Лиахона
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс ирдэг аюулгүй байдал
2026 оны 1-р сарын Лиахона


“Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс ирдэг аюулгүй байдал,” Лиахона, 2026 оны 1-р сар

Гэрээт эмэгтэйчүүд

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс ирдэг аюулгүй байдал

Хэрэв бид Аврагчдаа итгэж найдвал Бурханд буцаж очих зам тодорхой зурайн харагддаг.

Замаар алхаж байгаа хүний хөлийн зураг

Мөнх бус амьдралын унасан шинж чанар, нөхцөл байдлаас болж бид бүгдээрээ мөнх бус байдлын өмнөх оршихуйд таньдаг бас хайрладаг байсан Бурханаасаа холдон тэнүүчлэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ бол мөнх бус байдлын мөн чанар юм. Тиймээс Тэрээр бидэнд зангуугаа Өөрт нь найдвартай бэхлэн, зүрх сэтгэлээ Түүнтэй лацдаж, мөнх бус байдлын энэхүү тэсрэх бөмбөг нуусан талбайгаар аль болох аюулгүй зорчиход туслах арга замуудыг өгсөн.

Дэлхийн томоохон дайнуудын үед зэвсэгт хүчнийхэн тэсрэх бөмбөг буюу тэсрэгчийг газар доор нуудаг байжээ. Цэргүүд тэсрэх бөмбөг нуусан өргөн уудам талбайд мэдэлгүй давшин ороод дэлбэрдэг байв.

Дайны дараа хэдэн мянган тэсрэх бөмбөг дэлбэрээгүй үлдсэн ба олон хүн, түүний дотор хүүхдүүд уг талбайд санамсаргүй орж амь насаа алдаж эсвэл гар хөлгүй болсон байдаг. Ийм талбайгаас тэсрэх бөмбөг олж, тэмдэгжүүлдэг байгууллагууд олон хүний амийг аварчээ.

Мөнх бус байдал бол тэсрэх бөмбөг нуусан талбайтай адил юм. Дайсан энэ талбайг аюулгүй, сэтгэл татам, нүд булаам харагдуулахдаа ихэд гаршсан. Тэр уг ажлыг олон мянган жилийн турш хийсэн туршлагатай. Тэр бол аюултай үр дагавар, сэтгэлийн шаналалд хүргэх замыг сэтгэл татам харагдуулахдаа гаршсан мэргэжилтэн.

Хөтлүүлэн гэртээ аюулгүй хүрэх

Тэнгэр дэх Эцэг маань хэрхэн биднийг аюулгүй байлгахаа мэддэг ба гэр лүү маань аюулгүй авчрах замыг тэмдэгжүүлсэн юм. Мэдээж, бидэнд маш олон аюул, бэрхшээл тулгардаг. Энэ нь мөнх бус амьдралын нэг хэсэг юм. Гэхдээ бид шаардлагагүй сэтгэлийн шаналал, зовлонг авчирч болзошгүй сонголтуудаас зайлсхийх боломжтой.

Тиймээс Эцэг маань бидэнд зарлиг, Ариун Сүнсний бэлэг, бидэнд замчлах бошиглогч, ариун сүмийн ёслол, гэрээнүүдээр дамжуулан Түүнтэй болон Аврагчтайгаа холбогддог хүчирхэг гэрээт харилцааг өгсөн. Есүс Христийн энэ сэргээгдсэн Сүмд л бид гэр лүү маань аюулгүй замчлах тэдгээр хүчирхэг тэмдэг, аюулгүйн сэрэмжлүүлгийг олж авч чадна.

Өнөө үед бошиглогчид байгаа нь агуу адислал юм. Тэргүүн зөвлөлийн зөвлөх асан, ерөнхийлөгч Хью Б.Браун (1883–1975) өмнө нь шүүгчээр ажиллаж байсан Британийн нийтийн танхимын гишүүнтэй ярилцсанаа хуваалцсан. Тэр хүн Бурхан I зуунаас хойш дэлхий дээрх хүмүүстэй яриагүй гэж боддогоо хэлсэн ба хариуд нь ерөнхийлөгч Браун түүнд Иосеф Смит болон Сэргээлтийн талаар тайлбарлажээ.

“Тэр шүүгч суугаад, анхааралтай сонссон. Тэрээр маш тодорхой, нарийн нягт асуултуудыг тавьж, ярилцлагын төгсгөлд ‘Ноён Браун, танай Сүмийн гишүүд таны захиасны ач холбогдлыг бүрэн ойлгодог болов уу? Та ч бас ойлгож байна уу? … Хэрэв таны надад хэлсэн зүйл үнэн бол тэнгэр элч нар Христийн төрөлтийг тунхагласнаас хойш дэлхийд өгөгдсөн хамгийн агуу захиас энэ байна” гэжээ.

Бурхан хүүхдүүдээ хайрладаг учраас бошиглогчдыг дууддаг. Тэрээр үйлчлэгч, бошиглогчдоороо дамжуулан Өөрийн авралын төлөвлөгөөг, хүүхдүүдээ замчлах аз жаргалын төлөвлөгөөг илчилсэн. Бусад хүний харж чадахгүй зүйлсийг Их Эзэн бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд үзүүлдэг. Тэд бол алсыг хардаг, чих тавин сонсох бүх хүнд олон жилийн өмнөөс сэрэмжлүүлдэг цамхаг дээрх харуулууд (Езекиел 33:1–7-г үзнэ үү) билээ. Тэд эрх мэдэл хүлээн авсан үйлчлэгчдийн хувиар Бурхантай харилцдаг учраас бидэнд байхгүй давуу талууд тэдэнд бий. Бидэнд одоогийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн талаар гүн гүнзгий, хувийн гэрчлэлтэй болох нь амин чухал.

Есүс Христ дэх үнэн

Өнөөгийн дэлхийд юу үнэн болохыг ялган танихад улам бүр хэцүү болж байна. Инстаграм, ТикТок, Фэйсбүүк, Икс, подкаст, телевизийн мэдээ гэх мэт олон сувгаас маш олон дуу хоолой цацагдаж байна. AI буюу хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой өнөө үед юу үнэн, юу худал, юу бодит гэдгийг ялган таних бүр ч хэцүү болоод байна! Хуурамч, хиймэл видеонууд хэн нэгний хэлээгүй зүйлийг хэлсэн эсвэл хийсэн мэт харагдуулах боломжтой болжээ. Ирэх жилүүдэд үнэнийг худлаас ялган танихад туйлын хэцүү байх болно.

2018 оны 4-р сард Сүмийн ерөнхийлөгчийн хувьд оролцсон анхны чуулган дээрээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан

“Би ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байдаг. … Гэхдээ би ирэх өдрүүдийн талаар ч бас мэддэг хашир хүн. Бид сөргөлдөөн улам өссөөр байгаа ярвигтай дэлхийд амьдарч байна. Байнга ашиглахад бэлэн байдаг сошиал медиа, 24 цагийн туршид гардаг мэдээ мэдээлэл биднийг хайр найргүй булж байна. Хэрэв үнэн рүү дайрч довтлох хүмүүсийн олон янзын үзэл бодол, зарчмыг анхааралтай шигшиж, ялган таних ямарваа нэгэн итгэл найдварыг бий болгоё гэвэл бид илчлэл хүлээн авах талаар сурч мэдэх ёстой.

Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр энэ Сүмийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна. Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно. …

… Би та бүхнээс илчлэл хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго.”

Хуучин Гэрээний Амос 3:7-оос бид: “Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй” хэмээснийг уншдаг. Дэлхийн дуу хоолой хэдий чинээ чанга, үнэмшилтэй болохын хэрээр бидний хүн нэг бүр амьд бошиглогчдоороо дамжуулан Их Эзэний удирдамжийг сонсож, дагахын тулд Сүнсний намуухан дуу хоолойг төдий чинээ илүү их, илүү тодорхой сонсох чадвартай байх хэрэгтэй.

Бурхан бүх хүүхдэдээ хайртай

Бурхан өчигдөр, өнөөдөр мөн үүрд хувиршгүй гэдгийг бид Шинэ Гэрээ, Мормоны Ном хоёроос уншдаг (Еврей 13:8; Moрмон 9:9-ийг үзнэ үү). Бурхан Өөрийн хүүхдүүдийг эрт дээр үед хэрхэн хайрладаг байсны адил өнөө үед ч мөн адил хайрладаг. Тэр хүүхдүүдээ хайрладаг учраас өмнө нь хийдэг байсан зүйлсээ одоо ч хийдэг. Тэрээр биднийг замаар аюулгүй явуулахын тулд мөнх бус байдлын тэсрэх бөмбөг нуусан талбайг зарлигуудаар, ирээдүйд тулгарах аюулыг хараад сэрэмжлүүлэх бошиглогчдоор, биднийг Бурхантай бат бөх холбодог санваарын гэрээнүүдээр тэмдэглэсэн.

Биднийг Аврагчид итгэж, Түүнд найдах үед Тэрээр биднийг Ариун Сүнсний шивнээ, эртний болон өнөө цагийн судрууд, орчин үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн дуу хоолой, ариун сүмийн ёслол, гэрээнүүдээр Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ тогтоосон гүн гүнзгий холбоогоор дамжуулан гэр лүү маань аюулгүй удирдан чиглүүлэх болно.

Элсэн дундуур алхаж буй Аврагчийн хөлийн өлмийн зураг

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ, Түүний сэргээгдсэн Сүмээс өөр хаана ч ийм удирдамж, чиглүүлэг, аюулгүй байдал, хамгаалалт, халамж, тайвшрал, Христ дэх найдвар элбэг дэлбэг байдаггүй.

Эх сурвалж

  1. Come, Thou Fount of Every Blessing,” Hymns—For Home and Church, Gospel Library

  2. Hugh B. Brown, in Conference Report, Oct. 1967, 117–20; мөн Sheri Dew, Prophets See Around Corners (2023), 7-г үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэл,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115