Лиахона
Бишоп юу гэх бол гэж бодоод, түүнтэй ярилцахаас айж байлаа
2026 оны 1-р сарын Лиахона


“Бишоп юу гэх бол гэж бодоод, түүнтэй ярилцахаас айж байлаа,” Лиахона, 2026 оны 1-р сар.

Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээнээс

Бишоп юу гэх бол гэж бодоод, түүнтэй ярилцахаас айж байлаа

Би буруу сонголт хийдэг байсан. Гэтэл би бишоптойгоо ярилцах үед зөвхөн тайтгарал л мэдэрсэн юм.

Бишоптойгоо гар барьж буй хүн

Би анх удаа бие дааж амьдрахдаа шинээр эрх чөлөө мэдэрч билээ.

Сургуульд сурахаар Филиппинд нүүж ирсэн бөгөөд гэр лүүгээ нисэж очих үнэтэй байсан тул визээ шинэчлэхээр жилд ганцхан удаа л явдаг байв. Гэр бүлийнхээ итгэлийн нөлөөгүй болсон би сайн мэдээнээс алгуурхан холдох болсон юм.

Би тамхи татаж, согтууруулах ундаа ууж, Бурханы зарлигуудын эсрэг гэж заалгасан бусад зүйлийг хийж эхлэв.

Хэн гэдгээ санасан минь

Эхэндээ би тоодоггүй байв. Би Сүмийн дүрмүүд намайг уяж хашиж байна гэж боддог байсан. Сүмдээ явдаг байсан ч зүрх сэтгэлийнхээ гүнд өөрийгөө зохисгүй гэж бодох болж хэдэн сарын турш ариун ёслолоосоо хүртэхээ болив.

Дараа нь Ковид-19 дэгдэж, миний хийж байсан бүх зүйл зогсов. Яг тэр үед намайг үрчлэн авсан юм байна гэдгийг олж мэдээд би ихэд цочирдож билээ. Аав ээж хоёр маань энэ тухай надад огт хэлж байгаагүй бөгөөд би өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй хэсэг сэтгэлийн хямралд орсон юм.

Өмнө нь итгэдэг байсан бүх зүйл нэг л хоосон хөндий санагдах болов. Би үнэндээ яг хэн бэ гэдгээ дахин ойлгох хэрэгтэй байгаагаа мэдэж байлаа. Эцэст нь би гэртээ ирэхдээ аав ээжтэйгээ бүх зүйлийн талаар нээлттэй ярилцаж, хийж байсан сонголтуудынхаа тухай хэлэв. Тэд намайг загнаж зандрахын оронд хайраар хандсан. Тэд намайг үнэхээр хэн бэ гэдгийг чухамдаа тэдний болон Бурханы хайртай хүү гэдгийг сануулсан юм.

Өөрчлөгдөхөд тусалсан нь

Би өөрчлөгдөхийг хүссэн. Эцэг эх маань намайг бишоптойгоо ярилцан, наманчлалын үйл явцыг эхлүүлж, Аврагчийн гэтэлгэгч хүчинд найдахыг зөвлөсөн юм.

Би харин айж байлаа! Хийж байсан сонголтынхоо улмаас шийтгүүлэх вий эсвэл шүүгдэх вий гэхээс би санаа зовж байлаа. Ер нь би хүмүүс миний талаар юу гэх бол гэж огт боддоггүй хүн ч гэлээ манай бишоп үнэхээр гайхалтай хүн байсан тул түүнд юу хийснээ хэлж, урмыг нь хугалахыг хүссэнгүй.

Гэвч Далын ахлагч Скотт Д.Вайтинг “Та нарыг хайрлаж, дэмжих хүмүүсээс бүү нуугд харин тэдэн рүү гүйж оч. Сайн бишоп, салбарын ерөнхийлөгч, удирдагчид Есүс Христийн Цагаатгалын эдгээх хүчийг хүлээн авахад тань туслах болно” гэж заасан.

Бишоп “Сүмийн гишүүдэд наманчлахад нь туслахдаа Их Эзэнийг төлөөлөх санваарын түлхүүрүүдийг атгадаг.” Би түүнтэй ярилцахдаа хатуу ширүүн шүүмжлүүлэхийн оронд бишопынхоо өрөөнд зөвхөн тайтгарал л мэдэрсэн юм. Бишопыг надад тусална гэдэгт Их Эзэн найдаж байгааг мөн би ч бас түүнд найдаж болно гэдгийг ухааран ойлгосон.

Бишоп маань надад сүнслэг дадал хэвшлийг өөртөө суулгах замаар Аврагчийн тухай мөн Түүний Цагаатгалын талаар суралцахыг урамшуулсан юм. Би бишоптойгоо тогтмол уулздаг болж, тэр долоо хоног бүр надтай утсаар ярьдаг байлаа. Түүнтэй ярилцах болгондоо би маш их хайр мэдэрдэг байв.

Наманчлалын бэлэг

Эцэст нь, би амьдралдаа байсан муу муухай зүйлсээсээ бишопынхоо тусламж дэмжлэгээр салж чадсан юм. Гэхдээ л би ариун ёслолоос дахин хүртэнэ гэхээс эмээж байлаа. Энэ бүхнийг хийснийхээ дараа би үнэхээр зохистой болсон болов уу?

Харин бишоп намайг зоригжуулж байлаа. Тэр намайг заавал төгс байх албагүй, зүгээр л хүсэлтэй байх ёстой гэдгийг сануулсан юм. Би чадах чинээгээрээ хичээж байв. Аврагч үүнийг мэдэж байсан бөгөөд Өөрийнх нь наманчлалын бэлэгт найдах үед намайг цаашид ч уучлах болно.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Тамара В.Руниа эгчийн саяхан заасанчлан “Христэд ирэх гэдэг нь ‘Та надад туслах уу?’ гэсэн найдвар тээсэн үг бөгөөд Тэр та нарт үргэлж гараа сунган тусална гэсэн баталгаа илчлэлтээр ирсэн билээ.”

Үүний дараа би ариун ёслолоор дамжуулан гэрээнүүдээ итгэлтэйгээр шинэчилж эхэлсэн. Өөрийгөө үнэхээр хэн болох талаар мөн Их Эзэний тусламжтайгаар юу хийж чадахаа ойлгосон шинэ хүн болсон мэт мэдрэмж надад төрж билээ. Аврагчийн гэтэлгэлийн бэлэг амьдралыг минь хэчнээн их өөрчилснийг гэрчлэх гэрчлэлтэй болсныхоо дараа би Түүний өдөр бүр надад өгдөг найдварыг олоход бусдад туслахыг хүссэн учраас бүр номлолд хүртэл үйлчилсэн.

Зарлигууд хааж боодоггүй. Бурхан биднээс амжилттай байж, өсөж хөгжин, нүглийн урхинаас зайлсхийгээсэй хэмээн хүсдэг учраас зарлиг тушаалууд байдаг. Есүс Христийн сайн мэдээний гол цөм бол Түүний болон Тэнгэрлэг Эцэгийн биднийг гэх хайр юм. Би тэрхүү төгс хайрыг мэдэрсэн учраас Тэдэнтэй илүү адил болохыг хичээдэг.

Тэдний наманчлалын бэлэг миний амьдралыг баяр баясгалангаар дүүргэдэг.