“Христийнхтэй адил үйлчлэл Корсикт зүрх сэтгэлийг зөөллөж, үүд хаалгыг нээв,” Лиахона, 2026 оны 1-р сар.
Христийнхтэй адил үйлчлэл Корсикт зүрх сэтгэлийг зөөллөж, үүд хаалгыг нээв
Газар дундын тэнгисийн энэ арал дээр ирсэн номлогчид оршин суугчдад чадах чинээгээрээ тусламж үзүүлэн хүмүүсийг Христэд ир хэмээн урихаар шийдсэн юм.
Бастиа хотын дарга өмнө нь зогсох номлогчдыг гадаадынхан гэдгийг маш сайн мэдэж байв. Яагаад өөр орны залуу эрэгтэйчүүд Корсик арлын хүмүүст туслах гээд байгаа юм бол доо гэж тэр бодож байлаа.
Хэсэг азнаснаа тэр тэдний саналыг хүлээн авч, маргааш өглөө эрт ирж жижигхэн зочид буудлыг нь будахыг хүсжээ.
Залуу эрэгтэйчүүд амласандаа хүрч Газар дундын тэнгист орших Францын эргийн энэ үзэсгэлэнт арал дээрх хотын даргын зочид буудлыг засаж янзлахаар өглөөний 7 цагт эрч хүч дүүрэн хүрч ирэв.
Хотын дарга оройхон буудалдаа ирэхдээ номлогчид далайн эргийн нарыг үл ажран ажилласаар байгааг хараад “ихэд гайхсан” гэж тэр үед үйлчилж байсан номлогчдын нэг Жэйк Лаури ярьсан байдаг.
“Танихгүй хүмүүст туслахын тулд нуруугаа бөгтийтөл ажиллаж байгааг маань хараад хотын даргын хандлага зөөлөрч биднийг сууж, юу хэрэгтэй байгаагаа хэлэхийг хүссэн” хэмээн тэр дурсжээ.
Номлогчид сайн мэдээг хуваалцаад, Корсик арал дээрх хүмүүсийг адислах зорилготойгоо хэлжээ. Түүнчлэн арлын оршин суугчид гаднынхнаас жийрхдэг тул байр олоход хүндрэлтэй байгаагаа ярьсан байна. Хэдхэн сарын өмнө бүх номлогч аюулгүй байдлын шалтгаанаар арлыг орхиж нүүсэн байлаа. Харин энэ ахлагчид номлогчийн ажлыг дахин нээхээр ирсэн аж.
Хотын дарга номлогчдын яриаг чих тавин сонсжээ. Лаури ах: “Маргааш өглөө нь гэхэд тэр бидэнд тохилог байр гаргаж өгөөд, сайхан үгтэй зурвас бичсэн байв.
Тэр орой шинэ байрандаа төвхнөөд дуусаж байтал сайхан хувцасласан хотын захиргааны газрын хоёр төлөөлөгч бидэн дээр ирж мэндлэн, биднийг хотод тав тухтай, аюулгүй байж болно гэж хэлсэн юм” гэв.
Удалгүй хотын дарга, эхнэрийнхээ хамт салбарын ням гаргийн цуглаанд оролцож эхэлсэн ба тэд сүмийн дуулал дуулах дуртай болсон юм. Удалгүй хотын даргын эхнэр баптисм хүртсэн билээ.
Үржил шимт хөрс
1990-ээд оны эхээр тохиосон энэхүү эгэл даруу эхлэлийн ачаар Сүм Наполеон Бонапартын мэндэлсэн газар гэдгээрээ алдаршсан энэ арал дээр үндэс сууриа тавьсан юм. Удалгүй номлогчийн ажил цэцэглэн хөгжсөн. Хотын даргын гаргаж өгсөн цуглааны гайхалтай байранд гурван сарын дараа гэхэд 40 гаруй хүн ням гаргийн цуглаанд оролцож байлаа.
“Эргээд харахад Корсик аралд Сүмийг байгуулах цаг хугацаа, арга замуудад Их Эзэний мутар оролцсон нь илэрхий байсан” гэж тухайн үеийн Францын Марсэл номлолын буюу одоогийн Францын Лион номлолын ерөнхийлөгч асан Ричард В.Тайчэр дурсжээ.
Гэвч арал дээр байр сууриа олох нь номлогчдын хувьд тийм ч амархан байгаагүй юм. Номлогчдыг байрлуулах гэсэн өмнөх оролдлогууд эсэргүүцэл, аюул заналхийлэлтэй тулгарч байв. “1990-ээд оны эхээр францын эсрэг үзэл бодол уугуул корсикчуудын дунд улам газар авч байлаа.”
Уугуул корсикчууд гаднынханд дургүйцлээ илэрхийлэн гар аргаар тэсрэх бөмбөг хүртэл хийж гадаадын бизнес, өмч хөрөнгийг сүйтгэж байв. “Хотод өдөр бүр олон дэлбэрэлт гарах нь хэвийн үзэгдэл байсан. Бид франц хүн ч биш, бас корсик хүн ч биш байсан” гэж тухайн үед ахлагч байсан Дайрин Дюүснап ярьжээ.
Номлогчдод аюулын талаар сэрэмжлүүлж байсан ба тэдний амьдардаг газрын ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэрэхэд арал дээр байсан дөрвөн номлогчийг Францын эх газар дахь номлолын өөр хэсэг рүү шилжүүлсэн байна.
“Манай номлогчид арлыг орхисон. Энэ ухралт бол сурч боловсрох, өсөж хөгжих боломж байсан” гэж Тайчэр ах хуваалцсан юм.
Христийнхтэй адил үйлчлэл хариулт нь байсан
Тэнгэрийн зорилгуудыг илүү сайн ойлгохын тулд номлогчид Аврагчийн арга барилд илүү сайн суралцахын тулд Түүний амьдрал, тохинууллыг судлахаар шийдсэн байв. Тэд хооллох, эдгээх, хайрлах зэрэг Түүний үйлчлэл, өрөвч сэтгэлийн үйлдлүүдийг судалсан байна. Ингээд тэд хүмүүсийн итгэлийг олж, Их Эзэний арга замаар үйлдэхэд үйлчлэл чухал гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үйлчлэхийг зорилгоо болгосон гурван номлогчийг 1992 оны 3-р сард Корсик арал руу номлолын ажлыг дахин нээхээр илгээв. Энэ удаа тэднийг арлын хоёр дахь том хот болох Бастиа руу явуулжээ. Хаалга тогших нь зарим оршин суугчдад айдас төрүүлдэг байсан учраас үүний оронд тэд хүмүүстэй энгийн байдлаар уулзахаар шийдэв.
“Бидний залбирлыг хариулсан. Үйлчлэл нь тухайн хүмүүсийг гэсэн бидний чин сэтгэлийг харуулж, гаднынхныг эсэргүүцдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлж чадахыг бид ойлгосон” гэж Тайчэр ах хуваалцжээ.
Шинэ номлогчид оршин суугчдад өөрсдийгөө танилцуулж, чадах чинээгээрээ туслах болов. Тэд айлуудын цэцэрлэгийн зэрлэг өвсийг түүж, машиныг нь засаж, хотын даргын элэгдэж хуучирсан зочид буудлыг будаж засварлажээ. Тэд байнга найзуудтай болж, хүмүүс ч тэдний хичээл зүтгэлд талархдаг байв. Хүмүүс тэднийг сууж амсхийн, аяга “лимоната” (нимбэгийн шүүс) ууж, “сүмийнхээ тухай ярьж өгөхийг” үргэлж хүсдэг байсан гэж Тайчэр ах ярьсан. Удалгүй “бидний нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн юм.”
Өмнө нь авсан мэдээллийн ачаар Лотагийн гэр бүл баптисм хүртэж, үр дүнд нь дахин нэг өөр хүний мэдээлэл ирэв. Номлогчдыг тухайн мэдээллийн дагуу нэгэн айлд очиход үнэнийг мэдэхийн тулд залбирч байсан гэр бүлийн ээж нь “өвдөг сөгдөн, залбиралд нь хариулсных нь төлөө Их Эзэнд талархан уйлсан” гэдэг.
Хагарлыг арилгах
Бастиа дахь үйлчлэлийн эхэн үед номлогчид Католик сүмийн төв эмнэлэгт сайн дураараа үйлчилдэг байсан ч эмнэлгийг хариуцдаг тэргүүн ламтан тэдний шашны талаар мэдээд үйлчлэлээс нь татгалзжээ. Эмнэлэгт нь Христийн өөр урсгалын хүмүүс ажиллахад тэр дургүй байв.
Хоёр сарын дараа буюу 1992 оны 5-р сард хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн томоохон хэсэг нурж, 19 хүн амиа алдаж, мянга мянган үзэгч хүнд бэртэн эмнэлэгт хүргэгджээ.
Корсикт хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн нурж, 19 хүн амиа алдаж, мянга мянган хүн гэмтсэн ба номлогчид олон цагийн турш орон нутгийн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад тусалжээ.
Гэрэл зургийг Крэг Питэрсон
Гэмтэж бэртсэн хүмүүс эмнэлгийг дүүргэв. Гэмтэж бэртсэн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид эмнэлгийн өрөөнүүдийг дүүргэж, коридорт дараалал үүсгэсэн байлаа. Заримыг нь эмчлэхээр Францын эх газар руу онгоцоор нисгэсэн байна. Чадварлаг сайн дурынхан маш их хэрэгтэй байсан учраас өнөөх тэргүүн ламтан номлогчдын үлдээсэн нэрийн хуудсыг санаад, тусламж хүсэн залгажээ.
Номлогчид 36 цагийн турш нэг үүрэгт ажлаас нөгөө рүү гүйж, дусал залгах, чангалуур боолт тавих, өрөө цэвэрлэх, бэртэж гэмтсэн хүмүүсийг зөөвөрлөх зэрэг яаралтай тусламж үзүүлэх янз бүрийн ажилд туслав. Тэд салбарын гэмтэж бэртсэн гишүүдэд санваарын адислал өгчээ.
Тэргүүн ламтан номлогчдын цуцашгүй хичээл зүтгэлийг ажиглаад тэднийг дуудаж, эмнэлэг дундуур дагуулан явж, өвчтөнүүдэд номлогчид бол Бурханы хүмүүс гэдгийг хэлж, шархадсан хүмүүст адислал өгөхийг зөвшөөрсөн байна.
Тайчэр ах: “Бид үйлчлэлээрээ хотын өндөр албан тушаалтан, сүмийн чухал эрх мэдэлтний хүндэтгэл, итгэлийг хүлээсэн юм. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлж, нийгэм дэх эсэргүүцлийг арилгахад тусалсан. Энэ нь сайн мэдээг тунхаглах ажлаа амжилттай явуулахад нэн ач холбогдолтой байсан юм” хэмээн дурсжээ.
2024 онд Францын Лион номлолын ерөнхийлөгч Жэйсон Сулиэр: “Янз бүрийн саад тотгор байгаа ч өнөөдөр Корсикт өсөлт, хөгжлийн гайхамшиг үргэлжилсээр. 2024 онд Бастиа салбарын 14 гишүүн Францын Парис ариун сүмд хэдэн хоног ариун сүмийн ажил гүйцэтгэсэн нь газар дундын тэнгисийн алслагдсан арлаас ариун сүм рүү аялсан хамгийн олон гишүүнтэй бүлэг болсон аж. Их Эзэн бүрэн цагийн ахмад номлогчид болон таван эрч хүчтэй ахлагч, эгчийн тусламжтайгаар энэ диваажингийн арал дээр шинэ хөрвөгчдийг адисалсаар байна” гэж ярив.