Лиахона
“Судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь: 2026 оны Ирээд, Намайг дага гарын авлагыг танилцуулах нь”
2026 оны 1-р сарын Лиахона


ОРОН НУТГИЙН НИЙТЛЭЛ

“Судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь: 2026 оны Ирээд, Намайг дага гарын авлагыг танилцуулах нь”

2026 оны Ирээд, Намайг дага хөтөлбөрийг танилцуулах боломж олдсонд би гүнээ талархаж байна. Ирэх онд бид Хуучин Гэрээг эхлээд хувиараа болон гэр бүлээрээ, дараа нь Сүмийн хамт олноороо судлах болно.

Та урьд нь Хуучин Гэрээ уншиж байсан уу? Би ахлах сургуулийн сурагч байхдаа анх уншиж байлаа. Энэ нь нэлээн цаг авдаг байсан ба үнэнийг хэлэхэд би заримдаа уншиж байгаа бүхэн амьдралд минь ямар хамаатай юм бол гэж гайхдаг байв. Леви, Дэд хууль зэрэг номнууд нь бидний өнөө үеийн туршлагаас тэс өөр нарийн хуулиуд болон ариун сүмийн ёслолуудыг багтаасан байдаг. Магадгүй та нарын заримд надтай адил бодол төрж байсан байх.

Ахлагч Даллин Х.Өүкс иймэрхүү бодлын талаар сүнслэг урам өгөх санааг хуваалцсан юм. Тэр: “Судар дээр бүх асуултын хариулт бий гэж бидэнд байнга хэлдэг нь ямар учиртай юм бол? … Судар уншсанаар бид өөрсдийгөө асуултуудынхаа хариултыг олж авах сүнслэг өдөөлт хүлээн авах байр суурин дээр аваачдаг. Эдгээр асуулт нь сургаалын, хувийн эсвэл бидний уншиж байгаа зүйлтэй шууд холбоогүй сэдэв байж болно” гэжээ.

—Elder Dallin H. Oaks, “Studying the Scriptures,” November 24, 1985

Бид ариун судруудыг унших үед түүхийг судалж, мэдлэг олж авахаас илүүтэйгээр илчлэл хүлээн авахад зүрх сэтгэлээ нээж өгдөг. Бурханы үг бидний оюун санааг цэвэршүүлж, зүрх сэтгэлийг зөөлрүүлж, биднийг үнэн, амар тайван руу чиглүүлдэг Ариун Сүнсийг урьдаг.

Сургаал ба Гэрээнүүд 88:118-д: “Бүр судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн” хэмээн тунхагласан байдаг.

Судлах болон итгэх нь аль аль нь чухал. Судлах нь оюун санааг сэнхрүүлдэг бол итгэл нь сэтгэлийг гэгээрүүлдэг. Эдгээр нь хамтдаа ажилласнаар Сүнс хэвлэсэн хуудасны цаадах үнэнийг бидэнд зааж, зүрх сэтгэлийн маань гүнд хүргэдэг.

Гартаа сарнай барьж байгаагаар төсөөл. Хэрэв та сарнайгаа ургамал судлаачид өгвөл тэр үүнийг шинжлэх ухааны үүднээс Сарнайн овог буюу цэцэгт ургамлын төрөл гэж тайлбарлана. Харин та тэр сарнайг хайртай хүндээ өгвөл “Баярлалаа, ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэж хэлэх байх. Ялгаа нь эд зүйлдээ бус зүрх сэтгэлд оршиж байгаа юм. Судар яг тэр сарнай адил. Сүнстэй хамт унших үед энэ нь эртний хуулийн ердийн хэдэн бичээснээс илүү Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг хайрын илрэл болдог.

Их Эзэн Иошуад:

“Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалга … Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно” (Иошуа 1:8) хэмээн айлдсан.

Бид Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгах юм бол энэ нь зүрх сэтгэлийг ариусгаж, гэрээнүүдийг бэхжүүлж, тодорхойгүй цаг үед тэнгэрлэг чиглүүлгийг авчирдаг.

Ирж буй 2026 ондоо та нар Хуучин гэрээг судалснаар Бурханы мөнхийн төлөвлөгөөг гэрчлэх Сүнсийг мэдрэх болтугай гэж би чин сэтгэлээсээ залбирч байна. Та нар нухацтай тунгаан бодож, итгэлээр үйлдэж, эрмэлзэгч зүрх сэтгэлтэйгээр Христэд ирэх болтугай. Та нар ийн үйлдсэнээр гэрээнээсээ баяр баяслыг, Түүний ач ивээлээс хүч чадлыг олох болно.

Есүс Христийн сайн мэдээ үнэн, Түүний Цагаатгал хязгааргүй хийгээд бодит, Түүгээр дамжуулан бид сорилт бэрхшээл, уй гашуу бүрийг даван туулж чадна гэсэн баттай гэрчэлээ үлдээж байна. Есүс Христийн ариун нэрээр, Амен.