“Нууцлаг лааз,” Найз, 2025 оны 5-р сар, 18-20.
Нууцлаг лааз
“Бид хүмүүст ийм нэр шошго өгдөг болов уу?” гэж аав нь асуув.
АНУ-д болсон бодит түүх.
“Ээж ээ, энэ юу вэ?” гээд Сэйди шүүгээний арын хэсгээс том төмөр лааз гаргаж ирээд “Дээр нь ямар ч шошго байхгүй байна” гэв.
Ээж нь “Би үүнийг бүүр мартчихсан байна” “Дэлгүүрт зарим лаазтай бүтээгдэхүүний шошго нь унасан байсан учраас хямдралтай үнээр зарж байхад нь би нэгийг авсан юм. Лаазалсан вандуй байх гэж би бодсон” гэлээ.
Сэйди хачин царай гаргав. Тэр лаазалсан вандуйнд тийм ч дуртай биш байлаа.
Ээж нь лаазыг авч эргүүлээд, “Удахгүй муудах юм байна. Өнөөдөр идэх хэрэгтэй” гээд тэр лаазыг ширээн дээр тавив.
“Наадах чинь юу вэ?” гэж Сэйдигийн ах Жэйсон асуулаа.
“Хэн мэдэх вэ?” гэж Сэйди хэлээд, “Ээж вандуй байх гэсэн” гэхэд
Жэйсон лаазыг сэгсрэнгээ “Вандуй шиг сонсогдохгүй л байна даа. Миний таамгаар бол шош” гэлээ.
Энэ нь Сэйдид нэг санаа төрүүлжээ. Тэр скоч, маркэр хоёрыг авч, нэг цаасан дээр “вандуй”, нөгөө цаасан дээр “шош” гэж бичээд, лаазан дээр наав.
Тэгээд хэсэг зуур бодсоноо өөр нэг цаасан дээр “улаан лоолийн соус” гэж бичлээ.
Тэр үед аав нь гал тогооны өрөөнд орж ирээд, “Юу болж байгаа юм бэ?” гэхэд
“Бид тоглоом тоглож байна.” “Лаазанд юу байгааг таа” гэж ээж нь хэлэв.
Аав лаазыг авч хүчтэй сэгсрээд, үнэртэж үзлээ. “Мөөг!” гэж тэр чангаар хэлэв.
Бүгд дургүйцэн дуу алдав. “Мөөг л биш шүү!” гэж Сэйди хэлэв. Энэ нь вандуй, шош бас улаан лоолийн соуснаас ч дор байв. Түүнийг “Энэ лаазыг зүгээр л хаячихвал дээр юм уу?” гэхэд
“Чи дотор нь юу байгааг мэдмээргүй байна уу?” гэж ээж нь асуув.
Аав лааз онгойлгогч шүүрэн авснаа, “Би мэдмээр байна!” гэж хэлээд
лаазыг онгойлгоход Сэйди нүдээ таглалаа. Гэвч тагийг татан авахад тэр гайхжээ. Лааз амттай жимсээр дүүрэн байв.
Сэйди “Амттай харагдаж байна!” гэж хэлээд зүссэн лийр, усан үзэм, интоор, тоор жимсийг харлаа.
Жэйсон аяга, халбага авчраад, “Идэцгээе!” гэв.
Сэйди лаазнаас жимс халбагадан авч аяга руугаа хийгээд, “Бид бүгдээрээ буруу таасан гэдэгт би итгэж чадахгүй нь ээ.” “Дотор нь ямар нэгэн муухай зүйл байсан гэдэгт би итгэлтэй байсан” гэж тэр хэлэв.
“Бид хүмүүсийг ингэж нэрлэдэг болов уу?” гэж ээж нь асуув.
“Наадах чинь юу гэсэн үг вэ?” гэж Сэйди асуув.
Аав нь аягаа ширээн дээр тавиад, “Бид зөвхөн гаднаас нь харчхаад дотроо ямар байхыг нь шийддэг” гэв.
Сэйди энэ тухай бодлоо. “Самараг сургуульд анх шинээр орж ирэхэд би түүнийг тийм ч нөхөрсөг гэж бодоогүй. Гэвч тэр манай хэлээр сайн ярьж чадахгүй байсныг би дараа нь мэдсэн. Одоо бид үргэлж хамт тоглодог!” гэж Сэйди ярилаа.
“Энэ чинь сайхан жишээ байна” гэж ээж нь хэлэв.
Жэйсон “Заримдаа надад нэр шошго өгдөг юм шиг санагддаг” “Сургууль дээр хүүхдүүд багш надад дуртай болохоор л сайн дүн тавьдаг гэж хэлдэг. Гэвч үнэндээ би хичээнгүйлэн суралцаж, гэрийн даалгавраа бүгдийг нь хийдэг болохоор тэр шүү дээ” гэж аяархан хэлэв.
“Нэр шошго өгөх нь сэтгэлийг маань өвтгөдөг, тийм үү?” гэж аав нь хэлэв.
Жэйсон толгой дохив.
Сэйди сүүлчийн жимсээ идэж дуусаад, “Гэхдээ бүх нэр шошго муу юу? Дэлгүүрт юу худалдан авч байгаагаа мэдэх хэрэгтэй биз дээ?” гэхэд
Аав нь “Тийм ээ. Чиний зөв.” “Ямар тохиолдолд нэр шошго сайн байдаг вэ?” гэж асуув.
Жэйсон халбагаа өргөөд, “Үнэн үед!” гэж хэлэхэд
“Хүний дотор чухам юу байдгийг хэн мэддэг билээ?” гэж ээж нь асуув.
“Тэнгэрлэг Эцэг” гэж Сэйди, Жэйсон хоёр хамтдаа хэлэв.
“Аан. Ойлголоо!” гэж Сэйди хэлээд, “Би Бурханы хүүхэд гэдэг нь миний хувьд зөв нэр шошго” гэв.
“Миний хувьд ч бас” гэж Жэйсон хэлэв.
“Минийх ч бас!” гэж аав нь хэлэв.
“Хүн бүрийн хувьд зөв өө” гээд ээж нь инээмсэглэв. Мөн тэр “Тиймээс бид хүмүүсийг гаднаас харж байгаа зүйлдээ үндэслэн нэрлэх эсвэл бидэнд өгсөн хуурамч нэр шошгонд итгэх ёсгүй. Учир нь биднийг дотроо чухам ямар хүмүүс гэдгийг зөвхөн Бурхан л мэднэ” гэлээ.
Сэйди шинээр тасалж авсан скоч дээр юм бичээд, цамцандаа наав. Тэр “Би Бурханы хүүхэд” гэж бичжээ. Сэйди инээмсэглэв. Энэ шошго түүнд хамгийн их таалагдсан юм.
Зураг чимэглэлийг Ройсин Хахэсси