Лиахона
Би 3 настайгаасаа эхлэн Сүмийн найрал дуунд дуулсан
2026 оны 1-р сарын Лиахона


ОРОН НУТГИЙН НИЙТЛЭЛ

Би 3 настайгаасаа эхлэн Сүмийн найрал дуунд дуулсан

Эрдэнэт хотод төрж өссөн Х.Энхзул эгчийн гэр бүл 2004 оноос түүнийг хоёрхон настай байхад сүмд явж эхэлжээ. Тэрээр 2010 онд баптисм хүртэж Сүмийн гишүүн болсон юм. Энхзул эгч багаасаа дуу хөгжим, урлагт дуртай, ялангуяа дуулах, бүжиглэх дуртай хүүхэд байв. Тэрээр одоо ҮББГ-ны найрал дуунд дуулдаг. Энхзул эгч гэрчлэлээ ийнхүү хуваалцаж байна.

Сүмийн найрал дуунд дуулж эхэлсэн нь

Эрдэнэт салбарынхан найрал дуунд маш олуулаа дуулдаг, ах маань ч бас тэнд дуулдаг байсан. Анх би 3 настай байхдаа хоор дуунд бэлтгэлд ахтайгаа хамт явж, Христмасын баяраар дуулж байхын хажуугаас нь харж зогсдог болсон. Маш олон хүн нэг дууг зүрх сэтгэлээсээ, хоолой салган дуулж байгааг сонсоод би маш их баярлан догдолдог байснаа санаж байна. Дараа нь би Хүүхдийн хэсгийн найрал дуунд орж дуулж болсон. Энэ үеэс эхлэн би жил бүр найрал дуунд идэвхтэй дуулж, өөрийн дуу хоолойгоор дамжуулан бусдад сургаал болон Бурханы хайрыг түгээх боломжтой болсон.

Миний хамгийн анх сурч байсан дуу бол “Бие биенээ хайрла” гэдэг дуу.

Энэ дууны үг бүр бодгалийн үнэ цэн Бурханы хувьд агуу гэдгийг сануулж байх шиг санагддаг. Дуулах авьяас чадвараа хөгжүүлэхэд надад Сүмийн найрал дуу маш их тус болсон.

Найрал дуунд явснаар би бүх талаараа өсөж хөгжсөн

Найрал дуунд дуулдаг болсноор сахилга баттай байх, цаг баримтлах, цаг заваа зохицуулж сурах, багаар ажиллах, найзууд болон танилын хүрээгээ тэлэх, хоолойн цар хүрээгээ сайжруулах, хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болох, багаараа нэг хүний удирдлагад орж нэг хүн мэт дуулж сурах гэх мэт чадваруудыг эзэмшдэг. Эдгээр нь зөвхөн найрал дуунд дуулахад төдийгүй амьдрал дээр ч олон зүйлд тус болдог чадварууд юм.

Түүнээс гадна сүнслэг байдлын хувьд бид их өсөж хөгжинө. Бид дуу хөгжимөөр дамжуулан Ариун Сүнсийг мэдэрч, хамтдаа хөгжиж баясаж, дуулаар дамжуулан Бурханд байнга залбирал өргөж, сүнсний хувьд төдийгүй бие махбодын хувьд ч гайхалтай тайвшралыг мэдэрдэг. Дуулаар дамжуулан бид Христэд улам итгэлтэй болж, сургаалд гүн хөрвөгдөх боломжтой. Мөн үе тэнгийнхэнтэйгээ хамт найрал дуунд явснаар олон найзтай, сүмдээ ч идэвхтэй явдаг болж, цагаа үр дүнтэй, зөв өнгөрүүлэхээс гадна авьяасаа нээж, хөгжүүлэн, дэлхийн уруу таталтаас хол байж чаддаг.

Найрал дуунаас би амар амгаланг мэдэрдэг

Баярласан, гунигласан, гутарсан, айсан гэх мэт ямар ч үед дууны аялгууг амандаа аялах ч юм уу сонсоод суухад надад тайвшрал, тайвгарал мэдрэгддэг. Дууллуудын үг бүр нь яг одоо тулгарсан асуудлуудад хариулж буй мэт санагддаг. Заримдаа дуунаасаа суралцах ч үе гардаг. Сүмийн дууллуудыг нэг ёсны залбирал гэж сударт заасан байдаг. Сургаал ба Гэрээнүүд 25:12-т “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлана авай; тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөгөөд мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно” гэж заасан байдаг.

Найрал дуу надад Христийн хайрыг мэдрүүлдэг

Найрал дуунд явснаар бид бусдад хайрыг мэдрүүлэхэд зогсохгүй өөрсдөө ч бусдаас хайр, илүү их баяр хөөр, аз жаргал мэдэрдэг. Би жил бүрийн Христийн мэндэлсний баярын найрал дуунд оролцдог. Тиймээс жил бүр шинэ найз, ах, эгч нартай танилцдаг. Бас шинэ дурсамжийг бүтээж, шинэ адислал хүлээн авдаг. Энэ баяраар бид найрал дууны хамтлагаараа олон байгууллага болон газруудад очиж дуулж, Христийн хайрыг түгээж, маш их баяр хөөрийг мэдэрдэг. Тэр жил бид нэгэн асрамжийн газарт очиж дуулж өгсөн юм.

Биднийг дуулах үед хүүхэд бүр баярлаж, зарим нь хамт дуулж, бас уйлж байсан. Надад нэгэн бяцхан жаал өөрийн хийсэн маш том гялалзсан одыг энгэрт минь зүүж өгч, “Эгч ээ, та яг л энэ од шиг гялалзаж байна” гэж хэлж билээ. Надад маш гайхалтай адислал, бэлэг мэт санагдаж, өөрийн эрхгүй баярын нулимс дуслуулсан. Би одоо ч тэр одыг нандинган хадгалдаг.

Найрал дуу намайг буцаад сүмдээ идэвхтэй явах болход тусалсан

Ковид цар тахал гарч, хүмүүс хорионд байх үед би сүмээсээ холдож эхэлсэн. Сүм дээр ямар нэгэн цуглаан, үйл ажиллагаа болохгүй, хувиараа бие даан суралцана гэдэг маш гунигтай, жаахан асуудалтай байдаг байсан. Сүм буцаад хэвийн үйл ажиллагаандаа орсон хэдий ч би идэвхгүй хэвээр л байсан. Харин 2022 онд Сүмийн найрал дуу хичээллэж эхэлсэн тухай мэдээ намайг маш их догдлуулж, би найрал дуундаа явж эхэлсэн. Сүмээсээ холдож, идэвхгүй болсон байсан тэр үед найрал дуу л намайг сүмд минь буцаан авчирч чадсан. Би дуугаар дамжуулан судар сургаалд маш их хайртай болсон. Сүмийн дуулал бүр залбирлын нэг хэсэг мөн баяр баяслыг мэдрэхэд тусалдаг бас нэгэн арга зам гэдгийг би гэрчлэмээр байна. Тэр байтугай дууллуудын үг бүр нь яг одоо тулгарсан асуудлуудад хариулж буй мэт санагддаг. Заримдаа дуунаасаа суралцах ч үе гардаг.

Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?

Өөр нэгнийг өргөж туслав уу?

Үйтгарласныг баярлуулж, уйлсныг тайвшруулж чадав уу?

Үгүй бол илүү хичээе. (“Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?” Дуулал, д.118)

Найрал дуунд явснаар би зохицол гаргаж сурсан

Манай найрал дуунд олон янзын ажил төрөлтэй, өөр өөр үзэл бодолтой, насны хувьд ч ялгаатай ах, эгч нар явдаг. Бас ажлын ачаалал, хичээл, сургалт гээд завгүй байх, очих боломжгүй үе ч гардаг. Өөрсдийн цаг завыг зохицуулж, найрал дуундаа итгэлтэйгээр ирэх үед цаана нь маш их адислал байдаг гэдгийг би мэдэж авсан. Бас найрал дуунд явдаг хүмүүс бид эгэл хүмүүс учраас дуугаа алдах, өнгөө олохгүй байх гэх мэт үе гардаг ч эхлээд үргэлж залбирч, сүнслэгээр эхлэхэд бүх юм бүтдэг. Мөн бид нэгдмэл байж, нэг оюун бодол, сэтгэлтэйгээр дуулахыг үргэлж хичээдэг. Үүнд л найрал дуу гэдгийн гол утга учир оршдог.

Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон:

“Дуу хөгжим нь сүнслэг тэжээл өгөх хүчтэй. Үүнд эдгээх хүч ч бий. Үүнд мөн шүүлт бишрэлд туслах, Цагаатгал болон сайн мэдээний Сэргээлтийн тухай, авралын зарчим, өргөмжлөлийн ёслолуудын талаар тунгаан бодох боломжийг бидэнд олгох хүч оршдог. Энэ нь бидэнд бодлоо залбирал илэрхийлж, ариун нандин үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцах хүчийг өгдөг” гэж хэлсэн байдаг.

Үнэхээр Сүмийн дуу хөгжим хүний хөрвүүлэлтэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Сүмийн гишүүн бус хүмүүсийг ч өөрчлөгдөхөд тусалж, зүрх сэтгэлийг нь зөөлрүүлж чаддаг. Сүмийн дуу хөгжимд маш гайхалтай хүч агуулагддаг гэдгийг би мэднэ. Тиймээс би та бүхнийг найрал дуунд өргөнөөр оролцож, тэндээс гайхалтай адислалыг хүлээн аваарай гэж уриалмаар байна.