Лиахона
Хүүхдүүд, найзууд маань мэдэж болохын тулд
2026 оны 1-р сарын Лиахона


ОРОН НУТГИЙН НИЙТЛЭЛ

Хүүхдүүд, найзууд маань мэдэж болохын тулд

Филиппинд өсөж, сургуулийн сурагч байхдаа би үргэлж хичээлийн жилийн төгсгөлийг ихэд хүлээдэг байсан. Би бас төгсөлтийн ёслолыг хүсэн хүлээдэг байлаа. Энэ нь сурсан зүйлээ тэмдэглэх гэж биш харин сургуульд сурч “дууссанд” баярлаж буй хэрэг байв. Бас би яагаад сургуулийн төгсөлтийн баярыг гарааны ёслол гэж нэрлэдгийг гайхаж байлаа. Би тийм ухаантай залуу байгаагүй ч миний бодлоор энэ нь хоёр өөр хэллэг шиг санагдсан юм. Төгсөлт гэдэг нь “төгсгөл” гэсэн утгатай, “гарааны ёслол” гэдэг нь эхлэл гэсэн утгатай шүү дээ. Гэвч энэ нь өнгөрсөн үеийн амжилтууд болон ирээдүйн боломжуудтай хамт амьдралын шинэ үе шатны эхлэлийг тэмдэглэх зорилготой гэдгийг би хожим нь ухаарсан юм.

Үүнтэй адилаар шинэ жил бидэнд үргэлж шинэлэг мэдрэмжийг авчирдаг. Энэ үеэр шинэчлэл, заримдаа бүр дахин эхлэл ч ирдэг. Энэ нь биднийг урагш чиглүүлдэг нь надад таалагддаг. Урагш харж, ирээдүйд болох зүйлсийг хүсэн хүлээх нь сэтгэл догдлом шүү дээ. Нифайн зааснаар "[бид] найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэн … эцсээ хүртэл тэвчих … [ёстой]”.

Бенжамин хаан: “Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн бүрийн дунд тархах тэр цаг ирэх болно” гэж бошиглосон.

Шинэ жилийг эхлүүлэх энэ мөчид, энэ бошиглолыг биелүүлэхэд бүгдээрээ хувь нэмрээ оруулцгаая. “Энэ нь дэлхийд цацарч болохын тулд гэрлээ өргө[снөөр]” бид үүнийг хийж чадна. Аврагч: “Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ” гэж хэлсэн. Бид үйлдлээрээ хүмүүст Христийг таньж мэдэхэд тусалдаг.

Бид мөн Түүний нэрийг дурдаж, Түүний амьдрал, үйлчлэлийн талаар хүмүүст илүү сайн ярьж чадна.

Өнгөрсөн 2025 оны арван нэгдүгээр сард Азийн хойд бүсийн номлолын удирдагчдад зориулсан семинарын үеэр бид номлолын удирдагчдыг номлогчдод хүмүүсийг олох болон бусад үйл ажиллагаандаа Есүс Христийн тухай ярихад илүү их төвлөрөх талаар заахыг уриалсан. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид тэднийг Христийн шашинтай болон өөр сүсэг бишрэлтэй найзууддаа Христийн тухай илүү их ярих ёстой гэж үзсэн. Мөн бид тэднийг амьд бошиглогчдынхоо зөвлөгөөг дагаж, шинэ найзуудаа танилцсан долоо хоногтоо ариун ёслолын цуглаанд ирж, Есүсийг хамтдаа шүтэн бишрэхэд урихыг сануулсан.

Бид энэ урилгыг бүсийнхээ сүмийн гишүүдэд мөн хүргэж байна. Та нар найзуудаа бидэнтэй хамт Есүс Христийг шүтэн биширч, Түүний талаар суралцахыг урина гэж бид найдаж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгаар сүмийн бүтэн нэрийг ашиглаж эхэлснээр сүм даяараа адислагдсан. Хэрвээ бид итгэлээ харуулж, найзууддаа Христийн тухай илүү их ярьж, тэднийг ариун ёслолын цуглаанд Түүнийг шүтэхийг уривал, бидний хүчин чармайлт адислагдах болно гэдэгт бид итгэлтэй байна. Бид Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулахад бэлэн хүмүүсийг урьд өмнөхөөс илүү олох болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн “Дэлхий ертөнц Есүс Христийн талаар бага ярих тусам бүгдээрээ Түүний талаар илүү их ярьцгаая" хэмээн заасан. Бид Есүс Христ болон Түүний цагаатгалын талаар дэлхийд илүү ихээр зорьж мэдүүлэх хэрэгтэй.

Шинэ Гэрээнд бичигдсэн хоёр хараагүй хүний түүхэнд би маш их дуртай.

“Тэднийг Иерихогоос гарч явахад асар олноороо Түүнийг дагалаа.

Үзэгтүн, замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод

—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав.

Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар

—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав.”

Эдгээр шүлгээс бид ямар сургамж авч болох вэ? Энэ нь өнөөгийн бидний нөхцөлд ямар байдлаар адил байж болох вэ? Дэлхий хүмүүсийг Христэд итгэхгүй байхыг ятгах гэж оролдож байгааг бид хаа сайгүй харж байна. Заримдаа энэ нь хурц зэмлэлээр илэрч байна. Ихэвчлэн энэ нь үл ялиг анхаарал сарниулах, хуурах эсвэл урам хугалах замаар илэрдэг. Ямар ч хэлбэрээр бай зорилго нь адилхан. Эдгээр нь хүмүүсийг Аврагчийг олох, таньж мэдэх эсвэл анхаарлаа Түүнээс салгахыг ятгах зорилготой. Дэлхий биднийг дуугүй болгохыг оролдож байгаа үед бид хоёр сохор хүн шиг байж, Есүс Христийн тухай илүү чанга, илүү олон ярих зоригтой байх ёстой. Бид “Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж” улам чангаар хашхирах хэрэгтэй.

Тиймээс хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.

Бидний туйлын зорилго бол Христээр дамжин эдгэрэхийн тулд өөрсдийгөө болон бусдыг Түүнд аваачих явдал юм. Бид энэ эдгэрлийг мэдрээд Түүнийг дагах болно. Бидний бусдыг хамт авчрах хүсэл ч илүү их нэмэгдэнэ. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: " Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш юм. Энэ бол хэдийд ч хаана ч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм. Есүс Христийн сургаал, үлгэр жишээ шавь бүрийнх нь замыг тодорхой болгож өгдөг. Бүх хүнийг энэ замаар алхахад урьдаг" хэмээн заасан.

Тиймээс бүгдээрээ “бидний хүүхдүүд [мөн найзууд] нүглээсээ ангижрахын тулд ямар эх сурвалжид хандаж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошигло[цгооё].”