Лиахона
Нүгэл эмх замбараагүй байдлыг үүсгэдэг бол Христ амар тайвныг авчирдаг
2026 оны 1-р сарын Лиахона


“Нүгэл эмх замбараагүй байдлыг үүсгэдэг бол Христ амар тайвныг авчирдаг,” Лиахона, 2026 оны 1-р сар.

Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээнээс

Нүгэл эмх замбараагүй байдлыг үүсгэдэг бол Христ амар тайвныг авчирдаг

Амьдралын үймээн самуун дунд ч Христ та нарын бодгальд гэрэл, дэг журам, амар амгаланг авчирч чадна.

Нарны туяа үүлийг нэвтлэн тусахыг харан зогсох хүнийг дүрсэлсэн уран зураг

Зураг чимэглэлийг Кэйт Бөрч

Амьдралд тань … эмх замбараагүй, эхлэл төгсгөлөө мэдэхгүй болж байсан үе байсан уу?

Бид бүгдэд заримдаа эмх замбараагүй, эхлэл төгсгөлөө мэдэхгүй болж байсан үе бий. Дэлхийн ороо бусгаа байдал биднийг өмнө нь хэзээ ч туулж байгаагүй мөнх бус амьдралыг туулж буй сүнсэн хүмүүс гэдгээ амархан мартахад хүргэдэг.

Бурхан бидэнд мөнх бус бие махбод, сонгох эрх гэсэн хоёр гайхамшигтай бэлгийг өгсөн. Эдгээр бэлэг нь өөрсдөө мэдрэх, хүсэх, үйлдэх боломжийг бидэнд олгодог. Тиймээс эгэл эмэгтэй эсвэл эрэгтэй хүний хийх хандлагатай байдаг сонголтуудаас болж аливаа юмс эмх замбараагүй эсвэл тодорхой бус мэт санагдаж болно.

Бид бүгд алдаа гаргадаг. Гэвч бид ялан дийлж чадахгүй юм шиг санагдах гэм нүгэл, зуршил дээрээ ажиллаж байхдаа хэчнээн хичээсэн ч өөрчлөгдөхгүй мэт санагдаж, яахаа мэдэхгүй байдалд орох нь амархан . Бидний сүнслэг тал тэнгэр өөд тэмүүлж, мөнх бус тал маань дэлхий рүү доош татагдах үед бидний дотор дуусашгүй тэмцэл өрнөж буй мэт санагддаг.

Хов жив, уур хилэн, шударга бус шүүлт, мэдээллийн хэрэгслийн хэт их хэрэглээ, порнограф болон өөр бусад ямар ч асуудал байсан дайсан ичгүүр, цөхрөл, эцэст нь сүнслэг байдлын хямралын галыг шаламгай гэгч нь өрддөг.

Аз болоход Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр эмх замбараагүй байдлыг хэрхэн гартаа авахыг мэддэг.

Түүний гэрлийг эрэлхийлэх нь эхний алхам юм

Бидний мэддэг бүх зүйлийн эхлэл болох Бүтээлтийн үед орчлон ертөнц эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байсан хэмээн гардаг. “Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж байлаа” (Эхлэл 1:2). Энэхүү эмх замбараагүй байдал, цөхрөл дагуулсан харанхуй нь биднийг нүгэл үйлдэх эсвэл эрхэмлэдэг зүйлсийнхээ эсрэг сонголт хийх үед дайсны бидэнд мэдрүүлдэг тэр мэдрэмжтэй агаар нэг. Тэр бидэнд урхинд орсон мэт мэдрэмжийг төрүүлэн үүндээ баясдаг төдийгүй нууж далдлахыг байнга ятгадаг.

Гэвч Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Тамара В.Рүниа эгчийн хэлсэнчлэн “Есүс Христ харанхуйд суугаад хүлээх хүмүүст гэрэл гэгээг өгдөг. Өнөөх дуу хоолой нуугд гэж хэлэхэд харанхуй өрөөнд ганцаараа нуугдах хэрэгтэй мэт та нарт санагдах тэр өдрүүдэд зоригтой байж, Христэд итгэ гэж би та нарыг урьж байна. Урагш алхан, бидний найдвар болсон тэрхүү төгс Гэрэлд гарцгаая.”

Бүтээлтийн үед Бурханы удирдлаган доор эмх замбараагүй байдлын харанхуйг сарниулахын тулд Есүс Христ эхлээд гэрлийг бий болгосон (Эхлэл 1:3; Moсе 2:2–5-ыг үзнэ үү). Тэгээд Тэрээр хязгааргүй уудам тэнгэрээс эхлээд хамгийн жижиг үр хүртэл юмсын эмх замбараагүй хэсэг бүрийг эмх цэгцэд оруулсан.

Хэрэв Тэрээр орчлон ертөнцөд дэг журмыг авчирч чадсан юм чинь Түүний эдгээгч, гэтэлгэгч хүчийг нь өдөр бүр хүртэхийн тулд Түүний Хүүд хандвал юу болохыг төсөөлөөд үз дээ. Зовлон бэрхшээл, дэлхийн харанхуйгаас болж зовж шаналах үедээ Христийн гэрлийг эрэлхийлэх нь та нарыг амар амгалан, тэнгэрлэг эмх цэгц рүү хөтлөх анхны алхам болно.

Хэн гэдгээ санах нь дараагийн алхам юм

Тэнгэр, газар эмх цэгцэд орж, үзэсгэлэнтэй сайхан болсны дараа Тэнгэрлэг Эцэг Өөрийн сүнсэн хүүхдүүдэд дэлхий дээр ирж бие махбод хүлээн авах замыг бэлтгэсэн. Гэвч дэлхий дээр амьдрах үед дайсан бидэнд хэн гэдгийг маань мартуулахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг.

Бурхан бошиглогч Мосетой ярьж, түүнтэй мэдлэгээ хуваалцсан тэр үеэс тэнгэрлэг мөн чанараас маань холдуулахын тулд тэр ямар их хичээл зүтгэл гаргадгийг харж болно. Мосе 1-д Бурхан Мосетэй нэрээр нь дуудан ярьж, түүнийг Өөрийн хүү гэж ахин дахин дууддаг.

Гэвч Бурханыг явмагц Сатан гарч ирэн, Мосег “хүний хүү” (Moсе 1:12) хэмээн дуудаж, түүний жинхэнэ мөн чанарыг мартуулахаар уруу татдаг.

Сатан биднийг хэн гэдгээ мартаасай гэж хүсдэг. Тэр биднийг өөрчлөгдөх чадвартаа аажим аажмаар эргэлзэхэд хүргэдэг. Тэрээр биднийг эгэл, өөрчлөгдөх чадваргүй хүмүүс бөгөөд үргэлж тийм байна гэдэгт итгүүлэхийг хүсдэг.

Гэвч Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон “Та Христийн хайрын сайхан мөн чанарт итгэх итгэлээр Түүн рүү ирж, Түүний баяр баясгалан, амар амгалан, итгэл найдвар, гэрэл, үнэн, илчлэл, мэдлэг, мэргэн ухааны бүхий л бэлгийг … хүлээн авч чадна. Та бол Бурханы хайртай охин мөн эрхэм нандин хүү нь бөгөөд Тэрээр таныг гэтэлгэх, зөвтгөх, цэвэршүүлэхийн тулд Өөрийн төгс ариун Хүүг танд бэлэг болгож өгсөн” болохыг бидэнд сануулсан.

Гэтэлгэл бол Сатаны хэзээ ч хүлээн авах боломжгүй тэр зүйл юм. Харин бид сүнслэг мөн чанартаа илүү төвлөрвөл Мосе шиг:

“Чи хэн бэ? Учир нь болгоогтун, Төрсөн Ганцтай адил төстэй Бурханы хүү [охин] байна би. …

Эндээс зайл чи, Сатан; намайг бүү мэхэл: учир нь Бурхан надад: Чи миний Төрсөн Ганцтай адил төстэй хэмээн хэлсэн билээ” (Мосе 1:13, 16) гэж хэлж чадна.

Амьдрал эмх замбараагүй мэт санагдвал түр амсхий. Өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг сана. Та бол Бурханы хайртай хүүхэд хэмээх тэрхүү үнэн таныг тэнгэр өөд дээш өргөн татахыг зөвшөөр. Есүс Христэд ханд, тэгснээр Тэр бодгальд тань дэг журмыг сэргээхэд тусална.

Эцэст нь, эмх замбараагүй байдлыг амар амгалан болгон хувиргах боломжийг Христэд олго

Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисны дараа тэдний урьд нь мэддэг байсан энгийн байдал нь дүнсгэр, ганцаардмал ертөнцөөр солигджээ. Харин Тэнгэрлэг Эцэг тэднийг нүгэл, уй гашуугаас нь гэтэлгэхээр Аврагчийг бэлтгэсэн учраас тэдэнд амар амгалан байх болно хэмээн амласан билээ (Moсе 5:7–10-ыг үзнэ үү).

Танд мөнх бус амьдрал дааж давшгүй мэт санагдах үед дараах үнэнийг санаарай. Тэнгэрлэг Эцэг биднийг гэр лүүгээ, Түүн рүү эргэж ирэх аян замдаа уруу таталттай тулгарч, алдаа гарган, нүгэл үйлдэнэ гэдгийг мэдэж байсан ба энэ бүгд Түүний төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Есүс Христээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидэнд амьдрал дахь харанхуйн хүчийг зайлуулж, гэрлээр орлуулахад үргэлж тусалж чадна. Бид хэд ч бүтэлгүйтсэн бай, наманчлах үедээ Аврагчийн ачаар эмх замбараагүй байдлыг бодгалийн амар амгалангаар солих боломжтой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилсэн.

“[Есүс Христ] та нарыг хүчирхэгжүүлж, үймээн самуун дунд ч амар амгалангаар адисална.

Есүс Христ таны нүглийг, таны өвчнийг, таны зовлонг, таны сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Та тэр бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй! Таныг наманчлах үед Тэр уучилна. Тэр мөн хэрэгтэй бүхнээр тань адисалж, эмтэрсэн зүрхийг тань анагаах болно.”

Ямар ч асуудал тулгарлаа гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж хүсэх үед Тэд нурж эвдэрснийг сэргээн, нүгэл, уруу таталтын төөрөгдлөөс тань чөлөөлж, амьдралыг тань үзэсгэлэн төгөлдөр болгож чадна.

Тэд үүнийг хийсээр ч ирсэн.