Лиахона
“Ирээд, Намайг дага” бол таны найз
2026 оны 1-р сарын Лиахона


Ирээд, Намайг дага бол таны найз,” Лиахона, 2026 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага бол таны найз

Энэ жилийн материал дээр Хуучин Гэрээг судлахад зориулсан шинэ зураг, эргэцүүлэн бодоход туслах санаануудыг нэмсэн.

Олсоор өргөж буй хүний зураг

Би таныг гарцаагүй чөлөөлнө, Ева Тимоти, хуулбарлаж болохгүй

Судраа уншиж байхад үргэлж хажууд тань суугаад урамшуулан дэмждэг найзтай бол сайхан биш гэж үү? Магадгүй, судраас унших дуртай, таныг уншиж байгаад баярлаж байгаа нэгэн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байж болох юм. Заримдаа найз чинь: “Энэ хэсэг нь гайхалтай биш гэж үү? Эдгээр шүлгийн талаар чи юу гэж бодож байна? Хөөх, энэ чинь яг бидний амьдралтай адилхан юм байна, тийм байгаа биз дээ?” гэж хэлж болох юм. Хэрэв ойлгоход хэцүү нэг хэсэг дээр гацах юм уу эргэлзвэл найз тань гол утгыг нь илчлэлгүйгээр болгоомжтой гэгч нь: “За, үүнийг ийм өнцгөөс бас харж болох юм. Энэ тус болж байна уу?” гэж хэлж ч магад. Эцсийн эцэст, тэр найз нөхөр шүү дээ.

Ирээд, Намайг дага хэмээх гарын авлага нь яг тэр найзтай тань адил юм. Судраас уншихдаа сайхан туршлага олж авахад тань туслах нь үүний зорилго юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань хөгжүүлэхэд туслах шүлгүүдийг танд зааж, дараа нь тэдгээр судрын хэсгээ амьдралдаа тохиолдож байгаа зүйлстэй холбоход тусална. Энэ нь асуулт гарч ирэхэд тань хариулахад тусалж болох ч Ирээд, Намайг дага гарын авлага нь ихэнх тохиолдолд асуултад тань хариулахын оронд асуулт тавьдаг. Учир нь үнэхээр сайн найз сүнслэг үнэнүүдийг өөрөө олж нээхийн баяр баясгаланг тань хэзээ ч танаас авахгүй.

Тийм ээ, таныг судраас унших бүрд Ирээд, Намайг дага гарын авлага нь, энэ жил Хуучин Гэрээг уншиж байхад хүртэл эдгээр нөхөрсөг үйлдлийг хийж чадна.

Эргэцүүлэн бодоход өдөөх асуулт, үйл ажиллагаанд зориулсан санаануудаас гадна Ирээд, Намайг дага-аас та өөртөө тус болох хэсгүүдийг олж болно. Энд хэдэн жишээ авч үзье.

Хуучин Гэрээний тойм

2026 оны эхээр Ирээд, Намайг дага гарын авлага дээрээс Хуучин Гэрээний үзүүлэн тоймыг олж харж болно. Энэ нь бошиглогчид, хаадын болон бусад чухал хүний нэрсийг багтаасан цаг хугацааны дараалал юм. Хуучин Гэрээний номууд он дарааллын дагуу биш учраас энэ нь тустай. Жишээ нь, тоймоос Исаиа, Иеремиа зэрэг бошиглогчдын бичвэрүүд Иудагийн хаант улсын түүхийн аль үеийг дүрсэлснийг олж харах боломжтой. Хуучин Гэрээг бүхэлд нь авч үзэхэд Даниел, Естер хоёрын түүх аль үед болж өнгөрснийг харж болно. Хэрэв Хуучин Гэрээг уншихдаа учраа олохгүй төөрөлдвөл яг ямар үеийн талаар өгүүлж байгааг “Хуучин Гэрээний тойм”-оос үзээрэй.

Шинэ уран зураг

Энэ жилийн Ирээд, Намайг дага гарын авлагад зориулан арван хоёр шинэ уран зургийг захиалан зуруулсан. Зарим жишээг оруулав. Үүнд:

  • Енох цаг хугацааны голчийг харсан нь, Жэннифэр Пажэт, Аврагчийн золиосны талаарх Енохын үзэгдлийг бэлгэдэн харуулсан (Moсе 7-г үзнэ үү).

  • Гэрч болон зогс, Квани Пови Виндэр, энгийн гэрчлэл нь агуу гайхамшиг руу хөтөлсөн “бяцхан шивэгчнийг” онцолсон (2 Хаад 5-ыг үзнэ үү).

  • Надад хийх агуу ажил байна, Тайсон Снөү, дайснуудын эсэргүүцлийг үл хайхран Иерусалимын хэрмийг дахин барихаар эргэлт буцалтгүй шийдсэн Нехемиаг дүрсэлсэн (Нехемиа 4-ийг үзнэ үү).

  • Би чамайг гарцаагүй чөлөөлнө, Ева Тимот, этиоп хүн Ебед-мелех Иеремиаг шавар шавхай болсон гяндангаас чөлөөлснийг харуулсан зураг (Иеремиа 38–39-ийг үзнэ үү).

“Санаж байх зүйлс”

Ирээд, Намайг дага дээрх долоо хоног тутмын судлах удирдамжийн дараалуулсан хэсгүүдийн дунд, үе үе “Санаж байх зүйлс” гэсэн хэсэг гарч ирдэг. Эдгээр нь гэрээ, золиослол, Израилын цугларалт, Хуучин Гэрээний яруу найраг зэрэг сэдвүүдийн талаар өгүүлсэн бяцхан эссэ юм. “Санаж байх зүйлс” нь Хуучин Гэрээг судлах үед итгэлээ өсгөхөд тань туслах түүхэн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хожмын үеийн харах өнцөг, энгийн ойлголтыг өгдөг.

Өнгөрсөн жилүүдэд үзсэн Ирээд, Намайг дага гарын авлагын адил энэ нь таны судлах зүйл биш юм. Энэ бол Бурханы үгийг судраас судлахад тань туслах таны хамтрагч юм. Үүний тулд л найзууд байдаг шүү дээ.