Лиахона
ХРИСТИЙН МЭНДЭЛСНИЙ БАЯРЫН ТУХАЙ ӨМНӨХ ДУРСАМЖУУДАА САНАХ НЬ ШИНЭ ДУРСАМЖ БҮТЭЭДЭГ
2026 оны 1-р сарын Лиахона


ОРОН НУТГИЙН НИЙТЛЭЛ

ХРИСТИЙН МЭНДЭЛСНИЙ БАЯРЫН ТУХАЙ ӨМНӨХ

ДУРСАМЖУУДАА САНАХ НЬ ШИНЭ ДУРСАМЖ БҮТЭЭДЭГ

Улс орон, гэр бүл бүрд Христийн мэндэлсний баярын өдрийг өөр өөрөөр тэмдэглэдэг байх боловч энэ баярын жинхэнэ утга учир нь Есүс Христийг мэндэлсний дурсамж санах, энэ дэлхийд төрсөнд нь баясах, Түүний бидний амьдралд үзүүлж буй нөлөөг тунгаан бодох, өөрсдийн амьдралыг дүгнэх, нэг нэгнээ хайрлах, уучлах, бусдад үйлчилж хайрыг мэдрүүлэхэд оршино.

Христийн мэндэлсний баяр бол дуу хөгжим, үнэр, амт, хүлээлт, догдлол, өгөөмөр байдлын цаг мөч ба бидний амьдарч буй газрын хол ойроос үл хамааран хамтдаа цугларах цаг үе байдаг. Энэ баярыг Монголд гэр бүлүүд хэрхэн тэмдэглэдэг талаар нэгэн гэр бүлийг сонгож сонирхлоо.

Арван гурав хүүхдүүдээ бага байхаас л гацуур мод уунаас авчирч, оройд нь од хатгаж, өнгө өнгийн чимэглэлээр чимж, хүүхдүүд нь өөр өөрсдийн хийсэн гар урлалын зүйлсээр гацуураа гоёж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай байсан.

Харин 2000 оны эхээр том охин Мөнхсайхан нь ЕХХҮС-ийн гишүүн болж, араас нь 5 дүү нь гэр бүлээрээ Сүмд нэгдсэнээс хойш тэд энэ баярын жинхэнэ утга учрыг ойлгодог болж, бүх гэр бүлээрээ хамтран тэмдэглэх болжээ.

А.Мөнхсайхан: “Надад Христийн төрөлтийн үйл явдлаар гэр бүл дотроо хийдэг жүжигчилсэн тоглолт хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээсэн. Бүх хүн ямар 1 дүрд, Давид, Мария, бяцхан Есүс, мэргэд, тэнгэр элч нар, хоньчид гэх мэт дүрд орж тоглодог байсан. Христ хэзээ ч зовж шаналж байгаа хүмүүсээс шалтаглан асуудаггүй, зүгээр л тусалдаг байсан. Тиймээс би эргэн тойрноосоо хэнд тусламж хэрэгтэй байгааг олж хараад хэрэгцээт зүйлсээр нь туслах дуртай.”

А.Мөнхтогоо: “Би энэ баяраар олон хүнд бэлэг бэлддэг. Би хүнд бэлэг өгч баярлуулах дуртай болохоор хэнд юу өгвөл хамгийн хэрэгтэй вэ, юу өгвөл баярлах бол гэж хүн бүрийн талаар бодож байгаад бэлгээ бэлддэг. Тэр үе бол миний хамгийн дуртай цаг мөчүүдийн нэг.”

А.Мөнх-Эрдэнэ: “Би энэ баяраар нэг удаа Христийн бодолтой том зургийг бэлгэнд аваад, шууд л нулимс минь нулимс бүрхэж, Христ миний амьдралын хамгийн чухал бэлэг шүү дээ гэдгийг жинхэнээсээ мэдэрч байж билээ.”

А.Мөнхцэцэг: “Би дуу хөгжимд дуртай тул хүүхдүүдтэйгээ нэлээн эртнээс бэлддэг. Охин Хулан маань төгөлдөр хуур дээр тоглох дуунуудаа бэлддэг байсан. Бас хүү Золбоотойгоо хоёулаа укулеле хөгжимөөр ‘Амгалан шөнө’ дууг хоршиж тоглох гэж бэлдэж байсан үе надад үнэхээр нандин дурсамж үлдсэн. Би Христийн мэндэлсний баярт зориулан гэр орноо гоёж, гоё лаа асаан, Христийн төрөх үеийн үйл явдлыг харуулсан сувенирээр гэрээ чимдэг. Ингэснээр бяцхан хүүхдүүдэд, ач нартаа энэ баярын утга учрыг ойлгуулахад тусатай байдаг.”

А.Энхбаатар: “Би уг баярыг илүү утга учирт нь тааруулах, сүнслэг болгох тал дээр анхаардаг. Яг 25-ныхаа орой хамтаараа гаднаа их олуулаа цуглаад баяраа тэмдэглэхдээ бид тухайн жилийн ололт амжилт, адислалууддаа талархан, энэ тухай дурсаж ярьдаг. Хүн бүр талархаж байгаа зүйлсээ хэлэх үед бас онцгой сэтгэл догдлол байдаг. Энэ жил би бусдыгаа урьж өөрсдийн илүү хувцас, тоглоом зэргийг бусдад хандивлах ажил өрнүүлж байгаа.”

Г.Батболд: “Бүгд улаан, ногоон хувцас өмсөж ирэх нь уг баярын жинхэнэ утга учрыг бас санагдуулах шиг болдог. Гэрлээ унтраагаад, лаа асааж байгаад бүгд хамтдаа залбирах бас их гоё мөч байдаг. Сүүлийн үед бяцхан ач нар маань тоглоомнуудаасаа илүүчилж өөр хүүхдүүдэд өгч баярлуулах уламжлалтай болсон.”

Р.Сарнайцэцэг: “Би нөхөртэйгөө гэрлэсний дараахан гэр бүлийн Христмасын баярт анх удаа оролцсон. Баатар ах гэр бүлүүдэд Есүсийн мэндэлж буй дүрсийг харуулсан, сэтгэл хөдөлгөм сувенир бэлэглэж байсан нь их гоё бэлэг байсан. Мөн гэр бүлүүдийн дунд явуулдаг хөгжтэй тоглоомууд үнэхээр гоё дурсамж үлдээдэг.”

М.Оюунбилэг: “Бид бас хөгжилтэй тоглоом тоглодог. Таталган тоглож байх үед заримдаа бүр элгээ хөштөл инээх ч тохиолдол гарч байсан. Дэмбэрэл ахын хөгжилтэй царай одоо ч санаанаас гардаггүй.”

Б.Хулан: “Би мэндчилгээ хийх дуртай. Ээж, аав, ах нарынхаа царайг зүрхэндээ зурж, гоё үгс бичиж бэлэглэдэг, заримдаа гацууртаа өлгөдөг байсан. Бас Христмасын дуунуудыг төгөлдөр хуур дээр байнга тоглодог байсан.”

Э.Тэмүү: “25-ны орой бяцхан дүү нар маань жигнэмэг байшин босгож, гацуурын бэлэн чимэглэл будаж, эвлүүлдэг зураг эвлүүлэх зэргээр гар урлалын зүйлс хийдэг. Би тэдэнд тусалж, хамтдаа хийх дуртай.”

Э.Эрдэнэ: “Би 12 сарын 25-нд төрсөн. Иймд Христийн мэндэлсний баяраар хамтатган хамаатан саднаараа олуулаа цуглаж тэмдэглэдэг тул миний хувьд энэ өдөр онцгой өдөр байдаг.”

Д.Сарнай: “Христийн төрөлтийн үйл явдлаар дүрд орон тоглоход нэг нь Лук 20:1-20 дахь үйл явдлыг уншиж, бусад нь өөр өөрийн дүрд хувиран гарч ирдэг байсан. Миний охинтойгоо хонь болж байсан тэр үе үнэхээр хөгжилтэй, бас мартагдашгүй.”

Д.Баярболд: “Гэр бүлээрээ тоглох тоглоомыг би эхнэртэйгээ хамт үргэлж зохион байгуулдаг байсан. Тоглоом тоглох нь зугаатай, мартагдашгүй дурсамж үлдээдэг. Бас айл бүр гэрээсээ гоё зууш, хоол бэлдэж ирэн авчирч, ширээгээ дүүргэх нь бас сонирхолтой байдаг.”

Б.Маралзааяа: “Номлолд явахаасаа өмнө би найз залуугаасаа дагаж анх удаа гэр бүлийн Христмасын баярт очиж байсан. Өмнө нь Шинэ жилийн баяр гэж л тэмдэглэдэг байсан болохоор анх удаа Христийн мэндэлсний баярыг хамтад нь олон гэр бүл хамтдаа цуглаж, Есүс Христийн тухай сүнслэг үйл ажиллагаа явуулж тэмдэглэж байсан нь надад маш гоё санагдсан.”

Э.Номин: “Би төгөлдөр хуур дээр тоглох дуугаа бэлддэг байсангаа мартаггүй. Бас Хулан эгчтэйгээ хамт ‘Хүнт нуур’ бүжгэн жүжгийн бяцхан хүүхдийн бүжгийг бүжиглэж байсан тэр цаг үе үргэлж санаанд минь байдаг.”

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийн хэлсэн. “Миний хувьд Христийн мэндэлсний баярын ид шидийн нэгэн хэсэг нь хүүхэд, том хүн хоёр нэг цаг хугацаанд зэрэг байх явдал байдаг. Бидний хүүхэд ахуйд маань баяр хөөртэй болгодог байсан зүйлийг одоо хийх нь насанд хүрсэн үед бидэнд баяр хөөрийг авчирдаг. Мөн бид хүүхдүүдтэйгээ дурсамж, уламжлалуудыг бүтээж байх үедээ тэдэнтэй хамт баясдаг.”

Христийн мэндэлсний баярын тухай өмнөх дурсамжуудаа санах нь шинэ дурсамж бүтээдэг. Хэрэв та бүгдэнд Христийн мэндэлсний баярын сайхан дурсамжууд байдаг бол та бүхэн тэдгээрийг баяр хөөртэйгөөр эргэн санаж, сэргээн хэрэгжүүлээрэй. Хэрэв та нар одооноос эхлэн энэ баярыг тэмдэглэх өөрсдийн гэсэн уламжлалтай болъё гэж бодож байгаа бол тэдгээр нь жил бүр Есүс Христийг гэсэн хайр тань улам гүнзгийрүүлж, та бүхнийг адислах болно. Хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх мөч хамгийн үнэ цэнтэй.