“Зүрх сэтгэлдээ залбирсан минь,” Лиахона, 2026 оны 1-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Зүрх сэтгэлдээ залбирсан минь
Ээжийн минь залбирлын талаар өдөр бүр хэлдэг зөвлөгөө миний амьдралыг маш их өөрчилсөн.
Зураг чимэглэлийг Аллэн Гарнс
Намайг бага сургуульд байхад ээж минь надад өдрийн хоол өгч, духан дээр минь үнсээд “Өнөөдөр чадах бүхнээ хий. Зүрх сэтгэлдээ залбирахаа бүү мартаарай” гэж үргэлж хэлдэг байлаа. Намайг ахлах сургууль төгсөх хүртэл ээж минь өглөө бүр тэр л үгээ хэлдэг байв.
Үнэндээ, намайг Флоридад хоёр жилийн номлолоо хийхээр онгоцонд суух үед ээжийн надад хэлсэн хамгийн сүүлийн үг бас л “Зүрх сэтгэлдээ залбирахаа бүү март” гэсэн үг байсан юм. Би энэ үгийг багадаа сонссоор байгаад, энэ үгийг нэг их чухалчлан боддоггүй байв. Энэ нь түүний үеийнхний “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэдэгтэй адил үргэлж хэлдэг байсан зүйл гэж би боддог байлаа.
Бүрэн цагийн номлогчоор АНУ-ын Флоридагийн Майамид үйлчилж байхдаа би испаниар бага зэрэг ярьж сурсан юм. Кубын Пуэрто Рикогоос ирсэн шинэ найзууд маань яг л ээжтэй минь адилхан байсныг би олж мэдэв. Бидний очсон айл бүр “Вая кон Диос” (Бурхантай хамт яваарай) гэсэн сайхан үгээр биднийг үддэг байсан.
Би ээжийнхээ ямар утгаар хэлж байсныг ойлгож эхэлмэгцээ зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ залбирах арга замыг эрэлхийлж эхлэв. Ингэснээр Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт талархах сэтгэл минь өсөн нэмэгдсэн юм. Би хүнд сорилт, бэрхшээл тохиолдоход илүү тэсвэр хатуужилтай байдаг болов. Аав ээж хоёроо улам их хайрлаж, миний төлөө хийсэн золиоснуудад нь илүү талархах болсон.
Би нэг өдөр Аврагч амилсныхаа дараа нифайчууд дээр хүрч ирсэн тухай уншсан юм. Тэрбээр айлчлалынхаа хоёр дахь өдөр “шавь нартаа залбирахыг зарлиг болгов.” Тэднийг залбирч байх хооронд Аврагч бас “агуу болон гайхамшигтай” үгсийг хэлэн залбирав. Тэрээр залбирч дуусаад, цугласан олонд “зүрх сэтгэлдээ залбирахаа болихгүй байхыг” (3 Нифай 19:17, 34; 20:1) зарлиглажээ.
Үүнийг хийх нэг арга зам нь залбирахаа өдөр тутам хийдэг зүйлсийнхээ тойрон хүрээлсэн зургийн хүрээ гэж бодох явдал юм. Тийнхүү хайр, талархах сэтгэлээр байнга залбирах нь биднийг Аврагч дээр төвлөрч, гэрээгээ сахихад тусалдаг.
Зүрх сэтгэлдээ “залбирахаа бүү март” гэсэн ээжийнхээ өдөр бүр өгдөг байсан зөвлөгөөнийх нь төлөө би талархдаг. Энэ зөвлөгөө миний амьдралд асар их өөрчлөлт авчирсан.