“Нарны туяаг хуваалцах нь,” Найз, 2025 оны 5-р сар, 30-31.
Газар бүрийн анхдагчид
Нарны туяаг хуваалцах нь
“Энэ бол манай сүмийн дуу шүү дээ” гэж Ангэл хэлэв.
Аргентинд болсон бодит түүх
Ангэл тэрэг рүү аавынхаа хажууд авиран гарлаа. Морь нь урагш шогшиход ард нь байгаа сүүтэй лонхнууд зөөлөн жингэнэж байлаа. Нар төөнөх нь түүнд дуртай дууг нь санагдуулав.
“Есүс намайг нарны туяа шиг байгаасай гэдэг” хэмээн Ангэл дуулав.
Хэдэн сарын өмнө Ангэл баптисм хүртжээ. Түүний ээж болон дүү Оскар нар бас баптисм хүртжээ. Аав нь Сүмд нэгдээгүй ч тэдний төлөө баяртай байлаа. Ангэл уснаас гарч ирэхэд ямар мэдрэмж төрснийг одоо ч санаж байв. Яг л нарны дулаахан элч нуруун дээр нь төөнөх мэт түүний дотор мэдрэгджээ.
Аав нь Сэниора Пэрэзийн гэрийн гадаа тэргээ зогсоох үед Анхел дотроо дуулсаар байв. Ангэл үсрэн бууж, тэрэгний араас нэг лонхтой сүү авлаа. Сэниора Пэрэз тэдний гэр бүлийн нэг үйлчлүүлэгч байсан юм.
“Хүргэлт ирлээ!” гэж тэр хэлэв.
Сэниора Пэрэз ногоон талбайдаа ажиллаж байжээ. Тэр лонхыг авч, “Баярлалаа” гэж хэлээд, түүнд хэдэн зоос өгөв. “Чиний дуулж байсан дуу юу байсан бэ?”
Ангэл хацар нь халуу дүүгэхийг мэдрэв. Тэр өөрийг нь сонссоныг анзаараагүй байжээ!
“Энэ манай сүмийн дуу” “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэж Ангэл хэлэв.
Сэниора Пэрэз инээмсэглэн, “Чи надад сүмийнхээ тухай ярьж өгч болох уу?” гэв.
Ангэл хэсэг зуур юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэгээд тэр “Есүс Христийн дэлхий дээр амьдарч байхдаа байгуулсан тэр Сүм одоо энд байгаа гэдэгт бид итгэдэг” гэж хэлэв.
“Сонирхолтой юм.” “Би үүнд итгэдэг сүмийн талаар хэзээ ч сонсож байгаагүй юм байна” гэж Сэниора Пэрэз хэллээ.
Ангэл “Та тэгж байгаад нэг удаа ирж болно шүү дээ.” “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!” гэлээ. Дараа нь тэр үлдсэн сүүгээ хүргэж өгөхөөр аав руугаа гүйлээ.
Ангэл ням гаргийн өглөө эрт сэрэв. Ээж нь гал тогооны өрөөнд өглөөний хоол хийж байгаа нь сонсогдоно.
“Оскар, сүмд явахдаа бэлдэх цаг боллоо” гэж Ангэл хэлэв.
Ангэл, Оскар хоёр сүмийн хувцсаа өмсөөд явахад бэлдэв. Сүмийн байр бараг гурван километр орчим зайтай байв. Нэлээн удаан алхах тул тэд эрт гарах хэрэгтэй.
Тэднийг гарахад аав нь “Цагийг сайхан өнгөрүүлээрэй” гэв.
Алхаж байхдаа Ангэл дуртай дуугаа дахин амандаа аялж байлаа. Тэр сүү хүргэж өгдөг байшингуудын дэргэдүүр өнгөрөхдөө амандаа дуугаа аялсаар байв. Тэр захын жимсний лангууны дэргэдүүр өнгөрөхдөө дуугаа аялж байлаа. Сүмийн байр байдаг гудамж руу эргэх үед тэрээр амандаа аялсаар л байв.
Ангэл дотогшоо ормогцоо мэл гайхав. Сэниора Пэрэз ирсэн байлаа! Тэр гэр бүлийнхнээ бүгдийг нь авчирчээ.
“Та сүмд ирлээ гэж үү!” хэмээн Ангэл дуу алдав.
Сэниора Пэрэз толгой дохин, “Чиний дуу надад сүнслэг нөлөө үзүүлсэн юм шүү дээ.” “Би ээж рүү чинь залгаад, хаягийг нь авсан юм. Тэгээд өөрөө биеэр ирж, энэ сүмийн талаар суралцахыг хүслээ” гэж тэр хэлэв.
Ангэл инээмсэглэв. Тэр зүгээр л нэг дуу дуулснаар сайн мэдээг хуваалцсан ажээ. Сэниора Пэрэз өнөөдөр ч бас зүрх сэтгэлдээ нарны туяаг мэдэрч чадна гэж тэр найдаж байв.
Зураг чимэглэлийг Жомик Тэхидо