2025
НАДААР ДАМЖУУЛАН САЙН МЭДЭЭГ ХҮЛЭЭЖ АВАХ
2025 оны 9-р сар


БУЦАЖ ИРСЭН НОМЛОГЧИД

НАДААР ДАМЖУУЛАН САЙН МЭДЭЭГ ХҮЛЭЭЖ АВАХ

ХЭН НЭГЭН НАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА

Миний номлол гайхамшиг, ухаарал, сорилтоор дүүрэн байсан. Сэтгэл зүй, бие махбод, орчны хувьд амаргүй үеүд байсан ч Бурхантай, Түүний Ариун Сүнстэй хамт байх үед бүх зүйл илүү хялбар, илүү гэгээлэг байж чаддаг юм байна гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Номлолын хугацаанд надад эрүүл мэндийн асуудал гарч, хоёр ч удаа ерөнхийлөгчөөсөө “Гэртээ түр буцаж очоод эргээд ирэх үү?” гэсэн асуулттай тулгарч байлаа. Хайрлаж, хичээнгүйлэн санаа тавьж зааж байсан сонирхогчид болон гишүүд маань идэвхгүй болох үед өөрийгөө арай л дутуу зааж дээ гэж бодож гуниглах үе ч гарч байв. Өвдөж байх үедээ би маш их гэмшдэг байсан, ялангуяа хамтрагчийнхаа өмнө. “Надаас болоод өнөөдөр хичээл зааж чадсангүй” гэх мэт. Гэвч эргээд харахад, тухайн үед “хэцүү” гэж бодож байсан бүхэн минь үнэндээ хамгийн үнэ цэнтэй, нандигнамаар, хайрламаар мөчүүд байжээ.

Номлолд үйлчлэх цаг хугацаанд сэтгэлд минь гүн хоногшсон хоёр түүхийг хуваалцъя. Эрдэнэт салбарт бид голдуу өсвөр үеийнхнийг идэвхжүүлэхээр ажиллаж байхдаа хоёр залууд илүү их хүрч туслахыг хичээж байв. Хоёулаа номлолд гарна гэж ярьдаг байсан ч нэг л итгэл муутай, эргэлзээтэй байсаар байв. Нэг удаа бид хамт хичээлд сууж байхдаа яагаад номлолд гарах ёстой болсон тухайгаа ярилцаж байлаа. Тэр үед төрсөн мэдрэмжийнхээ дагуу би: “Зөвхөн надаар дамжуулан сайн мэдээнд нэгдэх тэр нэгэн хүн намайг хүлээж байгаа. Магадгүй би номлолоор дутахгүй байж болох ч, номлол надаар дутна” гэж ярьсан. Одоо бодоход, би ч бас номлолоор дутах байсан юм билээ. Тэр яриа богинохон байсан ч тэдний сэтгэлд хүрсэн юм шиг байна. Одоо тэд хоёулаа номлолд үйлчилж байгаа. Хожим надад нэг нь захиандаа: “Надаар дамжин сайн мэдээнд ирэх хэн нэгэн намайг үнэхээр хүлээж байсан” гэж бичсэн байсан.

Алма 29:9-д: “Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний баясал; мөн энэ нь миний баяр хөөр буюу” гэсэн байдаг. Бурхан Өөрийн үгийг, Өөрийн хүссэн цаг хугацаанд, зөв хүмүүст хүргэхдээ Өөрийн үйлчлэгчдийг ашигладаг.

Номлолынхоо сүүлийн сард би Сонгино тойрогт үйлчилсэн. Очсон эхний өдөртөө бид нэгэн сонирхогч охинтой уулзсан. Хамтрагч маань: “Тэр охин бүх хичээлээ авч дууссан. Маш сайн сонирхогч. Гэхдээ баптисмд урих болгонд татгалзаад байгаа. Өнөөдөр залбирлын талаар зааж, баптисмын талаар дахин ярилцъя” гэлээ. Тэр охинтой уулзах мөчид сарын өмнө хоёр ч удаа зүүдэлсэн зүүдэнд маань нэг охин баптисм хүртээд, баярласан сэтгэлээ илэрхийлж, уйлж байсныг санав. Тэр охин яг энэ охин байлаа! Хичээл дуусах үед би тэр зүүдээ болон өмнөх мэдрэмжүүдээ түүнтэй хуваалцсан. Тэр охин нүдэндээ нулимстайгаар: “Сарын өмнө би, хэрэв үнэхээр баптисм хүртэх ёстой юм бол надад хариултыг нь өгөх хүнийг илгээгээч гэж Бурханд хандан залбирсан. Таныг Бурхан илгээжээ. Би таныг хүлээж байсан байна. Би баптисм хүртэнэ” гэж хэлсэн. Би тэнд ганцхан сар үйлчлэхээр ирсэн ч тэр уулзалт миний номлолын хамгийн утга учиртай мөчүүдийн нэг байсан. “Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд Түүний тогтоосон цаг хугацаа буй” (Номлогчийн үгс 3:17).

Миний номлолд хамгийн ихээр сурсан зүйл бол Бурханы цаг хугацаа гэж байдгийг мэдсэн явдал. Түүний цаг хугацаа бидний хүсэл, төлөвлөгөөнөөс зөрж болох ч Тэр үргэлж зөв газарт, зөв цагт, зөв хүнийг хүргэдэг. Ард нь үргэлж адислал, ухаарал, гайхамшиг дагалддаг. Гайхамшиг гэдэг бол ер бусын зүйл биш. Харин өнөөдөр боломжгүй мэт зүйлс Бурханы тусламжтайгаар боломжтой болох нь өөрөө гайхамшиг юм. Гайхамшгийг холоос хайлгүй эргэн тойрноос, өдөр тутмын жижиг сажиг зүйлсээс анзаарч, хайгаарай. Бурхан та бүхнийг Өөрийн цаг хугацаагаар адислах болно гэдгийг би та бүхэнд гэрчилж байна.