2025
Тэр нохойг битгий дага!
2025 оны 5-р сар


“Тэр нохойг битгий дага!” Найз, 2025 оны 5-р сар, 8-9.

Тэр нохойг битгий дага!

Энэ мэдрэмж Ариун Сүнснээс ирсэн үү?

АНУ-д болсон бодит түүх.

Нохойгоо даган дугуй унаж яваа охин

Лорэн машины зогсоолын дэргэдүүр өнгөрөхдөө “Явцгаая!” гэж хашгирлаа.

Марси хамгаалалтын малгайгаа өмсөөд, “Очлоо!” гэв.

Марси явган хүний замаар найзуудаа чиглэн дугуйгаа жийв. Тэр Лорэн, Кассиди хоёртой хамт төрөл бүрийн тоглоом тоглох дуртай ч юу юунаас илүү тэдэнтэй хамт дугуй унах дуртай байлаа.

Охидыг явган хүний замаар дугуйгаар явж байхад хөршийнх нь нохой Рокэт тэднийг дагаж эхлэв.

“Өө яана аа!” “Түүнийг буцаагаад гэрт нь аваачих хэрэгтэй!” гэж Кассиди хэлэв.

Гэвч Рокэт гэр лүүгээ явахыг хүссэнгүй. Тэд түүнийг зогсоох гэж дуудсан ч Рокэт цааш явсаар байлаа. Тэднийг юу ч хийсэн нэмэргүй нохой эргэлдэн гүйж, сүүлээ годолзуулан байв. Нохойд их л зугаатай байлаа.

Охид Рокэтийн араас дагаж явах тусам байшингууд нь улам л танил биш харагдаж байгааг Марси анзаарчээ. Тэр гудамжнаасаа улам бүр холдсоор байв. Марси тэр хавьд амьдардаг хэнийг ч таньдаггүй байв!

Бид хаашаа яваад байна аа? Би буцах замаа олж чадах болов уу? гэж Марси бодлоо.

Тэр санаа зовохгүй байхыг хичээн дугуйгаа унан явсаар байв. Гэвч өнөөх мэдрэмж дахин мэдрэгдлээ. Ямар нэг зүйл түүнд гэртээ харих хэрэгтэй гэж хэлжээ.

Марси явган хүний зам дээр дугуйгаа зогсоогоод, чанга дуугаар, “Одоо хэдүүлээ буцах хэрэгтэй байх аа!” гэхэд

“Бид Рокэтийг гэрт нь аваачих хэрэгтэй шүү дээ!” гэж Кассиди хэлэв. Лорэн тэр хоёр нохойны араас явсаар байв.

Марсид хачин мэдрэмж төрсөн хэвээр байлаа. Тэр яагаад тэгтлээ их санаа зовж байсан юм бол? Найзуудад нь ч бас ийм мэдрэмж төрсөн болов уу?

Зөвхөн надад л ингэж санагдаж байгаа байх. Ариун Сүнснээс ирсэн юм болов уу? гэж Марси бодов. Тэр хэдэн сарын өмнө баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан бөгөөд аав, ээж хоёр нь түүнд Ариун Сүнсийг сонсох талаар заасан байлаа. Тэд Ариун Сүнс түүний зүрх сэтгэлийн мэдрэмж, оюун бодлоор нь дамжуулан ярих болно гэж хэлжээ. Анхааралтай сонсох юм бол Тэрээр өөрийг нь удирдан чиглүүлнэ гэдгийг тэр мэдэж байв.

Тэр энэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Энэ удаад илүү хүчтэйгээр, тэр нохойг битгий дага гэсэн мэдрэмж авав.

“Би буцлаа” гэж Марсиг найзууддаа хэлэхэд

Лорэн “За!” гэж хариулав.

Нохойг дагаж яваа охидоос эсрэг зүгт дугуйтай явж байгаа охин

Марси эргээд, ирсэн замаараа буцлаа. Гэртээ ирээд, дугуйгаа зүлгэн дээр орхиод дотогшоо оров. Ээж нь гал тогоонд юм хийгээд, завгүй байлаа.

“Сайн уу, ээж ээ.” “Санаа зовсон мэдрэмж төрөөд байсан болохоор би гэртээ ирлээ” гэж Марсиг хэлэхэд,

ээж нь зог тусан, “Юу болсон бэ?” гэж асуув.

Марси “Би найзуудтайгаа дугуй унаж байхдаа сэрэмжлүүлэх мэдрэмж мэдэрсэн. Тэгээд би гэртээ хүрээд ирлээ.” “Ариун Сүнсний мэдрэмж байсан байх аа” гэхэд

ээж нь түүнийг тэврээд, “Тэр мэдрэмжийг дагасанд ээж нь баяртай байна” гэлээ.

Марсид сайхан санагджээ. “Би ч гэсэн” гэж тэр хэлэв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Симини Блокэр