүм өргөжин тэлэхийн хэрээр Далын нэмэлт чуулгууд бий болж болно.
Ахлагч Кристоффэрсон 2022 оны 2-р сард Баруун Африкийн Гамби улсад Сампсон, Даниэл Амако ах нартай мэндэлж байна.
Санваар: Адислах хүч
Нэг үгээр хэлбэл, Есүс Христийн сэргээсэн санваарын эрх мэдэл ба хүч нь адислах зорилготой байдаг. Энэ нь Сүмийн гишүүдэд Сүмд, гэр орондоо болон дэлхий даяар бусдад үйлчилж, тэднийг адислахдаа Бурханы хүчийг ашиглах боломжийг олгодог билээ. Гишүүд Бурханы хаант улс өсөж хөгжин, газар дэлхийг дүүргэхэд туслахын тулд өөрсдөөсөө хавьгүй их тэнгэрлэг бэлгүүд ба хүчийг ашиглан, Аврагчийн авралын болон өргөмжлөлийн ажилд Түүнтэй нэгддэг (Сургаал ба Гэрээнүүд 65:2, 5–6-г үзнэ үү).
Их Эзэн, “энэхүү дээд [Мелкизедек] санваар нь сайн мэдээг зааж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.
“Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.
“Үүний ёслолуудгүйгээр, мөн санваарын эрх мэдэлгүйгээр бурханлаг чанарын хүч хүмүүст маханбодод илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө” (Сургаал ба Гэрээнүүд 84:19–21) хэмээн тайлбарласан юм.
Ёслолууд гэдэг нь мэдээж баптисмаас эхлэн Их Эзэний өргөөнд хүлээн авсан гэрээнүүдээр дамжин үргэлжлэх бидний Бурхантай хийх гэрээнүүдийг санваараар гүйцэтгэдэг ёслолууд буюу ариун ёслолууд юм. Эдгээр гэрээг сахиснаар бид Христийн цагаатгагч ач ивээлээр “эгэл” эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс гэгээнтэн болон өөрчлөгддөг (Мозая 3:19-ийг үзнэ үү) бөгөөд Бурханы өмнө зөвтгөгдөж, ариусгагдаж гэм зэмгүй, толбогүй болдог билээ (Сургаал ба Гэрээнүүд 20:29–31-ийг үзнэ үү; 3 Нифай 27:16–20).
Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн зөвлөлийн “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-аас авсан дараах эшлэл нь яг тохирох дүгнэлтийг ийн илэрхийлдэг:
Бид 1820 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм гэдгийг тунхаглаж байна. Есүс Христ энэ Сүмийн булангийн суурь чулуу бөгөөд Сүм Түүний төгс амьдрал, хязгааргүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа аргамждаг. Есүс Христ төлөөлөгчдийг дахин дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл олгосон. Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнсийг мөн авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүрт хэмээн урьдаг.”